Сэтгүүл зүйн салбарын шилдгүүд тодорлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
17 минут 33 секунд

Сэтгүүлзүйн салбарын оны шилдгүүдийг тодруулдаг "Ган үзэг-2025" оны тэргүүн наадам өнгөрсөн бямба гарагт болж, шилдгүүдээ шалгарууллаа. 2025 онд үнэ цэнтэй бүтээл, нийтлэл, туурвисан шилдэг сэтгүүлчид болон байгууллага, бүтээлийн эздийг танилцуулж байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА

Шилдэг телевиз: ТВ-9 телевиз нь 2025 онд хиймэл оюун ухаан ашиглах, хиймэл оюун ухаанаар бүтсэн хөтлөгч ажиллуулаж Монголын телевизийн салбарт шинэчлэл авчирлаа. АI чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, сургах, хөгжүүлэхэд онцгойлог анхаарч байгаа бөгөөд “Мандухай” нэртэй хиймэл оюун ухаанаар бүтсэн цаг агаарын хөтлөгч эфирээр тогтмол мэдээлэл хүргэдэг болжээ. Монголын анхны хиймэл оюун ухаанаар бүтсэн мэдээний гадаад төрхтэй , монгол хэлтэй хөтлөгч долоо хоногт нэг удаа 3-5 мэдээ хөтлөж байна. Эдгээрээс гадна уламжлалт мэдээ мэдээллүүдээ анхааран 2025 онд 19560 минутын шууд дамжуулалт хийсэн байна.

Шилдэг телевиз TV9

Шилдэг сайт: Tsahiur.mn сайт нь баримтыг эх сурвалжийн мэдээллээр давхар баталгаажуулах, эх сурвалжийн тэнцвэрт байдлыг хангах, хөндсөн сэдвээ үр дүн гартал сурвалжлах зарчимтай бөгөөд энэ шаардлагадаа нийцсэн мэдээ мэдээллээр олон нийтийг хангаж байна. Тус сайт нь таван жилийн хугацаанд “Цахиур” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн 50 гаруй дугаар бэлтгэн нийтэлснээс гадна 2025 онд “Дөрвөн хуруу, дөрвөн жил”, “Авлигын хэрэгсэл болж буй хуулиа эргэн харах цаг болжээ”, “Амьдралын өнгө” зэрэг даацтай нэвтрүүлгүүд бэлтгэсэн нь үр дүнд хүрчээ.

Шилдэг сайт Tsahiur.mn

Шилдэг сайт: MASS.mn сайт . 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй MASS.mn сайт 2025 онд 14 мянган мэдээ, мэдээллийг сайтдаа байршуулжээ. Сайтын хандалт өмнөх оноос 49,86 хувиар өсч, сайтын Facebook дагагчдын тоо 112 мянгаар нэмэгджээ. Түүнээс гадна сошил орчинд өндөр хэрэглээ болсон “X “ Instagram , youtube зэрэг платформууд дээр дагагчдын тоо өндөр байгаа нь редакциас бэлтгэсэн мэдээ, мэдээлэл тодорхой үр дүнд хүрч, нийтлэлийн дагуу арга хэмжээ авах зэргээр нийгэмд нөлөөлөхүйц томоохон сайт болсныг тодорхойлж байна.

Шилдэг сайт Mass.mn

Шилдэг сонин: “МОНГОЛЫН ҮНЭН” сонин. 106 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж 24675 дахь дугаараа уншигчдадаа хүргэж буй тус сонин нийгэм, эдийн засгийн амьдралд гарсан онцлох үйл явдлуудыг чанарын өндөр түвшинд, сэтгүүл зүйн зарчим , ёс зүйг баримтлан ажиллаж , орчин үеийн уншигчдын оюуны эрэлт хэрэгцээ , шаардлагад нийцсэнсэтгүүл зүйн бүтээлүүдийг бэлтгэн хүргэж байна. Мөн сэтгүүл зүйд редакцийн соёлыг эрхэмлэн, бэхжүүлэхэд онцгойлон анхаардаг билээ.

Шилдэг сонин Монголын үнэн

Орон нутгийн Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага: GTIME.MN сайт- Хэнтий аймаг “Өглөөг ингэж эхэлдэг”, “Юун хөөрхөн санаачилга вэ” зэрэг эерэг хандлага, бүтээлч аж төрөхөд уриалсан контентуудаараа олны талархал хүлээж орон нутгийн хэмжээнд хөмгийн олон буюу 175 мянган дагагчтай, хоногт 6-8 сая үзэлт хандалттай, жилд 5000 гаруй мэдээ мэдээлэл бэлтгэж байна.

