Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн зүгээс УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг “Бодь интернэшнл” ХХК-ийн захирал Д.Баясгалангаас 500 мянган ам.доллароор нэг удаа, 800 мянган ам.доллароор дахин нэг удаа, нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй гэх мэдээллийг шалгуулахаар АТГ-д хандаад буй. Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын зүгээс эл мэдээллийг үгүйсгэсэн билээ.
Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор зарим УИХ-ын гишүүдээс Б.Энхбаярыг гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах ёстой гэх байр суурийг илэрхийлж байгаа юм. Харин эл асуудал ЗГ-ын хуралдаанаар яригдсан эсэхийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоос тодруулахад "Б.Энхбаяртай холбоотой асуудал ЗГ-ын хуралдаанд дээр яригдаагүй. Гэм бурууг шүүх л тогтооно. Төрд албан тушаал хашиж байгаа нэгнээ гутаан доромжилж, гүтгэсээр байтал төрд итгэх иргэдийн итгэл алдарч байна" гэв.