Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: 2024 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар 15 их наядын зөрчил илэрснээс 6 их наядыг нь арилгуулж, 9 их наядын зөрчлийг нь ЗГХЭГ нягтлан шалгаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 1 секунд

ЗГХЭГ-аас анх удаа аудитын байгууллагын дүгнэлтийн мөрөөр төсвийн ерөнхийлөн захирагч нарт илэрсэн санхүүгийн зөрчлүүдэд хяналт, шалгалт хийж эхэлсэн байна. Тэгвэл энэ чиглэлд урьдчилсан байдлаар ямар алдаа зөрчил илэрсэн талаар болон цаашид хяналт, хариуцлагын асуудалд Засгийн газар хэрхэн анхаарах талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогттой ярилцлаа. Түүнчлэн ирэх оны төсөв өргөн бариад буй энэ цаг үед Засгийн газар ирэх жил төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг үр ашигтай, оновчтой болгох чиглэлд ямар шинэчлэл хийхээр зорьж буй талаар тодруулсан юм.

-2024 онд сайд нар нийт 33.8 тэрбум төгрөгийн төсвийг ЗОРИУЛАЛТЫН БУСААР, ҮР АШИГГҮЙ зарцуулсан гэх дүгнэлтийг Үндэсний Аудитын газраас гаргасан. Түүнчлэн зарим яамд зардлын мэдээллээ шилэн дансанд байршуулаагүй гэх асуудал ч байна. Энэ мэт аудитын дүгнэлтэд үндэслэн ЗГХЭГ-аас хяналт шалгалт хийж байгаа талаар та мэдэгдсэн. Тэгвэл одоогоор ямар зөрчлүүд илрээд байна вэ?

-Жил бүр аудитын байгууллагаас улсын төсвийн гүйцэтгэл дээр санхүү, нийцэл, гүйцэтгэлийн аудит хийдэг. 2024 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын шалгалтаар 15 их наяд төгрөгийн зөрчил илэрч, үүнээс 6 их наяд төгрөгийн зөрчлийг арилгуулсан гэх мэдээллийг Үндэсний Аудитын байгууллага УИХ-ын чуулганд мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор тодорхой мэдээллүүд ч тавигдсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайдаас үлдсэн 9 их наядын зөрчилтэй холбоотой асуудлыг нягталж шалгах үүрэг өгсний дагуу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, ЗГХЭГ хамтран Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.

Эл 9 их наядын зөрчлийн 5-6 их наяд нь Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хангалтгүй хандсан зөрчил. Өөрөөр хэлбэл, шилэн дансанд мэдээллээ нээлттэй тавиагүй гэсэн үг. 3 орчим их наяд төгрөгийн зөрчил нь нягтлан бодох бүртгэлийн бичилтийг алдаатай хийсэн асуудал байсан. Эдгээрийг цааш задлаад үзвэл, нийт зөрчлийн 60 орчим хувь нь яамдууд буюу төсвийн ерөнхийлөн захирагч нар дээр, 20 орчим хувь нь орон нутгийн удирдлагууд буюу аймаг, нийслэлийн Засаг дарга нартай холбоотой зөрчил байгаа юм.

Харин нийт зөрчлийн 10 хувь буюу 800 орчим тэрбум төгрөгийн асуудал нь төрийн өмчит компаниуд дээр гарсан байна. Одоогоор гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 11 тэрбум төгрөгийн 30 гаруй зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна.

Ажлын хэсэг эл зөрчлүүдийг дахин лавтган, нягталж байгаа. Учир нь олон нийт төрийн өмчит компаниуд үр ашиггүй ажиллаж байна, яам, орон нутгийн удирдлагууд төсвийн мөнгөнд хайр гамгүй хандаж, шамшигдуулж байна гэдэг шүүмжлэлийг байнга хэлж байгаа. Тиймээс анх удаа бид аудитын хийсэн дүгнэлтийн мөрөөр хяналт шалгалт хийлээ. Жил бүр аудитаас зөрчилтэй гэх дүгнэлт гаргаад байхад хариуцлага тооцохгүй хэвээр байх юм уу, зөрчилтэй гэх асуудал дээр цаашид дахин яаж алдаа гаргахгүй байх вэ гэдэгт анхаарал хандуулах үүднээс энэхүү хяналт шалгалтыг хийж байгаа юм.

-Илэрсэн зөрчлүүдтэй холбоотойгоор тухайн яам, тамгын газруудаас тайлбар мэдээлэл авсан уу?

