2025 долдугаар сарын 19-ний шөнө СБД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Канте хэмээх шөнийн цэнгээний газрын орчимд бүлэг залуусын танхайрал, зодоон болж иргэн Д.Саяннямбууг хүнд гэмтээсэн хэрэгт Говь компанийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, Эрэл компанийн захирал Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг яллагдагчаар татсан. Мөн Ц.Санжаачойпэлд хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт иргэн Д.Саяннямбууг яллагдагчаар татаж эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр БЗ, СБ, ЧД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 14:30 цагаас эхэлсэн юм.
Шүүх хурлын тоймыг хүргэж байна.
14:30 цаг:
Шүүгч хэргийн оролцогчдын бүртгэл, ирцтэй танилцаж, шүүхийн баримтлах дүрэм журмыг танилцуулснаар шүүх хуралдаан эхэллээ.
14:40 цаг:
Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч Б.Мэргэн: Өнөөдрийн шүүх хуралд Ц.Санжаачойпэлийг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болон хүний биед санаатай гэмтэл учруулсан гэх хоёр зүйчлэлээр ялласан. Үүнд анхнаасаа хүний биед санаатай гэмтэл учруулсан гэдэгтэй огт маргаагүй. Өнөөдрийн шүүх хуралд ч энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэгтэй маргахгүй. Харин 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх зүйл заалтыг хэрэгсэхгүй болгох байр суурьтайгаар оролцоно.
Бусад өмгөөлөгчид Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч Б.Мэргэний байр суурийг дэмжин шүүх хуралд оролцохоо илэрхийлэв.
14:50 цаг:
Улсын яллагч яллах дүгнэлт уншив. Үүнд:
Яллагдагч Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Э.Тэмүүлэн нар үйлдлээр нэгдэн 2025 оны долдугаар сарын 19-ний өдөр 03:33 цагт СБД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Канте хэмээх шөнийн цэнгээний газрын гадна танхайрч олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. Үүний улмаас иргэн Д.Саяннямбуугийн биед зүүн хоншоорын дотор хана, зүүн нүдний ухархайн доод хана цөмөрсөн. Хамрын ясны таславч хугарал, хоёр нүдний дээд доод зовхи, баруун нүдний чамархай хугарал, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, хоёр өвдөг цус хуралт санаатай учруулсан. Яллагдагч Д.Саяннямбуу Ц.Санжаачойпэлд цохиулсны дараа түүний биед гараараа цохих үйлдэл хийн түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдсон. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар нотолсон баримтуудыг гарган өгч байна.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн оролцогчдын өгсөн мэдүүлгээс:
Гэрч н.Нямбаяр: Машиныхаа хаалгыг онгойлгоод өнгийгөөд харахад манай найз болох Д.Саяннямбуу газарт зодуулчихсан хэвтэж байсан. Би машинаа замын хажуугийн зогсоолд тавиад шууд найз руугаа гүйж очоод "Яасан бэ. Юу болсон бэ" гэхэд Д.Саяннямбуу "Тэр урт хар үстэй, хар цамцтай залуу намайг зодчихлоо" гэж хэлсэн. Тэгэхээр би найзыгаа тайвшир гэж хэлээд 20-30 секунд болж байтал найзыг маань зодсон 5-6 хүн "Чи намайг таних уу, би чамайг хэн ч биш болгоно оо" гээд манай найз руу олуулаа дайраад зодож эхэлсэн. Би зүүн тал руугаа цохиулаад газар унасан. Машины ар руу ороод, тойроод гараад иртэл нэг охин "Хүн алчихлаа" гэж орилсон. Тэгээд би шууд очоод хартал манай найз Д.Саяннямбуу газар уначихсан ухаангүй, нүүр нь битүү цус болчихсон хэвтэж байсан. Тэр зодсон хүмүүс нь хүн зодоод алчихлаа гэж бодсон юмгүй бусад хүмүүс рүү "Та нарыг ч гэсэн ална шүү. Та нар намайг яаж ч чадахгүй" гэж орилсон. 10 минут орчмын дараа зугтаах гэж байсан. Тэгэхээр нь Эстер гэх эмэгтэй урт хар үстэй, хар цамцтай залууг чирээд таксинд суулгахаар нь манай найзууд нийлж тэр залууг таксинаас чирээд буулгасан. Цагдаа дуудаад очтол урт хар үстэй залуу болон ягаан цамцтай залуу Ниссан патрол, улсын дугаар нь 0330 гэсэн машинд сууж байсан. Би явуулахгүй гээд машиныг нь хаагаад зогссон. Тэгтэл намайг "Дайрч алаад явчихна шүү" гэж орилоод байсан. Намайг дайрах гэж оролдохоор нь би зам тавьсан. Араас нь цагдаагийн машин 0330 зогс гэж анхааруулсан. Зогсохгүй байхаар нь цагдаа араас нь хөөж барьсан.
