-Эдийн засагч Н.Энхбаяртай энэ оны эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцлаа-
-Ярилцлагын эхэнд хоёул өнгөрөгч оны эдийн засгийн нөхцөл байдлаа дүгнэх нь зүй болов уу. Баталсан төсөв, зорилтоо хэр биелүүлж чадав. Тухайлбал, гол үзүүлэлт болсон нүүрсний экспорт тал дээр ч юм уу?
-Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ 2023 он хүртэлх хугацаанд 40-60 сая орчим тонн байсан. БНХАУ-ын нүүрсний хэрэглээ болон эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор Монгол Улсын нүүрсний экспорт ихээхэн нэмэгдсэн.
2024 онд л гэхэд 83.4 сая тонн нүүрс экспортод гаргасан нь том амжилт байсан. Харамсалтай нь өнгөрөгч 2025 онд энэ хэмжээгээ орлогын хувьд баталгаажуулж чадсангүй.
Хэдийгээр биет хэмжээ нь өмнөх оны түвшинд дөхөж байгаа боловч орлогын хувьд нэлээн буурсан байна. Одоогоор жилийн эцсийн тоон мэдээлэл хараахан гараагүй байгаа учраас өнгөрсөн 2025 оны 11 дүгээр сарын байдлаарх тоон мэдээллийг харж байна. Үүнийг хараад үзвэл, 2025 оны 11 дүгээр сарын байдлаар нүүрсний экспортын биет хэмжээ өнгөрөгч оных нь мөн үетэйгээ ойролцоо буюу 74 сая тонн байгаа юм. Гэтэл нүүрсний экспортоор олж байгаа орлого нь 8 тэрбумаас 4.9 тэрбум буюу үндсэндээ 3.1 тэрбум ам.доллароор буурсан. Нөгөө талдаа Оюутолгойн ордын ил болон далд уурхайгаас шалтгаалж Монгол Улсын зэсийн баяжмалын экспорт ихээхэн нэмэгдэж байгаа. 2012 он хүртэл Эрдэнэт үйлдвэр дангаараа ажиллаж байхад хамгийн ихдээ 500-600 мянган тонн зэсийн баяжмал экспортод гардаг байсан. Одоогоор Монгол Улсад зэсийн гурван том ордыг ашиглаж байна. Эрдэнэтийн ил уурхай, Оюутолгойн ил болон гүний уурхай. Гурван уурхайн нийлбэр дүнгээр өнгөрсөн оны эцэст 2.4 сая тонн зэсийн баяжмал экспортолсон байна. Үндсэндээ энэ төрлийн экспорт бараг тав дахин өссөн гэсэн үг шүү дээ. Зэсийн баяжмалын орлого өмнөх оны мөн үеэс 2.1 тэрбум ам.доллароор буюу 5 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна. Тэгэхээр нүүрсний орлогын өсөлт 3.1 тэрбум ам.доллар, зэсийн баяжмалын орлогын өсөлт 2.1 тэрбум ам.доллар байна. Алт, цайр, самнасан ноолуур зэрэг бусад экспорт нэмэгдээд үндсэндээ 2.5 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Ийм байдлаар бид хямралаас зайлсхийж чадсан.
Хэрэв зэсийн баяжмалын орлого ингэж нэмэгдээгүй бол Монгол Улсын экспорт бараг 4 тэрбум гаруй ам.доллароор буурах байсан
Энэ хэмжээгээр буурвал Монгол Улсын гадаад худалдаа өнгөрөгч онд ашиг, алдагдал нь маш ойролцоо гарахаар байв. Монголбанкны мэдээлснээр гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд хэмжээндээ хүрлээ. Энэ нь эдийн засгаа төрөлжүүлэх бодлогоо амжилттай хэрэгжүүлж, маш их маргаан мэтгэлцээн дагуулаад буй хөрөнгө оруулалтын ач тус байгаа юм. Арав гаруй жил үргэлжилсэн олон хүний хөдөлмөрийн үр дүнг бид одоо үзэж байна шүү дээ. Тэгэхээр энэ ач тусыг бид зөв ойлгох хэрэгтэй. Маргаантай, сайжруулах ёстой асуудлууд бий. Гэхдээ Монгол Улс 2016 онд туулж байсан шиг эдийн засгийн хямралд сая тулж ирлээ шүү дээ. 3 тэрбум ам.долларын орлого байхгүй гэдэг нь төсвийн орлого асар ихээр дутахаар байсан гэсэн үг.
Төсвийн орлого талаасаа авч үзье. 2025 оны төсвийг анх 36 их наядын зарлагатай байхаар баталсан. Ерөнхийлөгчөөс хориг тавьсны дараагаар төсөвт дахин тодотгол хийж батлахдаа 33.4 орчим их наяд болгож бууруулсан. Өнгөрөгч оны төсвийн гүйцэтгэл ойролцоогоор 30 их наяд орчимд гарах гэж байна. Анх УИХ-аар баталсан 36 их наяд гэдгийг 30 их наяд гэдэгтэй харьцуулахад асар их зөрүү гарч ирж байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл, бодит байдлаас хол 17 орчим хувийн зөрүүтэй төсвийг анх баталсан байна. Энэ нь нүүрсний орлого өснө гэсэн хэт өөдрөг төсөөлөлтэй холбоотой байсан. Гэхдээ үүссэн нөхцөл байдал нь хүндрэлтэй ч гэсэн төсвийн үндсэн ажлуудаа санхүүжүүлж чадсан.