-Авсан. Сөрөг дүгнэлт гарна гэдэг бол тухайн төсвийн ерөнхийлөн захирагч ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. Тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн удирдлага дор ажиллаж буй нягтлан, санхүүгийн ажилчид ажилдаа хариуцлагагүй хандаж байна гэсэн үг.

Нөгөөтээгүүр хангалтгүй гэж дүгнэгдсэн байгууллагууд болон сөрөг дүгнэлт авсан төсвийн ерөнхийлөн гүйцэтгэгч нарт хариуцлага тооцох асуудлыг Ажлын хэсгийн дүгнэлтэд оруулна гэж бодож байна .

-Ажлын хэсэг хэр хугацаанд ажиллаж, зөрчлүүдийг шалгаж байна вэ?

-Ерөнхий сайдын захирамжаар өнгөрөгч наймдугаар сарын эхээр энэхүү ажлын хэсэг байгуулагдсан. Жил бүр л УИХ дээр яамдууд, аймаг нийслэлийн Засаг дарга нар, төрийн өмчит компаниуд асуудалтай, алдаа дутагдалтайгаараа цоллуулдаг. Тэгвэл энэ байдлыг цэгцэлье, зүгээр л яриад өнгөрдөг биш үүнд тодорхой үр дүн гаргая гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа. Цаашид аль болох зөрчилгүй байлгахын тулд ажлын хэсэг ажиллах ёстой. Үүнд л хяналт шалгалт маань чиглэж байгаа.

-Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 11 тэрбум төгрөгийн зөрчилтэй холбоотой асуудлыг хэзээ хууль хяналтын байгууллагад шилжүүлэх вэ?

-Тухайн мэдээллийг нэгтгэж дуусаад Засгийн газарт мэдээлнэ. Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараагаар хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.

-Ер нь яамдуудыг санхүүгийн сахилга баттай байх, төсвийн жилд тавигдсан хөрөнгийг зориулалтаар ашиглах чиглэлд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Төсөв бол татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс татвар төлөгчдийн хөрөнгийг яаж үр ашигтай, зөв зүйлд зарцуулах вэ гэдэгт албан тушаалтнууд бүгд хариуцлагатай хандах ёстой. Гэтэл төсвийн хөрөнгөнөөс хулгай хийдэг, шамшигдуулдаг, үр ашиггүй зарцуулдаг, худалдан авалт тендерийг буруу зохион байгуулдаг, шилэн данс дээр мэдээллээ тавихгүй нууж хаадаг гэх мэт зөрчлүүдийг илрүүлж, тэр дор нь хариуцлага тооцож чаддаг байвал энэ асуудал цаашид цэгцэрнэ. Цаашид ийнхүү ил тод нийтэд мэдээлдэг, хариуцлага тооцдог болоод ирэхээр татвар төлөгчийн мөнгө үр ашигтай зарцуулагддаг болно. Үүний тулд Монгол Улсын Засгийн газар илүү онцгой анхаарч ажиллаж байгаа.

-Үр ашиггүй ажиллаж буй ТӨХК-иудыг хувьчлах баримт бичгийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна-

-Яамдуудаас гадна төрийн өмчит компаниуд дээр ямар шинэчлэл хийх вэ. Төрийн өмчит компаниудын тоог ирэх жил 108-аас 70 болгож бууруулна гэдгийг та төсвийн танилцуулгын үеэр онцолж байсан?

-Төрийн өмчит компаниудыг цомхон, чадварлаг, хүртээмжтэй, үр ашигтай болгох нь энэ Засгийн газрын барьж буй гол бодлогуудын нэг. Харьцангуй ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниуд байна. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс таван толгой зэрэг төрийн өмчтүүдийн эдийн засаг, санхүү, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдэд үр дүн гарч байгаа. Нөгөө талдаа орлого олдоггүй, алдагдалтай ажилладаг ч түүнийгээ тоолгүй цалингаа санаа зовохгүйгээр аваад явдаг дарга нар байна. Ийм компаниудыг татан буулгах бодлого барьж байгаа. Бас чиг үүргийн давхардалтай байгууллагуудыг нэгтгэж, нийлүүлээд илүү цомхон бүтцийг бий болгох боломж бий. Цаашид төрийн өмчит компаниудыг аль болох үр ашигтай ажиллуулж, тавьсан зорилго бодлогоо хэрэгжүүлж, төлөвлөгөөгөө биелүүлж чадсан нь нэмэгдэл урамшууллаа авдаг тогтолцоо руу шилжүүлье гэж байгаа юм. Гүйцэтгэлээр нь гэсэн үг. Мөн үр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг хувьчлах бодлогыг барих ёстой. Энэ тал дээр өмч хувьчлах бодлогын бичиг баримтыг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Үүний хүрээнд тодорхой компаниудыг хувь хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, шаардлагагүй хөрөнгүүдийг хувьчлах бодлогыг УИХ-д танилцуулж шийдвэрлүүлнэ. Бодлогын бичиг баримтыг нь бид боловсруулж байгаа.

