Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Эзгүй үлдэж буй хүүхдүүдэд гар утас найз, асрагч, эцэг эхийг нь орлож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
14 минут 50 секунд

Өдөржин хүүхдүүд гадаа шуугилдаад л, “харанхуй болох нь орж унт” гэж ээжүүд дуудаад л, хүүхдүүд гэртээ айл гэр болж тоглоод л, “миний охин аав нь болчих оо” гэж аав ээж тоглоомд оролцож, аргадаад л. Ийм дүр зургийг та хамгийн сүүлд хэзээ харсан бэ? Магадгүй хэзээ гэдгийг ч мартсан байх.

Монгол айл ийм амгалан, аз жаргалтай, хором бүр нь дурсамж бүтээсэн ахуй дунд аж төрдөг байсныг та санаж байна уу?

Гэтэл одоогийн хүүхдүүдийн найзыг, тоглоомыг, дурсамжыг, бүр эцэг, эхийг нь хүртэл ухаалаг гар утас орлох болж. Тэд утастай тоглож, утастай ярилцаж, утсанд бүх цагаа зарцуулж, магадгүй хожим хүүхэд насны дурсамжинд нь ч гэсэн зөвхөн гар утас л үлдсэн байх вий гэж бодохоос гунигтай. Ерөөс ухаалаг гар утас, тик ток, ютүүб, цахим тоглоомууд л бидний хүүхдүүдийг хүмүүжүүлж байгааг томчууд бид мэдэж байгаа хэдий ч эвлэрсээр. Харин цаг хугацаа зогсолтгүй урсаж, хүүхэд нас нь "үрэгдсээр".

Зуны амралт эхэлсэн энэ үед тэгвэл хүүхдүүд чухам юу хийж, ямар нөхцөлд, яаж өдрийг өнгөрүүлж байна вэ?

Тоглох эзэнгүй тоглоомын талбай

Өдрийн 16:30 цаг. Чингэлтэй дүүргийн 5-р хороонд байрлах хүүхдийн тоглоомын талбай эль хуль, эзгүй. Нэг ч хүүхэд тоглоомын талбайд байсангүй. Уг нь нар хэвийж, хүүхдүүд гадаа тоглоход яг тохирсон цаг боловч салхилж суугаа хэдэн өндөр настанг эс тооцвол энд хүний бараа харагдсангүй. Хичээл, сургууль амарчихсан зуны дэлгэр улиралд уг нь энэ цагаар бол хүүхдүүд тоглоомын талбайд ид бужигнаж баймаар. Гэтэл улиасны унгирал л энд бужигнаж байх. Хоосон савлуур, эзгүй гулсуур, дүнсийсэн талбай. Гунигтай ч юм шиг, аймаар ч юм шиг тэр гэж оноож эвлэмгүй хачин мэдрэмж төрүүлэх аж. Харин энд байх учиртай тэр хүүхдүүд магадгүй нэг бол гэртээ цоожтой хаалганы цаана аав, ээжийгээ хүлээж суугаа, эсвэл ухаалаг утас найзтайгаа тоглож байгаа болов уу?

Тоглоомын талбайн сандал дээр салхилж суугаа эмээгийн ярьж буйгаар бол энэ хороондоо хамгийн томд тооцогдох энэ талбайд хүүхдүүд тэр бүр бужигнаад байдаггүй. Хааяа дугуй унасан хүүхдүүд, хүүхдээ салхилуулж байгаа ээжүүд, оройн цагаар бол гар бөмбөг тоглож байгаа хүүхдүүд хаа нэг харагддаг гэнэ. Ийн ярилцаж суутал дугуй унасан 7,8 орчим насны 4 хүү уралдан гарч ирэв. Тэдний хойноос 6 орчим настай болов уу гэмээр жаахан охин хар хурдаараа гуйсээр ах нарыгаа гүйцэж ирлээ.

