Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Саранчулуун: Төрийн бодлого, шийдвэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмж муутай байх тусам халамжид зарцуулах төсөв л томорно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
24 минут 33 секунд

УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хууль эрх зүйн орчны талаар ярилцлаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах Нийгмийн ажлын тухай хуулийн төслөө өргөн барихад бэлэн болсон-

-Та УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө “Хэрвээ хууль тогтоогч болбол ийм ажлуудад бодлогын шийдэл гаргана" гэж төлөвлөж байсан ажил бий юу. Өнөөдөр тэр алхмуудаа хийгээд явж байгаа юу?

-Хэрэв би гишүүн байсан бол заавал хийнэ гэж бодсон 10 гаруй л асуудал байсан. Хамгийн эхнийх нь КPI гэж яриад байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөр нарийн тодорхой шалгууртай байх хэрэгтэй байна гэж дандаа л боддог байсан. Түүнийгээ одоо ажил хэрэг болгоод явж байна. Нийгмийн ажлын тухай хуулийг өргөн барихаар төлөвлөж байна. Нийгмийн ажлыг цэгцлэхгүй бол нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээ сайжрахгүй шүү дээ.

Тиймээс хуулиа бичээд дууссан. Өргөн барихад бэлдээд явж байна. Олон нийтийн дунд байдаг хамгийн том асуудал тэгсэн мөртлөө хариуцлага үүрдэггүй, хүлээдэггүй байдал бол ялгаварлан гадуурхалт, дарамтууд, дээрэлхэлтийн асуудлууд байна. Энийг цэгцэлнэ гэж бас бодож байсан. Тэгээд ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид байх хуулийн төслийг бичсэн. Энэ хуулийн төслөө тун удахгүй олон нийтэд танилцуулахаар бэлтгэж байна.

Үүний дараа нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх ёстой гэж бодож байсан. Ялангуяа дунд сургуулийн болон бага насны хүүхдүүдэд хүнсний цагаан толгойг багаас нь зааж өгөхгүйгээр бид Монгол хүнийг бий болгож чадахгүй. Тиймээс холбогдох хөтөлбөр, ажлуудад бодлогын түвшинд саналаа өгөөд оролцоод явж байна.

Эдгээрээс гадна ТББ-ыг цэгцлэх хэрэгтэй. ТББ-ыг дэмжих, Монгол Улс өөрөө Иргэний нийгмийн үзэл баримтлалаа цэгцлэх хэрэгтэй байна. Энэ ч бас одоо хүлээгдэж байна. Тэгэхээр энэ бүхнийг цаг хугацааны дараалалд оруулаад хийнэ.

-Аймаг, дүүргийн Засаг дарга нарын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж хийх ёстой 13 ажлыг сануулж, хийлгэнэ-

1 хүн, мэдээний өрөө ба "u ubn Юy Юy6AЙHA? 6AЙHA? U U Ubn ubn 을 ubn ලපි" гэсэн бичвэр нарын зураг байж магад-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, амьдрах орчинтой холбоотой олон хууль, дүрэм журам, стандарт бий. Хэрэгжилт яагаад байдаггүй юм бэ гэдэг асуудлууд яригддаг. Таны хувьд “ГЭРЭЭСЭЭ ГАРЦГААЯ” аяныг санаачлаад эхлүүлээд явж байна. Эхний ээлжинд Хотын даргатай маршрут гаргаад явж үзлээ. Автобусанд ч сууж үзлээ. Ер нь танд хэр бэрхшээлтэй, хүндрэлтэй зүйлс мэдрэгдсэн бэ. Аянаар дамжуулж орчны хүртээмжийн дутагдалтай байгаа тэр хүмүүст яг юу шаардлагатайг илэрхийлэхийг зорьж байна?

-За, яг тийм. Монгол Улсын Үндсэн хуульд тусгасан 18 эрхийг хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрэн дүүрэн эдэлж чадаж байгаа юу гэвэл 10 дээр нь асуудалтай гарч байгаа юм. Хөөгөөд үзэхээр Монгол Улс хуульдаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахтай холбоотой зүйл заалтаа 80 хувь ер нь тусгачихсан байдаг. Гэхдээ хүндэтгэх агуулгаар. Хангах, хамгаалах хэсэг дээр тун хангалтгүй юм байна лээ. Нэгэнт хуульдаа тусгачихсан юм бол одоо яагаад хэрэгжүүлэхгүй байгаа вэ гэдэг асуудал гарч ирнэ. Бүтэн жил манай ажлын хэсэг судалгаа хийгээд хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотой Монгол Улсын Их хурлын Байнгын хорооны тогтоолыг гаргасан байгаа.

