
UBN сайт шинэ оны баярын дугаартаа цахим орчинд хайр түгээж, залуу хосуудад үлгэр дууриалал болдог Э.Батбаатар болон түүний гэргий Т.Лхагвадулам нарыг онцолж ярилцлаа.
-Сайн байцгаана уу. Манай уншигчдад өөрсдийгөө танилцуулаач?
Э.БАТБААТАР: Сайн байцгаана уу. Намайг Э.Батбаатар гэдэг. Ам бүл 5-уулаа. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэрийг Т.Лхагвадулам гэдэг. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин мэргэжилтэй хүн байгаа.
Т.ЛХАГВАДУЛАМ: Сайн байцгаана уу. Шинэ оны хамгийн эхний гайхалтай өдрийн мэндийг үзэгчид та бүхэндээ дэвшүүлье ээ.
-Танай гэр бүлийн хувьд шинэ жилийн баярт хэр их ач холбогдол өгч баярладаг вэ?
Т.ЛХАГВАДУЛАМ: Шинэ жилийн баярыг гэр бүлийн баяр гээд дэлхий нийтээрээ халуун ам бүлээрээ тэмдэглэдэг. Манай гэр бүлийн хувьд ч гэр бүлийнхээ хүрээнд гоё тэмдэглэхийг хичээдэг. Энэ жилийн тухайд маш их онцлогтой жил болж байна. Манай нөхөр 6 жил Өмнөговь аймагт ажиллаж байгаад энэ жилээс хотод шилжиж ирсэн. Өмнө нь дүрстэй дуудлага хийгээд тус тусдаа шинэ оноо угтдаг байсан бол энэ жил халуун ам бүлээрээ ширээгээ тойрч суугаад хамтдаа оноо гаргалаа.
Э.БАТБААТАР: Улаанбаатар хотод шилжиж ирээд ажиллаж байгаа учраас гэр бүлээрээ оноо гаргасан. Гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ хамт 2025 оноо үдээд, 2026 оноо угтсан энэ шинэ жил миний хувьд хамгийн гоё байлаа.

-Хосуудыг урьсан болохоор танилцсан түүхийг нь асуухгүй байж болохгүй байх. Анхны алхмыг хэн нь хийж байсан юм бол?
Т.ЛХАГВАДУЛАМ: Анхны алхмыг Баагий хийж, үргэлжлэлийг би гартаа авсан. Танилцсан түүхээ ярихаар Баагий их ичээд байдаг юм. Гэхдээ юунаас нь ичих билээ дээ. Бодит түүх юм чинь.
Тэр үед би "Эрхэм элч"-ийн жүжигчин байсан юм. Баагий харин тухайн үед сургуулиа төгсөөд хэсэг ажилгүй байх хугацаандаа микрээр шугаманд явдаг байлаа. Нэг өдөр би бэлтгэлтэй байж байгаад шөнө 2, 3 цагийн үед тарлаа. Манайх Баруун 4 замд байдаг байсан юм. Тухайн үед микро их байдаг, 200 төгрөгөөр зорчдог. Таксинд суувал 2500 төгрөг. Өглөө, оройдоо байнга таксидаад байвал хэцүү шүү дээ. Тэгээд тэр шөнө нэг хоосон микронд суулаа. Тэгээд л хамгийн хойно сугаад утсаараа могой тоглож байсан чинь цонх нүдээд, гайхаад харсан чинь бултас хийгээд алга болчихдог юм байна. Юу юм бол гэж бодчихоод л сууж байсан чинь дахиад цонх тогшлоо. Тэгээд хартал нэг хар теньтэй микроны жолооч намайг наашаа орж ирээд суучих гэсэн юм. Тас хар хөмсөгтэй, их хөөрхөн нүдтэй, хөөрхөн хамартай залуу байна аа. Би ч тухайн үед ямар хөөрхөн юм бэ гэж бодсоноо үгүй ээ гээд хэлтэл, "Одоо явлаа эгч ээ. Хөдөллөө, наашаа суучих" гэсэн юм. Би ч дотроо "энэ микрог дүүрэхийг хүлээж байхаар хүнтэйд нь суучихъя" гэж бодоод суух гэтэл намайг урдаа суучих гээд суулгав. Би ч дотроо "өөрсдөө гуйж суулгасан юм чинь мөнгө төгрөг авахгүй байх даа" гэж бодоод сууж байсан чинь араас кондуктор нь цохисоноо "Эгч ээ та такси барьж байгаа юм шиг л явж байна даа. Мөнгө өө" гэхээр нь сандраад мөнгөө өгөх гэтэл манай Баагий "За яах гэсэн юм. 100 төгрөг л өгөхгүй юу" гээд, намайг бас 100 төгрөгөөр харж үзээд. Би ч гэсэн тэрэнд нь баярлаад л.
