
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар Зөвлөлөөс энэ онд сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлого боловсруулан ажиллаж байна.
Үүнтэй холбоотойгоор Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, нийгмийн соёлыг бүтээх, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил зохион байгуулж, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байна. Ажлын хэсгийн хурлаар "Өсвөр насны охидыг үе тэнгийн дарамтаас ангид, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх төсөл"-ийг нийслэлийн есөн дүүрэгт хэрэгжүүлэх жишиг сургуулиудыг сонголоо. Ихэвчлэн энэ төрлийн зөрчил удаа дараа бүртгэгдсэн сургуулиудыг сонгож ажиллахаар боллоо.
Түүнчлэн хуралд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан, Нийслэлийн боловсролын газар, Монголын сурагчдын холбооны төлөөлөл болон "Монголын охидын зөвлөл"-ийн сурагчид тус тус оролцож, санал бодлоо хуваалцлаа. Мөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйн сургалт, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эцэг, эхчүүдэд чиглэсэн хүүхэдтэйгээ ярилцах, ойлголцох, хүүхдэдээ анхаарал хандуулах, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг шат дараатай хийх, сурагчдын үзэл бодлыг сонсох зэрэгт холбогдох байгууллагууд хамтран ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!