
Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болоход сар гаруйн хугацаа үлдлээ. Бид цагаан сарын баярыг угтаж, хамгийн чухал гангараа болсон дээлээ хэрхэн зөв сонгох, энэ жил ямар өнгө, загвар трэнд болж байгаа талаар "Шилмэл загвар"-ын дизайнер Б.Хишигномтоос тодруулж ярилцлаа.
------------------------------------------------------
-Сар шинийн баяр хаяанд ирсэн байна. Дээлний эрэлт нэмэгдэж байна уу?
-Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд манай ачаалал мэдэгдэхүйц нэмэгддэг. Зарим хүмүүс ачаалал ихсэхээс өмнө гээд эрт захиалга өгч, сонголтоо хийдэг бол зарим нь цагийг нь тулгаж ирдэг. Тэгэхээр цагаан сарын битүүний өдрийг хүртэл Монгол үндэсний дээл эрэлттэй хэвээрээ байдаг гэж ойлгож болно.
-2026 онд трэнд болж байгаа өнгө юу вэ?
-Америкийн “Pantone Color Institute” хүрээлэн 2026 оны гол өнгөөр “PANTONE 11-4201 Cloud Dancer” нэртэй цагаан өнгийг танилцуулсан. Pantone 27 дахь удаагийн уг сонголтоо дэлхий нийтийн сэтгэлзүйн чиг хандлагыг тайван байдал, шинэ эхлэл, оюун санааны төвлөрөл рүү чиглэж буйтай холбон тайлбарласан байсан. Мөн өнгөрсөн жил трэнд болж байсан металл өнгөнүүд энэ жил ч трэндээс гараагүй байгаа. Нэмээд цайвар шаргал өнгө ч трэнд болсон хэвээрээ байна.

-Материал загварын хувьд?
-Өнгөрсөн жилийн үслэг хүрэм энэ ч жил ч трэндээс гараагүй байна. Сүүлийн жилүүдэд хүмүүс энэ жилийн трэнд яг тийм гэсэн, тэрийг л авмаар байна гэхээсээ илүү өөрийнхөө хүссэн дахин давтагдашгүй загвар эсвэл энгийн монгол дээлийг сонирхох болсон.
-Танай загваруудыг хараад байхад элдэв гоёл, чимэглэлгүй энгийн монгол дээл түлхүү харагдаж байна. Өнгөрсөн жилүүдэд трэнд болоод байсан том нударга, тод өнгө трэндээс гарсан гэж ойлгож болох уу?
-Тийм. Том нударга, элдэв янзын гоёл чимэглэлтэй, тод өнгөнөөс нийтээрээ татгалзаж эхэлсэн. Завсрын өнгөтэй энгийн монгол дээл, тэрлэгнүүд эрэлттэй байгаа.

-Трэндээс гадна яг танайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн сонголтыг бас сонирхож байна. Ирж байгаа хүмүүс энэ жил ихэвчлэн ямар өнгө, ямар загварыг түлхүү сонгож байна вэ?
-Өнгөний тухайд гэвэл насны бүлгээсээ шалтгаалаад өөр өөр байна. 40-өөс дээш насныхан цайвар гэгээлэг өнгийг илүү сонирхож байгаа бол 20-30 насны залуучууд хар, бараан өнгийг сонгож байна.
-Цагаан сарын баяраар хар бараан өнгөтэй дээл сонгох нь зохимжгүй гэх хүмүүс бас байдаг. Үүн дээр та дизайнер хүнийхээ хувьд ямар бодолтой байдаг вэ?
-Болохгүй гэсэн зүйл байхгүй. Хэрэв хар, бараан өнгө сонгож байгаа бол тод өнгийн хантааз, эсвэл зүүлт, алчуур, цүнх гэх мэт зүйлийг хослуулж сонгохыг зөвлөдөг. Ингэснээр илүү гоё дэгжин, чамин харагдах боломжтой.
-Манайхны дээл сонгохдоо гаргадаг алдаа нь юу байдаг вэ?
-Зарим хүмүүс дээлнийхээ өнгийг сонгохдоо бараан, бордуу царайтай учраас цайвар өнгийг сонгох хэрэгтэй гэж боддог. Гэтэл бор арьстай хүмүүс цайвар өнгөтэй дээл сонгохоор гэрэл нь цайвар өнгө дээр нь ойгоод царайг нь дарах тохиолдол бий. Тэглээ гээд бараан өнгө сонгох ёстой гэсэн үг бас биш. Бас л царай дарна. Тэгэхээр яг өөрт тохирсон өнгийг сонгох нь хамгийн чухал.
-Сонголтоо хийхэд нь туслаач гэвэл та юуг онцолж зөвлөх вэ?
-Зөвлөгөө гэвэл дээлнийхээ өнгийг сонгохдоо трэнд өнгө гэхээсээ илүү өөрийн хувийн өнгөөрөө сонголт хийвэл илүү зохимжтой гэдгийг дахин хэлмээр байна. Өөрийн арьсны өнгөтэй зохицсон өнгийг сонгосноор арьс илүү гэрэлтэж, өнгөлөг харагдана. Мөн өөрийн биеийн онцлогт тохируулж, загвараа сонгох нь чухал.
-Өөрийн хувийн өнгө өө өөрөө яаж мэдэх боломжтой вэ. Өнгө тодорхойлдог хүмүүст хандаж, тодорхойлууласан байх шаардлагатай юу?
-Хувийн өнгө тодорхойлох амархан. Заавал мэргэжлийн хүнд хандаж, мөнгө төлж тодорхойлуулдаг гэх ойлголт ард хоцорсон гэж боддог. Жишээлбэл хамгийн амархан арга нь гарынхаа судасны өнгөөр тодорхойлж болно.

-Өөрийн биеийн онцлогт тохируулж, загвараа сонгох нь чухал гэлээ. Махлагдуу бол тийм загвар зохимжтой, өндөр, нам бол тийм дээл сонговол зүгээр гэдэг байдлаар зөвлөгөө өгч болох уу?
-Жишээлбэл гэдэс, хэвлий хэсгээрээ өөхлөлт ихтэй хүн А хэлбэртэй, бараан өнгийн дээл сонговол илүү зохимжтой, цэгцтэй харагддаг. Харин над шиг намхан жижигхэн хүмүүс хэт урт дээл сонгохоос аль болох татгалзах хэрэгтэй. Богинохон плажан загваруудаас сонголтоо хийвэл илүү цэгцтэй харагдах боломжтой. Эрчүүдийн тухайд, ямар ч эргэлзээгүйгээр хар бараан өнгө сонгох гээд байдаг. Монгол эрчүүдэд цайвар өнгийн, гэрэл гэгээтэй өнгө илүү зохидог гэдгийг бодолцож, сонголтоо хийхдээ анхаархыг зөвлөж байна.

Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!