-Ер нь төрийн өмчит компаниуд хариуцлагатай ажиллаж чадаж байна уу. Өнгөрсөн жил л гэхэд 100 гаруй төрийн өмчит компанийн 40 нь гурван жил дараалан алдагдалтай ажилласан компаниуд байна гэж байсан. Гэвч татан буулгасан нь үгүй. Нөгөөтээгүүр төрийн өмчит компаниуд дээр БЭТ томилохгүй л бол ажил нь явдаггүй болчихсон юм уу гэдэг асуудлыг ч олон нийт хөндөх боллоо?

-Алдагдалтай ажиллаж буй компаниудыг татан буулгаж байгаа. Давхардсан чиг үүрэгтэйг нь нэгтгэж байгаа. Ийм байдлаар үр ашиггүй компаниудаа үр ашигтай болгох, цөөлөх бодлогыг хийж хэрэгжүүлж байна. Дараалсан жилүүдэд ашиггүй ажиллаж байгаа компаниудад яалт ч үгүй анхаарах ёстой. Нүүрсний уурхай, эрчим хүчний компаниуд дээр ойлгох зүйл бий. Учир нь эрчим хүчний үнийг өсгөхгүйн тулд хүчээр үнийг барьж улмаар алдагдалтай ажилладаг компаниуд байдаг. Үүнийг бид ялгаж харах ёстой. Яагаад гэвэл нийтийн сайн сайхны төлөө, ард иргэдийн амьдралд хүндрэл учруулахгүйн төлөө төрөөс үнийн хатуу зохицуулалт хийж, үнэ барьж байгаа компаниудыг хүндэтгэн үзэх шалтгаантай. Энэ утгаараа Эрчист монгол компанийг байгуулан ажиллаж байна. Эндээс тодорхой үр дүн гарна байх аа. УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшин энэ компанийг удирдаж байгаа.

-Нөгөө талдаа төрийн өмчит компаниудтай холбоотой шүүмжлэл дагуулдаг нэг асуудал бол шахаа. Шахааг яаж арилгах юм?

-Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр шахааг арилгах чиглэлд маш том жишгийг нэвтрүүлээд байгаа. Бид Эрдэнэс Монголын харъяа компаниудад энэ жишгийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухааныг худалдан авалтад нэвтрүүлж, ашиглаж байна. Хиймэл оюун ухааныг ашигласнаар теднерт оролцож буй компаниудын үнэлгээ ил тод, нээлттэй, шударга зөв үнэлэгддэг болж байна гэсэн үг. Хиймэл оюун ухаан сонгон шалгаруулалтад хяналт тавьж, баримт материалыг бодитой үнэлсэн эсэхийг нягтална. Энэ шийдэл дэлхийд анхдагч. 99 хувь алдаагүй байна гэсэн дүгнэлт хийж байгаа. Тийм болохоор "Эрдэнэс монгол"-ын бусад компаниудад нэвтрүүлье, ингэснээр төрийн өмч дагасан шахаа, тендерийн хулгай алга болно.

Нөгөө талдаа бид төрийн өмчит компаниудын үйлдвэрлэж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг биржээр арилжаалдаг болсон. Ингэснээр гэрээний хулгай буюу хямд үнэтэй гэрээ хийгээд цааш нь үнэтэй зарж, дундаас нь ашиг унагадаг байдлыг таслан зогсоосон. Ийм байдлаар бид төрийн өмч дагасан гэрээ, тендерийн хулгайг цэгцлэх ажлыг хийж байна.

Ярилцсанд баярлалаа

ТАНИЛЦ: Зам тавьж өгөөд, байнга баруун эргэх боломжтой уулзварууд
ТАНИЛЦ: Зам тавьж өгөөд, байнга баруун эргэх боломжтой уулзварууд
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.