Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан “хашаандаа” болсон уулзалтад орсонгүй. МАН-ынхан улам гүнзгий хагарна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 36 секунд

АН, МАН-ын “гал тогоонд” эрх мэдлийн шилжилт хийгдэхээр түм түжигнэж, бум бужигнаж байна. Өчигдөр АН-ынхан хурлаа хийж хоёр хоногийн дараа намын даргаа сонгохоор тогтлоо. АН ч яахав. Нэг нь дарга болж бусад нь зорилгоо биелүүлцгээх биз. Харин Ардын намын орон байр нэлээдгүй талцал хуваагдалтай байна.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр залуучуудын байгууллагынхаа үе үеийн дарга цэрэг нар гэх 500 орчим хүмүүсээ цуглуулж уулзахтай зэрэгцэж үүр цүүрээр өмнөх Ерөнхий сайд асан учир битүүлэг пост бичиж байдал янзгүй байгааг илтгэв. Тэгвэл Ардын нам дотор ер нь юу өрнөөд байна. Цаашид яг юу болох талаар хамтдаа эргэцүүлцгээе.

НЭГ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Архангайн Цэнхэрийн уулзалтын хариуг дүү нартаа барив

“Их тэнгэр”-т Ерөнхийлөгчийн “ЗБ” хийсэн уулзалтын зорилго нь Г.Занданшатарт намынхаа тамгыг авч өгөх явдал юм. Бас Архангайн Цэнхэрт хийсэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрын 25 гишүүнтэй хийсэн уулзалтын хариу мэх. Мэдээж 500 заншлаач нэг дор явна гэж юу байх вэ гэдэг шиг 500 хүн цуглуулж хийдэг улс төрийн лобби ч гэж юу байх вэ. Ерөнхийлөгч “Би Занданшатартай хамт шүү. Аятайхан байгаарай” гэсэн ерөнхий улс төрийн уур амьсгалыг намынхандаа мэдрүүлэх гэсэн хэрэг.

Хүн бүрийг шахуу дуудаж зураг даруулж, хүслийг нь сонссон Ерөнхийлөгч үүргээ гүйцэтгэв. Санааг нь ойлгосон зочид ширээ бүрийн ар дахь хундаганы үг дээрээ “Ерөнхий сайд намын дарга байх ёстой” гэдэг зүйлийг тодорхой ярьж хэлж байсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Харин энэ нялуун үгсийн хэдэн хувь нь худал зусар долоолт байсныг таашгүй.

ХОЁР, Ерөнхийлөгчийн уулзалтад НАМЗХ-ны Ерөнхийлөгч асан Л.Оюун-Эрдэнэ, Дэд ерөнхийлөгч асан Д.Амарбаясгалан хоёр ОЧСОНГҮЙ

Өөрийнх нь уулзалт “гэрэл цохиж”, Ерөнхийлөгч илүү том арга хэмжээ хийсэнд Л.Оюун-Эрдэнэ шууд дургүйцлээ илэрхийлсэн. Бүр үүр цүүрээр пост хийж багагүй анхаарал татав.

Тэгвэл МАСЗХ-НАМЗХ-СДЗХ гэх гурван үеийн түүхтэй МАН-ын залуучуудын байгууллагын дунд үетэй салшгүй холбоотой хоёр том дарга л Ерөнхийлөгчийн урилгаас татгалзав.

Тэр нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан гэх НАМЗХ-ны нэгэн үеийн Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч хоёр юм. Ирээгүй шалтгаан нь маш тодорхой. Энэ уулзалтыг таашаахгүй байна гэсэн үг. Товчхондоо бол эсэргүүцэж байгаагийн том дохио. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ бол ойлгомжтой. Одоо нэгэнт цагаандаа гарч, тэмцэлдэх нь ойлгомжтой болсон хүн. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголдоо байсан атлаа яагаад “ХАШААНДАА” болсон уулзалтад очоогүй вэ гэдэг ихээхэн сонирхолтой асуулт байх нь гарцаагүй.

Энэ магадгүй цаашдын улс төрийн том “зодоон”-ы дохио байх.

ГУРАВ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэг талдаа байхад Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөж спикерийн суудлаа ганхуулах уу

Архангайн Цэнхэрийн уулзалтын үеэр намын даргад Д.Амарбаясгаланг сойх талаар Л.Оюун-Эрдэнэ багагүй ярьсан гэдэг нь худлаа биш. Харин УИХ-ын дарга бүх улс төрийн мэдрэмжээ алдаад “гал” руу үсрэх үү.