Нийгмийн бодлогын байнгын хорооны тогтоол гараад түүнд дурдсан 17 ажил хуулиараа хийхээр тусгачихсан. Монгол Улсын ЗГ-ын урт, дунд, богино хугацааны төлөвлөгөөнд орчихсон, олон улсын гэрээ конвенцоор хүлээгдчихсэн ийм 17 чухал ажлыг байнгын хорооны тогтоол болгож гаргаж байгаа гэсэн үг. Нэг жилийн хугацаатай ЗГ-т үүрэг өгсөн.

Байнгын хорооны тогтоол дотор байгаа зөвхөн нэг заалт нь нийтийн гудамж талбайн хүртээмжийн асуудал байгаа. Тэгвэл энэ асуудлыг хэн хариуцдаг юм бэ. Ямар хүмүүс хариуцаж анхаарах ёстой вэ гээд үзэхээр хамгийн чухал үүрэгтэй субъектүүд нь аймаг дүүргийн Засаг дарга нар байгаа юм.

Аймаг дүүргийн Засаг дарга нарын төлөвлөгөө, хийх ажлуудыг нь үүнтэйгээ уялдуулаад үзэхээр яамдуудтайгаа буюу ЗГ-тайгаа жил бүр гэрээ хийдэг юм байна. Тэр гэрээн дотор нь энэ ажлуудыг хийнэ гээд тусгачихсан. Гэхдээ юуг хийсэн гэж үзэх вэ, яах вэ гэдэгт нарийн индикатор буюу шалгуур үзүүлэлтүүд нь их бүрхэг.

Тиймээс хийх ёстой ажлуудыг сануулахын тулд Засаг дарга нарт зориулсан гарын авлага гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл, тэднээс 13 чухал ажлыг нэн тэргүүнд хийхийг уриалж, дэмжиж ажиллах юм. Аймаг, дүүргийн Засаг дарга нартай Төрийн ордонд уулзалт хийж хэрхэн ажиллах талаар хэлэлцсэн. Энэ 13 ажлын зөвхөн нэг нь гудамж талбайн хүртээмжийн асуудал юм.

Яаж хийх вэ, хаанаас эхлэх вэ гэдэгт би өөрөө нөлөөллийн аян болгож “Гэрээсээ гарцгаая” аяныг эхлүүлж байгаа гэсэн үг. “Гэрээсээ гарцгаая” аянтай холбоотой Монгол Улсын дөрвөн стандарт яригдаж байгаа. Энэ дөрвөн стандартыг хэрэгжүүлэх нь нутгийн удирдлага болон бусад төрийн байгууллагууд, ААН-үүдийн үүрэг л дээ.

Яг ингээд л эхлүүлэнгүүт нэг зүйлийг ажиглаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлгүй байна, төр аягүй хахир байна гэж би өмнө их дуугарч байсан. Үнэндээ миний тэр ойлголт зарим талд алдаатай юм байна гэж бодож эхэлсэн. Шууд хэлэхэд манай иргэд өөрсдөө ойлгодоггүй юм байна. Бүх л улс оронд автобусны жолоочийн үүрэг нь бүх иргэдийг автобусанд суулгах ёстой. Тэр налуугаа буулгаад л орох ёстой. Энэ бол маш энгийн зүйл шүү дээ. Гэтэл хүмүүс юу гэж хариу үзүүлж байна гэхээр, тал нь ингэх шаардлагагүй, тал нь ингэх шаардлагатай гэсэн өнцгөөс хандаж байна.

Удахгүй хүртээмжийн тухай хууль гаргана гэж төлөвлөж байгаа. Гэтэл тэгш хүртээмжийн талаарх иргэдийн суурь ойлголт байхгүйгээр энэ хууль явах боломжгүй л дээ. Тиймээс Байнгын хорооны тогтоол ч тэр, энэ гарын авлага ч тэр хийсэн ажлуудаараа дамжуулж Засаг дарга нарт дэмжлэг үзүүлэхийн тулд өөрөө оролцохоос өөр аргагүй болж байгаа юм. Ийм л учиртай аян.