Орон нутгийн Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага Gtime.mn

Шилдэг радио: Дэлхийн монголчуудын MGLRADIO 88.3 Улаанбаатар хот болон 21 аймагт FM -88.3 долгиноор цацагддаг, 24 цагийн эфиртэй, “ Talk radio” чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, хардаг радио юм. Тус радио нь зөвхөн радио төдийгүй facebook, Youtube, Tik Tok- оор контентоо түгээж байна.

Шилдэг радио:
Дэлхийн монголчуудын MGLRADIO 88.3

ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ

Орон нутгийн Шилдэг сэтгүүлч Ө.ОДМАА

Орон нутгийн Шилдэг сэтгүүлч: Өлзийхутагийн ОДМАА – Хэнтий аймгийн “Өндөрхаан” телевизийн захирал, сэтгүулч. Д.Одмаа нь сэтгүүлч мэргэжлээрээ 14 дэх жилдээ ажиллаж байгаа “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” юм. Тэрбээр 2025 онд “Асуудлын мөрөөр” тусгай сурвалжлагууд , “Амжилтын эзэд”, “ Хэнтийд үйлдвэрлэв” нэвтрүүлэгүүд , “Өнөөдрийн зочин” ярилцлагууд, “Өв соёл, зан заншил” контентууд зэрэг олон арван нэвтрүүлэгүүдээрээ Орон нутгийн шилдэг сэтгүүлчээр шалгарлаа.

Телевизийн Шилдэг сэтгүүлч Э.УУГАНЗАЯА - ТВ5 Телевизийн сэтгүүлч. Тэрбээр олон мэдээ, сурвалжлага ,нэвтрүүлэг бэлтгэсэн бөгөөд “Бэлэн гоймонгоос өөр хоолгүй, эвдэрхий орос машинаас өөр багажгүй гал сөнөөгчид” нэртэй цуврал сурвалжилгууд нь онцгой байдлын албаны бодит үйл ажиллагааг харуулсан, төр засгийн анхааралд хүрсэн нэврүүлэг болсон юм. 2025 оны хавар Сэлэнгэ аймгийн Хушаат суманд гарсан түймрийн үеэр аймгийн төв дээр уулзалт хийхийн тулд түймэртэй тэмцэж байгаа сумын цахилгааныг нь бүрэн тасалсан. Нутгийн иргэд, цөөхөн хэдэн гал сөнөөгчид түймэртэй тэмцсээр байхад хэн ч тэдний тоосонгүй хөсөр хаясныг энэ сурвалжилгууд ил болгосон юм. Ууланд галтай тэмцэн, уулнаас буулгүй 7 хонож байгаа гал сөнөөгчдийн үүрдэг аранз дотор гурван ширхэг бэлэн гоймон, хоёр сав уснаас өөр хүнсний зүйл байсангүй. Аврагчдыг зөөх “пургон” авто машин нь хээр эвдэрсэн,гал сөнөөгчид мэдээллээ солилцох станц ч байхгүй. төв рүүгээ холбогдохын тулд уулын орой руу гарч сүлжээ хайж гүйж байгаа эмгэнэлтэй дүр зураг байв. Энэ бүхнийг сэтгүүлч Э.Ууганзаяа ил тод сурвалжлан олон нийтэд ил болгосноор нийгэмд хүчтэй шүүмжлэл өрнөж эхэлсэн юм. Үүний дараа Засгийн газар хуралдаж нөөц хөрөнгөөс ОБЕГ-ын орон нутаг дахь салбаруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, техникээр бүрэн хангах, нисдэг тэргийг хэн хэрэглэж байгааг ил тод болгох, түймэр болон бусад гамшгийн үед нисдэг тэргийг хамгийн түрүүнд ашиглах чиглэлийг гаргасан юм. Мөн УИХ 2026 оны төсөв батлахдаа онцгой байдлын салбарын төсвийг нэмэгдүүлэх болжээ.

Радиогийн Шилдэг сэтгүүлч ЭНХБОЛДЫН УУГАНБАЯР – “UBMRADIO 89,3” радиогийн нэвтрүүлэгч, сэтгүүлч. Радиогийн салбарт 22 дахь жилдээ ажиллаж байна. Э.Ууганбаяр нь Сониуч Сондор хүүхдийн нэвтрүүлэг, Монгол болон гадаад энтертаймент хөтөлбөрүүд, Оньс танин мэдэхүйн нэвтрүүлэг, Олуулаа, Банштай зутан, Халз инээд, 893 авто шоу, Сонсдог ном, Монгол бахархалын болон өв уламжлалын олон нэвтрүүлгүүдээрээ сонсогчдын танил болсон сэтгүүлч юм.

