
The Mongolz багаар овоглосон хөвгүүд дэлхийг гайхшируулж, Монгол гэдэг зургаан үсэгтэй нэрийг тив, дэлхийд утгаар нь тамгалж явна. Дэлхийн хэмжээний BLAST.tv Austin Major 2025 тэмцээний шигшээд Ази тивээс шалгарсан анхны багаар нэрлэгдэж, түүхэн амжилт үзүүлээд зогсохгүй, хоёрдугаар байрт шалгарснаараа тэд Монгол хэмээх нэрийг дэлхийн тавцанд гайхамшигтайгаар тодотгож чадсан гэдэгтээ маргах хүн үгүй биз.
Тэд дэлхийг шуугиулж, e-sport сонирхогчид The MongolZ-оор сэрж, амьсгалж, ярьж байна. Тийм ч учраас тэдний зурагтай подволк гаднын сайтууд дээр худалдаалагдаж, эрэлттэй бүтээгдэхүүнээр нэрлэгдээд амжжээ. Тодруулж хэлбэл, The Mongolz-ийнхны зурагтай 3 өнгийн подволк хятад сайт дээр худалдаанд гарч, MONGOLZ гэсэн бичиг, логотой hoodie, малгайнууд ч эрэлттэй байгаа аж.

Гэтэл бид тэдний гаргасан загваруудыг захиалж аваад, монгол залуучууддаа 2-3 дахин нугалсан үнээр зарахаас хэтрэхгүй байна. Тодруулж хэлбэл, хятад сайт дээр 20 хүрэхгүй мянган төгрөгөөр захиалга авч буй Mongolz-ийн логотой подволк, Монголд ирээд 50 мянган төгрөгөөр зарагдаж байна.
