
Нохойн хоол... Цэвэрлээгүй орхисон таван цулыг будаа, хивэгтэй холиод хүмүүс нохойдоо өгдөг. Одоо бол "нохойдоо хоол өгнө" гээд зарим нь хоногийн хоолоо аргалдгийг мэдэх худалдаачид цэвэрлэж, жижиглээд хоолонд хэрэглэхээр бэлдэж 500 граммаар нь зарах болжээ. Уутандаа хуруу дарамхан уушги, гүзээ, элэг байх бөгөөд 1000 төгрөгийн үнэтэй. Зарим нь "нохойн хоол"-оос шилж сонгоод авч байгаа нь анзаарагдана, бас асуусаар орж ирж байгаа хүмүүс ч цөөнгүй. Дайвар бүтээгдэхүүнээс хамгийн гүйлгээтэй нь "нохойн хоол" байлаа. Хотын төвөөс хэдхэн километрийн цаана байрлах "Дэнжийн мянга" худалдааны төвөөр ороод гарахад ийм дүр зураг угтсан юм.

5000 төгрөг барьсаар 60 гарсан ахмад дөрвөн тор нохойны хоол авлаа. Хариулт болох 1000 төгрөгөө барьсаар гарч явахтай нь таарав. Тэтгэврийн хэдэн бор төгрөг авдаг ч амьдралд хүрэлцдэггүй гэнэ. "Нохойдоо хоол авлаа, эмээ нь" гээд олон зүйл ярилгүй гарч явлаа. Нохойгоо хооллох уу, цэвэрлэж жижиглээд хоногийн хоолоо аргацаах уу гэдэг нь тухайн хүний л асуудал биз ээ.

"Амьдрал нүдэн дээр уруудаж байна шүү дээ охин минь..." гэж дайвар зарж буй худалдагч н.Оюунчимэг шүүрс алдав. Тэрбээр "Элэг, бөөр, уушги гээд жаахан зүсээд торлосныг л хүмүүс авч байна шүү дээ. Ер нь нохойн хоол гэж зардгийг л хүмүүс авах нь их . Хүний амьдрал хэцүү байна" гэсэн юм. Гэхдээ нохойн хоол авах нь бүүхэл алгын чинээ бөөр, ганц ширхэг уушги гуйсаар орж ирэх хүмүүс өдөрт заавал хоёр, гурав орж ирдэг нь бичигдээгүй хууль болсон гэнэ. Хүүхдүүдээ дагуулсан 30-40 орчим насны эмэгтэй, ядарсан хөгшин орж ирэхээр өрөвдөж нэг өгнө, буруу харж нэг үздэг аж. Арга буюу л бусдыг хооллох нь буян юм даа гээд заримд нь үнэгүй өгдөг болохоо ярьж байлаа. Түүний хэлснийг батлах мэт 40 орчим насны эмэгтэй "Эгч ээ, дүүдээ ганц ширхэг уушги өгөөч" гэж царайчлаад удалгүй гарч явлаа. Хамгийн хямд нь уушги, бас нохойн хоол аж. Уушги 500 төгрөг, нохойн хоол 1000 төгрөг.

Одоо 70 шүргэж яваа н.Оюунчимэг гуай дайвар худалдаалаад 30 гаруй жил болж байгаа аж. Хэсэг хугацаанд хөдөө амьдарч байгаад хүүхдүүддээ туслахаар лангуун дээр сууж байгаа нь энэ гэнэ. Тэрбээр "Бараа бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх бүрт өсөж байна. Нэмэгдээгүй зүйл гэж алга. Өмнө нь хүмүүсийн амьдрал арай ч ийм хүнд байгаагүй. Худалдан авах чадвар улам доошиллоо. Бид нар чинь адилхан амьдарч байгаа учраас гуйсан хүн бүрт их хэмжээгээр нь үнэгүй өгч чадахгүй. Яах вэ, 1000 төгрөгийн үнэтэй зарж байгаагаа 500 төгрөгөөр, хэцүүхэн харагдаж байгаа хүнд нь боломжтой үедээ үнэгүй өгч байна. Тэгээд л олон нялх хүүхдээ дагуулсан 30-40 орчим насны эмэгтэйчүүд орж ирээд л эмээ минь хүүхдүүд хоолгүй хонох гээд байна, жаахан юм өгөөч гэхээр бүлтгэнэсэн жаахан хүүхдүүдийг нь хараад л өгөлгүй яах вэ дээ. Бас хэцүү шүү дээ. Би чинь бас үр хүүхэдтэй хүн шүү дээ" гэсэн юм.
ҮНЭГҮЙ АВ АВ...