“E-Mongolia”-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээллүүдийг нэгтгэе гэж ярилцаж байна

1 хүн, хичээл хийж байна, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магадУдахгүй бид хотын төвийн дүүрэг, Чингэлтэй дүүрэг, СХД гээд 2 дүүргийн Засаг дарга нартай нь, тэндээс гарсан гишүүдтэйгээ хамт замын маршрут гаргаж явахаар төлөвлөж байгаа.

Энэ хооронд 13 ажлын нэг болох цахим хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд “E-Mongolia”-д орчныг хүртээмжгүй байдлыг шууд мэдээлж болох үйлчилгээ нэвтрүүлэхээр ярилцаж эхлээд байна.“E-Mongolia”-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээллүүдийг нэгтгэе гэж ярилцаж байгаа гэсэн үг.

Энэ мэт маш олон хоорондоо уялдаатай том төслийн дэд хэсэг нь “Гэрээсээ гарцгаая” аян юм. Хүмүүсийн тал нь эерэг хүлээж авч байгаа. Хамгийн их баяртай байгаа хүмүүс бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдөө. Ямар гоё юм бэ. Биднийг нэг удаа ч гэсэн ойлгоод хүмүүс явж байна гэдэг мессеж хамгийн чухал. Гэхдээ нөгөө талдаа тэр хүмүүс надтай хамт дуугарах хэрэгтэй байна.

Би ганцаараа энд дуугараад, янз бүрээрээ хэлүүлэх биш. Надтай хамт бусад хүмүүс дуугарах хэрэгтэй байгааг хэлэх нь зөв байх. Манайхан чадахаараа л энэ тэнд дуугараад ажиллаж байх шиг байна. Жилийн дараа юм уу, хоёр, гурван жилийн дараа засаг дарга нарын хувьд энэ 13 ажлыг яаж хийсэн бэ гэдэг шалгуур нь ойлгомжтой харагдахын тулд “И-ХҮРТЭЭМЖ” гээд вэбсайт нээж байгаа. Сайт дээр хийсэн ажлууд нь харагдах ёстой гэсэн үг. Ингэвэл гурван жилийн дараа Монгол Улс Олон улсын гэрээгээр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахтай холбоотой хийхээр тусгасан ажил их сайн дүн авна гэсэн үг. Одоо бол муу дүнтэй байгаа.

-Иргэдийн дунд нийгмийн тэгш хүртээмжийн тухай ойлголт маш хангалтгүй байна-

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангах, нийгэм рүү чиглэсэн ажлууд хэр хүртээмжтэй байна гэж хэлэх вэ?

-Хүртээмжгүй байгаа. Тиймээс эхний ээлжинд засаг дарга нар тухайн аймаг, дүүрэгт байгаа бүх төрийн албан хаагчид болон холбогдох хүмүүст хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай ойлголтоор сургалт өгөх ёстой. Дунд сургуулиудад бид үүнийг ярих ёстой. Их, дээд сургуулиудад бас ярих ёстой. Их сургуулийн хөтөлбөрт хүний эрхийн талаарх агуулгыг мөн тусгах хэрэгтэй.

Цаашлаад цэцэрлэгээс нь л эхлэх ёстой. Боловсролын яамнаас гадна бүх яам өөрсдийнхөө хийж байгаа хөтөлбөртөө, хүний нөөцийнхөө сургалтдаа бас оруулах ёстой. Үүнийг эхлүүлэх ажлыг Засгийн газарт зориулсан ажлын жагсаалтад оруулчихсан байгаа. Байнгын хорооны тогтоол дээр ч орсон.

Хэрэгжилтийг хангуулахын тулд өөрөө бас Олон улсын төсөл авч, танилцуулж, манлайлахгүй бол үүнийг хий гээд мэдэхгүй хүмүүсээс юм шаардах хэцүү. Мэдээж яам бол ганцхан хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө ажилладаггүй. Олон зүйлийн төлөө ажилладаг учраас би бас өөрөө манлайлал үзүүлж, зааж чиглүүлж өгөх хэрэгтэй юм билээ. Тэгж байж л хүмүүс энийг ойлгодог болно доо.

