УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс цаг үеийн асуудлуудаар байр суурийг нь тодрууллаа.
-Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт орсон тул Ерөнхий сайд өөрийн хүссэн сэдвээр бус УИХ-аас гаргасан саналын дагуу мэдээлэл танилцуулдаг болсон. Энэ талаар та ямар байр сууьтай байгаа вэ?
-Энэ бол парламентын засаглал бүхий улс орнуудад байдаг жишиг. Ерөнхий сайдаас парламентын гишүүд цаг үеийн асуудлаар нээлттэй, ямар ч хязгааргүйгээр асуудаг соёл юм. Манай улсын тухайд өмнө нь Ерөнхий сайдад зориулсан парламенттай юм шиг Ерөнхий сайд ямар мэдээлэл өгөхөөр өөрөө мэддэг. Үүнийг нь парламент сонсож, асуулт асуусан болж жүжиг тоглодог байлаа.
Харин одоо үнэхээр цаг үеийн тулгамдсан буюу улс оронд нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудлын халуун цэг дээрээс асуулт тавьдаг тогтолцоо руу орж байгаа юм. Ирэх долоо хоногийн баасан гарагт УИХ-ын анхны асуулгын цаг эхэлнэ.
-Таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх болон ойр дотны хүмүүсийг тань шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан. Үнэхээр ийм зүйл болсон уу?
-Мэдэхгүй. Та бүхний адил хэвлэлийн мэдээтэй байна. Надтай холбоотойгоор хуулийн байгууллага асуулт асууж, мэдүүлэг авсан зүйл алга. Ер нь жилийн өмнөөс АН-ын 50-иас дээш настай, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болзошгүй гэсэн хүмүүс дээр хэрэг зохиогоод, түүнийгээ шалгах эхэлсэн гэх мэдээлэлтэй байсан. Одоо тэр аргаараа явж байгаа бол яах вэ. Монгол Улс 1990 оноос “Улс төрийн цагдаатай байхгүй” гэдэг зарчмаар 1992 оны Үндсэн хуулийг баталсан. Одоо улс төрийн цагдааг бий болгоод, ямар нэг аргаар өрсөлдөгчөө намнадаг, шүүмжилсэн дуу хоолойг хорьдог, сөрөг хүчнийг өөрийнхөө хаяа, хатавчинд дуугүй суулгах гэдэг арга барилаараа тэмцэх гэж байгаа бол бид зөрүүлээд Үндсэн хуулийг босгож ирэхийн тулд хүчтэй, зоригтой зогсох ёстой.
-Таны туслах, зөвлөхүүдийг саатуулсан гэх мэдээлэл байсан. Энэ үнэн үү?
-Манай туслах, зөвлөхүүд өрөөндөө ажлаа хийгээд сууж байгаа. Та бүхэн харсан ч болно.
-“Прокурор хаалттай болчихлоо. Прокурорын дэргэдэх Мөрдөнг буцааж сэргээе” гэх санал цахим орчинд гараад байна. Энэ тал дээр таны байр суурь?
-Прокурорын Мөрдөнг сэргээснээр хаалттай байдал арилна гэдэг нь маш логикгүй үйлдэл. Энэ асуудал олон ч удаа яригдсан. 2024 оны сонгуулийн дараа байгуулагдсан шинэ Засгийн газрын 2024-2028 оны үндсэн чиглэл дотор маш чухал заалт бий. Тэр юу вэ гэхээр гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог сэргээх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагыг байгуулах гэсэн заалт. Энэ одоо болтол хэрэгжихгүй байна.
-Сүүлийн өдрүүдэд 16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг олон нийтийн анхааралд орж, бүтэн жилийн хугацаанд шийдэгдээгүй өдийг хүрсэн нь шүүмжлэл дагуулаад байна. Хуульч хүний ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
-Яагаад энэ төрлийн гэмт хэргүүдийг ийм удаан шалгадаг юм бэ. Мөн гэмт хэргийн мэдээлэл дутуугаас болоод хоёр тийшээ болж хөөсөрдөг юм бэ. Монгол Улс ардчилсан орон мөн л юм бол гэмт хэргийн тодорхой мэдээллийг шаардаж буй иргэдэд нь өгч байх ёстой. Гэхдээ гэмт хэргийн гэдэс доторхыг задалж ярьж болохгүй. Хэрвээ гэмт хэргийг нарийвчилж ярих юм бол ижил төрлийн гэмт хэргүүд гарч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, нийгмийн сэтгэлзүй, хувь хүний сэтгэлзүй эмзэг үед гэмт хэргийг нарийвчилж ярих нь дараагийн гэмт хэргүүдийн сэдэл болж өгдөг. Тиймээс сэтгүүлчид ч, олон нийт ч гэмт хэргийн гэдэс доторхыг гаргаж ирэхээс илүү энэ сургамжийн дараа бид юуг өөрчилж чадах вэ гэдэг шийдэл рүүгээ зоригтой алхах ёстой.
Эсрэгээрээ, гэмт хэрэг бүрийн дараа “Борооны дараа цув нөмөрсөн” гэдэг шиг хямарч нийгмээрээ гасалснаар ард нь шийдсэн асуудал юу ч байхгүйгээр бид явж болохгүй. Нийгэм аливаа асуудлаас сургамж авч, сургамжийнхаа араас шийдэл хайж байх хэрэгтэй.
Монголчууд яагаад ийм хүчирхийлэгч байгаа юм. Яагаад яриа хэлцэлээр асуудлыг шийдэж чадахгүй байгаа юм бэ. Энэ байгаа байдал чинь нийгмийг хүйтэн зэрлэг болгож байна. Тийм учраас ерөнхий боловсролын агуулгыг ч эргэн харах ёстой.
Нэг жишээ дурдахад, айлд орохоор нь сэтэрхий аяганд цай хийж өгсөн гэх шалтгаанаар тархийг нь хага цохидог бүдүүлэг, хүчирхийлэгч орон зайгаа бид өөрчлөх ёстой. Улс төрийн пропаганда, элдэв PR хийж байхаар нийгмийг соён гэгээрүүлэх соён гэгээрүүлэх ажлаа илүү даацтай хийх ёстой.