
Ubn.mn мэдээллийн сайт жил бүр тухайн оныхоо нөлөө бүхий эрхмүүдийг нэрлэдэг уламжлалтай. Тэгвэл яг одоо бид 2025 оны нөлөө бүхий 25 эрхмийг нэрлэж байна. Нөлөө бүхий гэдэг нь шилдэг, сайн гэсэн утга огт биш. Сайнаар ч бай муугаар ч бай нийгмийн амьдралд хүчтэй нөлөө үзүүлж буй хүмүүсийг энэхүү номинацид шалгаруулсан ба олон нийтийн санал асуулга, экспертүүдийн үнэлгээг хослуулж оны нөлөө бүхий 25 хүнийг танд танилцуулж байгаа нь энэ билээ.
Эдгээр хүмүүсийн хэлсэн үг, хийсэн үйлдэл, шийдвэр нь улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын хүрээнд хүчтэй нөлөөлдөг гэсэн үг юм. 2025 оны нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлсэн бол өнгөрсөн жилүүдэд тасралтгүй дээгүүр нэрлэгдэж байсан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар энэ удаагийн жагсаалтад багтсангүй.
У.Хүрэлсүх /Монгол Улсын Ерөнхийлөгч/

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувьд 2025 он онцгой жил байлаа. Тэрбээр, энэ жил нам доторх эрх мэдлээ улам бүр баталгаажуулж бүрэн хяналтдаа авч чадлаа. Одоо түүний гарт парламентын олонхийн олонх, намын бүхэл бүтэн аппарат, хууль хяналтынханд хийсэн томилгоо гээд маш том эрх мэдэл шилжиж очив. Чухам эдгээрийг зөв зүйлд ашиглах уу, үгүй юу гэдгийг ирэх 2026 онд л харах үлдлээ. Ямар ч байсан 2025 он Ерөнхийлөгчийн хувьд ялалтын жил байсан юм.
Н.Учрал /УИХ-ын дарга, МАН-ын дарга/

Ардын намын дараагийн том төлөөллөөр нэрлэгдэж байсан ч өнгөрсөн намрын хөдөлгөөний үеэр намын дарга, УИХ-ын даргад очно гэж тооцоонд байгаагүй хүн бол Н.Учрал. Нэг талаасаа түүнд аз ивээсэн. Нөгөө талаасаа цагаасаа эрт маш том "гал" руу түлхэгдэж оров. Гэхдээ улстөрч хүнд ямар ч нөхцөлд бэлэн байх ёстой гэдэг. Одоо түүнд намаа 2027 онд ялуулах, цаашлаад 2028 оны сонгууль гэсэн томоохон даалгавар ирсэн. Харин түүнээс урьтаж Ерөнхий сайдын суудалд очих уу, үгүй юу гэдэг сонин байна.
Г.Занданшатар /Монгол Улсын Ерөнхий сайд/

Түлхээд түлхээд унадаггүй Баянхонгор нутгийн хоёр том төлөөллийн нэгээр тодорсон Ерөнхий сайд Г.Занданшатар энэ удаагийн жагсаалтын 3-рт нэрлэгдэв. Улсын Ерөнхий сайдын хувьд түүний нөлөө маш их. Харин парламентын гаднаас Ерөнхий сайдын суудалд орж ирж суусан цөөхөн хэдэн хүний нэг тэрбээр 2025 онд Монголын улс төрийг утгаар нь хөдөлгөж чадав. Жагсаалтай уралдаж нэр нь Ерөнхий сайдад тодорсон тэрбээр, намартай уралдаж намын даргын өрсөлдөөнөөс болж унах шахав. Гэвч Монголын улс төрийн түүхэнд байгаагүй том "дайн"-ыг тэр амжилттай давсан. Одоо харин аль хүртэл тэсэх вэ. Улсын эдийн засгаа хэрхэн сэргээх вэ. Цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө сойх уу гэх зэрэг олон асуулт түүнээс хариугаа нэхэж байна.
Х Богд