Гэрч Б.Өлзийсайхан: Тухайн баар хаах болоод би Тулгат гэх найзтайгаа цуг баарнаас гарсан. Үүдэнд гартал манай нөгөө найзууд бүгд зогсож байсан. Тэгтэл Тулгат бид хоёр дээр зүс таних Санжаа ирээд "Би монголын хамгийн баян хүн. Занданшатар өнөөдөр ерөнхий сайд болсон. Тийм болохоор би өнөөдөр хүн алаад шоронгоос зүгээр гараад ирнэ. Та нарыг алчхаад зүгээр гараад ирнэ" гэж орилж эхэлсэн. Тэгээд бид хоёр согтуу хүнээс хол байя гээд холдсон. Санжаа эргэн тойронд байсан хүмүүс рүүгээ орилсоор хамгийн ойр байсан Саянаагийн нүүрэн тус газар цохиж унагаасан. Саянааг бид босгож ирээд байж байтал миний ард талд Саянааг Санжаагийн нэг найз газарт унагаад зодож байсан. Тухайн залууг салгатал зугтаагаад яваад өгсөн. Тэгээд хэсэг намжаад Саянаа цусаа тогтоох гээд доош хараад сууж байтал Санжаагийн найз болох Тэмүүлэн Саянаагийн нүүрэн тус газар өшиглөөд Саянаа дээш хараад ухаан алдсан. Тэгээд эмнэлэг болон цагдаагийн алаг тэрэг ирсэн. Саянаагийн биед халдсан үл таних залуу болон Санжаа зугтсан. Миний харснаар Санжаа Саянаагийн нүүрэн тус газар хоёр удаа цохисон. Саянаа газар унасан. Тэгээд үл таних залуу Санжаагийн нүүрэн тус газар цохиж, нүүр рүү нь өвдөглөсөн. Газарт унангуут нь нүүр рүү нь нэмж өшиглөөд, өвдөглөөд байсан. Мөн Тэмүүлэн гэх залуу Саянаагийн нүүрэн тус газар өшиглөсөн. Санжаа "цагдаа чинь ирээд намайг яаж ч чадахгүй" гээд приус маркийн машинаас буугаад ирсэн. Тэгснээ найзынхаа ниссан патролд суугаад зугтсан. Цагдаа нар ирээд ниссан патролыг хөөж, зогсоосон.
Гэрч н.Сэргэлэн: Би багадаа нийлдэг байсан найзуудтайгаа тэр орой уулзсан. Баарнаас гартал Санжаа гэх залуутай, бусад 4-5 хүнтэй манай найзууд муудалцаад зогсож байсан. Тэгтэл Санжаа тэр залуу хаана байна гэх зэргээр орилж, алхаж байснаа манай найз Саянааг баруун гараараа цохиж унагааж байгаа нь харагдсан. Саянааг унагаахыг харсан манай өөр нэг найз босгох гэж байтал Санжаагийн өөр нэг найз болох цайвар өнгийн юүдэнтэй цамцтай залуу хамар руу нь маш хүчтэй өшиглөж, дахин газарт унагаасан. Бид хэд болиоч гэж очоод салгах гэж байгаад цагдаагийн 102 дугаар руу 03:51 цагт дуудлага өгсөн. Цагдаа 10-20 минутын дараа ирсэн. Тэр хооронд Санжаа болон найзууд нь явах гээд байсан болохоор би Өлзийсайхан гэдэг найзтайгаа нийлж явуулахгүйг оролдсон. Бусад найзуудаасаа сонсоход Санжаа нь би том айлын хүүхэд. Та нар намайг яаж ч чадахгүй гэхээр нь манай найз Саянаа хэдэн үг хэлтэл ийм зүйл болсон гэж хэлсэн.
