
Сагсан бөмбөгийн хамгийн том лиг буюу NBA-ын бүх одод тоглолт хоёрдугаар сарын 15-нд Лос Анжелес хотын Intuit Dome-д болно. Сүүлийн үед уналтад ороод буй NBA-ын бүх оддын тоглолт өмнөхөөсөө өөр форматтай явагдана.
ESPN-ийн мэдээлснээр тэмцээн 3 багийн тойргоор тоглох системээр явагдах бөгөөд баг тус бүр 8 тоглогчоос бүрдэх юм. Тус багуудын хоёр нь Америк тоглогчдоос бүрдэх бол гурав дахь баг олон улсын тоглогчдоос бүрдэнэ. Багууд тойргийн журмаар тоглолт хийх бөгөөд хамгийн их оноотой хоёр баг цомын төлөө өрсөлдөнө.
Өнгөрсөн улирлын бүх оддын тоглолт 3 цаг гаруй үргэлжилсэн хэдий ч сагсан бөмбөг нь ердөө 45 минут болсон нь ихэнх үзэгчдийг уйдаасан. Тэгвэл энэ жилийн форматыг сайжруулж, Америк болон дэлхийн баг гэж хуваах нь үзэгчдийн хүсэл гэлтэй. Харин энэхүү шинэчлэл нь NHL-ийн “4 Nations Face-Off” тэмцээнээс санаа авч, тоглолтыг илүү өрсөлдөөнтэй болгох зорилготой гэж NBA-ын комиссар Адам Силвер хэлжээ.
Э.Ариунтөгс