Буддизмын гурав дахь том лам буюу оюун санааны удирдагч, Монгол дахь бурхны шашны тэргүүн болох X Богд. Дэлхийн томоохон шашны нэг болох Буддын шашны ирээдүй түүнээс хамаарна гэдгийг олон улсын хэвлэлүүд өнөөдөр ч онцлон бичсээр байна. Энэ утгаараа өдрөөс өдөрт нэр нөлөө нь өсөн нэмэгдэх түүнийг энд онцлохгүй байхын аргагүй. Угтан ирэх он жилүүдэд геополитикийн олон, олон даваа нугачааг бид туулсаар байх учраас 260 жилийн дараа монгол нутагт мэндэлсэн Х Богдоо илүү ихээр хайрлах буй за.
MongolZ

Монголын ирээдүй Mongolz шиг гэрэлтэй байх ёстой. Цахим спортын CS2 төрлөөр дэлхийд томоохон амжилт бүтээж дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн яваа The MongolZ багийг энэ удаагийн жагсаалтынхаа 5-р байранд нэрлэж байна. “The MongolZ”-ынхон дэлхийн чансааг тэргүүлсэн Ази тивийн анхны баг болж, түүхэнд нэрээ үлдээж чадсан. Энэ багийн түүх тэртээ 2013 оноос эхлэлтэй бөгөөд анх Dota 2 багийн бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан бол 2015 оноос эхлэн CS буюу Counter Strike төрлөөр өргөжиж, өдгөө Монгол Улсдаа төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цахим спортын баг болоод буй юм.
Б.Энхбаяр /ХЗДХ-ийн сайд/

Ерөнхий сайдыг огцруулах бас үлдэх шалтгаан болсон улстөрч бол ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр. Түүний "үлээсэн шүгэл" Монголын улс төрийг бүхэлд нь сар гаруйн турш доргиов. Эцэст нь хулгайтай тэмцэх хуулийн сайдаар томилогдов. Хоёр дахь удаагаа энэ салбарыг тэргүүлж буй түүнд жинхэнэ утгаараа "хүч" хуримтлагдаж эхэлсэн гэж улс төрийн хүрээнийхэн ярилцаад эхэлсэн. 80-аад оны дарга нараасаа бүхэл бүтэн улсын төсвийн үнэтэй хориг хүртэж явсан түүнийг энэ оны нөлөө бүхий хүнээр нэрлэж байна.
Б.Орхонбаяр /Улсын арслан/

Энэ удаагийн наадмаар тэрбээр харамсалтайгаар зургаагийн даваанд өвдөг шороодсон. Гэхдээ нөлөө бүхий хүний жагсаалтад үндэсний бөхийн спортоо тэргүүлэн жагсаж байна. Physical Asia шоунд Монголын багаа ахлан оролцсон Б.Орхонбаяр одоо дэлхийд гялалзах од, инфльюнсер болов. Одоо тэрбээр найман настайгаа эхлээд 80 настай бүх монголчуудын хайрлагдсан хүү болжээ. Энэ цагийн спортын, өв соёл, уламжлалыг хамгийн том түгээн дэлгэрүүлэгч, соён гэгээрүүлэгч бол Улсын арслан Б.Орхонбаяр юм. 400 мянган дагагчтай инстаграмм хуудасных нь 70 гаруй хувь гадны шүтэн бишрэгчид нь гээд л бод.
Х.Нямбаатар /Хотын дарга/

Хотын даргын хувьд 2025 он улс төрийн хувьд алдагдалтай ч ажил алба нь амжилттай үргэлжилсэн он жил байв. Олон хүнд түүний гаргадаг зарим шийдвэрүүд таалагддаггүй. Гэсэн ч тэрбээр ТҮЦ-ээ буулгаж, бродюраа сольсоор л байна. Тиймээс 1.7 сая хүнтэй их Хотын дарга гэдэг утгаараа яалт ч үгүй Монголын нөлөө бүхий хүн мөн билээ. Түүний гаргах ганцхан шийдвэр 1.7 сая хүнд нөлөөлнө гэдэг бол тоглоом биш.
Physical asia