-Тэгэхээр тодотгол хийсэн нь байгаа "оносон" гэж ойлгох уу?
-Та бүхэн санаж байвал эл тодотголоор 33 их наядын төсвийн зарлагаа 31 их наяд болгож бууруулсан. Ингэж тодотгол хийсний ач тус гарч байна. Хэрэв энэ тодотголыг хийхгүйгээр баталсан 33 их наядын төлөвлөгөө нь хэвээр байсан бол бараг 10 хувь буюу 3 их наядын төсвийн зарлагын санхүүжилт дутах нь байна шүү дээ. Бидний хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан сургууль, цэцэрлэг зэрэг олон байгууламж, замын ажлууд санхүүжилтгүй зогсох байсан. Оновчтой төлөвлөлт хийхгүйгээс үүдэн гарч болох эрсдлийн нэг нь энэ.
-Тэгвэл энэ онд хэрхэх бол. Тухайлбал, ЗГ-аас энд онд эдийн засгийн өсөлт 5.7 хувьтай байхаар төсөөлсөн. Олон улсын байгууллагуудын зүгээс ч 5-5.7 хувь дээр таамаглаж байгаа. Таны харж буйгаар энэ онд эдийн засгийн өсөлт төсөөлсөн хэмжээнд хүрэх үү?
-Өнгөрөгч онд уул уурхайн салбарт буюу нүүрсний экспорт дээр бууралт гарсан нь үнэн. Гэхдээ зэсийн экспортын өсөлтийн ачаар Монгол Улсын эдийн засаг энэ онд 5.6-5.8 орчим хувийн өсөлттэй гарах байх гэж найдаж байна. 7 орчим хоногийн дараа статистикийн байгууллагаас мэдээлэл гарна. Тэр үед өнгөрсөн оны эдийн засгийн өсөлт хэдэн хувьтай гарав гэдгийг мэдэх боломж бүрдэнэ.
-Дэд бүтэц нь ийм байгаа нөхцөлд нүүрсний экспорт 90 сая тонноос хэтэрч чадахгүй-

-2025 онд нүүрсний экспортын зорилт биет хэмжээ дээрээ хангагдсан боловч үнээс хамаарч орлого тал дээр эрсдэл үүссэн. Магадгүй зах зээл ямар байхаас шалтгаалж энэ онд эл нөхцөл байдал давтагдах вий гэсэн болгоомжлол байна. Бид чинь 2026 ондоо 100 сая тонн экспортолно гээд зорилт тавьчихсан шүү дээ?
-Монгол Улсын экспортод биднээс хамаарахгүй хүндрэлтэй тал бий болж ирсэн. 2010 оноос хойш нүүрснээс хамаарал багатай, хөдөө аж ахуйн түүхий эд зэсийн баяжмал голлосон экспорт байлаа шүү дээ. Тавантолгойн уурхай ашиглалтад орж, Энержи ресурс, Ухаа худаг гээд компаниудын дүнгээр бид жилдээ 80 гаруй сая тонн нүүрсийг экспортолдог болчихлоо. Түүхий эд нь өөрөө хүнд жинтэй учраас тээвэрлэлтийн дэд бүтэц маш сайн байх ёстой. Гол төлөв өнгөрөгч 17 жилд бид нүүрсээ экспортолж байна. Бүгдийг нь автомашинаар. Төмөр замаар Эрдэнэтийн зэсийн баяжмал, төмрийн хүдэр, багахан жоншийг л тээвэрлэж байна. Бусад 80,90 сая тонн түүхий эд маань авто замаар гарч байна шүү дээ. Сүүлийн нэг жилд л шинээр баригдсан төмөр замаар шилжүүлэн ачих байдлаар буюу автомашин, төмөр зам гэсэн холимог байдлаар гаргаж байна. Дэд бүтэц маань шийдэгдээгүй хэвээр байна. Хэдийгээр 2021 онд Гашуунсухайт Тавантолгой чиглэлийн 277 км төмөр замаа барьсан ч гэсэн хил холболтоо шийдэж чадаагүй. Хилийн холболтын асуудлаа шийдэж чадаагүй мөртлөө төмөр замаа барьчихсан. Дутуу хийсэн байж болно. Харамсалтай нь хил холболтын технологийн шийдлээ зөв олоогүй. Өнгөрсөн жилээс дуулиан шуугиан болж яригдсаар Харбины хэлэлцээрээ байгуулж, үр дүнд хил холболтын ажлаа эхлүүлж байна шүү дээ. Нэгдүгээрт, энэ нь өөрөө маш үнэтэй төсөл болж байна. Арав гаруйхан км мөртлөө 20 гаруй метрийн өндөр дээр гүүрэн байгууламжтай. Монгол Улсад байхгүй өндөр гүүрэн зам барих гэж байна шүү дээ. Тэр нь авто биш төмөр зам болж, тийш олон мянган нүүрс ачсан галт тэрэг өгсөөд явна. Тэгэхээр дэд бүтцийн байгууламжийн хувьд нэлээн төвөгтэй төсөл болж буй юм. Энэ ажил анхнаасаа алсын хараагүй хийгдсэн. Нэг зураг төслөөр хийчих ёстой ажлыг анхнаас нь дутуу дулимаг хийснээс болж ийм алдаатай зүйлд хүрч байна. Гэхдээ энэ ажил дээр олон талаасаа хичээсээр байгаад 2027 оны зургаадугаар сард ажил нь дуусна гээд салбарын сайд нар нь мэдэгдэж байна.
