
УИХ-ын гишүүн М.Мандхай нарын гишүүд 2025 оны төсвийн тодотголын асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Мандхай "Төсвийн тодотгол хийхийг дэмжиж байгаа. Харамсалтай нь төсвийн үргүй зардлыг бууруулах, бүсээ чангалах, үр ашиг бүтээмжийг нэмэгдүүлнэ гэсэн ч "Чоно борооны үлгэр" байж. Төсвөөс бууруулах танах ёстой зардлаа хассангүй.
Харин улс орны амин асуудал болох хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсээ бэлдэх, хөдөө аж ахуйн тулгуур түүхий эдийг бодлогоор дэмжих чухал төслийг хаслаа. Өөрөөр хэлбэл, хүнсний бодлого, малчин ард, орон нутгийн хөгжлөөс ухарлаа.
ХАА нь ажиллах хүчний 24 хувийг бүрдүүлдэг. Манай улсын том салбар бөгөөд дотоод шилжилт хөдөлгөөний гол хүчин зүйл байдаг. Гэтэл 2025 он, улсын төсвийн хөрөнгө оруулалтын 76.6 хувь нь зургаахан салбарт төвлөрч байна. Гэтэл үүнд ХАА салбар ороогүй. Энэ төсвийн хөрөнгө оруулалт салбаруудын хувьд хэт төвлөрсөн, зарим салбарт системтэйгээр давуу байдалд орж буйг харуулж байна. 2025 оны төсвийн тодотгол алдаа завхралтай, хийдэлтэй, хэт субьектив хийгдэж байгааг анхаарах ёстой " гэлээ.