Спортын салбарын 2025 оны онцлох амжилтын эзэд бол PHYSICAL ASIA шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Орхонбаяр ахлагчтай баг тамирчид. 3-хан сая хүн амтай Монгол Улсын баг хүчирхэг гүрнүүдийн эсрэг ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, дэд байрт шалгаран Монгол хүн бүрийн цөсийг хөөргөж, бахархал, омогшлыг нь төрүүлсэн түүхэн амжилтыг энэ цаг мөчид онцлон тэмдэглэж байна. Монгол хүний хүч чадал, тэсвэр тэвчээр, авьяас чадвар, эв нэгдэл, онцлог зан чанар нь олон орны үзэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлж, Монгол Улсыг шинэ өнцгөөс таниулах боломжийг нээсэн тамирчдаар монголчууд төдийгүй дэлхий нийт бахархаж, хайрласаар байгаа юм.
3x3 эмэгтэй сагсны баг

Дөрвөн жаахан монгол охин хотол даяар өндөлзүүлэн, ёстой л монгол хүн бүрийн баяр, бахдалыг төрүүлэв. 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа болж, Монгол Улсын шигшээ багийн охид мөнхийн хөрш БНХАУ, сагсны эх орон гэгдэж, энэ салбартаа дархлагдсан АНУ-аас эхлээд Герман, Украйн, Хятад, АНУ, Польш гээд учраа таарсан багуудаа бүгдийг нь бут ниргэж, МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД болсон юм. Тэдний энэ амжилтыг үнэлж, МУГТ гэх эрхэм хүндтэй цол олгосон байдаг.
О.Цогтгэрэл /Ардчилсан намын дарга/

Сүүлийн арван жилийн түүхэнд бараг байгаагүй хамгийн эв нэгдэлтэй хурлаас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын даргаар тодорсон. Эрх баригчдад хазаар болох ёстой том сөрөг хүчний даргын нөлөө бол намдаа төдийгүй улсдаа их. Харин энэ нөлөөгөө хэрхэн ашиглаж улс төрд, улсынхаа ирээдүйд гэрэл асаахыг ирэх жилүүдэд л хамтдаа харцгаая. Тэр сайн байвал Ерөнхий сайд, муу байвал АН-ын дарга байсан гэдэг агуулга руу шилжинэ.
З.Дашдаваа /АТГ-ын дарга/

Авлигатай тэмцэх газрын нөлөө жилээс жилд нэмэгдэж байна. Энэ хэрээр АТГ асуудалтай улстөрчдийн хувьд сонсохоос ч эмээдэг нэрсийг жагсаалтын дээгүүрт бичигдэх болов. Нөгөө талдаа энэ онд бүрэн эрх нь дуусаж байсан З.Дашдавааг АТГ-ын даргаар улираан томилсон үйл явц нь түүнийг хуулийнхан болоод улс төрийн хүрээнд хэр нөлөө бүхий болохыг ч харуулсан.
Б.Жаргалсайхан /Ерөнхий прокурор/

Монголчуудын ихэнх нь түүнийг танихгүй. Харин асуудалтай болон улс төр, бизнесийн хүрээнийхэн бүгд түүнийг эчнээ мэднэ. Хуулийн байгууллагуудын хэргийг унагах, босгох эрх зөвхөн түүний гарт л бий. Хашиж буй албан тушаал нь олон нийтийн өмнө ил гараад байдаггүй ч түүн шиг алсуураа маш их нөлөөтэй хүн тун ховор билээ.
Ж.Болд /ЦЕГ-ын дарга/

