ШҮҮХ ТАНХИМААС: Бусдын гарт хүүгээ алдсан ээж нь хэрэгтэнд ХӨНГӨН ЯЛ оноохыг шүүхээс хүсжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
8 минут 3 секунд

2024 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гараашт 2 найз согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж хоорондоо муудалцан шүүгдэгч “О” нь цаасан хайрцаг дээр тавьсан багаж дундаас отверка авч, хохирогч “М”-ийн цээжин хэсэгт нь нэг удаа отверкаар хатгаж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан байна.

Уг харамсалтай хэргээс сийрүүлбэл,

Шүүгдэгч “О” нь 1995 онд төрсөн, дээд боловсролтой, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, хувийн компанид ахлах инженерийн ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Урьд өмнө нь авсан ял шийтгэлгүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу ээж нь шүүхийн хэлэлцүүлэгт бичгээр гаргасан тайлбартаа "Миний хүү 1999 онд Улаанбаатар хотод манай 2 дахь хүү болж мэндэлсэн. Бусдын л адил цэцэрлэг, сургуулиар хүмүүжиж улмаар Үйлдвэрлэлтийн автоматжуулалт ангийг төгсөж дээд боловсрол эзэмшээд хувийн компанид инженерээр ажиллаж байсан.

Миний хүүтэй “О” нь хамт ажилладаг, найз нөхдийн холбоотой манайхаар орж гардаг. Манай хүү ч тэднийхээр очдог. Заримдаа хүүхдийг нь цэцэрлэгээс авч өгсөн гэсээр орж ирдэг ийм л найз нөхдийн харилцаатай хоёр байсан. Залуу улс архи дарс уугаад дарвиж яваад маргаж муудалцсан байна. Улмаар уур хилэнгээ барьж дийлээгүйгээс миний хүүгийн алтан амийг авч одов. Хүүгийн маань амь насыг хөнөөсөн энэ үйл явдал бид бүхэнд хүнд гарз, хүнд шарх үлдээлээ. Ид залуу 25 насандаа хүү минь энэ хорвоогоос зуурдаар явлаа. “О” зүгээр л хүүг минь цохиод унагачихгүй, амин бус газар нь хатгадаг нь яаж байгаа юм болдоо гэж үе үе их л бодогдох юм. Би төрийн байгууллагад тогоочоор ажилладаг, нөхөр маань онцгой байдалд ажиллаж байгаад харваад одоо гэртээ группт байдаг. Амьдрал ахуй минь сайнгүй л байна. Хэдийгээр бидэнд маш хэцүү байгаа ч би эх хүн учраас хүүгийн минь амийг хөнөөсөн ч найзалж нөхөрлөж, хамт ажиллаж байсан үеүдийг нь бодож адилхан хүү шиг минь байсан “О”-г энэ айхтар алдаанаас болж, амьдралыг нь бүрэн мөсөн сүйрүүлэхийг хүсэхгүй байна.

О-ын эхнэр өвчтэй, бага насны 2 хүүхэдтэй юм билээ. Нэгэнт миний хүү хөрст шорооноос босоод ирэхгүйгээс хойш бид О-д хатуурхаж өс санах гэхээс илүүтэй түүний ар гэрийн амьдрал, эхнэр, хүүхдийг нь бодоод уужуу сэтгэлээр хандахыг хүссэн юмаа. Тиймээс хүүгийн маань найзад хатуу ял оноохгүй байхыг эрхэм шүүгчдээс хүсэж байна. Тэр айхтар газраас гарч ирээд энэ явдлаас сургамж авч, ирээдүйд зөв хүн болж, зөв замаар явж буян үйлдээсэй гэж хүсэж, итгэж байна. “О” гарч ирээд бидний амьдралд ч тус нэмэр болно гэж бодож, найдаж байна. Хүү минь тэнгэрт одсоноос хойш 21 дэх хоногт надад нэгэн зүүд зүүдлэгдсэн.

Миний зүүдэнд хүү минь ирээд “Ээжээ О ахыг зүгээр орхичхооч дээ” гэж хэд хэдэн удаа маш тод, чанга хэлсэн. Түүнээс хойш миний бие муудаад хэд хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Энэ миний хүүгийн хүсэл байсан юм болов уу гэж бодож байгаа. Хүн хүнийхээ хүчинд сэтгэл зүрхээ бүлээсгэн бие биеийнхээ дэмд хар буруу санахгүй сайхан сэтгэлээр хандаж байх юм бол аяндаа хүн бурханы хэлээр сэтгэлээрээ ариун болж, бусдын сэтгэлийг даах ухаарлыг олж, аливаа зүйлийг зөв ухаарч зөв шийдэлд хүрснээр бүх юм сайхан болж, ажил үйлс ч бүтдэг гэж боддог. Монгол хүний уужуу сайхан сэтгэлийн үүднээс би дээрх мөрүүдийг өөрийн гараар бичиж шүүхэд хүргүүлж байна. Шүүх хуралдаанд оролцон хүүгийнхээ тухай зүйлсийг сонсож сэтгэлээ өвтгөж, хүүгийнхээ найзыг яллуулахыг харж шаналахыг хүссэнгүй. Миний авсан өмгөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцох болно. Эрхэм шүүгчид та бүхэн намайг ойлгоно гэж найдаж байна. Одоо надад аавыгаа хөл дээр нь босгох гэсэн талийгаач хүүгийнхээ мөрөөдлийг биелүүлэх завгүй өдөр хоногууд биднийг хүлээж байна” гэжээ.

Хохирогч талын өмгөөлөгч: Найз нөхдийн харилцаатай байсан учраас шүүгдэгчид хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэж хохирогчийн ээжийнх санал хүсэлтийг дэмжин оролцсон бол

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруу дээр маргахгүй. Хохирол төлбөр төлсөн. Шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэсэн байна.

Улсын яллагч: Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсад оршин суугаа хүн бүр амьд явах эрхтэй. Хохирогчийн өмгөөлөгч хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Хүний амийг хохироохдоо зэвсгийн чанартай зүйл буюу отверка хэрэглэсэн гэдгийг хэлмээр байна. Амь насаа алдсан “М” нь 25 жил насалсан. Монгол Улсын хүний дундаж наслалт 68 байгаа. Цаашид 43 жил амьдрах байсан. Шүүгдэгч “О”-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд Хүн алах гэмт хэрэг үйлдсэн бол 8 жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх санкцтай.

Шүүхээс: Шүүгдэгч О-г “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд, Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэж заасан байдаг.

Мөн ийнхүү ялыг хөнгөрүүлсэн нь шийдсэн нь ээжийнх нь гомдол саналгүй гэх хүсэлт нөлөөлсөн байх.

Шүүгдэгч “О” нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөн гэмшиж байгаагаа илэрхийлж, уучлалт гуйж, хохирогчийн ар гэрт гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 170 сая төгрөг, оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан хор уршигт 28 сая төгрөг төлснийг нь шүүх харгалзан үзжээ.

Эх сурвалж: Шүүх.мн

YOUTUBE СУВАГ: Legal Case

Хөгжлийн банкны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг маргааш танилцуулна
Хөгжлийн банкны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг маргааш танилцуулна
 
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!