Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: “Намрын ногоон өдрүүд“ үзэсгэлэн хөл хөдөлгөөн ихтэй ч зарим бүтээгдэхүүн хэт үнэтэй байгаад иргэд “ам муутай“ байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 26 секунд

Намрын улирлыг үдэж буй гэлтэй сүүлийн бороо шаагин орсон энэхүү долоо хоногийн Даваа гарагт “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа эхэлжээ. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор зохион байгуулагддаг арга хэмжээ юм. Тэгвэл энэ жилийн “Намрын ногоон өдрүүд”-ээс сурвалжилгаа бэлтгэлээ.

Үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж буй газарт ирэхэд зарим худалдаа эрхлэгчид борооны улмаас ногоогоо цааш хурааж асраа түр хаасан байдалтай байв. Удалгүй бороо ч намжиж, хөл хөдөлгөөн зэрэгцэн нэмэгдэв. Ийнхүү худалдаа эрхлэгчдийн ажил дөнгөж эхэлж байгааг илтгэх шиг төв цэнгэлдэх хүрээлэнг дайран өнгөрөх иргэд бүтээгдэхүүний үнийг тодруулан асууж худалдан авалтаа хийх ажээ.

-21 аймгийн ЖДҮ эрхлэгчид иргэдийн хэрэгцээт барааг нэг дор дэлгэжээ-

Ажихад, “Намрын ногоон өдрүүд”-д бүх төрлийн бүтээгдэхүүн цөм бүрэн аж. Энд хүнсний ногоо, эмийн ургамал, цагаан идээ, хувцас, хэрэгслээс эхлүүлээд үндэсний үйлдвэрлэгч нарын ур дүй шингэсэн гоо сайхан, бэлэг дурсгалийг ч олноор дэлгэжээ. Тодруулбал, эл үзэсгэлэнд 21 аймгаас шалгарсан брэнд бүтээгдэхүүнүүдийг дэлгэснээс гадна үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон жижиг, дунд бизнес эрхлэгчид ирж шинэ, содон бүтээгдэхүүнээ нийслэлчүүдэд борлуулахаар бэлтгэсэн байсан юм. Тиймдээ ч жил ирэх тусам тус үзэсгэлэнг зорьж, худалдан авалт хийх иргэд нэмэгдсээр байгаа гэнэ.

Тэгвэл энэ удаагийн үзэсгэлэнд өөрийн тарьж ургуулсан бүтээгдэхүүнээр оролцож буй Сэлэнгэ аймгийн худалдаа эрхлэгч Ө.Сэлэнгэ үнийн мэдээллийг дараах байдлаар танилцуулсан юм. Тодруулбал, хүнсний ногооны үнэ ханшийг кг-аар тооцвол:

  • Улаан лооль-8000 төгрөг (Том)
  • Улаан лооль-15000 төгрөг (Жижиг)
  • Чинжүү-12000 төгрөг
  • Төмс-2500 төгрөг
  • Юуцай-10000 төгрөг
  • Цэцэгт байцаа-8000 төгрөг
  • Ногоон сонгино-3000 төгрөг (багцаараа)
  • Манжин-4000 төгрөгийн ханштай байлаа.

"Үзэсгэлэнд борлуулж байгаа хүнсний ногооны үнэ энгийн дэлгүүрт худалдаалагдаж байгаагаас ялгаагүй байна"

Иргэдийн "Намрын ногоон өдрүүд"-ийг зорьж ирдэг шалтгаан нь олон төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авахад тохиромжтой байдагт оршдог. Харин энэ жил хүнсний ногооны үнэ харьцангуй үнэтэй байна гэдгийг иргэд хэлж байв.

Иргэн А.Лхамсүрэн “Яг үнэ ханшийн тухайд бол үнэтэй санагдаж байна. Би өөрөө тэтгэврийн хөгшин. Мөнгөндөө тааруулж л хэдэн ногоо худалдаж авлаа. Баахан асар барьсан байхаар нь сонирхоод ирэхэд үзэсгэлэн худалдаа болж байгааг сая мэдлээ. "Алтан намар" худалдаанд зарж байгаа ногооны үнэтэй ойролцоо үнэтэй санагдлаа” гэв.

Иргэн Б.Сарнай “Бүтээгдэхүүнүүд жаахан үнэтэй байна. Өмнө жилийн ногооны үнээс хэд дахин өссөн нь энэ он гараад л мэдэгдэж эхэлсэн. Үзэсгэлэн худалдаа гээд зорьж ирж байгааг эс тооцвол энгийн дэлгүүрээс худалдаж авч байгаа үнийн дүнтэй адилхан санагдлаа. Бага хэмжээгээр л худалдаж авахад болохоор байна” гэлээ.

-Орон нутагтаа европ технологоор хийж эхэлсэн бяслагаа 55-60 мянган төгрөгөөр худалдаалж байна-

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор талбайд байрлах асруудаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын худалдаа эрхлэгчийн асар олны хөл ихтэй, бужигнаж байв. Тэрхүү асрыг сонирхож үзэхэд өөрсдийн шинээр худалдаанд гаргаад буй хоёр төрлийн бяслагийг хийдэг үйл явцыг иргэдэд сонирхуулж, амталгаат худалдаа явуулж байлаа. Тухайн бүтээгдэхүүний талаар худалдаа эрхлэгч Т.Хонгорзул “Хоёр сарын өмнөөс аймагтаа европ технологоор хийж эхэлсэн. Манайх урсах чадвар маш сайтай. Бид нар одоогоор бэлтгэлгүй ирчихсэн. Уг нь пицца хийж амтлуулвал чанар нь бүр ч сайн гэдгийг харуулах боломжтой байсан. Саяхан аймгийн үзэсгэлэн дээр тийм байдлаар амтлуулсан юм” гэв. Харин худалдаалж буй бяслагийн хувьд,

Cheddar cheese-55000 төгрөг

Gouda cheese-60000 төгрөгийн ханштай байлаа.

Эл асарт шинэхэн бяслагийг сонирхох иргэн Р.Цэгмид “Өмнө харж байгаагүй бяслагнууд байхаар нь сонирхож байна. Амталж үзэхэд тийм ч хурц амтгүй санагдсан. Харин худалдаж авахад бол харьцангуй үнэтэй санагдаж байна. Дэлгүүрт байдаг бяслагтай ойролцоо үнэтэй юм уу гэж харсан. Гэртээ очоод бяслагаа ашиглаж үзээд хэр сайн урсдаг гэдгийг мэднэ дээ. Монголын үйлдвэрлэлээ дэмжээд худалдан авалт хийлээ” гэсэн юм.

Ташрамд дурдахад, энэхүү үзэсгэлэн худалдаа нь энэ сарын 22-ны өдрөөс 28-ныг хүртэл үргэлжилнэ.

Ц.Анужин

Монгол Улс анх удаа дотооддоо сум үйлдвэрлэлээ
Монгол Улс анх удаа дотооддоо сум үйлдвэрлэлээ
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.