
ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцид (FCTC) нэгдэн орсон орнуудын талуудын 11 дэх уулзалт (COP11) болон Протоколын талуудын 4 дэх хурал энэ сарын 17-ноос 26-нд Швейцарийн Женев хотноо зохион байгуулагдана.
Хурлын энэ удаагийн гол анхаарлын төв нь уламжлалт утаат тамхины хууль бус худалдаа, засгийн газрууд илүү хатуу бодлого хэрэгжүүлэх талаар хэлэлцэхээс гадна янжуур тамхи, түүнээс үүдэлтэй эрсдлийг бууруулах зорилготой шинэ төрлийн никотин бүтээгдэхүүнүүд байх аж. Үүнд:
Цахилгаан тамхи (vape)
Халаадаг тамхи (heated tobacco)
Никотин агуулсан утаагүй хувилбарууд: зуулт (pouch), бохь, наалт зэрэг бүтээгдэхүүнүүд
Эдгээр бүтээгдэхүүн тус бүрийн талаар тусгайлан ажилласан экспертүүдийн бэлтгэсэн тайлан COP11-д танилцуулагдаж, хэлэлцэгдэнэ.
Тамхины хэрэглээний хор уршгийг бууруулах бодлогын хүрээнд Швед, Япон, Их Британи зэрэг өндөр хөгжилтэй орнууд утаат тамхинаас татгалзахад утаагүй хувилбарууд эерэг нөлөө үзүүлсэн тухай туршлагаа хуралд хуваалцах төлөвтэй байна.
Эдгээр улс утаа гаргадаг янжуур тамхины хэрэглээг эрс бууруулсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж буй бөгөөд COP11-д утаагүй хувилбаруудыг зохистой хүлээн зөвшөөрөх эсэх асуудал халуун хэлэлцүүлгийн сэдэв байх төлөвтэй.
Энэхүү олон улсын хурал Монгол Улсад Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт өргөн баригдсан цаг хугацаатай давхцаж буй нь анхаарал татаж байна.
Өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд суурь конвенцийн зарчмаас болон дэлхийн нийтлэг практик чиг хандлагаас зөрүүтэй заалтууд багтсан гэж шинжээчид үзэж байгаа юм. COP11-ийн дараагаар Монгол Улсын уг хуулийн төсөлд ямар өөрчлөлт орох вэ гэдэг нь анхаарал татсан хэвээр байна.