Манай улсын өнгөрсөн 30 жилийн тогтолцооны түүхийг харахад, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нэг байхад засаг унаж, намын дарга солигдсон явдал нэг ширхэг ч байхгүй. Гүйцэтгэх засаглал Ерөнхийлөгчийн институттай муудалцвал хөмрүүлж төгсдөг гэдгийг бид Н.Алтанхуягийн 2014 оны, М.Энхболдын 2007 оны, Ж.Эрдэнэбатын 2017 оны, Л.Оюун-Эрдэнийн 2025 оны жишээнээс хангалттай харж болно. Тогтож үлддэг жишээ гэвэл Ч.Сайханбилэг, У.Хүрэлсүхийн ЗГ-ыг нэрлэж болно.

Ер нь бол Д.Амарбаясгалан тэнэг хүн биш. Ялахгүй тулаанд орж ялагдаад УИХ-ын даргаасаа бууж, нэр холбогддог нүүрсний асуудлаа хурцдуулахгүй. Аль болох тайван амгалан дөрвөн жил спикерээ хийх нь түүнд өлзийтэй. Тиймээс хүмүүсийн хүсээд байгаа шиг өрсөлдөөн Ардын нам дотор лав гарахгүй.

ДӨРӨВ, “Цэнхэрийн уулзалтын” цаад зорилго нь ЗГ-ыг “ороох уу”, генсекийн суудлын “наймаа” юу

Өнгөрсөн зун Ардын намын “80-аад оныхон” гурван ч удаагийн уулзалтыг УИХ-ын гишүүдтэй хийсэн. Үүний гол зорилго нь намын даргын өрсөлдөөнд орох лав биш байх гэж таамаглаж байна. Ялангуяа Цэнхэрт болсон уулзалт бол юу, юугүй Д.Амарбаясгалангаа нэр дэвшүүлээд ах нартайгаа салам “зодолдохгүй”. Харин намрын чуулган эхлэхтэй зэрэгцэж ЗГ-ыг огцруулах “ажиллагааг” эхлүүлэн “70-аад оны” ах нараа номхотгох гэсэн л цаад санаа болов уу даа. ЗГ огцорчихвол шинэ Ерөнхий сайдыг томилох боломж бий болно. Нэг жилийн хугацаа үлдсэн Ерөнхийлөгчийн өөдөөс хүний өөрийнгүй үг хэлж эхэлнэ. Ингээд засгаа, намаа авах боломж залуучуудад гарч ирэх магадлал үүсэх юм.

Тиймээс Ардын намын даргын асуудлаас илүү төсвийн үеэр явах улс төр болон эрүүл мэнд, эрчим хүч, боловсрол зэрэг бүх нийтэд хүртээлтэй хамгийн дампуу цэгүүдийг л олж дараад байвал Г.Занданшатарын ЗГ-ын “бие нь муудах” нигууртай.

ТАВ, ЗГ-аас “Төгрөг нуурын орд”-ын лицензийг цуцалсан шалтгаан

Энэ их улс төрийн дундуур өнгөрсөн ЗГ-ын хурлаар Х.Баттулгын нэр холбогддог “Төгрөг нуурын орд”-ын лицензийг цуцлаад төрд авав. Залуучуудын хийсэн улс төрийн нүүдэл, суудал Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад таалагдаагүй тул “Женко”-г хатгаж сануулга өгөв бололтой.

Хэлэлцэх асуудлын дараалалд гэнэт орж ирсэн энэ “Төгрөг нуурын орд” бол МАН, АН-ын даргын сунгаанд хоёуланд нь нөлөөтэй сануулга. Товчхондоо, “Улс төр хийвэл бүгдийг чинь асуудалд оруулна шүү” гэсэн дохио юм.

Ингээд харахад, МАН-ын даргын төлөөх асуудал нэг их том асуудал лав тарихгүй байх. Л.Оюун-Эрдэнэ намын даргаа өгдгөөрөө өгч, Г.Занданшатар намын дарга болно. Харин Я.Содбаатарыг солих уу, үгүй юу гэдэг л жинхэнэ том асуулт байх ёстой. Ерөнхийлөгчийн тал, “70 оныхон” ингэж бүгдийг нь авах уу. Залуучууд тохироо хийж чадах уу гэдэг л сонин байна.

Мэдээж намрын чуулган, ирэх хаврын чуулганы улс төр биднийг уйдаахгүй. Өвөлжилт ч чанга болно...

Г.Лхагвадорж

ҮБХ: Лу.Гантөмөр намын даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хүлээн авч, Дотоод сонгуулийн хороог 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав
ҮБХ: Лу.Гантөмөр намын даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хүлээн авч, Дотоод сонгуулийн хороог 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.