Тэд бүгд гар утасны найзууд

Энэ охиныг А гэж нэрлэе. Тэр 6 настай. Сургуульд ороход нь аав ээж нь түүнд гар утас авч өгсөн бөгөөд утсаараа “4 гар” гэдэг гар утасны тоглоом тоглож, тик ток бичлэгүүд үзэх дуртай гэнэ. Охины ангийн найзууд бараг бүгд гар утастай гэнэ. Түүний 1 настай дүү ч мөн гар утас үзэхээрээ уйлахаа больдог тухай тэр ярилаа.

Охины яриаг таслан “ би бол табжий /pubg тоглоомын тухай ярьж байгаа бололтой/, лоблокс /roblox гэх тоглоом/, 4 гар, буддаг тоглоом бүгдийг нь тоглож чадна шд” хэмээн гайхуулах хүү 8 настай гэнэ. А охины төрсөн ах нь ажээ. Тэр олон төрлийн тоглоом чоглож чадахаас гадна тик ток бичлэг ч мөн үзэх дуртай гэнэ. 6 болон 8 настай энэ ах дүү хоёр 1 настай дүүтэй бөгөөд аав ээж нь ажилдаа явсан хойгуур 17 настай ах нь тэднийг харах үүргийг хүлээж үлддэг байна.

Харин энэ хүүг Б гэж нэрлэе. Тэр 9 настай. Eduten цахим хичээлээ утсаар хийх шаардлагатай байдаг тул 6 настайгаасаа өөрийн гэсэн гар утас ашиглаж эхэлсэн гэнэ. Гэхдээ "eduten хичээлээ хийхээс өөрөөр гар утас үздэггүй" гэж түүнийг ярихтай зэрэгцэн хамт байсан найзууд нь ам уралдан “худлаа яриад байгаач” гээд хөгжилдөн инээлдэхийг бодвол тэр ч бас гар утасны найз бололтой. Б хүү өдөр гэртээ ганцаараа өнждөг гэнэ. Ээж нь ажилдаа яваад орой 7 цагт ирдэг аж. Тэр болтол Б хүү өдөржин гэртээ ганцаараа. Өнөөдрийнх шиг найзууд нь дугуйгаар уралдъя гэж хэлэхгүй л бол гэрээсээ гардаггүй гэж тэр ярилаа. Тэр бүх л өдрийн турш гэрээсээ гаралгүйгээр юугаар сатаарч цагийг өнгөрөөдөг бол?

Асуултад хариулах ч сөхөөгүй тоглоомдоо “орсон” хүү

Биднийг ийн ярилцаж байх зуур тоглоомын талбайн саравчин доор 3 хүү гарч ирсэн байв. Тэд толгойгоо нийлүүлчихсэн, ямар нэг зүйлийг тун анхааралтайгаар ажиглаж байгаа бололтой цуглан суужээ. Ажиглавал голд нь суугаа хөх цамцтай хүү тоглож байгаа бололтой гар утас үзэж байв. Түүнийг нь нөгөө 2 нь анхааралтайгаар харж, хөгжөөн дэмжиж байна. Ойртож очиход 2 найз нь биднийг анзаарсан ч тоглогч хүү харин харсан ч үгүй. Чи юу үзэж байгаа юм бэ? гэж асуухад хариу хэлсэнгүй. Сонссон ч шинжгүй биеэ үл ялиг займчуулан хөдөлгөж утас руу гаа л ширтэх. Харин 2 найз нь “тоглоом тоглож байгаа юм” гэлээ. Тоглогч найзыгаа дэмжиж суугаа хоёр хүүгийн утсыг харин аав, ээж нь хичээл амрангуут хураагаад авчихсан гэнэ. Шалтгааныг нь асуувал “Тоглоом тоглоно” гээд гэх. Өөрийн мэдлийн гар утсаа хураалгачихсан учраас ийнхүү найзынхаа тоглохыг шимтэн харж суугаа нь энэ байж.