-Хүн төвтэй, хүний эрх рүү чиглэсэн төсвийн бодлого, эрэмбэ дараалал ер нь яаж алдагдсан байна гэж та харж байна. Өмнөх удаад төсвийн төлөвлөлтүүдийг оруулж ирэхдээ хүн рүүгээ чиглэсэн, аль нэг салбарыг ялгахгүйгээр нийтийн хүртээмжтэй байдлыг хангасан төлөвлөлтийг ер нь хийж чадсан уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хамгийн их ярьдаг зүйлийн нэг нь яг энэ байдаг. Улсын төсөв гээд нэг багц юм ороод ирдэг. Тайланг нь хүртэл нээгээд үзэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхэд, ахмадуудтай холбоотой ажлуудаа ерөнхий утгаар нь заачхаад байгаа юм. Түүнээс биш нөгөө нарийн шалгуур үзүүлэлтүүд нь бага.

Гэтэл өнгөрсөн 4 сард миний очиж оролцсон Амман Берлиний тунхаглал буюу Монгол Улсын нэгдэн орсон тунхаглалд хөгжлийн төлөөх төслийнхөө 15 хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог дэмжихэд зориулаарай гэж байгаа юм. Ер нь төсөвт Монгол Улсын хийж байгаа өчнөөн ажил энэ хүмүүстэй холбоотой байгаа. Гэхдээ илэрхийлж харуулахдаа ялгаж харуулахгүй байна. Тодорхой биш. Нэг байшинд гээд төсөв тавьчихсан. Тэр нь яг юу нь юм болоо гээд асуухаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төв барьж байгаа шүү дээ гэдэг. Тэгэхээр энэ зардлууд манай төсөвт томьёологдохдоо жаахан бүрхэг, учир дутагдалтай эсвэл холилдчихсон байдаг нь харамсалтай.

Авах зүйл ч байна. Жишээ нь, 2024 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг сонсоход 7800 хөгжлийн бэрхшээлтэй алба хаагч төрд ажилладаг гэсэн байгаа юм. Маш том тоо. Тэдний цалинд 150 тэрбумыг зарцуулсан байна.

Энэ мэдээллийг авсан хүмүүс 2 утгатай ойлгож магадгүй. Нэг хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зөндөө л мөнгө зарцуулдаг юм байна гэх учраас үүнийг тайлбарлахдаа зөв гаргалгааг нь гаргах хэрэгтэй юм билээ.

Тайлангийн зарим утга, агуулгыг оновчтой, зөв тодорхойлох талаар Сангийн яаманд саналаа хүргүүлээд Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Сангийн яамтай гуравласан уулзалт хийж, төсвийн зардлын ангилалд анхаарч ажиллах шаардлагтай гэж бодож байгаа.

Г.Лувсанжамц гишүүний ахалсан KPI-тай холбоотой ажлын хэсэг байгуулагдсан. Төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан гурвын хоорондын уялдаа холбоо хүн төвтэй гэдэг хэсэгт маш учир дутагдалтай бүрхэг харагдаж буй. Үүн дээр ядаж би өөрийнхөө анхаарч байгаа ажлынхаа хүрээнд гүйцэтгэл нь энэ байна гээд гаргаад өгчихвөл тал талаасаа эвлүүлж байгаад арай нэг түвшин дээшилсэн төсөв орж ирдэг болно гэж найдаж байна. Энэ намар Сангийн яамны зардлын ангилал нэлээд цэгцтэй харагдах байх.

-Ажил хийсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамжийн тэтгэмж авдгаар нь гадуурхаж ажилгүйдлийн тэтгэмжийг нь олгодоггүй-

-Байнгын хорооны хуралдаан дээр Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр та бас яг энэ талаас асуудалд хандсан шүү дээ. Таны санал дэмжигдсэн үү?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн даатгал төлж байгаа. Яах вэ, бага хэмжээгээр л дээ. Гэхдээ төлсөн мөртлөө буцаагаад үр ашгийг нь бага хүртдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ихэвчлэн эрүүл мэндийн байдлаас болоод нэг газар тогтвортой ажиллах магадлал их бага байдаг.

Нөгөө талаасаа ажиллаж байгаа ачааллыг нь даахгүй байх магадлал ч өндөр. Ажлаасаа гарлаа гэж бодъё. Ажилгүйдлийн тэтгэмж байдаггүй. Энэ саналуудыг маш олон удаа хэлсэн. Б.Түвшин гишүүн нарын санаачилсан тэр хууль бол ажил олгогчийн талаасаа зохицуулалт байсан. Ер нь нийгмийн даатгалын өөрийнх нь концепц, үзэл баримтлалыг том зургаар нь цэгцлэхгүй бол бид нар нэг жижиг хэсэгт засвар хийгээд байхаар сүүлдээ утгаа алдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, суурь хуульд оруулж байж л цаашаа явна. Тэгэхгүй бол зарим зүйл хуулийн давхардал, хийдлээс болоод бас асуудал дагуулдаг.