Гэрч н.Майдар: Нүдэн дээр Санжаа зугтаад явах гэж байсан. Тэгэхээр нь би Санжааг хамааралтай юм болов уу гэж бодоод явуулахгүй байсан. Дараа нь хяналтын камерын бичлэг үзэхэд Санжаа нь Саянааг шууд гараараа цохиж унагаад, дээрээс нь цохисон. Хажууд нь байсан Тэмүүлэн Саянааг газарт унасны дараа дээрээс нь өшиглөж байгаа харагдсан. Хажууд нь байсан хэсэг хүмүүс Саянааг татаж унагаж байгаа харагдсан.
Гэрч Бум-Эрдэнэ: Манай хажуу талын ширээнд Санжаа болон түүний найзууд ширээ авчихсан сууж байсан. Би урд нь Санжааг таньдаг байсан болохоор очиж мэнд мэдээд буцаж ширээндээ очиж суусан. Тухайн баарыг хаах хүртэл манай найзууд ямар нэгэн асуудал үүсгээгүй. Гоё байсан. Тэгээд Канте баар хаах болоод манай найзууд түрүүлээд гарсан. Би таньдаг хүмүүстэйгээ тараад юм ярьж байгаад араас нь гартал манай найз Саянаа хажуу ширээнд сууж байсан Санжаатай муудалцаад байж байхаар нь би очиж Санжааг салгаад байж байтал Тэмүүлэн гэх ногоон өнгийн логотой малгайтай хар цамцтай, дунд зэргийн нуруутай залуу цаанаас нь хүрч ирээд манай найз Саянааг газар унагаад толгойн тус газар нь өшиглөсөн. Санжаа нь араас нь очоод Саянаагийн толгойн тус газар хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэнд байсан хүмүүс зодооныг салгасан. Би тухайн үед хамгийн түрүүнд Санжааг барьж авч салгасан. Салгаад найзаасаа холдуултал түүнтэй хамт явж байсан Эстер гэх эмэгтэй, тэдэнтэй хамт явж байсан Тэмүүлэн гэх залуутай гурвууланг нь таксинд суулгаад явуулах гэж байтал араас нь хүмүүс ирээд "Та хоёрыг явуулахгүй. Цагдаа дээр хамт очно" гээд хаалгыг нь нээгээд явуулахгүй байхаар нь би асуудал гарсан юм байна гэж бодоод зайгаа барьсан. Тэндээсээ шууд харьсан. Эхлээд Тэмүүлэн гэх залуу манай найзыг газарт унагаад өшиглөсөн. Дараа нь Санжаа нэмж өшиглөсөн. Тэгтэл хажууд нь байх хүмүүс салгасан. Тэнд байсан бүх хүмүүс архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.
Гэрч Золбоо: Тэнд байсан залуус удаа дараа явах гэж оролдсон. Манай найзууд явуулахгүй гэж хичээсэн. Нэг хартал Саянаа газар унасан байсан. Тэгтэл дээрээс нь үл таних хүзүүндээ шивээстэй залуу өшиглөж байсан ба дараа нь нэг хүн нэмээд өшиглөөд байсан. Майдар, Сэргэлэн нартай хамт байсан болохоор нэрийг нь мэддэг болсон. Зодооны үед Санжаа гэж орилоод байсан болохоор Санжаа гэж мэдэж авсан. Санжаа гэх залуу Саянааг цохиж унагаад, хэд хэд өшиглөсөн. Санжаа гэх залуу үл таних 3-4 хүнтэй цуг явж байсан. Миний санахаар нэг нь хүзүүндээ ил харагдах шивээстэй. Нөгөө хоёр хүнийг нь ямар дүр төрхтэй, ямар хувцастай байсныг санахгүй байна. Гэхдээ тэд Саянаагийн толгой руу бөмбөг өшиглөж байгаа юм шиг өшиглөж байсан. Энэ 4 хүнээс өөр хүмүүс Саянаагийн биед халдахыг хараагүй. Саянааг зодуулсныхаа дараа хамар нь шигдсэн, нүүр нь битүү цус болчихсон, ярьж чадахгүй болсон байсан.
Гэрч Тулга: Санжаа гэх залуутай Б.Өлзийсайхан үл ойлголцол болоод хажуугаас нь Саянаа орж ирж өмөөрсөн. Санжаа гэх залуу манай найз Саянааг нүүрэн тус хэсэгт нь цохисон.
