Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед байгуулагдсан 2.2 тэрбумын “Нууц эвлэрлийн гэрээ“-ний талаар олон нийтэд ил болгож, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн талаараа мэдэгдсэн. Төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулах агуулга бүхий тус гэрээ нь 2024 оны 11-р сарын 12-ны өдөр тухайн үеийн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Солонгоо болон ИБУИНХУ-ын иргэн Маурис Даффи, Ричард Боули нарын хооронд байгуулагдсан байдаг. Тэгвэл эл асуудалд ГБХНХ-ийн дэд сайд Б.Солонгоо дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр "Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотооод хэргийн сайд Б.Энхбаяр Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн албан бичигт миний нэр дурдагдсантай холбогдуулан сэтгүүлчдээс асуулт ирж байгаа учраас тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ: тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллах хугацаанд 2024 онд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Оюутолгой төслийн талаар шүгэл үлээж байсан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын иргэн Ричард Боули, Маурис Даффи нартай гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулах нь миний бие дур мэдэж гаргасан шийдвэр биш юм.
Засгийн газрын холбогдох шийдвэр, Ричард Боули, Маурис Даффи нартай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн эсэх асуудлыг холбогдох чиг үүргийн байгууллага хуулийн дагуу шалгаж, дүгнэлт гаргана гэдэгт итгэлтэй байна.
Дашрамд дурдахад эдгээр хувь хүмүүс нь Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 2 тэрбум ам.доллароор хэтэрч, ашиглалтад орох хугацаа 2 жилээр хойшилсон шалтгаан, нөхцөлийн талаар шүгэл үлээж АНУ, Их Британийн зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан. Энэ талаар олон улсын хэвлэлээр мөн мэдээлж байсан. Оюутолгой төсөлтэй холбогдуулж үүссэн татварын маргаанд Монгол Улсын Засгийн газар хоёр сөрөг нэхэмжлэл гаргасны нэг нь гүний уурхайн зардал хэтэрсэнтэй холбогдуулж Монгол Улсад учирсан хохирлын асуудал байдаг" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!