-Орчуулгын алдаатай зүйлс хуульд ч, бусад зүйлд ч маш их байна гэж та ярьж байсан юм байна?

-Яг үнэн. Жишээ нь, Олон улсын гэрээ конвенцуудыг Монголд орчуулаад тавьчихна. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүн гэлтгүй нийгмийн эрүүл мэндэд ч гэсэн орчуулгын алдаанууд мэр сэр байдаг л юм байна лээ. Үүнээсээ болоод дагалдаж төлөвлөгдөж байгаа төсөвт үйл ажиллагаанд үг үсгийн алдаанууд их гарч байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаар ном, хөтөлбөрүүдэд ч гэсэн орчуулгын мэр сэр үг өгүүлбэрийн ойлголт, томьёоны зөрүүнээс, зарим нэг тогтчихсон хэллэгээсээ болоод хүмүүсийн хандлага өөр болчихдог. Үүнийг засаж байж бид дараагийн төлөвлөгөөгөө гаргах ёстой. Тиймээс хөгжлийн бэрхшээлийн загвар, тайлбар, нэр, томьёонд үг хэллэгүүдийг оруулаад энэ нь зөв, энэ нь буруу, ярихдаа ингэнэ шүү гэдгийг тайлбарлаж байгаа.

Хүн өөрийнхөө өдөр тутмын амьдралдаа шийдвэр гаргах чадалтай л байвал тэр хүн сурах боломжтой. Ажил хийх боломжтой. Гэхдээ харилцах эд эрхтний гэмтэлтэй бол тэрийгээ орлуулаад л шийдвэр гаргана. Тэрнээс биш хүн хөлгүй болсноороо шийдвэр гаргах чадалгүй гэсэн үг биш. Хүн гаргүй болсноороо шийдвэр гаргах чадвар нь байхгүй болохгүй шүү дээ. Зөвхөн шийдвэр гаргах чадвар л хүний чухал үзүүлэлт болж буй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг бол шийдвэр гаргахын тулд бусдаас дэмжлэг хүсэж орлуулаад, зарим нэг зүйлийг дэмжлэгтэйгээр тухайн шийдвэрийнхээ эзэн болж явах ёстой. Нэг талдаа хамгийн хүнд бэрхшээл бол шийдвэр гаргах чадвартай хүн биш шийдвэр гаргах чадваргүй хоёр хөл дээрээ явж байгаа хүмүүс. Өөрөөр хэлбэл, оюуны бэрхшээлтэй хүмүүс. Сэтгэцийн эмгэгтэй хүнд хүмүүс. Эдгээр хүмүүсийн хувьд үнэхээр хэцүү. Юу өмсөж, юу идэхээ мэдэхгүй. Байнгын асаргаатай байдаг. Байнгын асаргаа, хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэг концепцоо бид зөв ойлгож харах хэрэгтэй болж байгаа юм. Түүнийг гарын авлагатаа тайлбарлаж өгсөн байгаа.

-УИХ-ын гишүүд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг хэрхэн, яаж хүлээж авдаг вэ. Тэдний ойлголт ямар түвшинд байдаг вэ?

-Үүнийг ярихын өмнө эхлээд нийгмийн гажуудал, янз бүрийн асуудлаас болж хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа гэдгийг онцолж хэлэх нь зөв байх. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг хүнд өвчнөөс амьд үлдсэн эсвэл үхэх байсан осол гэмтлээс амьд үлдсэн хүмүүс л гэсэн үг. Тэр хүмүүс бол амьдралын болоод сэтгэлийн маш их трауматай. Ерөнхийдөө маш их бухимддаг. Аливаа зүйлийг бухимдлаар илэрхийлэх, уурлах, хэзээ ийм байсан юм гэх мэтээр илэрхийлэх хандлага их.

