Монгол Улсын 2026 оны төсвийг УИХ-аар ид хэлэлцэж байна. Бид энэ удаагийн ярилцлагаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан төсвийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй ярилцлаа.
-Энэ удаагийн төсвийг ямархуу төсөв орж ирлээ гэж харж байна. Өнгөрсөн жилүүдийнхээс давуу болон шүүмжлэл дагуулах тал нь юу байна?
-Ер нь стандарт шахуу л орж ирж байна. Нэг талаасаа нээх шинэчлэгдсэн, гайхаад хүлээгээд байх зүйл алга. Нөгөө талаасаа тэгэх боломж ч алга. Яагаад гэвэл нийт төсөв хэд ч гэж тооцогдсон 70-80 хувь нь урсгал зардал. Энэ зардлынх нь 70-80 хувь нь хөдөлгөж болдоггүй зардал. Төрийн албан хаагчдын цалин урамшуулал, халамж, тэтгэвэр тэтгэмж гэсэн зардлууд байна. Тэгэхээр урсгал зардал дээр 20-30 хувийн хөдөлгөөн, хөрөнгө оруулалтын зардал дээр 20 хувийн хөдөлгөөн байдаг нь хэвийн л үзэгдэл. Ерөөсөө сонин юм алга.
Өмнөхөөсөө нэг сайн зүйл нь урсгал зардлаасаа ч, орлогоосоо ч хассанаараа жаахан онцлог байна. Нийгэм, эдийн засагт гайхалтай сайхан нөлөө үзүүлэх зүйлийг одоогоор олж харсангүй.
-Ирэх оны төсөв 1.3 их наядын алдагдалтай. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч хориг тавьсны дагуу ирэх жилүүдэд алдагдалгүй төсөв батлах жишиг тогтлоо гэж ярьж байсан. Гэвч үүнээс зөрөөд, алдагдалтай төсөв оруулаад ирлээ. Үүнийг юу гэж харж байна?
-Энэ бол хоёр талтай. Нэгдүгээрт, алдагдалгүй байлгая гэсэн философи хаанаас гарч ирсэн бэ гэхээр, орлогоо хэт өндөр буюу өөдрөгөөр төлөвлөчихдөг. Ингэхээр зардал өндөр төлөвлөгдөнө. Хэрвээ орлого хүрэхгүй бол дампуурчхаж байгаа юм. Тэгэхээр орлогоо бууруулаач гэж явж байгаад алдагдал руу орчихсон. Ер нь гурван жил алдагдалгүй явчихвал цаашдаа манай улсад хэрэгтэй. Үнэхээр алдагдал гаргах гэж байгаа бол зээл тавина гэсэн үг. Тэр нь Монгол Улсын эдийн засагт бодитой юу авч ирэх гээд байгаа юм, юу хийх гээд байгаа юм гэдгийг бодитоор тодорхойлох шаардлагатай.
-Ерөнхийлөгч төсөвт дахин хориг тавихгүй гэсэн баталгаа байхгүй-
-Хэрвээ төсвөө 1.3 их наядын алдагдалтайгаар нь баталчихвал Ерөнхийлөгч хориг тавихгүй гэсэн баталгаа байна уу?
-Байхгүй шүү дээ. Яагаад Ерөнхийлөгч хориг тавьсан болон өнгөрсөн жилийн алдагдлыг эдийн засгийн талаас нь авч үзвэл, орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн явдал. Энэ нь ч үнэн байсан. Зарлага нь 35.8 их наядаар орж ирээд 33 их наядаар батлагдсан. Өөрөөр хэлбэл, орлогоо хоёр их наядаар илүү төлөвлөсөн байжээ гэсэн үг. Одоо төсвийн гүйцэтгэлээр 33 их наяд хүрэх үү, үгүй юу гэдэг асуудал гарч ирэхээр тухайн үед үнэн юм ярьж байсан уу, худлаа ярьж байсан уу гэдэг нь нотлогдоно.
Хоёрдугаарт, энэ удаагийн төсвөөр 33 их наядаас бууруулаад 31.8 их наяд болгосон. Үүнийг дахиад нягтлах ёстой. Үнэхээр 90 сая тонн нүүрс экспортолж чадах уу. Дахиад илүү тооцоолсон байвал асуудал байна. Гэхдээ орлогоо буулгасан ч гэсэн зарчмын хувьд алдагдалгүй байвал сайн гэж би хувьдаа үзэж байна. Улс орны төсвийг багасгаж, бүтээмжийг нэмэгдүүлэх тухай асуудлыг л ярьж байгаа.