Гэрч Хүслэн: Кантегээс гарч ирээд гадаа байж байтал Өлзий гэх залуу ирээд юм яриад байсан. Манай найз залуу Санжаачойпэл ирээд Өлзийг цааш авч яваад муудалцаж, зодоон болсон. Надад үзүүлсэн бичлэгт гарсан хар өнгийн юүдэнтэй цамцтай, хар хөх өнгийн жинсэн өмдтэй газар унасан эрэгтэйг өшиглөж байгаа хүн Чиро буюу Алтан-Очир мөн байна. Хар өнгийн нүдний шилтэй ногоон өнгийн богино хамцуйтай цамцтай, цохих үйлдэл хийж буй эрэгтэй Амарсайхан мөн байна.
Гэрч Эрхэм-Эрдэнэ: Өлзий гэх залуу Хүслэнгийн хажууд ирээд нэг зүйл асуугаад, утсаа бариад зогсож байтал Санжаа ирээд "Чи ер нь яах гээд байгаа юм бэ. Яах гээд эргэлдээд байгаа нойтон хамуу шиг ... вэ" гэх мэт үгийг хүчтэйгээр хэлсэн. 10 минут орчмын дараа би өмнө нь харж байгаагүй үл таних эрэгтэй Канте баарны гадаа газар унаад хэвтэж байсан. Би очоод одоо больцгоо гээд байж байтал Тээм буюу Тэмүүлэн гүйж ирээд газар хэвтэж байсан эрэгтэйг баруун хөлөөрөө гэж санаж байна нуруу руу нь 2-3 удаа өшиглөсөн. Бичлэгийг үзлээ. Амаа тэр унасан хүнийг баруун гараараа хоёр удаа цохиж байгаа юм шиг харагдаж байна. Тэгтэл хар юүдэнтэй цамцтай цахилгаанаа тайлсан, хөх жинсэн өмдтэй, цагаан алаг гутал юм уу, пүүз өмссөн эрэгтэй Чиро гэж дуудагддаг эрэгтэй газар унасан хүний толгой хэсэг рүү нэг удаа хүчтэй өшиглөж байх шиг болсон.
Гэрч Гантогтох: Патрол машинд зодсон гэх хүмүүс байгаа гээд хар өнгийн футболк өмссөн, малгайтай цамц өмссөн хоёр өндөр залуу хэлсэн. Тухайн машинд сууж байгаа хүмүүстэй уулзах гэтэл хөдлөөд яваад өгсөн. Тэр үед бид араас нь очоод СБД-ийн гуравдугаар хороо 48 дугаар сургуулийн чанх урд зам дээр цагдаагийн машин чанх урд нь хааж зогсоод, машинд сууж байсан хүмүүст хаалгаа онгойлго гэж шаардлага тавихад хэсэг онгойлгохгүй байж байснаа хаалгаа онгойлгосон. Тэр үед Санжаа гэх залуу нэг эмэгтэйтэй хамт машины арын суудалд сууж байсан. Санжаа гэх залууг цагдаагийн хэлтэст авч ирсэн. Тэмүүлэн гэх залуу "Та хэд буруу хүнээ барьсан. Яг цохисон хүн нь би байна" гэж хэлж байсан. Санжаа нэг удаа цохисон, би араас нь өшиглөсөн гэж ярьж байсан.
Гэрч Цэрэнбямба: Хүмүүс тарахгүй бөөгнөрөөд байхаар нь гараад хартал нэг залуу цус нөж болчихсон газар хэвтэж байсан. Тойроод 7-8 хүн зогсож байсан. Удалгүй Амарсайхан найз охинтойгоо хаанаас ч юм гараад ирсэн. Тэгтэл Амарсайханы найз охин түүнд хандаад Санжаагийн талд хэн ч орохгүй байна шүү дээ гэх үгийг хэлж байсныг би сонссон. Тэгсэн удалгүй Санжаа болон Эстер нар саарал өнгий приус машинд суусан. Удалгүй саарал өнгийн жийп машин ирээд Санжаа Эстер хоёрыг авч явсан. Дөнгөж хөдлөөд 20-30 м явж байхад араас нь цагдаагийн машин ирээд зогсоосон. Эрдэнэбатын Тэмүүлэн гэх залууд зодуулсан гэх залуутай юм яриад зогсож байсан. Зодуулсны дараа нэлээд сүүлд би хальт сонсоход Тэмүүлэн гэх залуу нь зодуулсан залууд хандаж "Мань нь маргааш наадахыг чинь бүлүүлчихье. Би хүн дуудсан байгаа. Тэгээд 5 сая төгрөг өгөөд хаячихъя" гэсэн утгатай юм ярьж байсан. Тэгээд зодуулсан залуу нь Тэмүүлэнд хандаж "Би маргааш өөрөө наадахыг чинь бүлчихье" гээд хоорондоо ярилцаж байсан. Санжаа гэх залуу тэр хавиар орилоод агсам тавиад яваад байсан.
