Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хяналт тавин ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар нийслэлд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байгаа бөгөөд тус төвийнхөн галлагааны улирал эхэлснээс хойш дэлгэцээр 15.525 дуудлага хүлээн авч, 31.050 хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлжээ.
Ингэхдээ 860 удаа гэрээт хяналтын ажилтныг угаарын дуудлагын дагуу холбогдож чадаагүй айл өрхүүд рүү явуулж, шаардлагатай арга хэмжээг авсан байна. Мөн нийслэлийн долоон дүүрэгт 500 гэрээт хяналтын ажилтан албан хаагчид бий. Тэд хяналтын төвөөс ирсэн угаарын түвшин өссөн тухай дуудлага мэдээллийн дагуу тухайн айлд хамгийн түрүүнд очиж анхны нөхцөл байдалтай танилцан, агаар сэлгэлт хийж, иргэдийг гарган, зөвлөгөө сэрэмжлүүлэг хүргэж 24 цагийн бэлэн байдалд ажилладаг.
Угаар хийн хордлого илэрсэн айл өрхүүдийн нөхцөл байдал:
- Түлшний шаталт бүрэн дуусаагүй үед яндангаа авч өрхөө бүтээсэн
- Угаар мэдрэгч төхөөрөмжийг унтраасан, эвдсэн
- Зуух, пийшингийн бүрэн бүтэн байдал алдагдсан
- Яндан хөөлөөгүй гэх мэт шалтгаан нөхцөлийн улмаас угаарын хийн хордлого үүсэж байна гэлээ.