Тоглогч хүү ямар ч асуултад хариулсангүй. Харин 2 хүүгийн нэг нь 10 настай, нөгөө нь удахгүй 10 нас хүрнэ гэнэ. 10 настай хүү 2 ахтай ч хоёулаа тусдаа гарсан гэнэ. Тиймээс аав, ээж нь ажилдаа явсан хойгуур тэрбээр эмээтэйгээ үлддэг аж. Эмээ мэдээж гар утасны тоглоом, тик ток, ютүүб, пабжий, роблокс тэргүүтнийг мэдэхгүй тул, хүүгийн гар утас, дэлгэцний хэрэглээг хянах нь юу л бол. Тийм ч учраас аав ээжид нь хүүгийн гар утсыг хурааж авахаас өөр сонголт үлдээгүй бололтой. Гэтэл хүү гадаа гараад найзынхаа утсаар ээлжлээд тоглочихож байгааг тэд яахин мэдэх билээ.

Тоглоомын талбайд таарсан энэ хэдхэн хүүхэдтэй ярилцахад л тэдний ихэнх нь гэртээ харгалзах хүнгүй өнждөгөөс гадна бүгдийнх нь хувьд гар утас байнгын хэрэглээ болсныг харж болохоор. Үнэндээ ажил, гэр, түгжрэл гурвын дунд амьдралынхаа алтан цагийг хувааж үрээд, үр хүүхдэдээ гаргаж чадаагүй цагийг гар утас орлож байгаа нь үнэн. Цоожтой хаалганы цаана үлдэж байгаа эсвэл харгалзах хүнгүй ганцаараа өдрийг өнгөрөөж байгаа олон зуун хүүхдийн саатуулагч нь, найз нь, эцэг эхийнх нь "орлогч" гар утас болсонтой маргах хүн ховор болов уу.

“Өдөр нь хүүхдүүдээ эзгүй үлдээж, ээлжтэй үедээ таньдаг айлдаа гуйж хонуулдаг”

Эцэг, эхчүүд харин гар утас, дэлгэцний хэрэглээний талаар юу бодож явдаг бол. Зуны амралт эхэлсэн энэ үед тэд хүүхдүүдээ хаана хэнд даатгаад ажил, албандаа явдаг бол? Энэ талаар 5 хүүхдийн ээж, дугаар хорооны иргэн ийн ярилаа.

Та хүүхдүүдээ гар утас, дэлгэцнээс хол байлгаж чадаж байна уу?

-Чадахгүй шүү дээ. Сургууль нь өөрөө хүүхдүүдийг гар утас хэрэглэхээс өөр аргагүй нөхцөлд байлгаад байна. Eduten хичээлээ хийхийн тулд гар утастай байхаас өөр аргагүй. Зөвхөн хүүхэд гэлтгүй бид өөрсдөө ч гэсэн цахим орчинд хэрэгтэй, хэрэггүй зүйл хамаг цагаа үрдэг шүү дээ. Хүүхдүүдийн тухайд бол утаснаас хол байдаг хүүхэд гэж одоо цагт байхгүй л болов уу. Манай охид бол намайг ажлаасаа очиход надаас юм асуухаасаа өмнө утастайгаа л яриад сууж байх юм байна шүү дээ. Тик ток л хийж байгаа харагдах юм ихэвчлэн.

Та хэдэн хүүхэтэй вэ. Хамгийн бага нь ч гэсэн гар утас ашигладаг уу?

-5 хүүхэдтэй. Бага маань 6 настай. Уг нь утастай байсан юм. Амрахын өмнөхөн сургууль дээрээ алга болгочихоод ирсэн ирсэн болохоор одоогоор утасгүй байгаа. Намайг очиход миний утсаар тоглох гээд байн байн л эгчийнхээ утсаар “ирж байна уу гээд” залгаж байна. Цаг үе нь ийм болохоор хүүхдүүдээ утаснаас салгаж бол үнэндээ чадахгүй байгаа. Уг нь цаг, зав нь байгаад мөнгө нь байдаг бол хүүхдүүдээ аваад амралтыг нь үр дүнтэй, сайхан өнгөрүүлэх газрууд зөндөө л байдаг болж. Миний хувьд тэгэх цаг нь ч алга, мөнгө нь ч алга.

Сургууль амарчихсан энэ үед таныг ажилтай хойгуур хүүхдүүдийг чинь харах хүн байдаг уу?