Хил холбогдонгуут экспорт шууд нэмэгдэх үү гэвэл үгүй.
Яагаад гэвэл, төмөр замын тээвэр нь автомашинаар тээвэрлэж буй нүүрсийг нөгөө талдаа төмөр зам руу шилжүүлнэ. Түүнээс биш 100 хувь төмөр замын ачаалал болж нэмэгдэнэ гэсэн үг биш.
Хэдийгээр Хятадад нүүрсний эрэлт байлаа ч 2027 ондоо нөлөөлөх нөлөөлөл нь 5 сая тонноос хэтрэхгүй. Дэд бүтэц маань ийм байгаа нөхцөлд ирэх жил нүүрсний экспорт 90 сая тонноос дээшилж чадахгүй. Энэ бол зөвхөн дэд бүтцийн тал нь.
Нөгөө талдаа бидний хамгийн сайн бодох ёстой зүйл бол худалдан авагч зах зээл дээр гарч буй өөрчлөлт. Нэгдүгээрт, биет хэмжээний хувьд. Одоогийн худалдаж буй 80 сая тонн нүүрсний 60 орчим сая тонн нь коксжих болон хагас коксжих нүүрс. 20 гаруй сая тонн нь эрчим хүчний нүүрс юм. Тэгэхээр энэ хоёр нүүрсний хэрэглээ хятадад ямар байна вэ гэдгийг бид маш анхааралтай судлах ёстой. Ирэх гуравдугаар сард БНХАУ-ын 15-р таван жилийн төлөвлөгөөг батлах хоёр их хурал бүхнээс гарч буй мэдээллээр хятадад маш их технологийн шинэчлэлүүд гарч байна. Сэргээгдэх эрчим хүчид маш их хөрөнгө оруулалт хийж байна.
Өөрөөр хэлбэл, хятадад нүүрсний хэрэглээ буурч байна. Хоёр жилийн дараагаас нүүрсний цахилгаан станц барихгүй. Одоо шинээр баригдаж байгаа цахилгаан станцууд дотор нар, салхи, усан цахилгаан станц дээр нь цахилгаан станцын цэнэг хуримтлуур зэрэг шинэ технологиуд их нэвтэрч байна.
Гангийн үйлдвэрлэл тал дээр өртөг зардал нь өндөр байгаа учраас коксжих хэрэглэх бодлогоо багасгаж байна. Илүү цахилгаан эрчим хүч хэрэглэх сонирхолтой байна.
Хэдийгээр бид экспортоо нэмэгдүүлэх зорилт тавиад, дэд бүтцээ холбоод байгаа боловч нөгөө талдаа худалдан авагч талд гарч байгаа бодлогын өөрчлөлтүүдийг анхаарах ёстой.
Яагаад гэвэл агаар орчныг бохирдуулах бодлогоосоо татгалзаж цэвэр эрчим хүч хэрэглэх бодлого баримталж байна. АНУ-ын Трампын бодлогоос хамаараад дэлхий дахинд гангийн худалдааны урсгал өөрчлөгдөж байна. Гангийн эрэлт хэрэгцээ өөрчлөгдөж байна. Энэ болгоны үр дүнгээс хамаараад 2026 онд биш ч гэсэн 2027,2028 онд нүүрсний эрэлт бидний төсөөлж байснаас багасах хандлагатай байна. Тэгэхээр бид дэд бүтцээ холбосон ч гэсэн тэр хэмжээгээрээ айхтар их овойж оцойсон их орлого нэмэгдэхгүй. Бид гагцхүү автозам дээр байсан төмөр замаа л нүүрс рүүгээ шилжүүлэх өөрчлөлт л 2027, 2028 онд хийгдэнэ. Одоогийн байгаа түвшнээс төдийлөн ихээр нэмэгдэхгүй болов уу гэсэн болгоомжлол байна.
-Өнгөрөгч онд нүүрсний экспортын эрсдлээс зэсийн экспорт биднийг авч гарлаа. Тэгвэл энэ онд 2.4 сая тонн зэсийн баяжмал экспортолно гэсэн зорилт маань хэр хангагдах бол?