Гэрч Баясгалан: Манай зөөгч болох Бат-Ирээдүй тухайн ширээнүүдийг хариуцаж байсан. Зодсон хүмүүс нь явах гэж байсан ба тухайн газар байсан танил нөхөд нь явуулахгүй гэж хичээж байсан.
Гэрч Бат-Ирээдүй: Санжаа гэх залуу сууж байсан ширээний тооцоо дутсан юм. Тэгээд би гадагшаа гарсан. Гарахад урд талд хүмүүс маргалдаад байх шиг байсан. Санжаа эхлээд цохиод авсан. Тэр залуу газарт унаад өгсөн. Тэр залуу босож ирээд Санжаагийн нүүрэн хэсэгт цохих шиг болсон. Тэгтэл Санжаа найз охиноо холдуулж байгаад дахин нүүрэн хэсэгт нь цохисон. Тэр үед Тэмүүлэн гэж дууддаг залуу нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Зодуулсан залуу нүүрээ дараад газарт хэвтэж байсан. Тэгтэл Санжаа нь дахин нүүр рүү нь өшиглөж, нуруу руу нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөж байсан.
Гэрч Золбаяр: Спорт баар орж тоглоом тоглосон. Би найзуудаасаа түрүүлээд машиндаа суусан. Машины урд гурван эрэгтэй хүн хоорондоо муудалцаж эхэлсэн. Хар өнгийн хувцастай, урт үстэй, сахалтай эрэгтэй "Чи харах уу" гэх зэргээр англи, монгол хольж орилж байсан. Хар өнгийн хувцастай, сахалтай, урт үстэй эрэгтэй хүн шар өнгийн хувцастай өндөр эрэгтэй хүний нүүрэн тус газарт нэлээд хүчтэй цохисон.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Баасанжавын 2025 оны долдугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт: Саяннямбуугийн зүүн хоншоорын хөндий дотор, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн нийлмэл хугарал, хөндийн гадна ялтас хугарал, баруун нүдний ухархайн гадна дотор доод хана руу өргөссөн, цөмөрсөн нийлмэл хугарал, хамрын яс, хамрын таславчны хугарал, хамар няцарсан шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай хугарал, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, хоёр өвдөг цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулдаг. Цаашид энэ хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдагдал нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь тухай зодоон гарсан гэх цаг хугацаатай тохирч байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Оюун-Эрдэнэ, Эрхэмбаяр, Цолмонбаяр эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2025 оны есдүгээр сарын 11-ний өдрийн тогтоол:
Саяннямбууд учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварыг тогтмол алдагдуулах эсэх нь эмчилгээнээс хамаарна. Саянсамбуугийн бие хоёр талын хоншоор ясны хөндийд болон урд тал нь няцаалт, хоёр нүдний хооронд, ухархайн дотор хана болон доод хана, хамрын яс, хамрын таславч, хамрын хана цөмөрч, нийлмэл хугарал, хамарт мэс засал хийж, хоёр нүдний дээд доод хана, хацар, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцралт, баруун чамархайн хойно зөөлөн эдийн няцралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт, хоёр өвдөг цус хуралттай нь батлагдлаа. Дээрх гэмтэл нь хүний нүүрний тэгш хэм, аньсага, хамрын самсаа, уруулын хэлбэрийг нэлээд алдагдуулсан. Дээрх гэмтлээс нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдуулах гэмтэлд хамаарна. Саяннямбуу Солонгос улсад нүүрний ясны засрал, хугаралд металл бэхэлгээ хийх мэс засал хийлгэсэн байна. Цаашид гэмтлийн улмаас сэтгэцийн өвчтэй болох эсэхийг шинжээч эмч тогтоохгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд гэмтэл тогтоох журамд зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 2025 оны долдугаар сарын 24-нд тогтоогдсон дүгнэлттэй санал нэг байна.
15:50 цаг:
Яллах дүгнэлтийг уншсаны дараа шүүгдэгчид мэдүүлэг өгөв.
