Өчигдөр /08.21/ үргэлжлэн орсон борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Нарангын голд үер бууж 20 айл өрх усанд автсан. Дүүргийн онцгой комиссын шуурхай штаб, холбогдох албан хаагчид газар дээр нь ажиллаж яаралтай хариу арга хэмжээг авч буй аж.
35 дугаар хороо, Нарангийн голын дунд буудлаас эцсийн буудал хүртэлх 1.5 км замд нийт 66 айл өрх үерийн аман дээр буусан бөгөөд өмнө нь дүүргийн газар зохион байгуулалтын алба, онцгой байдлын хэлтсээс дээрх айл өрхүүдэд хоёр удаа үерийн амнаас нүүж, аюулгүй байдлаа хангах тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлж байжээ.
Үүнээс гадна дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ-аас дээрх 1.5 км замд нийт 35 машин шороо асгаж шороон далан босгосноос гадна 50 автомашин шороо асгаж газрыг түрж тэгшлэх ажлыг гүйцэтгэсэн байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр 35 дугаар хороонд ажиллаж, гэр нь усанд авсан айл өрхтэй уулзлаа. Нийт 66 айл өрхөөс 33 айл өрх газраа чөлөөлж нүүхээр газрын албатай зөвшилцжээ. 35 дугаар хорооноос урссан ус доош хоёрдугаар хороо руу давж урссанаас болж, хэд хэдэн айл өрх усанд автсан. Иймээс хоёрдугаар хорооны зарим айл өрхийг мөн нүүлгэн шилжүүлэхээр боллоо.
Дээрх байршилд зун, намрын улиралд бороо орж үер буудгаас гадна өвлийн улиралд халиа дошин үүсдэг. Иймээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулсаар иржээ. Цаашид үерийн аман дээр буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлсний дараагаар далан барих ажлыг эхлүүлнэ гэдгийг Засаг дарга Ц.Баттөр мэдэгдлээ.