Тэгтэл анхнаасаа юу болсон бэ гэхээр тэнд зогсож байсан микроны жолооч нар хоорондоо ярьсан байгаа юм. Энэ хүүхэнтэй танилцъя гэж л дээ. Гэтэл нэг нь намайг "Замын цагдаагийн эхнэр, бид нарыг тоох юм уу" гэсэн чинь манай Баагий "Тэгвэл танилцсандаа 1 шил архи /Болор/ авч өгье" гэж. Баагий архи авах санаатай намайг эргүүлээд, би ч архины бооцоонд явчихсан юм билээ. Сүүлд 10-аад жилийн дараа энэ тухай мэдсэн дээ. Найзууд нь ч гэсэн амны бэлэгтэй байсан юм шиг санагддаг. Учир нь намайг замын цагдаагийн эхнэр гэж хэлж байсан бол одоо манай нөхөр замын цагдаа.
-Та 2 нэг нэгнийхээ ажлыг хэр ойлгож, дэмждэг гэр бүл вэ. Цагдаагийн алба хаагчийн ажил амар биш. Цаг наргүй байдаг. Урлагийн хүний ажил ч ялгаагүй?
Т.ЛХАГВАДУЛАМ: Хайртай хүнтэйгээ амьдраад, дуртай ажлаа хийгээд явж байгаа хүнийг хамгийн аз жаргалтай хүн гэж үздэг юм байна. Миний хувьд багаасаа хүсэж мөрөөдсөн мэргэжлээ эзэмшээд, хайртай хүнтэйгээ, хайртай хүүхдүүдтэйгээ хамтдаа сайхан амьдарч байна. Тийм ч учраас энэ байгаа амьдралдаа их сэтгэл хангалуун байдаг. Хэн нэгнийхээ ажил мэргэжлийг ойлгохгүй байх шалтгаан байдаггүй гэх юм уу. Аль чадахаараа дэмжихийг хичээдэг. Бид хоёрын зан чанар, ажил мэргэжил, амьдралынхаа төлөө зүтгэж байгаа байдал цөм ижил тэнцүү, тохирсон байдаг. Хэн ч хэнийгээ гэх зүйл үгүй ижил байдаг болохоор бие биенийгээ ойлгоод явдаг. Нөхөр нь замын цагдаа, эхнэр нь урлагийн хүн байна гэдэг мэдээж амар биш. Гэхдээ бид хоёрт нагац эгч Найнаа минь байгаа. Хүүхдүүдийг минь харж өгч, юунд санаа зовохгүй ажиллахад минь тусладаг. Хүүхдүүд ч өөрсдөө биеэ даагаад нэгнээ аваад явдаг болсон.

Э.БАТБААТАР: Бид 2 ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалаад их завгүй ажилладаг хүмүүс. Гэртээ зэрэгцэж суугаад тухтай буу халах нь их ховор. Гэхдээ утсаар маш их ярьдаг. Би ингэлээ, чи тэгэв үү. Одоо ингэж байна гээд л маш их утсаар ярьдаг.
Т.ЛХАГВАДУЛАМ: Би зарим эхнэр, нөхрүүдийг гайхдаг. Хоорондоо бараг утсаар ярьдаггүй юм байна лээ. Бид хоёр бол тусдаа байх үедээ өдөрт хамгийн багадаа 10 дуудлага хийдэг. Өглөө гараад шөнө орж ирдэг ажилтай хүмүүст өөр ярих боломж гардаггүй болохоор утсаар бүх зүйлээ ярьдаг.