-Нүүрсний экспорт 90 сая тоннд хүрэх боломж нь хэр байгаа юм бэ. 2025 оных шиг өндрөөр тооцсон байтал нүүрсний үнэ унах гэх мэт асуудлаас болж дахиад орлого тасарч, тодотгол хийхэд хүрэх юм биш биз дээ?
-Үнийн хувьд хоёр асуудал яригдаж байгаа. Үүнийг хэлэлцүүлгийн явцад асууж тодруулна. Тэнцвэржүүлсэн үнэ гэж бий. Энэ үнээр 133-аар тооцож байгаа. Зах зээлийн үнэ бодитойгоор 70 хавьцаа гэхээр харьцангуй ойролцоо байгаа болов уу гэж таамаглаж байна. Тоо хэмжээний тухайд энэ онд 85 сая тонн гэсэн гүйцэтгэл хүлээгдэж байгаа. Үүнийг таван саяар нэмэгдүүлж чадах эсэхийг шалгах ёстой. Төсөв хэлэлцэж буй энэ үед орлого талаасаа асуугдах ёстой чухал асуултуудын нэг.
Түүнчлэн, төсөв хэлэлцэж байх явцад хаягддаг асуудлуудын нэг нь төсвийн хүрээний мэдэгдэл. Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг нь үнэ хэрэгтээ, хамгийн чухал буюу төсвийн гадна талын цар хүрээ, дээд доод хэмжээг нь тогтоох асуудал яригдана. Тэгэхээр миний хувьд төсвийн хүрээний мэдэгдлийг илүү мэргэжлийн болгох шаардлагатай гэж үздэг. ДНБ, инфляц нь хэд байхыг мэргэжлийн түвшинд ярих чухал хэлэлцүүлгээ төсөв болгож хувиргаад байгаад харамсаж байна.
-Энэ удаагийн чуулганаас төсвийг шинэ дэгээр буюу таван үе шаттайгаар хэлэлцэж эхэлсэн. Хэрвээ төсөв нь холбогдох хууль, хөгжлийн төлөвлөгөөнд нийцээгүй бол хоёр дахь хэлэлцүүлгээс буцах боломжтой болсон. Таны хувьд энэ удаагийн төсвийг хэр нийцсэн гэж үзэж байгаа вэ?
-Хөгжлийн жилийн төлөвлөгөөнөөс 40-60 хувийг нь л төсөвтөө оруулсан гэж харж байна. Тэгэхээр нийцсэн гэж үзэх үү, нийцээгүй гэж үзэх үү. Миний хувьд маш бага зүйл орсон. Хоёрдугаарт, хөгжлийн төлөвлөгөө нь өөрөө зөв байсан уу гэдгийг давхар шалгах ёстой. Гол асуудал бол таван жилийн төлөвлөгөө байхгүй. Таван жилийн төлөвлөгөө нь хуулиараа арваннэгдүгээр сараас хэлэлцэгдэх ёстой. Тэгэхээр зөрүү гарч байгаа биз. Ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө өмнөх оны арваннэг, арванхоёрдугаар сард хэлэлцэх ёстой байтал есдүгээр сараас төсвөө хэлэлцэж байна. Энэ зөрүүг яаж арилгах вэ гэдэг нь бидний асуух ёстой асуулт мөн. Би үүнийг судлаад сууж байна.
-Иргэдийн саналуудыг цуглуулж тавихыг төсөв гэхгүй-
-Энэ удаагийн төсөвт анх удаа иргэд, олон нийтээс санал авсан. Таны харснаар, төсөвт иргэдийн саналыг хангалттай тусгаж чадсан уу эсвэл нэр төдий л байна уу?
-Хэлэлцүүлэг хийсэн, иргэдийн саналыг авсан гэдэг нэр төдий л гэж харж байна. Угаасаа төсөвт иргэдийн санал гэхээс илүү төр засгийн бодлого явуулж байгаа бол бодлогод суурилсан иргэдийн шинэлэг санаануудыг тусгах нь зүйтэй болов уу. Иргэдийн саналуудыг цуглуулж тавихыг төсөв гэхгүй. Төсөв нь өөрөө зорилго чиглэлтэй, тодорхой хөгжил рүү хөтөлсөн байх ёстой. Нөгөөтэйгүүр, иргэдийн санал гэхээс илүү хөгжлийн бодлого гаргаад, дараа нь ямар үр дүнд хүрэх вэ гэсэн төлөвлөгөө байх шаардлагатай.
