
АҮЭБ-ийн Дэд сайд Б.Энхтүвшин, Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв нар шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн үеэр АҮЭБ-ийн Дэд сайд Б.Энхтүвшин, "Манай улс шатахуун, түлшний хэрэглээнийхээ 95 хувийг ОХУ-аас таван хувийг БНХАУ-аас импортоор хангаж байгаа. Энэ сард ОХУ-аас 83,600 тонн АИ-92 шатахуун, 134,240 тонн дизель түлш, 1,560 тонн АИ-95 шатахуун авахаар гэрээгээ хийж, баталгаажуулсан. Өнөөдрийн байдлаар нийт шатахууны хангамжийн 48–49 хувийг импортоор аваад байна. Сарын 2/3 нь өнгөрчихсөн байхад шатахууны нийлүүлэлт 50 хувь хүрэхгүй байгаа нь хомсдол үүсэх нэг шалтгаан болсон. Дэлхий нийтээрээ мэдэж байгаачлан ОХУ-ын дотоод нөхцөл байдал харьцангуй хүндэрсэн байна. Гэхдээ ОХУ-аас манай улсад хамаг боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна. УБ хотын хэмжээнд 280 гаруй ШТС байдаг. Үүний гуравны нэгийг сөөлжилж түлшээр хангаж байна. Тухайлбал, Эхнтайваны гүүрний доод Петровист орой 19-20 тонн АИ92 бензин ирэхэд 24 цаг болоод дуусдаг байсан . Одоо 10 цаг хүрэхгүй дуусаж байна. Иргэд банкандаа 50 хувийн дүүргэлттэй яваад байгаа учраас шатахууны хомсдол үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байна" гэлээ.