Монголын тайз, дэлгэцийн домогт дуучин, МУГЖ Т.Ариунаа маргааш буюу энэ сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Зүрх асна” нэртэй тоглолтоо хийх гэж байгаа. Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлаар "Уран бүтээлч, тоглолтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан, үзэгчдэдээ гал дөл, эрч хүчийг бэлэглэхэд бэлэн" гэдгээ мэдэгдлээ.
“Маргааш 15:00 цагт нээлтээ хийх тоглолт маань үзэгчдийнхээ зүрхний галыг асаахад бэлэн болсон. Тоглолтын гол амин судас бол хөгжмийн найруулга. Энэ удаад Ерөнхий найруулагчаар “Skin Entertainment”-ын Б.Анар ажиллаж байна. Бид 2019 оноос хойш олон томоохон төслүүдэд хамтран ажиллаж, шинэ дуу хоолой, шинэлэг найруулгаар үзэгчдэд хүрч байна” хэмээн дуучин, МУГЖ Т.Ариунаа онцоллоо.
Тоглолтын бас нэгэн сонирхолтой хэсэг нь “Mixningstar” хамтлагийн ахлагч Б.Аззаяатай хамтран шинэчлэн дуулсан “Чамтай бас чамгүй” дуу. Анх 2004 онд олонд хүрч байсан энэхүү дуу шинэ өнгө төрхтэйгөөр дахин амилж, үе үеийн сонсогчдыг холбох гүүр болжээ. Хөгжмийн найруулгыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбат хийж, олон улсын түвшинд хүрсэн уран бүтээл болсон байна.
“Тоглолт гэдэг бол эв нэгдэл, хамтын хүчний үр дүн. Бид бүгд нэг зорилгын төлөө асаж ажилласнаар энэ төслийг амжилттай болголоо. Шинэ үеийн залуу уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, тэднээсээ сурч суралцсан нь гайхалтай аялал байлаа” хэмээн зохион байгуулагчид хэллээ.
Дуучин Т.Ариунаа "Бүх талаараа асдаг хамт олонтой ажиллах маш сайхан байна. Бид эергээр асахыг маш их хичээсэн. Маш олон хүн хүлээлттэй байгаа. Монгол орны өнцөг булан бүрээс бүх л насныхан ирж үзэж байгаа болохоор айдас сандрал их байна. Дэлхийн өнцөг булан бүрээс зорьж ирж байгаа үе үеийн шүтэн бишрэгчдэдээ, Монгол түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байна" гэдгээ илэрхийллээ.
Ийнхүү “Зүрх асна” тоглолт зөвхөн нэгэн үдшийг биш, харин монголчуудын зүрхэнд уран бүтээлийн гал дөл асаах онцгой арга хэмжээ болох гэж байна.
М.Ариунжаргал