Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал өнгөрөгч 2025 оны аравдугаар сарын 27-д зуурдаар таалал төгссөн. Үүнээс хойш тус аймгийн Засаг даргын томилгоотой холбоотой асуудал хараахан яригдаагүй байсан юм. Тэгвэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-нд Увс аймгийн ИТХ ээлжит хуралдаанаа хийхээр тогтсон ба шинэ Засаг даргын томилгоог хэлэлцэх юм.
Үүнтэй холбоотойгоор нэр дэвших магадлалтай хүмүүсийн таамаг хөвөрч эхлээд буй. Тэгвэл аймгийн Засаг даргад аймгийн МАН-аас Эвэлсүрэнгийн Насанбат нэр дэвшихээр болжээ. Түүний хувьд 2012-2016, 2016-2020, 2024 оноос хойш гээд Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурван удаа сонгогдсон ажиллаж байгаа нэгэн бөгөөд 2016-2020 онд ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байсан аж.
Мөн Увс аймгийн Ардчилсан Намын дарга Д.Цэндсүрэн нэрээ дэвшүүлэх магадлалтай байна. Түүний хувьд 2012-2016 онд Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан юм.
Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар, нэрээ дэвшүүлсэн болон таамагт багтаад буй хүмүүс дундаас Э.Насанбат илүү дэмжлэгтэй байгаа аж.