ЦЕГ-ын дарга Ж.Болд генералын хүү Б.Өлзийсайханаас болж зодоон эхэлсэн үү

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 28 секунд

2025 долоодугаар сарын 19-ний шөнө СБД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Канте хэмээх шөнийн цэнгээний газрын орчимд бүлэг залуусын танхайрал, зодоон болж иргэн Д.Саяннямбууг хүнд гэмтээсэн хэрэгт Говь компанийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, Эрэл компанийн захирал Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг яллагдагчаар татсан.

Мөн Ц.Санжаачойпэлд хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт иргэн Д.Саяннямбууг яллагдагчаар татаж эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр БЗ, СБ, ЧД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр боллоо.

Шүүх хурлаар маргаан, зодоон хаанаас эхлэх болов. Зодоон эхлүүлсэн шалтгаан нөхцөл юу байв гэдгийг хэлэлцэв.

Шүүх хуралд гэрч болон өмгөөлөгчид, улсын яллагдагчдын хамгийн их нэр дурдсан хүний нэг нь Б.Өлзийсайхан гэх нэр байлаа. Б.Өлзийсайхан нь өдгөө ЦЕГ-ын даргаар ажиллаж буй Ж.Болд генералын хүү болохыг хэргийн оролцогчид шүүх хурлын үеэр нотлон хэллээ.

Шүүх хурлын үеэр Б.Өлзийсайханы нэр дараах байдлаар дурдагдав. Үүнд:

Гэрч Хүслэн: Кантегээс гарч ирээд гадаа байж байтал Өлзий гэх залуу ирээд юм яриад байсан. Манай найз залуу Санжаачойпэл ирээд Өлзийг цааш авч яваад муудалцаж, зодоон болсон. Надад үзүүлсэн бичлэгт гарсан хар өнгийн юүдэнтэй цамцтай, хар хөх өнгийн жинсэн өмдтэй газар унасан эрэгтэйг өшиглөж байгаа хүн Чиро буюу Алтан-Очир мөн байна. Хар өнгийн нүдний шилтэй ногоон өнгийн богино ханцуйтай цамцтай, цохих үйлдэл хийж буй эрэгтэй Амарсайхан мөн байна.

Гэрч Тулга: Санжаа гэх залуутай Б.Өлзийсайхан үл ойлголцол болоод хажуугаас нь Саянаа орж ирж өмөөрсөн. Санжаа гэх залуу манай найз Саянааг нүүрэн тус хэсэгт нь цохисон.

Гэрч н.Сэргэлэн: Би цагдаагийн 102 дугаар руу 03:51 цагт дуудлага өгсөн. Цагдаа 10-20 минутын дараа ирсэн. Тэр хооронд Санжаа болон найзууд нь явах гээд байсан болохоор би Өлзийсайхан гэдэг найзтайгаа нийлж явуулахгүйг оролдсон. Бусад найзуудаасаа сонсоход Санжаа нь би том айлын хүүхэд. Та нар намайг яаж ч чадахгүй гэхээр нь манай найз Саянаа хэдэн үг хэлтэл ийм зүйл болсон гэж хэлсэн.

Гэрч Эрхэм-Эрдэнэ: Өлзий гэх залуу Хүслэнгийн хажууд ирээд нэг зүйл асуугаад, утсаа бариад зогсож байтал Санжаа ирээд "Чи ер нь яах гээд байгаа юм бэ. Яах гээд эргэлдээд байгаа нойтон хамуу шиг ... вэ" гэх мэт үгийг хүчтэйгээр хэлсэн. 10 минут орчмын дараа би өмнө нь харж байгаагүй үл таних эрэгтэй Канте баарны гадаа газар унаад хэвтэж байсан. Би очоод одоо больцгоо гээд байж байтал Тээм буюу Тэмүүлэн гүйж ирээд газар хэвтэж байсан эрэгтэйг баруун хөлөөрөө гэж санаж байна нуруу руу нь 2-3 удаа өшиглөсөн.

