Улаанбаатар хотын нийтийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд хэрэгжүүлж буй Дүүжин замын тээвэр төслийн үндсэн даацын хийцийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох ган татлага буюу тросс гаалийн хяналтын талбайд буулаа.
Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 18 тулгуур баганыг суурилуулж, хоёр буудлын барилгын ажлыг зэрэгцүүлэн гүйцэтгэж байна. Үүнтэй зэрэгцэн дүүжин замын системийн аюулгүй, тогтвортой ажиллагааг хангах үндсэн даацын ган татлагууд Монгол Улсад тээвэрлэгдэн ирээд байна.
Тус ган тросс нь дүүжин замын тээврийн системийн найдвартай ажиллагааг хангах гол элемент бөгөөд одоогоор холбогдох гаалийн бүрдүүлэлт, бичиг баримтын шалгалт, хяналтын ажиллагаа хууль, журмын дагуу хийгдэж байна. Эдгээр ажиллагаа дуусмагц дараагийн шатны дотоод тээвэрлэлт, угсралтын талбайд хүлээлгэн өгөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Техникийн үзүүлэлтийн хувьд, төсөлд 6 ширхэгээс бүрдсэн сүлжмэл томоостой, нэг томоос нь 36 утастай, нийт 216 ширхэг утсаар бүрдсэн ган татлагыг ашиглаж байна. Тус ган татлага нь “В” маркийн, ачаа болон зорчигч тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй хийцтэй бөгөөд өөрийн механик болон чанарын үзүүлэлтүүдээр мөрдөгдөж буй техникийн нөхцөл, стандартын шаардлагыг бүрэн хангасан.
Дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн хүртээмж, нэмэгдэхийн зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалтын зохистой төлөвлөлтийг дэмжих, аялал жуулчлалын сонирхлыг татахуйц орчин үеийн дэд бүтцийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм. Мөн суурьшлын бүсүүдийг хооронд нь шууд холбож, нийслэлийн нийтийн тээврийн системийг байгальд ээлтэй, хүртээмжтэй, олон тулгуурт шийдэлд шилжүүлэхээс гадна тухайн бүс нутгийн авто замын хөдөлгөөний дундаж хурдыг 4.0 хувиар нэмэгдүүлэх бодит үр нөлөөтэй хэмээн тооцоолж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!