Дэнжийн мянгад дайвар бүтээгдэхүүнээс гадна ясны хэсэг ч бий. Энд тойг, булууны яснаас бусад шулсан яс үнэгүй. Биднийг ороход худалдагч үгийн зөрүүгүй "Наад яснуудаа үнэгүй, торлоод ав аа" гэв. Түүнээс яс аваад шөлөнд нь гурил, будаа чанаад иддэг хүмүүс ч их орж ирдэг гэнэ. Тиймээс орж ирсэн хүнд үнэгүй өгөөд явуулдаг болохыг ч хэлсэн юм. Харин тойгны яс килограмм нь 2000 төгрөгийн үнэтэй бөгөөд түүнээс байнга үнэгүй яс авдаг хүмүүс хааяа килограмм тойгны яс авдаг аж.
МАХНЫ ҮНИЙГ ДАГААД ДАЙВАР Ч ҮНЭД ОРЖЭЭ

Ширхэг нь 2000 төгрөг байсан бөөр одоо 4000 төгрөг болж хоёр жилийн дотор 2000 төгрөгөөр өсжээ. Хонины элэг 2000 төгрөг, үхрийн элэг 3000, хонины зүрх 7000, үхрийн зүрх 8000, адууны зүрх 4000, умс кита 6500 төгрөг, хонины гүзээ ширхэг нь 2000 төгрөг, үхрийн гүзээ 10 мянган төгрөг зэрэг үнэтэй байна. Хамгийн өндөр үнэтэй нь үхрийн хэл 28 мянган төгрөг. Ерөнхийдөө махны үнийг дагаад дайвар бүтээгдэхүүний үнэ ширхэг нь 100 төгрөг, килограмм тутам нь 2000 төгрөгөөр нэмэгдсэн болохыг худалдаачид ярьж байлаа. Хөл хөдөлгөөн ч их байв.

Худалдагч М.Ганхуяг "Дайвар бүтээгдэхүүн урьд жилүүдээс өндөр байгаа. Махны үнийг дагаад өсдөг шүү дээ. Нэг үеэ бодвол хүмүүс дайвар бүтээгдэхүүн их авдаг болсон. Махтай харьцуулахад илүү хямд. Хүмүүс ихэвчлэн зүрх, элэг, гүзээ зэрэг авна. Мөнгө ч хэцүү боллоо шүү дээ, ер нь гурван мянган төгрөгт ганц хонины элэг ирэх үү, үгүй юу. Ганц элгээр хоёр шөнө ч хонохгүй шүү дээ. Ер нь хүмүүс хамгийн багадаа л 5000 төгрөг барьсаар орж ирдэг" гэлээ.
ТЭТГЭВЭР БУУХААР САРДАА ГАНЦ ХАВИРГАНЫ БУЛАН, ӨРЦ АВЧ ХОРХОЙГОО ДАРЖ БАЙНА

Иргэн Р.Төмөрхуяг ам бүл зургуулаа амьдардаг ч тэтгэврийн 600 мянган төгрөг авдаг. Гэвч мах авч хүчирдэггүй тухайгаа ярив. Тэрбээр "Тэтгэвэр буухаас бусад үед дайвар авч л амиа аргалж байна. Ард түмэн бүх нийтээрээ л ийм байгаа шүү дээ. Нэг килограмм махаар гурав ч хонохгүй, дээр нь үнэтэй. Таван килограмм мах 100 мянган төгрөг давахаар арай хямд нь дайвар болж байгаа байхгүй юу.
Мах авч хүчрэхгүй байна шүү дээ. Тэтгэвэр буусан үед л хавирганы булан авч хорхойгоо дарахаас бусдаар дайвар авч байна. Ихэнхдээ л чихсэн хошного, үхрийн зүрх, хонины зүрх зэрэг авдаг ч дайвар нь хүртэл үнэ нь нэмэгдээд байна шүү дээ.
Өмнө нь 5000-7000 мянган төгрөгт л авдаг байсан бол одоо 12 мянган төгрөг болоод байна" гэв. Түүний хувьд таван килограмм дайвар аваад долоо хоногийнхоо хоолны "мах"-ыг базааж яваа нь энэ байлаа.
ЦАЛИНГААРАА АМЬДАРДАГ ИРГЭД МАХ АВЧ "ЧАДАХГҮЙ"