Хэрэв би өнөөдөр тэдгээр хүмүүсийг төлөөлж байгаа гээд ийм байдлаар харьцвал санаа нь зөв ч гэсэн харилцааны арга барилаас болоод хүмүүс зайлсхийнэ. “Юм ярихаар хэцүү, уурлаад байх юм. Уг нь санаа нь зөв юм” гэдэг шүү дээ. Тэгэхгүйн тулд би аль болох гишүүдтэй дандаа танин мэдүүлэх түвшинд энгийн, эерэг аргаар бүх шийдвэр гаргагч нартай ажиллаж байгаа. Бүх хүнтэй “би зааж өгье. Болохгүй бол би яваад очьё гэдэг.

УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурж хөгжлийн бэрхшээлийг дэмжих бүлэг байгуулсан. Одоо тэдэнд зориулсан төлөвлөгөө, акцуудыг гаргах гэж байна. Бүгд маш таатайгаар хүлээж авсан л даа. Ер нь нөлөөллийн ажил хийнэ. Улс төр хийнэ гэхээр заавал загнасан биш аль болохоор энэ чинь надтай адилхан шинээр мэдэж байгаа шүү дээ. Би жишээ нь уул уурхай мэдэхгүй байхад над руу хүн загнаад байвал хэцүү шүү дээ. Түүн шиг бодож харилцах хэрэгтэй байгаа.

Би өөрөө тийм маягаар ажилладаг. Нөгөө талд өнгөрсөн Засгийн газрын үед Л.Энх-Амгалан сайд маш сайн ажилласан. Бид хамтдаа салбарын зураглалыг гаргасан. Салбарын зураглалыг гаргаж байж маш олон үйлчилгээний дараагийн шатуудыг тодорхойлсон байгаа. Эдгээрээс гадна парламент дээр хүртээмжийн тухай ярихад хүмүүс сайн ойлгож байгаа. Тиймээс бид парламентын дөрвөн жилийн стратеги төлөвлөгөө дотор “ХҮН ТӨВТЭЙ” гэдэг агуулгыг оруулсан. Бас ч гэж учиртай, бага багаар болоод л байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй 412 хүн хорих ангид ял эдэлж байна. Тэдний хэд нь өөрийгөө хамгаалах гэж байгаад гэмтсэн бол...-

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэмт хэргийн хохирогч боллоо гэхэд сэтгэл санаа, бие махбодын хохирлоо тэр бүр үнэлүүлж чаддаггүй. Шударгаар шүүлгэж чаддаггүй буюу өөрийгөө бүрэн илэрхийлэх чадамжгүй асуудлууд байдаг шүү дээ. Үүнд та хэрхэн анхаарч байна. Холбогдох хуулиуд орж ирлээ гэхэд ямар саналуудыг гаргаж байна?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн их өртдөг. Хоёрдугаарт, өөрийгөө ойлгуулах чадваргүй. Юу хүсэж байгаагаа илэрхийлэхгүй болохоор гэр бүлийн зөрчил үүсээд явж байгаа. Нөгөө талд яг одоо хорих ангид 412 хөгжлийн бэрхшээлтэй хүн ял эдэлж буй.

Тэндний хэд нь өнөөдөр өөрийгөө хамгаалах гэж явж байгаад гэмтсэн бол гэж заримдаа бодогддог. Ер нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, эрүүгийн гэмт хэргийг шийдвэрлэх тэр процесс нь өөрөө хүнд ойлгомжтой л байх ёстой. Үгээр, бичгээр хариулж, чи ойлгосон уу гэж заавал араас нь эргэх холбоотой харилцаан дээр суурилах ёстой.

Ер нь нийгмийн ажлын үйлчилгээ нь орж ирээд дохионы орчуулагч хэлмэрч нь туслаад эхлэх юм бол 412 хүний хэд нь арай өөр байх байсныг бас үгүйсгэхгүй л дээ. Энэ бол анхаарах ёстой асуудал. Би яг үүнд хуулийн багт нь саналаа өгсөн. Амьдрал дээр асуудал яригдаад эхлэхээр зардал мөнгөний асуудал л ярьдаг юм байна лээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг бол адилхан л хүн. Хэдий чинээ Монгол Улс шатгүй, хэдий чинээ хүртээмжгүй байшин барьж, хэдий чинээ хүртээмжгүй гудамж барина, төдий чинээ халамжийнхаа мөнгийг илүү их зарцуулна л гэсэн үг. Төдий чинээ олон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бий болгож байна. Энийг л одоо хэлье дээ.

Ярилцсанд баярлалаа

Даншиг наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна
Даншиг наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.