-Байхгүй. Би ээлжийн ажилтай учраас ээлжтэй хонох үедээ таньдаг айлдаа гуйгаад хонуулчихдаг юм. Өдөр бол томууд нь багыгаа хараад л өнждөг юм.

Өсвөр насны хүүхдүүдээ айлд хонуулах ээж хүнд амаргүй л байдаг байх даа ?

-Надад тусалж байгаа сайхан сэтгэлтэй хүмүүст талархдаг. Эх хүн учраас санаа зовох нь мэдээж ч өөр яалтай билээ дээ.

Анхаарал халамж, амьд харилцааг хүүхдүүд дэлгэцээр орлуулдаг

Хүүхдүүд яагаад дэлгэцнээс уйдахгүй байна вэ. Яагаад улам бүр дурлаад байна вэ. Үүний учир шалтгааныг мэргэжлийн сэтгэлзүйч ингэж тайлбарлажээ.

СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клинкийн эрхлэгч Л.Цэрэндолгор " Аав ээжүүд өөрсдөө хүүхэдтэйгээ харилцдаггүй. ярилцах цаг зав гаргадаггүй. Хүүхдийнхээ чөлөөт цагт анхаардаггүй. Хүүхдүүдээ гар утсаар саатуулдаг, гар утас өгч уйлахыг нь болиулдагт л дэлгэцийн хамаарлын гол учир бий. Ялангуяа гэртээ ганцаараа байдаг хүүхдүүдийн хувьд энэ байдал нь илүү түгээмэл буюу ганцаардал, бусадтай харилцах хэрэгцээгээ дэлгэцээр орлууулдаг гэсэн үг" гэжээ.

Үнэндээ завгүй амьдралын хэмнэл дунд хүүхдүүдээ "орхиж", хайр халамж, анхаарал, амьд харилцаагаар дутааж буйгаа эцэг эхчүүд бид цаг үе рүү тохоох дуртай. "Цаг үе нь ийм учраас яах ч аргагүй" гэх үгээр өөрсдийгөө хуурч, хүүхдүүдээ хохироож байгаагаа одоо хүлээн зөвшөөрч, ухаалаг утаснаас хүүхдээ аврахад анхаарах цаг болсон.

Дэлгэцийн хэт их хэрэглээ юунд хүргэх вэ?

Тэгвэл та бидний хүүхдийн бүхий л нийгмийн харилцааны хэрэгцээг нь хангаж буй ухаалаг гар утас юунд хүргэж болох вэ. Энэ талаар хүүхдийн сэтгэлзүйч Б.Нарантуяа “Утас удаан хэрэглэсэн хүүхэд танин мэдэхүйн үйл ажиллагаа сулрах, унтах хэм алдагдах, анхаарал төвлөрөх чадвар муудах, уур уцаартай болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн хүүхэд бодитоор харилцах чадваргүй болдог. Үүнийг бид ‘дэлгэцийн дон’ гэж нэрлэдэг” хэмээжээ. Энэ шинж тэмдгүүдээс дүгнэвэл аливааг бодитоор бодож сэтгэх чадамжгүй, догшин, ууртай, зомби маягийн л хүн бий болох нь гэж харагдаж байна. Дэлгэцийн хэт их хэрэглээ гэдэг бидний ирээдүйг ийм л зүг рүү чиглүүлэх аж.

Мэдээж технологид, ухаалаг утсанд буруу байхгүй ч та бидний ухаангүй хэрэглээ л асуудлын гол нь. Хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ ухаалаг төхөөрөмжид даатгасаар байх уу эсвэл үнэнтэйгээ нүүр тулж, асуудлыг одооноос өөрчлөх үү гэдэг эцэг эхчүүд та бидний л сонголт.

“Улаанбаатар Амазонс”-ынхон өнөөдөр 15.30 цагт Австрийн шигшээ багийн эсрэг тоглоно
“Улаанбаатар Амазонс”-ынхон өнөөдөр 15.30 цагт Австрийн шигшээ багийн эсрэг тоглоно
 
Өнөөдөр Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эздийн баярын өдөр
Өнөөдөр Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эздийн баярын өдөр
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.