Ц.Санжаачойпэл: Би магистрынхаа дипломыг хамгаалахаар АНУ руу хоёр хоноод буцах байсан. Тэр орой бид найзуудаараа уулзаад хамт хоол идсэн. Тэгээд Канте гэдэг баар орсон. Саяннямбуу, Өлзийсайхан нар хажуу ширээнд сууж байсан. Өлзийсайхан манай найз охиныг бааран дотор хоргоогоод байсан. Тэр үедээ тоохгүй өнгөрөөсөн. Хэрүүл маргаан болоогүй. Тэдний ширээний хүмүүс ирээд надтай мэндэлсэн. Би ч очиж мэндэлсэн. Дотор хэрүүл маргаан огт болоогүй. Баарнаас манай найз охин түрүүлж гарсан. Би хойноос нь гартал Өлзийсайхан манай найз охиныг гадаа дахиад хоргоогоод зогсож байсан. Тэгээд би уурлаж "Чи яах гээд байгаа юм бэ. Ямар асуудал байна" гээд маргаад зогсож байсан. Гэнэт зүүн талаас гурав дахь хүн гарч ирсэн. Тэр нь хохирогч Саяннямбуу байсан байна лээ. Баруун гартаа утсаа барьсан байсан байна лээ. Хажуугаас гэнэт найзуудаа өмөөрөөд гурвын эсрэг нэг зодолдох гэж байгаа юм байна. Тэр талаасаа бодож байтал яг миний зүүн чихэн дээр баруун гараа далайсан юм шиг болохоор нь би түрүүлээд цохисон. Хохирогч намайг эргүүлж цохиод тэрүүгээр бужигнаад бөөн бужигнаан болсон. Дахиж хохирогч ирээд дахиад намайг цохисон. Гарандаа цагаа зүүсэн байсан. Тэр үед дахин бужигнаан болоод нэг хартал хохирогч газар хэвтэж байсан. Тэгээд би найз охиноо аваад явах гэтэл таксины хоёр хаалгыг хоёр талаас онгойлгоод таксин дотор зодсон. Тэгээд намайг явуулахгүй байж байтал цагдаа ирээд биднийг саатуулсан.
Б.Амарсайхан: Тэр өдөр бид найзуудаараа бааранд ороод ойролцоогоор 2 цаг орчим болсон. Хажуугийн ширээнд байсан Өлзийсайхан, Майдар, Сэргэлэн гэх хүмүүсийг би олон жилийн өмнөөс таньдаг. Хамт сагс тоглодог таньдаг хүмүүс байсан болохоор мэндлээд дотор ямар ч асуудал болоогүй. 03:30 цагийн үед баар хаагаад бүгд гарсан. Би найз охинтойгоо, Алтан-Очир, Дөлгөөнтэй ярилцаад зогсож байтал цаана хүмүүс жаахан маргалдаж байсан. Таньдаг хүмүүс болохоор маргалдаад зодоон хийхгүй байх гэж бодсон. Гэхдээ бас таньдаг хүмүүс юм чинь ярилцаад тайвшруулъя гэж удаа дараалан олон удаа хичээсэн. Саяннямбууг өмнө нь таньдаггүй байсан. Ямар ч асуудал байгаагүй. Машины дунд би Саяннямбууг цохисон үйлдэл ерөөсөө хийгээгүй. Саяннямбууг болон бас нөгөө талын нөхдөө болиулаад, тайтгаруулаад байж байтал Саяннямбуу удаа дараалан манай найз нар руу дайрах, орилох хашхирах үйлдэл үзүүлсэнтэй холбоотой найзуудаа болон хоёр талыг салгах гэж олон удаа хичээсэн. Саяннямбууд учруулсан хохиролдоо маш их харамсаж гэмшиж байна.
Д.Саяннямбуу: Тэр өдөр гадаа гарч ирээд найзуудтайгаа хоол идэх үү гээд асуугаад байж байхад гэнэт намайг цохисон. яагаад тэгснийг нь би ойлгоогүй. Тухайн үед маш их өвдөлттэй байсан болохоор маш их зүйлийг мартаж, санасан. Зарим зүйлийг санахгүй байгаа. Санаж чаддаггүй. Би цохиулчхаад цохих гэж оролдсон ч чадаагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.
16:30 цаг:
Прокурор: Та хэд хэзээнээс найзалж байгаа вэ?
Ц.Санжаачойпэл: Бид арван жилийн найзууд.
Б.Амарсайхан: Санжаа манай арван жилийн нэг анги. Тэмүүлэн арван жилийн дээд ангийн найз.
Л.Алтан-Очир: Найзуудын найзууд. 2021 оноос хойш мэднэ.
