Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Цэндийн Цогтыг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томиллоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн энэ сарын 15-нд ийнхүү шийдвэрлэжээ.
Ц.Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Одоо 45 настай, ам бүл хоёр.
Боловсрол:
1983-1993 онд Архангай аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, 2007 онд АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. 2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой.
Ажилласан байдал:
1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах, 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч, 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, 2013 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байжээ.
Ц.Цогт нь шүүгчээр 16 жил, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 9 жил ажилласан байна. Мөн 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд тавин хувийн багш, 2018-2019 онд цагийн багш, 2019 оны 09 дүгээр сараас Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт дэд профессороор ажиллаж байсан байна. Тэрбээр Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 88.64 оноо авчээ.