Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Лодойсамбуу: Хууль тогтоогчид нь “Хүн алъя“ гээд байж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 56 секунд

Нийгмийг цочроосон хэрэг гарсантай холбогдуулан иргэдийн болон УИХ-ын гишүүдийн зарим нь цаазын ялыг сэргээх асуудлыг хөндсөн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Цаазын ял гэдэг чинь хуулийн дагуу хөнөөе өө л гэсэн үг шүү дээ. Хууль тогтоогчид нь “Хүн алъя аа” гээд хээв нэг яриад суудаг байж болохгүй.

1. Амь л бол амь. Хүний амийг хүсээгүй байхад нь хорооно гэдэг бол ял байна уу, гэмт хэрэг байна уу ялгаагүй аллага.

2. Цаазалсаар байгаад аллага, хүчирхийлэлгүй, гэмт хэрэггүй болчихсон улс дэлхийд байхгүй. Асар олон хүнээ хөнөөснийхөө дараа хожуу ухаарч цаазын ялаас татгалзсан орнууд л бий. Нэг нь Монгол.

3. Гэмт хэрэгтнүүдийг гэм хийснийх нь дараа хядах тухай биш гэмт хэрэг яавал багасах вэ гэдэг тухай бодож чаддаг байх нь төр барьж байгаа хүмүүсийн эхний шаардлага. Хүн бол сүргийн амьтан. Харах, сонсох, ер нь хүний мэдрэх бүх л зүйлс өрөөл бусдаасаа улбаатай. Бид өөрсдөө ч мэдэхгүйгээр бие биенийхээ мэдрэмж, сэтгэл санаа, оюун ухаан, бодож санахыг цаг тутамд зурж зуруулж байдаг. Мэдээллийн энэ зуунд хүмүүс ямар мэдээлэл солилцож, сүргээрээ юун тухай хэлэлцэж, тэндээс юу мэдэрч байна, нийгэм тийм л болно. Үзэн ядалт, уур бухимдал, жигшил зэвүүцэл дундаас үзэн ядалт, жигшил зэвүүцлээс л гарах үйлдлүүд гарна.

Саяхнаас бидний шүүн хэлэлцэж байгаа сэтгэл сэрдхийлгэм мэдээг харсан. Хүнээ алдаж үзсэн хүн бүр тэр гэр бүлийн зовлон шаналлыг мэдэрч эмгэнэж байгаа. Би ч бас тэр хүмүүсийг шударга шүүхээр орж ял зэмээ тултал хүртэж эдлээсэй гэж чин угаасаа хүсэж, харж байна.

Өнөөдрийг хүртэл авсан мэдээлэлдээ үндэслээд дүгнэхэд цагдаа, прокурорын байгууллагуудад үнэхээр цогц арга хэмжээ авахгүй бол болохгүй болсон гэдэг бодол маань улам баталгаажиж байна. Хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд, хэдийгээр хохирогчдын өмнөөс зүрх сэмэрч байгаа ч нийгэм дүүрэн үзэн ядалтыг нэмж өрдөхийг хүссэнгүй. Давуулаад цаазын ял сэргээх тухай нэг биш хүн яриад байгаа болохоор бодлоо бичлээ. Харамсалтай, халширмаар энэ хэргийг увайгүй улс төрчид зориудаар ашиглаж байх вий гэж та нар маань бас хэрсүү ухаандаа тунгаагаарай. Нийгмийг айдас, үзэн ядалт, талцал хуваагдлаар дүүргэж төрийн эрх барьж байсан нөгөө хүмүүс одоо ч бас сандал суудлынхаа тулаанд орчихсон явааг харж байгаа биз ээ.

Төгсгөлд нь илүү үглэхэд, саяхан төрийн эрх барьж байгаад больсон тэр хүмүүсийн олон сар жилийн увайгүй хар пиар нийгмийн сэтгэлзүйг ингэж зэрлэгшүүлж хорлоход жинтэй хувь нэмэр оруулсан шүү. Тиймээс цаашид улс төрчид маань аливаа тулаанд орохдоо ядаж үр хойчоо хайрлаад нийгмээ жаахан мэдэрч бодолцож өрсөлдөөрэй л гэж уриалах байна. Өнөөдөр яаж ч хөлөө жийлцээд хэдүүлээ хэдэн үеэрээ эндээ хамт л амьдарна шүү дээ" гэжээ.

Х.Нямбаатар: “Сарын өмнө комисс хүлээн авсан явган зам хуулаад хаячихлаа, Х.Нямбаатар аа“ гээд бүтэн зунжин таны өмнөөс би зодууллаа, Чойжоо сайд аа
Х.Нямбаатар: “Сарын өмнө комисс хүлээн авсан явган зам хуулаад хаячихлаа, Х.Нямбаатар аа“ гээд бүтэн зунжин таны өмнөөс би зодууллаа, Чойжоо сайд аа
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.