Сайтын шилдэг сэтгүүлчээр UBN.mn сайтын сэтгүүлч Ц.Янжиндулам

Сайтын Шилдэг сэтгүүлч Ц.ЯНЖИНДУЛАМ- UBN.mn сайтад тав дахь жилдээ ажиллаж байна. Ц.Янжиндулам нь анализ, дата мэдээлэлд тулгуурлан ажилладаг бөгөөд түүний хийж буй Visual toim , инфографик нь сэтгүүл зүйд шинэ өнгө төрх авч ирж байгаа бөгөөд лайв, шууд дамжуулалт руу шилжиж буй сэтгүүл зүйд мэдээллийг эргэцүүлэн бодох , тунгаах, дата мэдээллийг боловсруулж, нийгмийн болохгүй байгаа сэдвийг хөндөх зэрэгт чухал ач холбогдол өгдөг юм.

Сайтын шилдэг сэтгүүлчээр Ikon.mn сайтын сэтгүүлч П.САЙНЖАРГАЛ

Сайтын Шилдэг сэтгүүлч П.САЙНЖАРГАЛ – IKON.mn сайт. П.Сайнжаргал нь мэргэжлийн ёс зүйг өндөрт өргөн олон талын судалгаа хийж аливаа асуудалд сэтгүүлчийн ур чадвараа бүрэн гаргадаг сэтгүүлч юм. Түүний сурвалжлага, ярилцлага, нийтлэлүүд олны талархалыг хүлээдэг бөгөөд 2025 онд Цахим залилангаас урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд анхаарлуулсан баримттай цуврал нийтлэлүүд уншигчдын талархал хүлээсэн, хүсэн хүлээсэн нийтлэл болсон юм.

Сонины шилдэг сэтгүүлчээр Өдрийн сонины сэтгүүлч Э.Мөнхтүвшин

Сонины Шилдэг сэтгүүлч Энхтөрийн МӨНХТҮВШИН –Өдрийн сонины улс төр, эдийн засан, гадаад мэдээний албаны сэтгүүлч 2016 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч мэргэжилээр төгссөнөөсөө хойш “Өдрийн сонин” –д ажиллаж байна. Тэрбээр энэ хугацаанд улс төрийн хүрээнийхэн болон бусад хүмүүсээс олон арван даацтай ярилцлага авч нийтлүүлсний зэрэгцээ улс төр, нийгмийн асуудлаар тойм, байгаль, ан амьтны сэдэвтэй сонирхолтой олон нийтлэл бичсэн шилдэг сэтгүүлч юм.

ШИЛДЭГ БҮТЭЭЛ

Орон нутгийн Шилдэг бүтээл “ Хаалганы ард” асуудал хөндсөн нэвтрүүлэг - Архангай аймгийн Тамир телевиз. 2025 онд Архангай аймагт 36 охин жирэмсэлж 31 нь хүүхдээрээ ээж болжээ. Охидын жирэмслэлт буурахгүй байгаа бөгөөд тэдний ихэнх нь бэлгийн хүчирхийлэлийн золиос болж, аюулгүй, амар тайван орчинд амьдрах, сурч, хөгжих эрх нь зөрчигдөж, эрүүл мэндээрээ хохирч буйд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой нэвтрүүлэг үр дүнгээ өгч олны дэмжлэг аваад байна.

Телевизийн Шилдэг бүтээл – “Хав Дар” асуудал дэвшүүлсэн цуврал нэвтрүүлэг МҮОНТВ. Нийт хүн амын дундаж нас баралтын голлох шалтгаан болсон хавдарын өвчлөл тойрсон асуудлыг хөнджээ. Нэвтрүүлгийн баг Хавдар судлалын үндэсний төвийн эмч, эмнэлэгийн ажилтнууд, хавдрыг даван туулагчидтай хоёр сарын турш ярилцаж, уулзсаны дараа гол баатаруудаа сонгон 2025 оны нэгдүгээр сараас эхлэн ярилцлага, зураг авалтаа хийснээс гадна БНСУ-д ч очин 30 орчим монгол, солонгос иргэн, эмнэлэгийн ажилтнуудтай уулзан ярилцаж ямар асуудал тулгамдаж буй талаар ярилцжээ.