Ц.Санжаачойпэл: Би магистрынхаа дипломыг хамгаалахаар АНУ руу хоёр хоноод буцах гэж байсан. Тэр орой бид найзуудаараа уулзаад хамт хоол идсэн. Тэгээд Канте гэдэг баар орсон. Саяннямбуу, Өлзийсайхан нар хажуу ширээнд сууж байсан. Өлзийсайхан манай найз охиныг бааранд хоргоогоод байсан. Тэр үедээ тоохгүй өнгөрөөсөн. Хэрүүл маргаан болоогүй. Тэдний ширээний хүмүүс ирээд надтай мэндэлсэн. Би ч очиж мэндэлсэн. Дотор хэрүүл маргаан огт болоогүй. Баарнаас манай найз охин түрүүлж гарсан. Би хойноос нь гартал Өлзийсайхан манай найз охиныг гадаа дахиад хоргоогоод зогсож байсан. Тэгээд би уурлаж "Чи яах гээд байгаа юм бэ. Ямар асуудал байна" гээд маргаад зогсож байсан. Гэнэт зүүн талаас гурав дахь хүн гарч ирсэн. Тэр нь хохирогч Саяннямбуу байсан байна лээ.

Б.Амарсайхан: Тэр өдөр бид найзуудаараа бааранд ороод ойролцоогоор 2 цаг орчим болсон. Хажуугийн ширээнд байсан Өлзийсайхан, Майдар, Сэргэлэн гэх хүмүүсийг би олон жилийн өмнөөс таньдаг. Хамт сагс тоглодог таньдаг хүмүүс байсан болохоор мэндлээд дотор ямар ч асуудал болоогүй. 03:30 цагийн үед баар хаагаад бүгд гарсан. Би найз охинтойгоо, Алтан-Очир, Дөлгөөнтэй ярилцаад зогсож байтал цаана хүмүүс жаахан маргалдаж байсан. Таньдаг хүмүүс болохоор зодоон хийхгүй байх гэж бодсон.

Прокурор: Гэрч Б.Өлзийсайханы мэдүүлэгт "Би монголын хамгийн баян хүн. Занданшатар өнөөдөр ерөнхий сайд болчихлоо. Тийм болохоор би хүн алчхаад монголын шоронгоос алхаад гараад ирэх хүн. Та нарыг алчхаад зүгээр алхаад гараад ирнэ гэж хэлсэн" гэж мэдүүлжээ. Ц.Санжаачойпэл та энэ хүнтэй ямар холбоотой вэ.

Ц.Санжаачойпэл: Маргаад зодоон эхэлсний дараа Өлзийсайхан аавыгаа ярьж эхэлсэн. Тэр үед нь би Цэрэнпунцагийн хүү шүү гэж хэлсэн. Түүнээс биш би тэгж хэлээгүй. Өлзийсайхан "Манай аав монголын цагдаагийн дарга. Би чамд хууль яаж үйлчилдгийг харуулна гэж удаа дараа хэлсэн. Өлзийсайхан бид хоёр хэдэн жилийн өмнөөс биеэ мэднэ. Өмнө нь энд тэнд муудалцаж байсан. Гэхдээ өш хонзонгийн сэдэл байгаагүй. Занданшатар ерөнхий сайдаар томилогдоход аавыг нь ЦЕГ-ын даргаар томилсон. Болд хурандаа гээд. Генерал ч бил үү.

Өмгөөлөгч Б.Мэргэн: Гэнэт болсон асуудал гээд байх юм. Өнөөдөржин ярилаа. Санжаачойпэл Өлзийсайхан гэх хүнтэй маргалдаад зогсож байтал Саянсамбуу нүүр ам руу нь дөхөж ирээд үл ойлголцол үүсээд, цохисон асуудал шүү дээ.

Ц.Санжаачойпэл: Өлзийсайхан гэж хүн инстаграммаар манай найз охиныг дагадаг. Манай найз охин Өлзийсайханыг дагадаггүй. Бүтэн жил манай найз охин руу уулзъя гэж бичсэн. Манай найз охин уулзаагүй, тоодоггүй байсан. Тэр өдөр Өлзийсайхан манай найз охиныг удаа дараа хоргоосон.

Гэх мэтээр Ж.Болд генералын хүү Б.Өлзийсайханы тухай шүүх хуралд дурдагдав.

Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар юу хэлэлцэв
Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар юу хэлэлцэв
 
Ухаалаг системийн үр дүнд замын түгжрэлийн үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан гэв
Ухаалаг системийн үр дүнд замын түгжрэлийн үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан гэв
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!