Парламентын сонгуульд ялалт байгуулсан улс төрийн намын дарга нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүднээс Ерөнхий сайдаар ажиллах ёстой гэсэн дүрэм идэвхтэй яригдаж буй. Өнгөрсөн өдрүүдэд хуралдсан МАН-ын 31 дүгээр Их хурлаар тус нам энэхүү заалтыг хэвээр нь үлдээсэн гэх. Тэгвэл 1992 оноос хойш намын дарга, Ерөнхий сайд хоёр нь тусдаа ажиллаж байсан тохиолдлуудыг түүвэрлэн хүргэж байна.
-1992-1996 онд Ерөнхий сайд П.Жасрай /4 жил/ ажиллаж байсан бол МАХН-ын даргаар Б.Даш-Ёндон 1991-1996 оны хооронд ажиллаж байжээ.
Ерөнхий сайдын огцорсон шалтгаан: Парламентын бүрэн эрхийн хугацаа дууссан.
-2004-2006 онд /1 жил 146 хоног/ Ерөнхий сайдаар Ц.Элбэгдорж, Ардчилсан намын даргаар 2002-2005 онд М.Энхсайхан, 2005-2006 онд Р.Гончигдорж ажиллаж байсан.
Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн огцорсон шалтгаан: “Эх орон-Ардчилал” эвсэл, МАХН тэнцүү суудал авсан тул УИХ дахь эдгээр нам, эвслийн бүлэг Их эвслийн Засгийн газрыг тэнцүү сайдтайгаар байгуулав. Тэд УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг хоёр жилээр ээлжлэн хашихаар зөвшилцөв. Ийн Ц.Элбэгдорж Засгийн газрыг тэргүүлсэн ч МАХН тохирооноосоо буцаж, Засгийн газрыг огцруулав. Түүний Засгийн газрыг бүрдүүлсэн МАХН-ын сайд нар нүүр буруулж, огцрох өргөдөл гаргасан байдаг.
-2014-2016 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг /1 жил 229 хоног/, Ардчилсан намын даргаар 2015-2017 онд З.Энхболд ажиллаж байв.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг огцорсон шалтгаан: "Намын дарга нь Ерөнхий сайд байна" гэх дүрмээсээ АН ухарч, намын тамгаа З.Энхболдод, Засгийн газрын тамгыг Ч.Сайханбилэгт авч өгснөөр АН-ын талцал, хуваагдал эхэлсэн гэж үздэг.
2016-2017 онд Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат /1 жил 89 хоног/, МАН-ын даргаар М.Энхболд 2013-2017 онд ажилласан.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг "Концессын гэрээг өөрсдөдөө олгосон" гэх үндэслэлээр намын гишүүдээс нь огцруулах саналыг УИХ-д оруулсан. Огцруулах саналыг Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Д.Сумъяабазар нарын гишүүд өргөн барьснаар 2017 оны есдүгээр сарын 7-нд тус Засгийн газар огцорсон байдаг.
2025 оны зургаадугаар сарын 13-нд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатар сонгогдон /137 хоног/ ажиллаж буй. Г.Занданшатар нь 2024 оны УИХ-ын сонгуульд хангайн бүсэд өрсөлдсөн ч ялагдал хүлээж ЕТГ-ын даргаар ажиллаж байсан. Түүний Ерөнхий сайдаар ажиллаж буй энэ үед МАН гурван даргын нүүрийг үзэж байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ есдүгээр сарын 28-нд МАН-ын Бага хурлаар намын даргаа Д.Амарбаясгаланд өгсөн.
Тухайн Бага хурлын шийдвэрээс хойш МАН доторх талцал, хуваагдал өндрөө авч, улмаар Д.Амарбаясгалан авлига, албан тушаалын хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаад буй. Улмаар өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдсан МАН-ын 31 дэх Их хурлаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг 94.95 хувийн саналаар МАН-ын даргаар сонгосон юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!