Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Хаянхярваагаас болж МАН-ын бүлгийнхэн “viber” ашиглахаа больжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 39 секунд

Сүүлийн үед МАН-ын бүлгийн хурал нэлээд галтай ширүүн уур амьсгалтай болох нь олшроод байгаа. Албан тушаалын томилгоо тойрсон гишүүдийн гомдол, цар тахал, цаг үеийн үйл явдлаас болж намын нэр хүнд багагүй унасан зэрэг шалтгаанаар хоорондоо зөрчилдөх нь олширсон гэж эх сурвалжууд мэдээлэх болсон. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт “Эрдэнэс Монгол” ХК-ны захирал Д.Хаянхярваагийн Г.Амартүвшин гишүүний мессежийг дэлгэсэн асуудал гал дээр тос нэмжээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Энэ одоо манай намтай өрсөлдөж, ХУД-ийн 29-р тойрогт намын бодлого сөрж, бие даан нэр дэвшсэн Цолмон гэж нөхөр ийм албан тушаалд томилогдож байгаа юм уу. Миний эсрэг сошиалаар баахан сэвж дийлээгүй байж, одоо намын залуучуудын очих ёстой томилгоо дээр албан тушаал хүртэж байгааг хараад гайхаж сууна. Арай ч дээ” гэж бүлгийнхээ вайбир чат групп дээр бичжээ. Гэтэл яагаад ч юм энэ чат нь задарч Д.Хаянхярваа  Г.Амартүвшин  гишүүнийг ийм ядуу сэтгэдэг гэж даан ч бодсонгүй. Боловсролыг үнэлдэг хүн гэж ойлгож байсан алдаа байжээ. Ядмаг сэтгэлгээнээсээ сал дүү минь гэж зөвлөх байна” гэж жиргэсэн. Хэдийгээр хоёр хүний хооронд болсон жижиг маргаан төдий зүйл боловч МАН-ын бүлгийн гишүүд энэ үйл явдалд маш их бухимджээ.

Нэгдүгээрт Д.Хаянхярваа МАН-ын буянаар төрийн өндөр албан тушаалыг олон жил хашсан. УИХ-ын гишүүн, Сангийн сайд, МАН-ын бүлгийн дарга гээд түүнд албан тушаал багадаагүй. Одоо ч намынхаа буянаар төрийн өмчит томоохон компанийн захирлаар ажиллаж байна. Гэтэл намынхаа бодлогыг сөрж, бие дааж нэр дэвшсэн хүнийг дэд даргаараа томилж байгааг яаж ч тайлбарлаад зөвтгөх аргагүй. Боловсрол гэж ярихдаа хүрвэл Ц.Цолмонгоос илүү өчнөөн боловсролтой залууст ажил олдохгүй намаа гомдоод явж байна. Бие дааж нэр дэвшсэн битгий хэл, намынхаа дотоод өрсөлдөөнд дэвшсэн гэдэг үндэслэлээр С.Мөнхчулууныг намаас хөөсөн. Бие дааж эсвэл өөр намаас сонгуульд дэвшсэн бол намаас гарсанд тооцдог дүрэмтэй. Ямарт нь энэ дүрэм үйлчлээд ямарт нь үйлчилдэггүй юм бэ? Жирийн нэг сул гишүүн байсан хүн биш бүхэл бүтэн намын бүлгийн дарга байсан хүн ингэж зарчим, дүрмээ зөрчөөд байхад бусад нь яах юм бэ? Гэж гомдоллох гишүүд их байгаа ажээ. Намын удирдлагууд ч энэ асуудалд анхаарна. Д.Хаянхярваад анхааруулж болохгүй бол хариуцлага тооцох асуудлыг ч хөндөж болно гэдгээ илэрхийлсэн аж.

Мөн "Г.Амартүвшин гишүүн бүлгийнхээ чатдаа юу ч бичиж болно. Нэг гишүүн нь халуун гал тогоондоо санаа бодлоо хэлснийх нь төлөө бусдад гаргаж задлаад байвал хэн итгэж хоорондоо юм ярих юм бэ?" гэж Г.Дамдинням, Х.Ганхуяг, Г.Мөнхцэцэг, Ч.Ундрам зэрэг залуу гишүүд бүлгийн даргаа шүүмжилж буруутныг заавал олж хариуцлага тооцох ёстой гэжээ.

МАН-ын бүлгийнхэн сөрөг хүчин буюу 26 гишүүнтэй байхдаа анх вайбир групп нээж байсан. Тухайн үед бүлгийн дарга С.Бямбацогт чат группийнхээ нууцлалыг маш сайн хангадаг байсан. Хэдийгээр хоорондоо зөрчилдөх гарах  ч чатаасаа хэзээ ч мэдээлэл алдаж байгаагүй. Түүнээс хойш гурван парламент дамжаад хэзээ ч нууцлал алдаж, чат скрин шот хийж байгаагүй бүлгийн групп Д.Тогтохсүрэн даргын үед мэдээлэл задаллаа. Бүлгийн чат групп дээрээс скрин шот хийсэн тэр гишүүнийг заавал олж ёс зүйн асуудлыг ярих ёстой гэж бүлгийн даргадаа шаардлага тавьжээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ч буруутай этгээдийг хайж олно гэж нэлээд бухимдсан байна. Ингээд хайсны эцэст скрин шот явуулсан гишүүнийг олсон сурагтай байна. Удахгүй түүний нэр ил болж дараагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх асуудал ч яригдана гэв.

Ганц чатаас болж яагаад ингэж сүржигнэх болов гэдэг нь сонирхолтой. МАН-ын гишүүд хоорондоо чатлах нь бүү хэл группээсээ эхнээсээ гарч, өмнөх бичсэн зүйлүүдээ устгаж үндсэндээ тэдний хоорондын итгэлцэлд маш том ан цав гарчээ.  

 

Хүрэн манжингийн шүүсний ид шид
Хүрэн манжингийн шүүсний ид шид
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.