
УИХ дахь АН-ын бүлэгт өгсөн ЗАВСАРЛАГА хууль ёсны юу
Намрын чуулган нээлтээ хийж, ирэх оны төсвийн нэг дэх хэлэлцүүлэг өрнөж байна. Гэвч Ардчилсан намын бүлэг одоогоор завсарлага авсан нөхцөл байдалтай байна. Тодруулбал, АН-ын бүлэг чуулган эхэлсэн өдөр буюу өнгөрөгч долоо хоногийн Даваа гарагт төсвийн хуулийн төсөлтэй холбогдуулан завсарлага хүссэний дагуу УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ажлын хоёр өдрийн завсарлага авсан. Улмаар төсвийн хэлэлцүүлэг Лхагва гарагт эхэлж үргэлжилсэн боловч Баасан гарагт нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэгжлэг хийсэн гэх асуудлын улмаас завсарлагаа сунгуулсан юм. Энэ талаарх хүсэлтийг уламжилсан УИХ-ын гишүүн Б.Жаргалан чуулганы хуралдаанд "Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулсан ноцтой асуудал гарсан учраас УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах ёстой гэж үзэж, цаашид Үндсэн хуулиар баталгаажсан засаглал хооронд хяналт тэнцлийг хангах, парламентын дархлаагаа бэхжүүлэх асуудал энэ УИХ-ын бүрэлдэхүүний хувьд нэн чухал гэж үзэж байгаа учраас 2026 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг дээр авсан завсарлагаа сунгах хүсэлтэй байна. ...” гэсний дагуу тухайн үед УИХ-ын чуулганы хуралдааныг удирдаж байсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа завсарлагыг гурваас илүүгүй өдрөөр сунгаж, тав хоногийн хугацаатайгаар завсарлага өглөө гэсэн юм. Тэгвэл эл үйл явц нь Үндсэн хууль болон Улсын Их Хурлын тухай мөн Дэгийн тухай хуулийн зөрчлийг бий болгов.
Нэгдүгээрт, Улсын Их Хурлын болон Дэгийн тухай хуульд заасны дагуу зөвхөн тухайн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага өгдөг. Өөрөөр хэлбэл, Б.Жаргалангийн хүсэлт гаргасан өдөр чуулганаар 2026 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж байсан. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатартай холбоотой ямар нэг асуудал хуралдаанаар огт хэлэлцээгүй. Хэрэв С.Ганбаатартай холбоотой буюу түүний бүрэн эрхийг УИХ-ын тухай хуулийн 45.1-д заасны дагуу түдгэлзүүлэх тухай асуудал нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байсан бол дээр дурдсан завсарлагыг авч болно.
Хоёрдугаарт, АН-ын бүлгийн есдүгээр сарын 15-ны өдөр авсан хоёр өдрийн завсарлага есдүгээр сарын 19-нд буюу Лхагва гарагт дууссан. Харин чуулганы хуралдаан эхлэхээс өмнө АН-ын бүлгээс дахин сунгах хүсэлт гаргаагүй тул төсвийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн асуудлаар дахин завсарлага авах эрхгүй болсон гэсэн үг юм. Ийм байтал АН-ын бүлэгт дахин завсарлага өгсөн нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, УИХ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасан "Хуралдаан даргалагч “хуралдааныг ...дэгийн дагуу зохион байгуулах”, мөн зүйлийн 13.1.10-т заасан “хуралдааны дэгийн биелэлтэд хяналт тавьж, түүнийг биелүүлэхийг гишүүдээс шаардах;” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Гуравдугаарт, анхлан Ардчилсан намд өгсөн завсарлага хуульд нийцсэн үү гэдэг асуудал. Учир нь УИХ-ын гишүүд хуульд заасан эрх, хэмжээнийхээ дагуу төсвийн төсөлтэй танилцах эрхтэй. Гэтэл Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн зөвхөн танилцуулга хийгдэж байсан, уг танилцуулга дуусаагүй байхад буюу төсвийг хэлэлцэж эхлээгүй байх үед АН-ын бүлэг завсарлага хүсэж, үүнийх нь дагуу олгосон.
Энэ нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн.”, Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “Хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” онцгой бүрэн эрхийг, мөн хэсгийн 7 дахь заалтын “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, ...боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах”, гэсэн заалтуудыг зөрчиж байна.
Тэгвэл Ардчилсан намын бүлэгт өгсөн завсарлагатай холбоотой асуудлаар Х.Булгантуяа, С.Ганбаатар, Б.Жаргалан нарын хэн нэг нь Үндсэн хуулийн цэц дээр очих нөхцөл бүрдэв үү гэх асуулт урган гарч эхэллээ.