
"Монгол бахархлын өдөр"-ийн барилдаан нь улсын их баяр наадам, цагаан сарын барилдааны дараа орохуйц өндөр чансаатай барилдаануудын нэг. Энэхүү барилдааныг анх 2012 онд зохион байгуулж, 256 бөх барилдуулахад Улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэж байжээ. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Тодруулбал, 2012 оноос 2024 он хүртэлх хугацаанд ковид цар тахлын улмаас 2020 онд өнжснийг эс тооцвол 12 жил тасралтгүй зохион байгуулагджээ. Энэ жилийн барилдаан өнөөдөр 12.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх юм. Тус барилдаанд Дархан аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, арслан Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүд зодоглоно.
"МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР"-ИЙН БАРИЛДААНД ХАМГИЙН ОЛОН ТҮРҮҮЛСЭН БӨХЧҮҮД

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан 2012 оноос эхлэн 13 удаа зохион байгуулагдахад, Улсын аварга Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс, Улсын гарьд Ө.Бат-Орших нар тус бүр 2 удаа түрүүлжээ.
"МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР"-ИЙН БАРИЛДААНД ХАМГИЙН ОЛОН ҮЗҮҮРЛЭСЭН БӨХЧҮҮД

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан 2012 оноос эхлэн 13 удаа зохион байгуулагдахад, Улсын аварга С.Мөнхбат, О.Хангай, Улсын харцага Э.Даш нар тус бүр 2 удаа үзүүрлэсэн байна.
АНХНЫ “ЧИНГИС ХААН” ЦОМЫГ УЛСЫН ХАРЦАГА Э.ДАШ ӨРГӨЖЭЭ

Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан өнгөрсөн жилээс эхлэн “Чингис хаан цом” нэртэй болсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.11.02-нд 165 дугаар зарлиг гаргаж, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд түрүүлсэн бөхийг энэ цомоор шагнаж байхаар шийдвэрлэсэн юм. Анхны “ЧИНГИС ХААН” цомын эзэн Улсын харцага Э.Даш. “Монгол бахархлын өдөр”-ийн барилдаанд 2 үзүүрлэж, нэг түрүүлжээ.
“ЧИНГИС ХААН ЦОМ” 126 СМ ӨНДӨР, 18 КГ ЖИНТЭЙ

Энэ цом 126 см өндөр, 18 кг жинтэй, хүрэл цутгамал, алтан шармал. Нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээн монгол бичгээр бичиж, ар талд нь Их эзэн Чингис хааны онги тамгыг мөнхөлсөн байна. Зураач, дизайнер С.Чулуунбаатар уг цомыг бүтээхдээ дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа монголчууд амар амгалан, дайчин цогтой, хийморьтой байж, Монгол Улс мөнхөд оршин байх бэлгэдлийг тусгажээ. “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдааны түрүү бөхөөс түрүү бөхөд эл цом шилжин явах юм. Мөн “Чингис хаан” цомын жижиг хувилбарыг жил бүрийн түрүү бөхөд хадгалуулна.
“ЧИНГИС ХААН ЦОМ”-ЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААНД УЛСЫН ЦОЛТОЙ 47 БӨХ БҮРТГҮҮЛЖЭЭ
“ЧИНГИС ХААН ЦОМ”-ын төлөөх энэ жилийн барилдаанд зодоглохоор нийт 229 бөх бүртгүүлжээ. Улсын цолтой бөхчүүд шууд оролцох бөгөөд аймаг болон сумын цолтой бөхчүүдийн хувьд хамгийн өндөр чансааны оноотой нь барилдах аж. Улсын цолтой нийт 47 бөх бүртгүүлсэн байна.
"МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР"-ИЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЖ, ҮЗҮҮРЛЭСЭН БӨХЧҮҮД

2012 он /256 бөх/
- ТҮРҮҮ: Улсын заан Ч.Санжаадамба
- ҮЗҮҮР: Улсын харцага Ц.Содномдорж
2013 он /128 бөх/
- ТҮРҮҮ: Улсын заан Ч.Санжаадамба
- ҮЗҮҮР: Улсын аварга С.Мөнхбат
2014 он /128 бөх/
- ТҮРҮҮ: Улсын харцага Ө.Бат-Орших
- ҮЗҮҮР: Улсын аварга С.Мөнхбат
2015 он /128 бөх/
- ТҮРҮҮ: Улсын арслан П.Бүрэнтөгс
- ҮЗҮҮР: Улсын начин Л.Цэрэнтогтох
2016 он /128 бөх/
- ТҮРҮҮ: Улсын арслан Р.Пүрэвдавга
- ҮЗҮҮР: Улсын начин Э.Даш
2017 он /128 бөх/
- ТҮРҮҮ: Улсын гарьд Н.Ганбаатар
- ҮЗҮҮР: Улсын начин Э.Даш
2018 он /128 бөх/
- ТҮРҮҮ: Улсын начин Д.Анар
- ҮЗҮҮР: Улсын харцага Б.Бат-Өлзий
2019 он /128 бөх/
- ТҮРҮҮ: Улсын начин Н.Баярбаатар
- ҮЗҮҮР: Улсын начин Б.Орхонбаяр
2021 он /128 бөх/
- ТҮРҮҮ: Улсын гарьд Ө.Бат-Орших
- ҮЗҮҮР: Улсын харцага О.Хангай
2022 он /128 бөх/
- ТҮРҮҮ: Улсын аварга П.Бүрэнтөгс
- ҮЗҮҮР: Улсын аварга О.Хангай
2023 он /128 бөх/
- ТҮРҮҮ: Улсын гарьд Ц.Бямба-Отгон
- ҮЗҮҮР: Улсын заан М.Лхагвагэрэл
2024 он /128 бөх/
- ТҮРҮҮ: Улсын харцага Э.Даш /Анхны “Чингис хаан цом”-ын эзэн/
- ҮЗҮҮР: Улсын заан С.Сүхбат
Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан "Чингис хаан цом"-ын төлөөх хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!