Прокурор: Тухайн өдөр хэр зэрэг согтуурах ундаа хэрэглэсэн бэ?
Ц.Санжаачойпэл: Бид арван хэдүүлээ байсан. Бааранд нэг сет авсан. Тэр нь хоёр шил архитай ирдэг. Тэгэхээр 14-15-лаа хоёр шил архи хувааж уусан.
Э.Тэмүүлэн: Хоёр шил архи хувааж уусан.
Л.Алтан-Очир: Миний хувьд 200 гр алкахол хэрэглэсэн.
Б.Амарсайхан: 100-150 гр алкахол хэрэглэсэн.
Прокурор: Саяннямбуу Канте гэх бааранд хэр зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн бэ?
Д.Саяннямбуу: Сайн санахгүй байна. Гэхдээ жижиг хундагаар 3-4 удаа тулгаж уусан.
Хэр согтолттой байсан бэ. Биеэ хянах чадвартай байсан уу?
Байсан.
Тухайн өдрийн үйл явдлыг санаж байгаа юу?
Маш бүрсгэр, энд тэндээ их замбараагүй, ой санамжид гацчихсан. Тэгэхээр санахад их хэцүү байдаг.
Хүслэн гэх эмэгтэйг таних уу?
Танихгүй. Ямар нэгэн харилцаа байхгүй.
Та Санжаачойпэлтэй ямар шалтгааны улмаас маргалдсан бэ?
Би маргалдаагүй. Манай найзууд маргалдаж байгааг мэдээгүй. Тийм болохоор би шууд очоод хоол идэх гэх мэтээр асууж байтал хажуугаас гэнэт цохисон.
17:00 цаг:
Өмгөөлөгчид асуулт асуув.
Шүүгдэгчид хохиролд нийт 1.5 тэрбум төгрөг төлжээ.
Баримтыг шинжлэн судлах хүрээнд хэргийн газрын бичлэгийг үзэв.
17:10 цаг:
Шүүх хурал 10 минут завсарлав.
17:20 цаг:
Баримтыг шинжлэн судлах хүрээнд бичлэгийг үргэлжлүүлэн үзлээ.
Прокурор нотлох баримтыг дахин уншив.
17:30 цаг:
Өмгөөлөгчид нотлох баримтыг уншив.
18:10 цаг:
Прокурор нотлох баримтыг шинжлэн судалсны хүрээнд шүүгдэгчдээс асуулт асуув.
Гэрч Б.Өлзийсайханы мэдүүлэгт "Би монголын хамгийн баян хүн. Занданшатар өнөөдөр ерөнхий сайд болчихлоо. Тийм болохоор би хүн алчхаад монголын шоронгоос алхаад гараад ирэх хүн. Та нарыг алчхаад зүгээр алхаад гараад ирнэ гэж хэлсэн" гэж мэдүүлжээ. Ц.Санжаачойпэл та энэ хүнтэй ямар холбоотой вэ?
Ямар ч холбоогүй. Нэгдүгээрт, би монголын хамгийн баян хүний хүүхэд биш. Хоёрдугаарт, би тэгж хэлээгүй. Харин миний өөдөөс манай аав цагдаагийн том дарга хууль яаж хэрэгждэгийг чамд харуулна гэсэн.
18:30 цаг:
Өмгөөлөгчид асуулт асуув.
Ц.Санжаачойпэл: Маргаад зодоон эхэлсний дараа Өлзийсайхан аавыгаа ярьж эхэлсэн. Тэр үед нь би Цэрэнпунцагийн хүү шүү гэж хэлсэн. Түүнээс биш би тэгж хэлээгүй. Өлзийсайхан "Манай аав монголын цагдаагийн дарга. Би чамд хууль яаж үйлчилдгийг харуулна гэж удаа дараа хэлсэн. Өлзийсайхан бид хоёр хэдэн жилийн өмнөөс биеэ мэднэ. Өмнө нь энд тэнд муудалцаж байсан. Гэхдээ өш хонзонгийн сэдэл байгаагүй. Занданшатар ерөнхий сайдаар томилогдоход аавыг нь ЦЕГ-ын даргаар аавыг нь томилсон. Болд хурандаа гээд. Генерал ч бил үү.
19:00 цаг:
Өмгөөлөгчид үг хэлэв.
Л.Алтан-Очирын өмгөөлөгч: Хүмүүсийн буруу ойлголт байна. Мансууруулах бодис хэрэглэсэн гэж яригдсан. Хэрэглээгүй шүү.