-2026 оны хамгийн гол найдвар маань ердөө л энэ. Яагаад гэвэл экспортод эзэлж байгаа үнийн дүнгээрээ Монгол Улсын экспортын 70 хувь нь нүүрс, зэс, төмрийн хүдэр гурав л байгаа. Бусад нь хамаагүй бага хувийг эзэлдэг. Монгол Улсын эдийн засагт дөрвөн төрлийн түүхий эд л байгаа юм. Зэсийн хувьд өнгөрсөн жилүүдэд маш их маргаан, мэтгэлцээн дагуулж байж өнөөдрийн түвшинд хүрч байгаа. Оюутолгойн орд маань л бидний аминд орж байна. Яагаад гэвэл Эрдэнэтийн уурхай маань хүчин чадалдаа хүрчихсэн байгаа. Өнгөрсөн жил шинээр тогтоогдоод байгаа Оюут гээд орд байна. Шинэ ордоо ашиглатал гурван жилээс доошгүй хугацаа шаардагдана. Тэгэхээр ойрын гурван жилд бидний бэлэн ашиглаж байгаа зэсийн нөөц маань Оюутолгойн далд болон ил уурхай.
Оюутолгойн далд уурхай өнгөрсөн 2025 онд маш их үр дүнгээ өглөө шүү дээ. Тэгэхээр энэ маань цаашид үргэлжлэх учраас 2026 онд биет хэмжээгээрээ төлөвлөсөн түвшиндээ хүрэх боломжтой.
Оны эцсийн гүйцэтгэлээр гэхэд зэсийн экспорт 2.4 сая тонн байна шүү дээ. Магадгүй энэ чигээрээ үргэлжлээд явбал 2-2.5 саяд хүрэх боломжтой.
Нөгөө талаар дэлхийн зах зээл дээр алт, мөнгө, зэс, платиниум гэсэн өнгөт металлуудын үнэ ханш маш өндөр болж ирж байна. Энэ нь дэлхий дахинд болж буй геополитикийн өөрчлөлт, Трампын бодлоготой холбоотой. Тэгэхээр зэсийн үнийн өсөлт 2026 онд ялангуяа алт, зэс, мөнгөний үнийн өсөлт хэвээр хадгалагдана гэж олон улсын байгууллагын ихэнх судлаачид үзэж байгаа. Энэ бол Монгол Улсад нааштай тусна. Одоо 12 мянга хүрч байгаа зэс маань магадгүй дор хаяж энэ түвшинд хадгалагдана. Магадгүй үүнээс цааш илүү өсөх боломжтой.
Монгол Улсын экспортын 36 орчим хувийг эзэлж буй зэсийн баяжмалын экспортын хэмжээ 2026 оны эцэст 40-өөс дээш гарах магадлалтай.
-ОХУ-ын Роснефть компаниас хамаарч шатахууны хомстол ойрын 2-3 жилд эрсдэлтэй түвшинд байна-

-Төсөв батлагдах үед гишүүд тодотголын асуудлыг багагүй хөндсөн. Таны харж буйгаар тодотгол хийх ёстой юу?
-Монгол Улсын хувьд бидний өөрийн хүсэл мөрөөдлөөс гадна гадаад зах зээлийн орчин л бүгдийг шийдээд байгаа шүү дээ. Яагаад гэвэл Монгол Улс бол төдийлөн олон боломж байхгүй. Түүхий эд маань өмнө хэлсэнчлэн хүнд жинтэй. Бид хэчнээн өөр улстай гэрээ хэлэлцээр байгуулсан ч гэсэн түүхий эдээ гуравдагч хөрш оронд хүргэх дэд бүтэц байхгүй. Хятадын нутгаар дамжуулан тээвэрлэх тухай ярьж байсан. Туршиж үзсэн. Гэсэн хэдий ч ноолуур, оёмол бүтээгдэхүүн, алтнаас өөр түүхий эдийг бид гуравдагч зах зээл дээр хүргэж чадахгүй. Гол нь ирэх онд нүүрсний экспорт бидний төлөвлөсөн хэмжээнд хүрэх үү гэдэг асуудал байна. Тэгэхээр энэ бодлого маань БНХАУ-д болох гэж байгаа хоёр Их хурлаас хамаарна. Тэр зорилт дээр ямар төлөвлөгөө тусгагдах вэ гэдгээс ихээхэн хамаарна гэсэн үг. Бид ганцхан худалдан авагчтай. Тэр худалдан авагчийн бодлогоос маш их зүйл хамаарна
-Тэгвэл ирэх онд бидэнд геополитикийн хувьд гол сорилт нь юу байх вэ. Сүүлд Венесуэлд үүссэн нөхцөл байдалд манайд хэрхэн нөлөөлөх вэ?
-2022 оноос үргэлжилж байгаа Орос Украины дайнтай холбоотойгоор дэлхийн хэвлэл мэдээллийн өдөр тутмын мэдээний хамгийн топ сэдэв нь геополитик л болсон. Өдөр тутамд геополитик гэдэг үг ороогүй мэдээ байхгүй болсон байна. Орос Украины дайнаар зогсохгүй Израиль Палистины асуудал, Ираны асуудал, Хойд Солонгосын пуужингийн туршилтын асуудал гээд. Мөн үүн дээр сүүлд Венесуэлийн асуудал нэмэгдэж байна. Өдөр тутам дэлхий нийтийг цочроосон үйл явдлууд болж байна. Үүнээс хамаараад хамгийн түрүүнд болгоомжлол төрж буй зүйл бол төв банкууд алтны нөөцөө нэмэгдүүлж байна. Энэ нь өнгөт металлын үнийг нэмэгдүүлж байна. Зарим улс орны валютын нөөцүүдэд алтнаас гадна мөнгө тодорхой хэмжээгээр орж байгаа. Өсөлтийн хувьд мөнгө нь алтнаасаа илүү буюу 60 гаруй хувийн өсөлттэй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь Монгол Улсад нааштайгаар тусна. Алтны үнэ цэн нэмэгдэж байна. Хоёрдугаарт, зэсийн үнэ нэмэгдэж байна. Энэ бол Монгол Улсад гарах эерэг тал нь.
