АЖЛАА ХИЙ: 630 хоногт “торойх” ажил хийлгүй, Ардын намын эрх мэдлийн төлөөх “зодооны зэвсэг“ болсон УИХ-д МУУ ДҮН тавья

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 45 секунд

May be an image of indoors and text

ТАНГАРАГ: Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ

Энэ бол УИХ-ын гишүүний тангараг. Ес дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын бүрэн эрх хэрэгжиж эхлээд хоёр дахь хавартайгаа золгож байна. Нэг ёсондоо энэ парламентын бүрэн эрхийн 4 жилээс нь нэг жил найман сарын хугацаа өнгөрсөн. Цаг ТАЛДАА орсон гэсэн үг юм. Харин нийтлэлийн эхэнд дурдсанчлан тангарагаа тэд энэ хугацаанд хэр нэр төртэйгөөр биелүүлж ажиллав. Эсвэл УИХ-ын гишүүн болох гэж "суралцсаар" явна уу. Үүнд өнгөрсөн 630 хоногт хийж хэрэгжүүлсэн ажил, баталсан томоохон хууль тогтоомжийг нь харж дүн тавьж болох юм. Гэвч одоогийн УИХ төсөв, томилгоо хоёроосоо хэтэрсэнгүй. Хатуу ч гэлээ үнэн нь энэ.

Тэгвэл яагаад...

-Намрын чуулганаар хууль тогтоогчид тун тааруу ажиллаж, төсвөөс өөр "торойх" хууль батлаагүй-

Б.Энхбаяр гишүүний "халуухан хавар" гэдэг чинь начир дээрээ өнгөрсөн намрын улс төрд л зохино. Учир нь эрх мэдлийн төлөөх улс төрийн "хямрал" Төрийн ордонд гурван сар шахам үргэлжилж, ёстой л "халуухан намар" болсон шүү, болсон. Гэвч энэ зуурт бодлого тодорхойлогчид маань хууль баталж бодлого тодорхойлох үүргээ тун тааруу гүйцэтгэсэн. Учир нь намрын чуулганы хугацаанд 2026 оны төсвийн тухай хууль болон төсвийн хүрээний мэдэгдлээс өөр хуулийн төсөл батлаагүй. Төсвийн хуулиудыг намрын чуулган нээснээс хойш 2 сар гаруй хугацааны дараа буюу 11-р сарын 12-нд эцэслэн баталсан байдаг.

Ямар сайндаа УИХ-ын дарга нь чуулганы индэр дээрээс Засгийн газрыг хуулийн төслүүдээ оруулж ирэхийг шаардаж, УИХ улс оронд хэрэгтэй бодлогын шинэчлэл бус бүх нийтийн амралтын өдөр хэлэлцээд сууж байгааг анхааруулж байв. Нүүр улайсандаа л тэр шүү дээ.

Энэ бол өнгөрсөн намрын л жишээ. 2025 оны намрын чуулганаар нийт бие даасан хууль 8, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29-ийг баталсан. Гэхдээ мөн л ялгаагүй төсвөөс өөр "торойх" нь үгүй шүү.

-"Даргын виз"-ээ хэтрүүлэн олгож шүүмжлэлд өртсөн УИХ-

Өнгөрсөн жил улс төрийн шуурга дунд "даргын виз" даруулсан хүн олон байлаа. УИХ дээр л гэхэд 23 даргын томилгоо хийгдэв. Тодруулбал, УИХ-ын дарга, дэд дарга, байнгын хороодын дарга, дэд хороодын дарга нар гээд ер нь парламент дотор ч томилгооноос үүдэлтэй хөл толгой нь мэдэгдэхгүй л нөхцөл байдал үргэлжилсэн гэж хэлж болно.

-Хоёр ч Засгийн газрын нүүр үзсэн байтал одоо гурав дахиа байгуулах уу-

Энэ парламент байгуулагдсанаас хойш бид хоёр дахь Засгийн газрын нүүрээ үзэж буй. Хүү, бэрийнхээ тансаглалаас болж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсон. Улмаар Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаж, нэг жилийн босгондоо ч хүрээгүй явна. Гэтэл энэ хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн АН-ын бүлгийнхэн УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгч, МАН-ын даргын хувьд гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллах шахалтыг үзүүлж эхлээд байна.

Өөрөөр хэлбэл, хэрэв Г.Занданшатарын ЗГ огцорвол энэ парламентын түүхэнд гурав дахь удаагийн Засгийн газар байгуулагдана гэсэн үг.

Ер нь энэ байдлаараа манай УИХ сандал суудлын төлөөх улстөржилтөөсөө өндийхгүй нь.

-Хугацаа нь дуусаад 9 сар өнгөрсөн Цэцийн гишүүнээ томилж чадахгүй яваа УИХ-

УИХ ажлаа тун тааруу гүйцэтгэж буйн илрэл бол хугацаа нь дууссан ҮХЦ-ийн гишүүний томилгоо. Тодруулбал, 2019 онд ҮХЦ-ийн гишүүнээр томилогдож байсан Г.Баясгалангийн хугацаа дуусаад аль хэдийнэ 9 сар өнгөрсөн. Бараг л нэг жил рүүгээ дөхөж явна. Гэтэл УИХ дээр эл томилгоог дурсах нь бүү хэл шахаад явах улстөрч ч алга. Юун Г.Баясгалан манатай л байна. Хугацаа нь дууссан гишүүн Үндсэн хуулийн манаач болсон бүтцийг даргалаад, бүр шийдвэр гаргаад сууж байна гэдэг бол маш ноцтой асуудал шүү дээ.

Энэ мэт хуулийн дагуу цаг хугацаандаа хийгдэх ёстой томилгоонууддаа УИХ "хойрго" хандмааргүй байна

-Татварын багц хууль тэргүүтэй ЧУХАЛ хуулийн төслүүдээ батлах шаардлага байна-

Өнгөрсөн хугацаанд олон нийтийн хүлээлт тавьж ирсэн олон хуулийн төсөл энэ хаврын чуулганы "хүлээлгэд" байна. УИХ-ын даргын хэлсэнчлэн энэ хавар бол улстөржих бус ажил хийх хавар. Гэхдээ энэ хавар ч гэлтгүй үлдсэн 832 хоногт ч хууль тогтоогчийнхоо үндсэн ажилд УИХ-д гишүүд эзэн болох учиртай. Улстөржилт, сандал суудлын төлөөх өрсөлдөөн, элдэв томилгоотой зууралдсаар байтал бүрэн эрхийн хугацаа талдаа орсныг та бүхэн анхаарна биз ээ.

Энэ хаврын чуулганаар л гэхэд 33 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр байна. Үүнд, ААН иргэдийн зүгээс хамгийн том хүлээлт тавьж буй Татварын багц хууль ч багтаж байна. Түүнчлэн:

Иймд одоо ажлаа хий, гишүүд ээ. 832 хоногийн дараа та бүхэн ДҮНГЭЭ ТАВИУЛНА ГЭДГЭЭ санах хэрэгтэй

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав
 
АН-ын дотоод сонгууль явагдаж буй тул өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдахгүй
АН-ын дотоод сонгууль явагдаж буй тул өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдахгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!