Д.Саяннямбуугийн өмгөөлөгч: СБД-ийн эрүүлжүүлэхийн цагдаа Ц.Санжаачойпэлийг хүлээж авахдаа баруун гарын хуруу шалбарсан л гэдэг тэмдэглэл байдаг. Эрүүлжүүлэхэд очиход энэ хүний нүд ам хөхрөлт үүсээгүй. 4 хоногийн дараа шүүх шинжилгээний дүгнэлт "Хөхрөлттэй" гэж гарсан. 4 хоногийн хугацаанд хаанаас тэр хөхрөлт үүссэнийг таамаглах аргагүй. Иймээс Д.Саяннямбуу Ц.Санжаачойпэлийг гэмтээсэн гэх нотолгоо байхгүй. Бичлэгт маш олон хүн байгаа. Хэн нь Ц.Санжаачойпэлийг цохисон тухай нотлох арга байхгүй. Д.Саяннямбуу Ц.Санжаачойпэлийг цохисон гэх ганц ч зураг байхгүй.
21:00 цаг:
Улсын яллагч яллах саналыг хэлэв.
Ц.Санжаачойпэлийг нэг жилийн хугацаанд хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, Б.Амарсайханд хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж санаатай гэмтэл учруулсан хэмээн нэг жил 6 сарын хугацаанд хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт тус бүр нэг жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, Д.Саяннямбууг 1 сая төгрөгөөр торгож, 3 сар таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргав.
21:10 цаг:
Өмгөөлөгчид ялыг хөнгөрүүлэх нөхцөлүүдийг хэллээ.
Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч Б.Мэргэн: Санжаачойпэлийн хувьд хохирогчид учруулсан хохирол, гэм буруугаа ойлгоод хэд ахин илүү хохирлыг нөхөн төлсөн. Гэм буруугаа хүлээж уучлал гуйсан. Тохиолдлын шинжтэй үйлдлээр гэмтэл учруулсан гэж үзэж байгаа. Мөн хохирогчийн гэм буруутай үйлдэл байгаа гэж үзэж байна. Ялыг хөнгөрүүлэх цөөн тохиолдлоос гурван зүйлийг хангасан учир хорих ялыг торгох ялаар сольж өгөхийг хүсэж байна.
Бусад өмгөөлөгчид үүнийг дэмжив.
Э.Тэмүүлэнгийн өмгөөлөгч: Хувийн байдал гэдэг үгийг маш олон хэллээ. Бид хүндэвтэр гэмтэл учирсан, учруулсан гэмт хэрэгт өчнөөн орж байсан. Хувийн байдлаас шалтгаалж 90 хоног хорьсон тохиолдол анхных. Хувийн байдал гэж магадгүй аав ээжийг нь хэлээд байгаа юм уу. Ганцхан Ц.Санжаачойпэл гэж хувь хүнд нь ял өгөөч. Д.Саяннямбууд ч гэсэн хамгийн бага төгрөгийн торгууль 1000 нэгжээр торгож өгөөч. Энэ ч бас энэ хүний хувийн байдал.
21:30 цаг:
Яллагдагчид үг хэлэв.
Ц.Санжаачойпэл: Шүүгч ээ, та бид тавын ирээдүйг бодоод нигүүлсэнгүй хандаж өгөөч.
Б.Амарсайхан: Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Д.Саяннямбууг ийм хүнд гэмтээе гэж бодоогүй. Тэр өдөр танхайръя гэж ч бодоогүй. Харин эсрэгээрээ эв зүйг нь олчих юм сан, эвлэрүүлье гэж хичээсэн. Гэвч санаснаар болсонгүй. Би өмнө нь хэзээ ч зодоон цохион, танхайрах үйлдэл хийж байгаагүй. Энэ талаас нь бодож шийдвэрээ гаргаж өгөөч.
22:00 цаг:
Шүүх шийдвэрээ танилцууллаа.
Ц.Санжаачойпэлд 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах шийтгэл оногдууллаа. Хэрэв зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солино. Шүүгдэгчдийн хоригдсон 62 хоногийг хасаж тооцно. Хилийн хориг тавьсан ялыг шүүхийн шийдвэр хэрэгжиж эхлэхэд хүчингүй болгож тооцсугай. Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарын гадаад паспортыг буцаан өгч, бусад хэргийн нотлох баримтыг устгасугай.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!