Олон улсад хөрвөх чадвартайгаа хамгийн сайн ассет хөрөнгө гэж нэрлэдэг. Манай улсын хувьд томоохон дүнтэй гурван л ассет байна. Нэгдүгээрт, төв банкны мэдээлсэнчлэн 7 тэрбум ам.долларын валют байна. Хоёрдугаарт, зэсийн орлого байна. Гуравдугаарт, алтны нөөц. Энэ гурав бол олон улсын зах зээл дээр шууд баталгаажих буюу бэлэн мөнгө болох боломжтой нөөцүүд. Тэгэхээр манай улс ямар нэгэн цаг үед хүндрэлтэй туллаа гэхэд биднийг аврах зүйл нь энэ гурав. Гурвуулаа л валютын нөөц гэсэн үг байхгүй юу.
Геополитикийн асуудлаас үүсэх сөрөг тал нь, Монгол Улсад нөлөөлөх дам нөлөө нь хоёр хөршөөр л дамжиж нөлөөлнө. Худалдан авагч орны эрэлт буурах уу гэдэг асуудал байгаа. Нэгдүгээрт, гангийн эрэлт. АНУ-ын Трампын бодлогоос хамаараад хятад улсын гангийн үйлдвэрлэл буурах юм бол дагаад манай кокжсих нүүрс болон төмрийн хүдрийн экспорт буурах магадлалтай. Хоёрдугаарт, импорт талдаа Монгол Улс бензин шатахуунаа 100 хувь Оросоос авч байгаа. Түлшээ ганцхан үйлдвэрлэгчээс авдаг. Тэр улс маань олон улсын хоригтой. Дөрөв дэх жилдээ олон улсын хоригтой явж байна. Тэр хориг нь жилээс жилд чангарч байна. ОХУ-аас гадаад зах зээлд нийлүүлдэг газрын тос хоригтой байгаа. Газрын тосны бүтээгдэхүүн нь харин хориг багатай яваа. Гэхдээ өнгөрсөн зун гарсан АНУ-аас департментаас гаргасан шинэ хоригоор газрын тосны бүтээгдэхүүн бас хамраад байгаа шүү дээ. Манай улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлж байгаа Роснефть компани ч өөрөө эдийн засгийн хоригт байгаа. Тэр тусмаа сүүлд Роснефть компанийн охин компаниуд бүхэлдээ эдийн засгийн хоригт орчхоод байгаа. Тэгэхээр энэ байдлаараа Роснефть компанийн санхүүгийн чадвар муудна гэсэн үг. ОХУ-ын түүхий эдийн экспорт жилээс жилд буурч байна шүү дээ. Ийм байдлаар Монгол Улсад нөлөөлж байгаа. ОХУ-ын Роснефть компанийн санхүүгийн чадвар муудах юм бол, тэнд ямар нэг технологийн доголдол гарах юм бол сүүлийн гурван сар өрнөж байгаа шатахууны хомстол ойрын 2-3 жилд эрсдэлтэй түвшинд байна.
Тэгэхээр энэ эрсдлээс хамгаалахын тулд агуулах саваа нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. Нөгөө талдаа дотоодод эх үүсвэрээ барьж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэрээ аль болох цаг хугацаанд нь алдаа дутагдалгүй ашиглалтад оруулах ёстой. Ашиглалтад оруулах хугацаа нь 2028 оны хавар гэж яригдаж байна. Гэхдээ энэ үйлдвэр энгийн үйлдвэр биш учраас асуудал ихтэй. Үйл ажиллагаа нь эхэлсэн ч жигдрэхэд төвөгтэй. Бариад авсны дараа түүхий эдээ худалдаж авна. Худалдаж авахад хөрөнгийн эх үүсвэр хэрэгтэй. Мөн тухайн газрын тос боловсруулах үйлдвэр маань цаашид хэвийн явахын тулд үнэ ханшийн хувьд эхнээс нь зөв тогтоох ёстой. Энэ олон асуудлыг зөв шийдэж байж 2028 оноос хойш хоёрдогч эх үүсвэртэй болно. Ингэж байж бидний бензин шатахууны тасалдлын эрсдэл багасна. Тэгэхээр ойрын хоёр жилдээ ямар нэг хэмжээгээр бидэнд эрсдэл байна. Тиймээс аль, аль талаасаа болгоомжтой хандах ёстой. Агуулах саваа барина. Тодорхой хэмжээгээр урд хөршөөс авна. Тэр маань өөрөө бас асуудалтай. Нарийн төмөр замаар орж ирдэг. Шилжүүлэн ачдаг. Үнийн хувьд ОХУ-ын бүтээгдэхүүнээс өндөр үнэтэй гээд хэд хэдэн асуудал байгаа юм. Гуравдугаарт, өвлийн дизель түлшийг бид урд хөршөөс авах боломжгүй. Зөвхөн ОХУ-аас авна. Ингээд гурван асуудал байгаа. Ойрын хоёр жилд энэ гурван асуудал дээрээ онцгой анхаарах шаардлагатай.