Нүүрсчидтэй тэмцэхээ зарласан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын сайд болсон даруйдаа хийсэн хамгийн анхны томилгоо нь ЦЕГ-ын даргаар Ж.Болдыг томилсон явдал. 2023 онд эрүүл мэндийн шалтгаанаар Т.Сүхболдод ажлаа хүлээлгэж өгч байсан тэрбээр энэ удаа улс төрийн халуун гал дээр томилогдов.
П.Одонбаатар /Тагнуулын ерөнхий газрын дарга/

Тагнуулын Ерөнхий газрын дарга гэдэг бол хууль хяналтын байгууллагууд дундаас онцгой том газар. Тэдний үйл ажиллагаанаас нь хамаарч П.Одонбаатар даргыг олон нийт сайн мэдэхгүй байх. Гэхдээ улсынхаа төлөө чимээгүй зүтгэж буй хамгийн том хүч бол энэ байгууллага юм. Харин 2025 онд олны анхааралд орж ирсэн нэг зүйл зарим УИХ-ын гишүүдэд төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархсан гэдэг хэргийг ТЕГ-т шалгаж байгаа. Магадгүй 2026 оны эхээр бид энэ хэрэгтэй холбоотой гишүүдийн бүрэн эрхийг ч ярилцаж болзошгүй юм.
О.Уламсайхан

"Огцрох амархан" жагсаалыг зохицуулагч, чиглүүлэгч, удирдсан тэрбээр шинэ үеийн төлөөлөл ямар хүчтэй, бас ямар зоригтой, хэрсүү болсныг бэлхнээ харуулсан юм. "Ноорог"-ийн хэрэг гэж ЦЕГ дээр анх дуулиантайгаар тодорсон тэд Монголд хамгийн удаан хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхмийг унагаж дөнгөв.
Д.Жавзандорж /Тэргүүн хамба/

Сүсэгтэн олны дунд “Монгол багш” гэж алдаршсан Лхаарамба Д.Жавзандорж Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамбаар заларснаас хойш даруй хоёр жилийн нүүрийг үзэж байна. Ирээдүйд Х Богдтой үйл хэргийн нарийн чанд холбоотой ажиллах түүнийг Монгол дахь буддын шашинд зохих өөрчлөлтийг авч ирнэ гэж сүсэгтэн олон итгэл тээж сууна.
П.Батсайхан /"Шунхлай" группийн ТУЗ-ийн дарга/

Жил бүр зарладаг ТОП-100 аж ахуйн нэгжид П.Батсайханы удирддаг "Шунхлай" группийн компаниуд жил бүр дуудагддаг. Дотоодын 10,000 гаруй ханган нийлүүлэгч, хамтрагчид, 7,500 үндсэн ажилтантайгаар Монгол Улсын 21 аймагт хүрч үйл ажиллагаагаа явуулж буй энэ компани жил ирэх тусам өөрийн үнэлгээг зах зээлд улам бэхжүүлж, нэр нөлөөгөө батлан харуулсаар байна.
Ж.Оджаргал /"MCS" группийн захирлуудын зөвлөлийн дарга/

Ж.Оджаргалын үүсгэн байгуулсан MCS гэх их айл өнөөдөр ажлын байр олголтоороо ч, татвар төлөлтөөрөө ч тэргүүн фронтод алхаж байна. Тодруулбал, өөрийн 14 мянган ажилтандаа сард 60 орчим тэрбум төгрөгийн цалин олгохоос гадна дотоодын 8600 гаруй бизнес эрхлэгчээс сард 258 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авдаг байна. Энэ зэрэгтэй MCS-ыг удирдаж яваагийн хувьд Ж.Оджаргал нь монголын бизнес, улс төрд хамгийн нэр нөлөөтэй хүмүүсийн нэгт тооцогдоно. Энэ онд Ухаа худаг ордтой холбоотойгоор түүний нэр улс төрийн хүрээлэлд нэлээдгүй дуудагдсан.
Х.Баттулга /УИХ-ын гишүүн/