Радиогийн Шилдэг бүтээл – “Хаан адуу” МҮОНР. “Монгол адууны диваажин” санаачилгаас үүдсэн баримтат кино. Монголчуудын адуутайгаа холбогдох гүн холбоог дүрслээд зогсохгүй , байгальтай харилцах, уламжлалт соёлоор дамжуулан цөлжилтөөс хамгаалах, адуугаа хамгаалах , хайрлах үйлс нь энх тайвны дэлхий нийтийн бэлгэ тэмдэг болгон хүлээн зөвшөөрсөн түүхэн үйл явдалын тухай юм.

Сайтын Шилдэг бүтээл – Asu.mn сайтын эрхлэгч У.УРАНЦЭЦЭГ

Сайтын Шилдэг бүтээл – У.УРАНЦЭЦЭГ “ Хоёр дахь үнэн”, “П.Батчулуун эмчийн хоригдсон хэрэг захиалга байв уу” эрэн сурвалжлага – АСУ медиа видео сайт. Гурван үеийн гурван өөр сэтгүүлчийн эрэн сурвалжлага , судалгаа, баримт дэр тулгуурласан олон талын эх сурвалж бүхий эрэн сурвалжлах контент. Монгол Улсын гавьяат эмч П.Батчулууны гэх хэргийн шүүхээр шийдвэрлэх процесс, сэтгүүлчийн нягтлаагүй цацсан мэдэлэл нийгэмд ямар асуудал үүсгэж болдог вэ гэдгийг олон нийтэд харуулсан. Нэвтрүүлгийн үр дүнд П.Батчулуун эмч цагаадаж, “Эрхтэн шилжүүлэх тухай” хууль батлагдав.

Сонины Шилдэг бүтээл: “Зуун мэдээ “ сонины сэтгүүлч Ц.МЯГМАРБАЯР – ын байгаль экологи, уур амьсгалын өөрчлөлт сэдвээр хөндөж бичсэн “ Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулья” эрэн сурвалжлах цуврал.Дэлхий нийтээр оршуулгын зан үйлийг байгальд ээлтэй технологиор шийддэг болсон энэ үед Монгол Улс ч ийм жишиг рүү чиглэх шаардлагатайг баримт нотолгоо, гаргалгаатай нь бичжээ.

Сэтгүүлийн Шилдэг бүтээл: “Эргэлт” сэтгүүл Б.ЦОГТБАЯР, Д.ЧАНЦАЛДУЛАМ, Б.БАДРАЛМАА

Сэтгүүлийн Шилдэг бүтээл: “Эргэлт” сэтгүүл Б.ЦОГТБАЯР, Д.ЧАНЦАЛДУЛАМ, Б.БАДРАЛМАА нарын “126” эрэн сурвалжлах хамтын бүтээл. Сэтгүүлчид УИХ-ын анхны 126 гишүүний талаар гурван сарын хугацаанд эрэн сурвалжлан ,судлаж бичсэн цуврал юм.

Гэрэл зургийн Шилдэг бүтээл: Эрдэнэчимэгийн ХАРЦАГА - “Өнөөдөр” сонин – ХБНГУ –ын Рейн Руртад болсон Дэлхийн оюутан, залуусын зуны универсиад наадмын гэрэл зургууд, “Явган хүн алхах замгүй нийслэл”, “ Морьт харвааны дэлхийн аваргын цомыг Монголын баг хүртлээ”, “Есдүгээр сарын нэгэн ер бусын өдөр” зэрэг гэрэл зургийн сурвалжлагуудаараа Шилдэг бүтээлийн шагналтан боллоо.

Сэтгүүл зүйн судалгаа , шинжилгээний Шилдэг бүтээл: Сэтгүүлч, судлаач, доктор Жигжидийн ЦЭСЭН

Сэтгүүл зүйн судалгаа , шинжилгээний Шилдэг бүтээл: Сэтгүүлч, судлаач, доктор Жигжидийн ЦЭСЭН “ Үндэсний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт бүтээл. Энэхүү бүтээл нь Үндэсний аюулгүй байдлын тогтолцоонд Олон нийтийн хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг,оролцоог задлан шинжилж ,аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн эзлэх байр суурь , нийгмийн сэтгэл зүй дэх иргэдийн ойлголт, төр иргэний харилцаанд хэрхэн нөлөөлдөгийг олон талт байдлаар дүгнэн шинжилжээ.

