
Ардчилсан нам 2025 оныг “Эв нэгдлээс институт” уриаг дэвшүүлж, шинэчлэлийн шат дараалсан бодлогыг хэрэгжүүлж буй. Энэ удаад УИХ дахь Ардчилсан Намын бүлэг, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн алба, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран “Намын гишүүний ёс зүй” лекц, сургалтыг өнөөдөр /2025.06.19/ 21 аймаг, есөн дүүргийн нийт Хэрэг эрхлэх газрын удирдлагуудад цахим болон танхимаар орлоо.
Сургалтын эхэнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал “Ардчиллыг шинэ шатанд гаргах, хүчирхэг институцтэй улс төрийн хүчин болгоход энэхүү сургалт чухал алхам байх болно. Шинэ Үндсэн дүрэм, хөтөлбөрийн үзэл санааг гишүүдийн дунд төлөвшүүлэх, намын гишүүний ёс зүй, хариуцлага, институцийн соёлыг бэхжүүлэх нь энэхүү сургалтын онцлог” хэмээн тодотгов.
Сургалтыг Их Британийн Ноттингемийн их сургуулийн Улс төр, Олон улсын харилцааны сургуулийн дэд профессор Фернандо Касал Бэртоа орлоо.
Тэрбээр улс төрийн нам, Ардчиллыг судлах “REPRESENT: Судалгааны төв”-ийн хамтран захирлаар ажиллахын зэрэгцээ Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны Байгууллагын Ардчиллын Институт, Хүний эрхийн албаны “Улс төрийн намын асуудалд голлох шинжээчдийн бүлэг”-ийн гишүүн юм. Мөн Венецийн Комисс болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх, олон улсын ардчилал, сонгуулийн тусламжийн хүрээлэн, Фридрих Эбертийн Сан, Ардчиллыг Дэмжих дэлхийн сүлжээтэй хамтран ажилладаг.
Түүний улс төр дэх мөнгөний талаарх судалгаa нь “Sociological Methods and Research, Party Politics, Democratization, International Political Science Review”, “East European Politics, South European Society and Politics”, “Corruption and Society” зэрэгт хэвлэгдсэн. Улс төр дэх мөнгөний талаарх судалгаa нь 2017 онд Испаний Улс тэр судлалын холбооны (AESCPA) “Шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэл” шагнал болон 2022 онд Routledge Бүс нутгийн судалгааны үр нөлөө шагнал хүртсэн.
Тэрээр Ази дахь улс төрийн санхүүгийн ил тод байдлын (IDEA, 2019), 13 Африк улсын улс төрийн санхүүжилт, Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн дараах хяналт (WFD, 2019, 2022), Пакистан дахь улс төрийн намын санхүүжилт ба олон нийтийн санхүүжилт (FES, 2023) зэрэг бүтээлийн зохиогч юм.
Мөн тэрээр Мөнгөний дүрэм: улс төрийн намууд, олигархууд ба санхүүгийн зохицуулалт пост-советл улс орнуудад (Routledge, 2024) болон Пост-коммунист улс төрийн намын зохицуулалт (Routledge, 2018) бүтээлүүдийн хамтран редактороор ажилласан.