Нэгэн цагт сангийн сайд, бүлгийн даргаар тодорч У.Хүрэлсүхий эсрэг М.Энхболдын фракцын үзүүр болж намын даргад өрсөлдөж явсан Д.Хаянхярваа Эрдэнэ Монгол ТӨК-ийн захирал болсноор нам гүм болов. МАН-ынхан түүнийг өнгөрөгч УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй бөгөөд сонгуулийн дараа сайд болно гэж гүйхэд нь ч мөн татгалзсан. Эдгээр нь үндсэндээ МАН түүнд “хангалттай, баяртай” гэж хэлж байгаа мессежүүд билээ. Гэтэл тэрээр өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэд “Намд бус төрд зүтгэнэ” гэсэн этгээд уриатай бие даан нэр дэвшсэн Ц.Цолмон гэгчийг дэд захирлаар томилж МАН-ын гишүүдийнхээ галыг өрдөж орхилоо. Учир нь Ц.Цолмон нь МАН-ын эсрэг өрсөлдсөнөөс болж Хан-Уул дүүрэгт МАН нэг суудал алдсан. Ц.Цолмон ч МАН-д ихээхэн харшилтай, үүнийгээ ч нуудаггүй. Тэрээр сонгуулийн үеэр “Намууд улсыг хөгжүүлсэн нь хаана байна вэ? Намууд “Асуудлуудыг чинь шийдээд өгье” гэж сонгууль бүрт амлаж гарч ирдэг биз дээ. Үр дүн байна уу. Иргэд намуудад итгэж ээлжилж саналаа өгсөөр байгаад 30 жилийг өнгөрөөжээ. Эцсийн эцэст ард түмэн л сонголтоо хийнэ. Тэр сонголтыг хэн ч зөв, буруу гэж шүүх эрхгүй” гэх мэтээр МАН-ын эсрэг их олон зүйлийг ярьсан.
Өөрөөр хэлбэл түүний энэ яриаг дүгнэж үзвэл МАН-ыг улсыг хөгжүүлээгүй гэж хэлж байна. Гэтэл улсыг хөгжүүлээгүй гэж өөрийнх нь дүгнэдэг МАН-ын үед УИХ-ын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байсан. МАН-ын гишүүдийн дэмжлэгээр хууль зүйн яамны газрын даргаар ажилласан. Ийм байж ямар нүүрээрээ намууд улс орныг хөгжүүлээгүй гэж юу яриад байгаан бол оо? Улсыг хөгжүүлдэггүй намын үед яагаад ажилд томилогдоод байдаг вэ? Өөрөө намын дэмжлэгээр томилогдчихоод улсыг хөгжүүлэхгүй юу хийгээд байсан бэ? Улсыг хөгжүүлдэггүй намын үед яагаад “Эрдэнэс Монгол” гэж хамгийн чухал компаний дэд захирлаар томилогдоно вэ вэ? Хэрвээ намууд улс орныг хөгжүүлээгүй гэж яриад явсан энэ залуу үзэл бодолдоо үнэн ч байсан бол өдийд жагсаж явах ёстой биз дээ? Ийм хувирамтгай үзэл бодолтой залуус албан тушаал хөөцөлдөж явах нь эмгэлэнтэй байна. Бас “Намд бус төрд зүтгэнэ” гэсэн этгээд уриагаа яаж тайлбарладаг бол? Энэ уриагаар бол Ц.Цолмон хэзээ ч төрд ажиллах эрхгүй хүн болж таарна. Төрийг сонгуулиар ялсан нам л удирддаг.
Хан-Уул дүүргийн МАН-ынхан өнгөрсөн сонгуулиар хөлөө эргэтэл намын төлөө зүтгэсэн. Гэтэл тэдний эсрэг МАН-д биш төрд ажиллана гэсэн мессеж тарааж нэг суудлыг нь унагасан хүнийг албан тушаалд томилж байгаад тэр чигээрээ дургуйцэж байгаа гэх. Тиймээс Хан-Уул дүүргийн МАН-ынхан Ц.Цолмонгийн тухай бөөн гомдолыг төв намдаа өргөн барьж байгаа гэнэ. Хөөрүү, онгироодуу Д.Хаянхярваа энэ бүхнийг эргэцүүлэхгүй л томилгоо хийнэ. Дараа нь МАН-ын эгэл жирийн гишүүдийн эсэргүүцлээр ямар ч ажилд томилогдохоо болино. Тэр цагтаа л Ц.Цолмонгоос боллоо гэж толгойгоо барьсан хөгшин өвгөн дархан хавьцаа өтлөх байх даа.
О.Цагариг