-Т.Лхагвадулам эгчээс асуумаар байна. Цагдаагийн алба хаагчийн гэргий байх хэцүү юу. Сая хамтдаа он гаргаж чаддагүй байсан гээд ярьсан шүү дээ. Гэр бүлээсээ илүү ажлаа нэгдүгээрт тавьж байгаа энэ хандлагыг та яаж хүлээж авдаг вэ?
Т.ЛХАГВАДУЛАМ:Тангараг өргөсөн цагдаа гэдэг жирийн бид нараас өөр. Тушаалаар ажилладаг хүмүүс. Шөнө, өдөргүй бүх цаг үед бэлэн байдалд байх ёстой. Гэтэл нийгэм муу, сайн цагдаа нар гээд үгийн муухайгаар хэлдэг. Би хувьдаа энэ хандлагад маш их эмзэглэж явдаг. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард олон нийт иргэдийнхээ амар тайван байдлын төлөө ажиллаж байгаа хүмүүс. Гэр бүлээсээ илүү ажлаа нэгдүгээрт тавьж байгаа энэ хандлагын тухайд бол би хүлээн зөвшөөрдөг. Ажлынх нь онцлог тийм. Би тэрийг хүлээн зөвшөөрөхгүй байж болохгүй. Би чинь өөрөө үүрэг хүлээж, тангараг өргөсөн цагдаагийн эхнэр хүн шүү дээ.
-Э.Батбаатар ахаас асууя. Таны хань таны ажлыг хэр ойлгож, таныг дэмждэг вэ?
Э.БАТБААТАР: Манай эхнэр бараг 1000 хувь дэмждэг. Ажилдаа яв. Ар гэрийн ажилд санаа зоволгүй ажлаа л хий гэдэг. Цаг наргүй ийм ажлыг алдаа мадаггүй хийхэд ар гэр маш чухал. Миний хувьд намайг ойлгож дэмждэг ар гэртэй учраас асуудал гардаггүй.
-Танай гэр бүлийн тухайд сошиалд их идэвхтэй байдаг. Т.Лхагвадулам эгчийн хувьд угаасаа эрч, хүч ундарсан хүн. Тэгээд ч ажил мэргэжлийн онцлог ч нөлөөлдөг байх. Э.Батбаатар ахын хувьд эсрэгээрээ их даруухан харагдаж байна. Нөхрөө сошиалд идэвхтэй нэгэн болгохын тулд, зөвшөөрүүлэхийн тулд хэр их хүчин чармайл гаргасан байдаг юм бол?
Т.ЛХАГВАДУЛАМ: Би чинь өөрөө фэйсбүүкэд их хожуу орсон. 8 жилийн өмнө анх фэйсбүүктэй болсон. Анх Баагийтай холбоотой юм бичихэд "Устга" гээд ороод ирдэг байсан. Хөдөө хол байгаа юм чинь шууд үгэнд нь ороод устгачихна гэж байхгүй. Гүрийгээд л өнгөрдөг байсан. Сүүлдээ устга гэж хэлээд ч нэмэргүй юм байна гэж бодсон юм болов уу. Юм хэлэхээ ч байсан. Хүмүүс Баагийг их даруухан гэж бодоод байдаг юм. Энэ хүн чинь харагдаж байгаагаасаа шал өөр хүн. Камер харахаараа л сандраад даруухан царайлаад байдаг болохоос найз нөхөдтэйгээ суугаад маазрах юм бол би цаашаа.
Э.БАТБААТАР: Сүүлдээ Лхагваагийн постноос хүмүүс миний ирж байгаа, явж байгааг мэддэг болчихсон. "Чи ирчихсэн үү. Явчихсан уу" гээд бараг бүх хүн мэддэг болчихсон.

-Яаж тийм гоё эерэг байж чадаад байдаг юм бэ гэж асуумаар байна. Цахим орчинд та хоёрыг дагаж, үзэж, уншдаг хүн маш олон болсон байна?
Э.БАТБААТАР: Манай эхнэр өөрөө маш гоё эерэг хүн. Тийм ч учраас цахим орчинд дандаа эерэг, гэгээлэг, инээд бэлэглэсэн зүйлийг түгээдэг. Тэр нь хүмүүсийн хайрыг татдаг юм болов уу гэж бодож байна.
