Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСВӨӨР ЮУ БАЙНА: 90 сая тн нүүрс экспортлон, 31 их наядын орлого олж, 33 их наядын зарлага гаргаж, 1.3 их наядын алдагдалтай байхаар төлөвлөжээ

Ангилал
Улс төр Visual toim Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 1 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр 2026 оны Төсвийн тухай хууль болон дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барисан билээ. Тэгвэл ирэх оны төсвийн төсөлд туссан онцлог заалтуудыг уншигч танд хүргэж байна. Засгийн газрын зүгээс энэ удаагийн төсвөө макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжих бодлогод суурилан боловсруулсан гэдгийг онцлоод буй юм.

-Анх удаа төсвийн төсөлд ИРГЭДЭЭС САНАЛ АВЧЭЭ-

2026 оны төсвийн онцлог нь төсвийг боловсруулах явцад анх удаа олон нийтийн саналыг авсан явдал. Тодруулбал, нийт 189 мянган иргэн саналаа хүргүүлсэн. Үүнээс давхардсан тоогоор 235 мянган иргэн нь төсвийг эрүүл мэнд, боловсролын салбар руу чиглүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

-31 их наядын орлого олж, 33 их наядын зарлага гаргана-

Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого нь 2025 оны батлагдсан дүнтэй харьцуулахад 1.3 их наяд төгрөгөөр өсөхөөр байна. Энэхүү өсөлтийн 626.4 тэрбум төгрөгийг орлогын албан татварын орлого, 386.4 тэрбум төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын өсөлт тус тус эзэлж байна.

-Нүүрсний экспортоо ӨӨДРӨГӨӨР төсөөлөв-

Манай улсын хувьд төсвийн орлогыг бүрдүүлэхэд ихээхэн найдвар тавьдаг салбар бол уул уурхайн салбар юм. Энэ утгаараа 90 сая тонн нүүрс экспортлоно гэх өөдрөг төсөөллийг дэвшүүлжээ. Ингэхдээ ирэх онд зэс, нүүрсний экспортоос төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэгдсэн төсвийн нийт орлогын гурваас дээш хувийг бүрдүүлэхээр байгаа юм. Тодруулбал, зэсийн тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 8,341.8 ам.доллар, нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 133.7 ам.доллар байхаар байгаа талаар Төсвийн төсөлд тусгажээ

-НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмж, банкны картаараа худалдан авалт хийх бүрд автоматаар төлбөрийн баримт бүртгэгдэх боломжтой болгоно-

НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэхээс гадна иргэдийн банкны картаар нь дамжуулж худалдан авалт хийх бүрд нь автоматаар төлбөрийн баримт бүртгэгдэх боломжтой болохоос гадна зах, худалдааны төвүүд, цахим худалдаа эрхлэгчдийн төлбөрийн баримт олголтыг идэвхжүүлэх талаар ч төсвийн төсөлд тусгажээ.

-Багшийн ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлсэн цалин хөлсний бүтцийг бий болгоно-

Ирэх 2026 оныг Засгийн газраас "Боловсролыг дэмжих жил" болгон зарласан байдаг. Энэ утгаараа салбарын багш, ажилчдын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаатай асуудал сүүлийн үед хурцаар хөндөгдөх болсон. Тэгвэл нэг ангид суралцах хүүхдийн тоо хэтэрсэн буюу ачаалал ихтэй ажиллаж байгаа багшид хувьсах зардлаар дамжуулан нэмэгдэл хөлс олгох замаар багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, багшийн ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлсэн цалин хөлсний бүтцийг бий болгоход зориулж 100 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгасан байна.

-2026-2028 онуудад эдийн засаг ӨСНӨ-

Эдийн засгийн өсөлтийг 2026 онд 5.7 хувь байхаар төсөөлжээ. Тус өсөлтийн гол хөдөлгөх хүчийг уул уурхайн салбар, тэр дундаа нүүрс, зэсийн экспорт хэмээн харж буй. Гэвч Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулсан макро эдийн засгийн таамаглалд нүүрсний зах зээлийн үнэ ханш болон БНХАУ-ын зах зээлийн тодорхойгүй байдал зэрэг хүчин зүйлс нь эдийн засгийн өсөлтийг тодорхойгүй байдалд оруулж байгааг дурджээ.

-2026 онд БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН салбарт анхаарна-

Төсвийн төсөлд саналаа өгсөн иргэдийн зүгээс боловсрол болон эрүүл мэндийн салбарт төсвийг чиглүүлэх ёстойг шаардсан. Тэгвэл ирэх онд эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 211.6 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 1,089.5 тэрбум төгрөг буюу нийт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэнэ.

Харин боловсролын салбарт 2028 он хүртэл 95 цэцэрлэг, 108 сургуулийг шинээр барьж, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 448.0 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 593.6 тэрбум төгрөг буюу нийт 1 их наяд төгрөгийг 2026 оны төсвийн төсөлд тусгасан байна.

-Тэтгэврийн хэмжээг НЭМЭГДҮҮЛНЭ-

Нийгмийн хамгааллын салбарын урсгал зардлын тооцоололд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой заалт багтжээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэвэр, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон бөгөөд үүндээ нийт 378 тэрбум төгрөг нэмж хуваарилах аж.

-Олны анхаарал татсан МЕГА ТӨСЛҮҮДЭЭ хэрхэн санхүүжүүлэх гэж байна вэ-

Ирэх оны төсвийн төсөлд нэлээдгүй олон мега төсөл хөтөлбөрүүдийн санхүүжүүлэх дүнг тусгаж өгсөн байгаа. Эдгээрээс олны анхааралд өртсөөр ирсэн таван төслийг жишээлэн авч, ирэх онд санхүүжих дүнг нь сонирхуулж байна. Тухайлбал, нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл. Эл төслийн явц одоогийн байдлаар 33 хувьтай байгаа бөгөөд ирэх онд 26 тэрбум төгрөгийг хуваарилахаар төсөлд тусгаад байна.

18 хувьтай хэрэгжиж буй Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг ирэх онд 99 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх нь ээ. Мөн 29 хувьтай үргэлжилж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг 207 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх аж.

-Сангууд 2-4 орчим их наядын ҮЛДЭГДЭЛТЭЙ байна-

Хамгийн сүүлийн байдлаар Төсвийн Тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв сангийн үлдэгдэл энэ хэмжээнд байна. Ирэх онд Төсвийн тогтворжуулалтын санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 292.1 тэрбум төгрөгийг, ААН-ийн орлогын албан татвараас 75.6 тэрбум төгрөгийг буюу нийт 367.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр байна.

Маргааш тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Маргааш тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.