УИХ-ын гишүүн Х.Баттулгын нөлөө Монголд, улс төрд арилахгүй бат бэх хэвээрээ байна. Огцорсон Ерөнхий сайдтай хүртэл тэр холбогдож амжив. Бүр огцорсон шалтгаан нь ч болж үлдэв. Дээр нь "Төгрөг нуурын орд" гэх шинэ сэдэв түүнд нэмэгдэв. Гэсэн ч түүний дэмжигчид хуучин хэвээрээ л байна. Х.Баттулга бол сайнаар ч, муугаар ч маш олон хүнд нөлөөтэй эрхэм мөн үү гэвэл мөн билээ.
Ц.БААТАРСАЙХАН / "Таванбогд" группийн ерөнхийлөгч/

“Таван богд”-д эрхэлж үзээгүй бизнес гэж байхаа болив. Бизнесийн 8 салбарт, 20 охин компани, 2 хөрөнгө оруулалттай компани, 13,000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа энэ компанийг улам өргөжүүлэх амбицаар удирдаж яваагийн хувьд Ц.Баатарсайханы нэр нөлөө их. Түүний нөлөө харин бизнесийн хүрээлэлд ч, саарал ордонд ч их.
Т.Доржханд /Шадар сайд, ХҮН намын дарга/

Нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын эрэмбээрээ бага зэрэг хойшилж нэрлэгдсэн ч гэсэн ХҮН намын дарга Т.Дорхжханд бол яах аргагүй Монголын улс төрд нөлөөтэй. Түүний тэргүүлсэн ХҮН нам Засгийн газарт хоёр дахь удаагаа орж сайдын суудлуудаа баталгаатайгаар авав. Мөн намынхаа 10 жилийн ойг хийж ХҮН нам өргөжин тэлж буйгаа улс төрд харуулав. Энэ үеэрээ УИХ-д 32 гишүүнтэй болохоо зарлаж улс төрд том ам гарав.
Д.Баясгалан /"Бодь интернэйшнл" ХХК-ийн үүсгэн байгуулагч /

Нэг хэсэг Монголын улс төр, бизнест "Сахал" Д.Эрдэнэбилэг гэдэг хүн туйлсан. Тэгвэл түүнийг бүр илүү сайжруулсан олон талтай хувилбар болох бизнесмэн Д.Баясгалан энэ цаг үед гялалзаж байна. Сайн муу, нэрийг зэрэг хүртэж яваа тэр удирдаж яваа том групп, компаниудаараа ч улсын улс төрд нөлөөлдөг хүч чадлаараа ч дээгүүрт орно.
М.Батбилэг /Монгол коммент/

Монголын телевизийн салбарт 10 гаруй жил тасралтгүй шууд эфирээ яг тогтсон цагтаа өдөр бүр цацсан нэвтрүүлэг бол "Монгол коммент". Мөн жил бүрийн судалгаа, сонгууль бүрийн өмнө "Монгол коммент" нэвтрүүлгийн ранк байр суурь ямагт хамгийн дээр жагсаж ирэв. Ялангуяа хөтлөгч, сэтгүүлч М.Батбилэг буюу Билэгээд хайргүй үзэгч гэж үгүй. Түүний хэлсэн үг, ярьсан зүйл нийгэмд ямар нөлөөтэй байдаг вэ гэдгийг ясандаа тултал мэдэрч явдаг хүмүүсийн тэргүүн эгнээнд улстөрчид жагсана.
С.Жавхлан /Ардын жүжигчин/

Нутгийнхаа ойгоор Ардын жүжигчин хэмээн том цолыг Ерөнхийлөгчөөс хүртсэн тэрбээр маргах юмгүй хамаг Монголын хамгийн нөлөө бүхий хүн юм. Зохиолын дуу нэг тусдаа, С.Жавхлангийн дуу нэг тусдаа гэдэг ойлголтыг хүртэл гаргаж ирсэн хүн бол тэр. Мөн чанартаа бол нэг л зүйлийг хоёр салгаж ярилцах монголчуудын энэ үнэлэмж түүний хэр нэр нөлөөтэй вэ гэдгийг бэлхэн харуулж байна.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!