Т.ЛХАГВАДУЛАМ: Хүнийг уйлуулах амархан. Инээлгэх хэцүү гэдэг. Гэхдээ би хүнийг инээлгэж чадна. Энэ бол надад байгалиас заяасан чадвар юм болов уу гэж боддог.
-Ам зөрж маргалдсан үед хэн нь түрүүлж буулт хийдэг вэ?
Э.БАТБААТАР: Мэдээж би. Би л буулт хийхгүй бол бөөн юм болно шүү дээ. Гэхдээ угаасаа эхнэрээс зөрлөө гээд сайн юм болохгүй. Буулт хийлээ гээд буруудсан юм ч байдаггүй. Тиймээс би түрүүлээд буулт хийчихдэг.
Т.ЛХАГВАДУЛАМ: Манай гэр бүлийн хүмүүсийн төдийлөн мэддэгүй нэг гоё чанар байдаг юм. Энэ яваа насандаа бид хоёр муудалцаж орондоо орж үзээгүй. Нуруу нуруугаа хараад хэвтэхээр нэг л сонин нэг юм дутуу байгаа юм шиг мэдрэмж төрөөд байдаг юм. Тэгэхээр хөлөөрөө ч хамаагүй шүргэж байгаад эвлэрч орондоо ордог. Тэгэхээр маргааш өглөө нь сэрэхэд ч дотроо бугласан гомдол тээж сэрэхгүй. Нэгнээ тэврээд үнсээд сэрдэг. Бас би өглөө болгон "Сайхан амарсан уу хайраа" гэдэг мессежийг авч сэрдэг эхнэр. Шөнө болгон унтахдаа "Миний хань сайхан амраарай" гэж бичдэг. Би бол хайраа гэдэг үгэнд бялуурч амьдардаг эмэгтэй. Тиймээс бусад залуучуудыг ч эхнэртээ хайр бэлэглэдэг. Чин сэтгэлээсээ хайрладаг байгаасай гэж хүсдэг.
Э.БАТБААТАР: Бүхий л сайн сайхан эрч хүчийг эхнэрээсээ л авдаг. Өглөө ажилдаа гарахдаа эхнэрээ үнсээд, хайртай шүү гэж хэлээд гарахаар тэр өдрийн бүх ажил бүтээд байгаа юм шиг санагддаг. Хэрэлдэж, маргалдаад гарвал стресстэй хэцүү шүү дээ.
-Залуу хосууддаа хандаад гоё зөвлөгөө өгөөч гэвэл танай гэр бүлийн зүгээс юуг онцолж зөвлөх вэ?
Т.ЛХАГВАДУЛАМ: Би 119 мянган гишүүнтэй "Ганган хөвсгөр" гээд фэйсбүүк группийн админ. Асуудал гарвал админаа гээд чатаар ороод ирдэг. Түүнээс гадна бусад группэд ч маш олон эмэгтэйчүүд асуудлаа бичдэг. Тэдгээрийг ажиглаад байхад хайр хүлээж, халамж горьдсон. Өөрийн хүсэл мөрөөдөл гэдэг зүйл нь байхгүй болчихсон эмэгтэйчүүд маш олон болчхож. Эдийн засаг болон сэтгэлзүйн хувьд нөхрөөсөө хараат болчихсон байна. Эрэгтэйчүүдэд ч бас иймэрхүү асуудлыг байдаг юм байна лээ. Тэдгээр хүмүүст хандаж, нэгэнт л түмэн олны дундаас нэгнээ сонгоод хайрласан бол хайрласан шиг хайрлаад яваарай гэж хэлмээр байна. Мэдээж алдаа гаргадаггүй амьдрал гэж байхгүй. Алдаа гаргасан бол чин сэтгэлээсээ уучлалт гуйгаад, нөгөөдөх нь хайртай л юм бол уучилсан шиг уучлаад сэтгэлээ чөлөөлөөд амьдарвал амьдрал өнгөлөг бас тансаг байдаг. Тэгээд хайртай гэдэг үгийг нэг нэгэндээ дандаа хэлж, хайрыг мэдэрч, мэдрүүлж амьдраасай гэж хүсдэг.
-Ярилцсанд баярлалаа?
Т.ЛХАГВАДУЛАМ: Ярилцлагадаа урьсан Ubn.mn сайтын хамт олондоо баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!