-Иргэдээс татвар, НДШ-ийг бууруулах, эрүүл мэнд, боловсролын салбарт илүү анхаарах саналыг ирүүлснийг Ерөнхий сайд өөрөө мэдэгдэж байсан. Үнэхээр дээрх саналуудыг төсөвт тусгасан болов уу?
-Мөнгө бүгдийг шийдэхгүй шүү дээ. Тухайн салбаруудын үндсэн суурь тогтолцоо нь зөв явж байна уу, үгүй юу. Жишээлбэл, эрүүл мэндийн салбарын тогтолцоо зөв эсэхийг тогтоож гаргаад, төрийн хэрэгжүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг даатгалаар бус төсвөөс явах ёстой. Даатгал бол эрсдэлд суурилсан өөр үзүүлэлтийг шийдвэрлэх ёстой гэдэг утгаар мөнгө тавигдах ёстой.
Боловсролын чанар хүртээмж, сургууль цэцэрлэгийн багтаамжаас гадна сургуулийн орчин дахь цаг зөв байна уу, бид яг зөв мэдлэгийг орчин үед нийцсэн бүтээмжтэйгээр өгч чадаж байна уу гэдэг хөтөлбөрийн шинэчлэл байж, мөнгө яригдана.
Одоо бид эхлээд мөнгөө ярьдаг болчихсон. Тэгэхээр энэ мөнгөний бүтээмжийн асуудлыг суурь тогтолцоо болгоход гол асуултаа чиглүүлнэ.
Өмнө нь ярьсан төсвийн хүрээний мэдэгдэл рүү эргээд ороход, нийгмийн зардлыг хэддүгээрт тавих юм, улсын төсвийн хөрөнгө оруулалт ямар бүтээмжтэй байх юм, инфляц ямар түвшинд ямар түвшинд байх гэсэн том үзүүлэлтүүдийг хөдөлгөхгүйгээр гурван жил байх баримжаагаа авчхаад, тухайн жилийн төсвөө тавьдаг. Бид эсрэгээрээ үүнд анхаарахгүйгээр шууд төсөв рүүгээ бүх анхаарлаа тавьчихаад байна.
-Бүх орлогоо урсгал зардалд тавьдаг болох эрсдэлтэй байна-
-Ирэх оны төсөвт татвар, НДШ-ийг иргэдийн шаардаж байгаа шиг бууруулах боломж хэр байгаа бол. Салбарын болон Сангийн сайд нь тэгтлээ бууруулах боломжгүй гэж яриад байгаа шүү дээ?
-Нэгдүгээрт, бууруулах хүсэлгүй байна. Хоёрдугаарт, бууруулах боломжийг хайхгүй байна. Төсвийн зардлын 77 орчим хувийг урсгал зардал эзэлж байгаа. Урсгал зардал бол нөгөө л боловсрол, эрүүл мэнд болон цалин, тавилга, тоног төхөөрөмж байхгүй юу. Урсгал зардлаа бууруулж чадахгүй болохоор татвар, нийгмийн даатгалаа бууруулах орон зай нь багасаж байна.
Бид үр дүнгээ сайжруулахгүйгээр мөнгө тавьсаар байвал олсон бүх орлогоо урсгал зардалд тавьдаг болох эрсдэлтэй байгаа учраас томоохон урсгал зардлуудыг дахин зохион байгуулах, суурь өөрчлөлтүүдийг хийх нь төсвийн гол ажил мөн.
-Нийгмийн даатгал, татварыг бууруулахаар бага тэтгэвэр авдаг болно, төрөөс авах үйлчилгээ багасна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Нийгмийн даатгал дотроос эрүүл мэнд, тэтгэврийн даатгалыг онцолж ярья. Тэтгэврийн даатгалын гол асуудал бол өчигдөр мөнгөө төлсөн хүмүүсийн мөнгийг уржигдар төлсөн. Өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүсийн мөнгийг өнөөдөр ажиллаж буй хүмүүсээс авч байгаа. Тэгэхээр 100 хувь тэтгэврийн даатгалын хураамжийг нэмэх замаар тэтгэвэр нэмнэ гэвэл болохгүй. Нэгдүгээрт, цаг хугацааны зөрүүг нь арилгах ёстой. Тэтгэврийг зайлшгүй инфляцтай уялдуулж нэмэх шаардлагатай. Тиймээс орлогын олон эх сурвалжтай байх ёстой гэсэн байр суурийг баримталж байна.
-Орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд тойргийнхоо төсөвтэй хамгийн түрүүнд танилцсан байх. Орон нутгийн төсвийн хуваарилалт нь тэгш бус байгаа талаар шүүмжлэл дагуулдаг. Энэ удаагийн төсвийн хуваарилалт ижил тэгш байж чадаж байна уу?
-Энэ бол маш чухал буюу нээлттэй болгох мэдээлэл байгаа юм. Орон нутгийн төсвийг 2-3 хувааж болдог. Яг одоо улсын төсвөөс тавигдаж байгаа хөрөнгө оруулалт. Энийг яаж нээлттэй, шударга байлгах вэ гэхээр эрэмбэлэх ёстой. Хамгийн түрүүнд аймгийн төвүүд болон томоохон хотуудаа, стратегийн чухал боомт, худалдааны газруудаа замтай болгох ажлаа эхлүүлье. Дараа нь сумдаа замтай холбох байдлаар ерөнхий зарчмаа нээлттэй болгочихвол шударга бус байдал багасна. Хоёрдугаарт, орон нутгийн төсөв гэдгийн цаана татаасын асуудал яригдаж байгаа. Үүнийг хэрхэн шийдэж байгаа загварчлалыг нь анализ хийж байж ярих хэрэгтэй.
Миний мэдэж буйгаар, өнгөрсөн онд Өмнөговь аймгаас 1.8 их наяд төгрөг буюу бараг юм үлдээхгүйгээр улсын төсөвт татчихсан. Улаанбаатар хотоос энэ хэмжээний мөнгө татдаг байсан ч татаагүй. Энэ жил ч нийслэлээс бараг мөнгө татахааргүй харагдаж байна. Тэгэхээр бид улсын нэгдсэн төсвийн талаар авч үзэж байгаа бол бүтээмжтэй зүйл хийж байгаа эсэх гээд том зургаар нь харах шаардлага үүсэж байна.
-Таны сонгогдсон баруун бүсийн төсөв хуваарилалтад хэр сэтгэл хангалуун байна?
-Ер нь сэтгэл хангалуун бус байгаа.
-Яагаад?
-Жишээлбэл, би Завхан аймгийн Арцсуурь боомтын тухай ярьдаг. 153 км замын ажил нь эхэлсэн. Өнгөрсөн жил төсвийг нь хассан байсныг би хөөцөлдсөөр байгаад ажил нь дөнгөж эхлээд 10 гаруй км зам тавигдсан байна. Арцсуурь боомт нээгдчихвэл Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймгаас ОХУ руу гарах гарцтай болж байгаа юм. Гэтэл ийм чухал боомт руу явах замын ажилд 10-аад тэрбум төгрөг тавьсныг би эрс шүүмжилж байгаа. Шүүмжлэхээр барах уу, замуудын эрэмбэ дарааллыг гаргаж ирж байж үгээ хэлнэ.
Хоёрдугаарт, боомтуудын хөгжлийн төлөвлөгөө, зураг нь гарсан байхад мөнгө тавигдаагүй. Эсрэгээрээ аль нэг сум руу зам тавьсан байх магадлалтай. Тиймээс төсвийн эрэмбийн талаар зарчмын асуудал ярина гэсэн бодолтой байна.
-Өнгөрсөн жил төсвийн хэлэлцүүлгийн үеэр та болон Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нарын гишүүд багагүй акц хийсэн. Энэ удаад давтагдах болов уу?
-Төсөвт хийх анализ дууссаны дараа шийднэ. Ямартаа ч өнгөрсөн жил попорсон уу, үгүй юу гэдэг нь төсөвт тодотгол хийсэн зэргээс харагдана. Бид “Гурван их наядаар тана” гэсэн шаардлагыг тавьж байсан 1.8 их наядаар танасан. Энэ жил ч бодит бус, хэт өөдрөг тоо орж ирсэн байвал тэр үйл явдал бид дөрөвтэй, дөрөвгүй давтагдах байх. Энэ бол сайн жишиг болж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.