-Эрчим хүч, дулаан хангамж, төмөр зам, авто замаа найдвартай болгох ажлаа түүхий эдийн үнэ ханш сайн байгаа жилүүддээ хийх ёстой-
-Гадаад орчин ийм байгаа нөхцөлд дотооддоо эдийн засгийн суурь ямар бодлогуудыг авч хэрэгжүүлэх вэ. Тухайлбал, Монголбанк валютын нөөцөө 7 тэрбум ам.долларт хүрснийг зарлалаа. Үүнтэй холбоотойгоор бид төгрөгөө хэрхэн хамгаалах вэ?
-Эдийн засгийн бүтцээ ярих юм бол бид 1990-ээд оноос хойш эдийн засагт ямар өөрчлөлт гарав гэдгийг бодох ёстой. Зах зээлийн эдийн засагтай улс болъё гэж Үндсэн хуульдаа тунхаглаж өнөөдрийг хүрч байгаа шүү дээ. Урт хугацааны хөгжлийн бодлогоо харъя. Энэ хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтаа харахад бид манай улс төрчдийн ярьдаг шиг цаашдын хөгжлийн баттай суурь гэдэг зүйл байна уу гэдгээ бодох ёстой. 30 жил гэдэг бага хугацаа биш шүү дээ. Бараг л 35 жил. Гэтэл бид тулгамдаж буй асуудлаа харахад, цахилгаан эрчим хүчний тасалдалтай, өвөлдөө дулааны дутагдалтай, бензин шатахууны хувьд доголдолтой, тээвэр ложистик импортын бараа бүтээгдэхүүн найдвартай биш гэх мэт.
Харамсалтай нь бид суурь дэд бүтцийн асуудлаа энэ 30 жилд шийдэж чадаагүй байна шүү дээ. Энэ хугацаанд зарцуулсан мөнгөө бодвол асар их.
Сүүлийн жилүүдэд бид жилдээ 30 их наяд төгрөгийг улсын төсвөөс зарлагадаж, түүнээс хөрөнгө оруулалтад таван их наядыг зарцуулж байна. Үүнээс гадна хувийн хэвшлийн эх үүсвэрээс хөрөнгө зарж байгаа. Тэгэхээр энэ мөнгөөр бид хөгжлийн суурь дэд бүтцээ шийдэж чадсан юм уу гэхээр үгүй л байгаа байхгүй юу. Тэгэхээр өдөр тутмын, жижиг жижиг нөгөө тойрог, тойргийн гэдэг зүйлд цацсаар байгаад сум бүрт жижиг оффис, төрийн захиргааны байгууллагууд нь бүгдээрээ тус тусдаа байшин барилгатай. Ийм л боллоо шүү дээ. Үүнээс илүүтэй амин чухал асуудал бол улс орны эдийн засгийн авч явах ёстой эрчим хүч, дулаан хангамж, төмөр зам, авто зам. Үүнийг найдвартай болгох ажлаа түүхий эдийн үнэ ханш сайн байгаа жилүүддээ хийх ёстой. Бодлогоо ийш чиглүүлэх учиртай. Тэгэхгүй бол бидэнд өдөр тутамд тулгамдаж буй асуудал хэвээр үргэлжилсээр байх болно.
-Эдийн засгийн хүндрэлтэй цаг үеийг бизнес эрхлэгчдэд маань туулж байна. Гэвч зарим нь өнгөрөгч оны төгсгөлд дансаа хүртэл эхнээсээ хаалгаж, энэ онд бүсээ чангалах төлөвтэй байна. Тэгвэл бизнес эрхлэгчдээ хамгаалах ямар бодлогыг энэ онд авч хэрэгжүүлэх ёстой вэ. Сүүлд Татварын багц хуулийг УИХ-аар оруулсан боловч яаралтай хэлэлцэхийг нь дэмжсэнгүй?
-Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэл ААН-үүд яаж хөгжих ёстой вэ гэвэл бид зөвхөн өөрсдөө бодохоос гадна олон улсын байгууллагууд, хөндлөнгийн шинжээчдийн юу гэж дүгнэж байгааг харах ёстой. Энэ тухай Дэлхийн банк байнгын зөвлөгөө өгч байдаг. Үүний нэг тодорхой жишээ бол Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг бизнес эрхлэлтийн тайлан. Түүнд Монгол Улсын бизнес эрхлэлтийн орчинд ямар хүндрэлүүд байгааг төрөл тус бүрээр нь гаргаж харуулдаг. Дэд бүтэц, татвар, хууль эрх зүйн орчин, цахилгаан хангамж, худалдаа ложистик гээд бүгдийг анхааруулж дурдсан байдаг. Гэтэл бид энэ тайланг нэг удаа сонсоод л өнгөрдөг болохоос биш түүний мөрөөр авч буй арга хэмжээ тун бага байна. Манай жижиг, дунд ААН-үүд бусад улс орнуудтай харьцуулахад тулгарч буй хэд хэдэн бэрхшээл байгаа. Нэгдүгээрт, Монгол Улсад хүйтний нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй тул суурь эрчим хүчний зардал маш өндөр. Дулаан бүсийн орнуудтай харьцуулахад дор хаяж дулаан хангамжийн асуудал байна. Хоёрдугаарт, тээвэр ложистик. Арайхийн зээл аваад бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Гэтэл дотоодын зах зээл хангалттай биш. Хөөцөлдсөөр байгаад гадаад зах зээл дээр багахан орон зай олдог. Тийш бараа бүтээгдэхүүнээ явуулах гэхээр далайд гарцгүй орон учраас тээврийн зардал маш өндөр. Өнгөрсөн жилүүдэд олон улсын байгууллагуудаас хийсэн судалгаагаар эдгээрийг л хэлээд байгаа юм. Жижиг дунд үйлдвэр арай гэж зээл аваад, хөл дээрээ босоод явж байтал нөгөө бүтээгдэхүүн нь гадаад зах зээл рүү гарахад тээвэр ложистикийн зардал дээрээ тулсаар байгаад л дампуурдаг. Үйл ажиллагаа нь цаашид тэлж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Ийм асуудлуудаа бид цогцоор нь шийдэж чадахгүй байна. Энд хил гааль, тэнд авто зам, дараа нь татвар гээд л. Өм цөм, өм цөм барьж аваад л хаяад байгаа юм. Гэтэл энэ бүхэн чинь цогцоороо байж инкубатор орчин буюу амьдрах орчин нь бий болох ёстой. ААН үйл ажиллагаагаа явуулахтай холбоотой зардал байнга өссөөр байна. Буурахгүй байна. Тэгэхээр асуудлыг цогцоор нь бодох хэрэгтэй. Энэ жил Татварын хуулиар хөнгөлөлт оруулж ирж байгаа нь зөв. Гэхдээ үүнтэй залгуулаад тэр ААН-үүд бараа бүтээгдэхүүнээ яаж бага өртөгтэй борлуулах уу, зах зээлтэй нь яаж холбож өгөх вэ гэдэг бодлогоо цогцоор нь үргэлжлүүлээд явах ёстой.
-Жижиг бизнесүүдийнхээ "амьдрах" орон зайг төрийн байгууллагууд нь хумисаар байна-
-Мэдээж үүнд хөрөнгө оруулалт бас чухал. Ирэх хаврын чуулганаар хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой эрх зүйн шинэчлэлд анхаарна гэдгийг мэдэгдээд байгаа?
-Манай УИХ-ын гишүүдийн нэг дутагдалтай тал нь, юмыг өм цөм, өм цөм ярьдаг. Аливаа асуудлыг шүүрч авахдаа, одоо татвар, одоо хөрөнгө оруулалтын орчин, одоо хувьчлал гээд л. Энэ бүгд чинь бүгдээрээ харилцан уялдаатай зохицол байхгүй юу. Ирээдүйд эдийн засгийн тогтвортой бааз суурийг бий болгох гээд байгаа бодлого чинь олон жил дараалсан, иж бүрэн бодлого явж байж зорьсондоо хүрэх байхгүй юу. Хөрөнгө оруулалтын орчин гэдэг чинь нөгөө талдаа тэр бизнесийг явуулах орчин байна уу гэдэг асуудал. Гэтэл тэр орчин нь ямар байна вэ гэдгийг манай судлаачид өнгөрсөн жил зөндөө ярилаа шүү дээ.
Бүх салбарт төрийн өмч нь давамгайлчихсан. Ашиг олж болох бүхий л салбарт төр тэгээд үндэстэн дамнасан томоохон хэдэн компаниуд бүх зах зээлийг нь эзэлчихсэн. Жижиг дунд бизнес томрох гэхээр тэлэх орон зай байхгүй. Одоо худалдааны бизнес монголд шинээр тэлэх орон зай байхгүй шүү дээ. Үндэсний 5,6хан сүлжээ бүх зах зээлийг нь эзлээд авчихсан. Барилгын салбар томрох орон зай байхгүй. Нэгдүгээрт, тэнд зах зээл байхгүй. Хоёрдугаарт, тэнд томрохын тулд тендер гэдэг хүнд зүйл хүлээж байгаа. Тендерийг давж чадах жижиг, дунд бизнес байх уу, үгүй юу. Бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ болгоныг иж бүрэн шийдэхгүй бол нэг удаагийн арга хэмжээ чинь сонгуулиас сонгуулийн хоорондох дөрвөн жилд торгоогоод л өнгөрч байна. Тиймээс бизнесийн орчинг нь иж бүрнээр нь харах ёстой. Энэ талаар Дэлхийн банкны тайланд тусгагддаг.
