
Нүүрсний экспортын гол гарц болсон Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл бодит биелэлээ олж эхэлснээр төмөр замын бусад төслүүдийн шанг татаж буй.
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд БНХАУ-ын Харбин хотноо байгуулж, гурван сарын дараа буюу 05 дугаар сарын 14-нд нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээг “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хооронд байгуулж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-ийн Ерөнхий захирал Ян Зэкүнь нар үзэглэж байв.
Товчхондоо 1955 онд Эрээн-Замын-Үүдийн төмөр зам холбогдсоноос хойш 70 жилийн дараа биеллээ олж буй энэ бүтээн байгуулалтын ажлыг дэлхийд тэргүүлэгч “China Railway Construction Corporation “ (CRCC)-ийн охин компани болох БНХАУ-ын “Төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК гүйцэтгэхээр болсон юм.

Төмөр зам ашиглалтад орсноор, Монгол Улсын экспортын гуравны нэгийг дангаар бүрдүүлдэг нүүрсний салбарын экспортын орлогыг одоогийнхоос 2.8 дахин нэмэгдүүлж 7.4 тэрбум ам.доллар болгох тооцоо бий.
Хэдийгээр дэлхийн зах зээл дээр болж буй Д.Трампын тарифын бодлогын нөлөөнөөс болж олон улсын худалдааны эргэлт саарч, гангийн хэрэгцээ буурч, нүүрсний үнэ унаж буй зэрэг хүнд цаг үед хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн ач холбогдол илүү тодорч байгаа нь Монголчуудын хувьд хамгийн том ололт гэж хэлж болно.
Тухайлбал, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцсон байдаг.
Ийнхүү Гашуунсухайт-Ганцмод боомтыг хил дамнасан төмөр замаар холбох ажлын хүрээнд “Чайна Энержи” группийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас худалдан авсан нүүрсийг төмөр замаар тээвэрлэх урт хугацааны “түүхэн” гэрээг “Монголын төмөр зам” ТӨХК байгуулж, ачаа тээврийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 24-ний өдрөөс албан ёсоор эхлүүлж “Тавантолгой” өртөөнөөс нүүрс тээвэрлэлтийн анхны галт тэрэг хөдөлж эхэллээ.



Нээлтэд УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, “Эрдэнэс Тавантолгой” компани, “Чайна энержи цахим худалдаа” компанийн ТУЗ-ийн дарга Жан Яньшөн болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Энэхүү түүхэн үйл явдал нь Монгол Улсын зам тээврийн салбарт тэр дундаа төмөр замын салбарт түүхийн шинэ хуудас нээгдэж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байнгын ачаа тээвэртэй байх нөхцөл бүрдэж байгааг харуулж байна.
“Монголын төмөр зам” ТӨХК энэхүү “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-гээр 16 жилийн хугацаанд 247 сая тонн ачаа тээвэрлэж, Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулахаар зорин ажиллаж байгаа юм.
Эцэст нь хэдлэхэд, Монгол, Хятадын Засгийн газар хооронд байгуулсан төмөр замын хил холболтын гэрээ нь хоёр улсын нийгэм, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой билээ.