ШИЛДЭГ РЕДАКТОР

Телевизийн Шилдэг редактор:

Телевизийн шилдэг редактороор Ийгл телевизийн тоймч Г.Улсболд

Ганбаатарын УЛСБОЛД “Eagle news” телевизийн тоймч Г.Улсболд нь сэтгүүл зүйд 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 10 жилд нь ерөнхий редактор, ерөнхий эрхлэгч, тоймчоор ажиллаж байгаа туршлагатай редактор юм. Тэрбээр сайн редакторын зэрэгцээ шийдлийн сэтгүүл зүйн бүтээлээрээ олны анхааралын татсан сэдвийг хөндсөн бүтээлүүдийг тасралтгүй хийдэг бөгөөд эдгээрийн гол бүтээл 14 хоног тутамын “Тусгай сурвалжлага “ нэврүүлэг юм.

Радиогийн Шилдэг редактор:

Доржпүрэвийн БАТЦЭЦЭГ – МҮОНР-ийн редактор. Монголын радиод 18 дахь жилдээ ажиллаж “Хурд” агентлагийн мэдээнүүд, “Өглөө”, “ Тусгал” хөтөлбөрүүдийг бэлтгэхийн зэрэгцээ, редакторын үүргийг давхар хашсаар ирсэн юм. Д.Батцэцэг нь сонсогчдын хэрэгцээ, шаардлагыг байнга судлан радиогийнхаа нэвтрүүлэгийг тэр чиглэлд нийцүүлэн бэлтгэхээс гадна мэргэжлийн онцлог, зарчим, үнэт зүйлсийг тууштай баримтлан, радиогийн мэдээний чанарыг дээшлүүлэхэд онцгой анхааран ажилладаг байна.

Сайтын шилдэг редактороор Newsroom сайтын эрхлэгч Б.Батцэцэг

Сайтын Шилдэг редактор: Б.БАТЦЭЦЭГ – NEWSROOM.MN сайтын эрхлэгч, сэтгүүлч. Б.Батцэцэг бие даасан мэдээ мэдээлэл, эрэн сурвалжлах нэвтрүүлгийн мэргэшсэн сэтгүүлч төдийгүй сэтгүүл зүйд тод өнгө болсон NEWSROOM.MN сайтыг үүсгэн байгуулж нийтлэлийн бодлогоо тодорхойлон, сэтгүүлч бүртэйгээ тулж ажиллан шинэ үеийн ёс зүйтэй, мэдлэгтэй, баримтад тулгуурласан хамт олныг бүрдүүлж байна.

Сайтын шилдэг редактороор Eguur.mn сайтын редактор П.Урнаа

Сайтын Шилдэг редактор Eguur News агентлагийн Улс төрийн албаны редактор П.Урнаа. Түүний бэлтгэсэн улс төрийн нийтлэл, ярилцлага, сэтгүүл зүйн бүтээлүүд нь олон нийтийн мэдэх эрхээс гадуур өнгөрөх боломжгүй агууллагуудыг нарийн гярхай ажиглаж,түүнийгээ олон талын эх сурвалжуудаар баталгаажуулан , дата болон бусад шаардлагатай мэдээллийн сан дээрээс судалгаа хийж ажиллан сэтгүүлчийн болоод редакторын ур чадварыг харуулдаг юм.Редакторын хувьд бусад сэтгүүлчдийн ажлуудыг хянах, засварлах зэргээр сайтын нийтлэлийн бодлогыг баримтлан ажиллаж байна.

Сонины Шилдэг редактор:

С.ТУУЛ – Өнөөдөр сонины тоймч. Өнөөдөр сонинд 2005 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2014 оноос редакторын хувьд сэтгүүлчдийн бүтээл, нийтлэлийн хэл найруулагад засвар өөрчлөлт хийх, агуулгыг хянах, өөрчлөх зэрэг хариуцлагатай үүргийг чадамгай хийж байна. Сонины хэл зүйг уншигчдад ойлгомжтой, дөт байлгахад онцгойлон анхаардаг редактор юм.

Шилдгийн шилдгээр 10 сайтын хамтран бүтээсэн "Эв эе" контент шалгарсан юм.

10 сайтын хамтран бүтээсэн "Эв эе" контент Шилдгийн шилдгээр шалгарав

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ
 
АҮЭБЯ: Албаны нууцад авсан байсан 21 мэдээллийг нууцаас гаргаж ил болголоо
АҮЭБЯ: Албаны нууцад авсан байсан 21 мэдээллийг нууцаас гаргаж ил болголоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!