Хоёрдугаарт, жил бүр АНУ-ын төрийн депарментаас улс орнуудын хөрөнгө оруулалтын орчны тайлан гэж гаргадаг. Тухайн тайланд бидний алдаа дутагдлыг бүгдийг хэлээд, бичээд өгчихсөн байгаа. Тэр алдаа дутагдлаа бид системтэйгээр үнэлээд, засах ёстой. Түүнийгээ бид засаж чадахгүй байна. Нэг талдаа төрийн өмчийг хувьчлах тухай ярьдаг мөртлөө нөгөө талд төрийн өмчийг байнга шинээр бий болгож байна. Төрийн өмчийг бий болгох тогтолцоо нь дардан замаар, ямар ч хориг саад байхгүй. Манай Засгийн газраас гаргасан шийдвэрүүд дотор өнгөрсөн жилүүдэд маш их хэмжээний төрийн өмчит үйлдвэрийн газруудыг байгуулсан байдаг. Энэ талд нь УИХ багасгая гээд байдаг. Гэтэл Засгийн газарт түүнийг бий болгох эрх мэдэл нь байж байгаа. Хэд хэдэн тэрбумаар нь. Тэгэхээр эдгээрийг цогц системтэйгээр зөв болгож өгөх хэрэгтэй. Тэгж байж эрчим хүчний салбар ч бай, тээвэр ч бай салбарт хувийн хэвшил амьдрах орон зай нь үлдэх ёстой.
Одоо нүүрс тээвэр дээр манай тээвэрчдийн байнга тэмцээд гомдоллоод байгаа асуудал нь энэ шүү дээ. Багахан тээврийн боломж байдаг. Гэтэл тэр дээр нь ЭТТ эсвэл Хятадын компаниуд орж ирээд хамаг орон зайг нь эзэлчихдэг. Уг нь хувиараа бизнес эрхэлж, ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүст орон зай нь мөн шүү дээ. Ийм байдлаар жижиг бизнесүүдийнхээ ажиллах орон зайг тал талаас нь манай төрийн байгууллагууд хумисаар байна. Үүнийгээ хязгаарлах ёстой. Бизнесийн орчин дээр хэрэгжүүлэх бодлогоо УИХ бүх талаас нь алхам тутамдаа сайжруулах ёстой. Хориг саадуудыг нь багасгаж байж хөгжинө гэдгийг шилжилтийн эдийн засагт байгаа олон орны жишээ харуулсан. Жишээлбэл, энэ дээр Гүрж улсын жишээг олон улсын байгууллагууд их дурддаг. Жижиг дунд бизнест учирч байгаа маш их саад бэрхшээлийг арилгасан байдаг.
-Ярилцлагын төгсгөлд нэг зүйлийг асуумаар санагдлаа. Манай улстөрчдийн эдийн засаг жаахан өндийв үү үгүй юу амласан, попорсон амлалт өгөх нь их. Энэ нь эргээд эдийн засгаа "алдаг" нь нууц биш. Таны хувьд энэ тал дээр ямар байр сууринаас ханддаг вэ?
-Хуулийн дагуу, улс орны хөгжлийн бодлого УИХ-ын онцгой бүрэн эрх. Тэгэхээр УИХ маань өөрөө өндөр чадамжтай байх ёстой. Хоёрдугаарт, бидний ярьдаг төрийн ой санамж. Өмнө миний ярьсан бизнесийн орчин гэдэг зүйлийг бид өнөөдөр л яриагүй шүү дээ. 20 жилийн өмнө л бизнесийн орчинг сайжруулъя гээд ярьж л байсан. Тэгэхээр энэ тухай алхам нь тэр анх бодсон шигээ хэрэгжихгүй байна шүү дээ. Нэг тогтоол шийдвэр гаргадаг. Түүний хэрэгжилт байхгүй байна. Хоёрдугаарт, алдаа оноотой өмнөх бодлого шийдвэрээ өөрчлөөд байгаа бодлого нь улс төрийн намуудтай холбоотой. Улс төрийн намуудын хариуцлага, санхүүжилт зөв тогтолцоотой байх ёстой. Сонгуулиар дэвшүүлж буй хүмүүсээс мэдлэг чадвартайг нь сонгодог байх гээд аль аль үүрэг нь чухал. УИХ хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу зөвхөн бодлого батлах биш хэрэгжилтийнх нь араас явдаг, хяналт тавьдаг, өмнөх бодлого маань үр дүнд хүрсэн үү гэдгийг бодож байж дараагийн бодлогоо хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Манайх чинь аливаа ажлыг баталчхаад төгсгөлийг нь үзэхгүйгээр мартаж яваад дараагийн ажил руугаа үсрээд орж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол УИХ-ын бүрэн эрх, үүрэг. Үргэлжлүүлээд УИХ чадамжтай байхын тулд тэнд байгаа улс төрийн намууд, гишүүд мэдлэг чадвартай бэлтгэгдсэн хүмүүс байх учиртай. 2028 оны сонгууль ойрхон байна. Үүнийг угтаад манай улс төрийн намуудын хийж чадах ёстой ажил бол энэ л байхгүй юу. УИХ-д дэвшүүлж буй хүмүүсээ зөв бодлогоо, зөв хэрэгжүүлдэг тогтолцоог бид бүрдүүлж байж энэ бодлого маань зөв болно.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!