Хаврын урт өдрүүдэд махны үнэ тэнгэрт хаддаг нь бичигдээгүй хууль. Харин зуны цагт арай жаахан үнэ буурдаг. Өнөөдөр килограмм махны үнэ дунджаар 21 мянган төгрөгийн үнэтэй байна. Гэхдээ хуучин буюу өвөл нөөцөлсөн үхрийн мах хамгийн хямд нь л ийм үнэтэй болохоос биш шинэ мах 23-25 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Гэвч нүдний гэм болжээ. Зудын гамшиг одоо ч арилаагүй сүүдэр нь махны үнэ дээр туссан бололтой. Учир нь, зудын дараагаас малын тарга тэвээрэг муу, нийлүүлэлт бага, өвс тэжээл үнэд орж, тээврийн өртөг нэмэгдсэн зэрэг олон хүчин зүйл өнөөдөр "арвын тор" ч дүүрэхгүй мах өнөөдөр 30 мянган төгрөг шүргэхэд нөлөөлжээ. Мах авч яваа ганц хоёр хүмүүс "Зах орохоор emart-аас мах, хүнсээ цуглуулсан нь ялгаагүй байж" гэж шүүрс алдах нь сонсогдоно. Худалдаачдын зүгээс "Цалингаараа амьдардаг иргэд мах авч чадахгүй болж байна" гэж байлаа. Үдээс өмнө шинэхэн мах нүд эрмэх зуур дуусаж, олны хөлд дарагддаг байсан махны лангуу одоо эл хуль болж худалдаачид хоосон лангуугаа манах шахам, хөзөр тоглохоос наагуур л дүр зурагтай байлаа.
ХУДАЛДАН АВАЛТ БАЙХГҮЙ БОЛСОН

Худалдагч М.Ургамал: Махны нийлүүлэлт ойрдоо хомсхон байна. Үхрийн гуяны цул килограмм нь 22 мянган төгрөг, хааны цул 19-19500, ястай мах 17500 төгрөгийн үнэтэй байгаа. Гэхдээ өвлийн махны тухайд шүү. Худалдан авалт тааруухан байна. Өнгөрсөн жилээс худалдан авалт муудсан бол энэ жил бүр ч илүү буурсан. Одоо хар л даа, манай зааланд худалдагч нар л байна, худалдан авалт байхгүй байгаа биз дээ. Ийм л байгаа. Хүмүүс ихэвчлэн хамгийн дээд тал нь 5 килограммаас хэтрэхгүй байна. Энэ чинь үнэ өссөнтэй л холбоотой шүү дээ гэлээ.
МАХНЫ ҮНЭ ӨСӨЖ, ХҮМҮҮС ГАХАЙ, ТАХИАНЫ МАХ Л АВЧ БАЙНА
Мах магнаг болсон тул хүмүүс урьд жилүүдийнх шиг тор, тороор нь 5, 10 килограммаар мах авч хүчрэхээ больж хамгийн дээд тал нь 5 килограммыг авах нь ховрын бараа болжээ. Ихэвчлэн 1-3 килограммыг авбал авдаг аж. Зарим байнгын үйлчлүүлэгч нар нь хүртэл мах авахаа больсон гэнэ. Яагаад гэвэл, махны үнэ нэмэгдсэн тул худалдаачдын анзаарснаар хүмүүс гахай, тахианы мах ихэвчлэн авдаг болжээ. Яагаад гэвэл, хоногийн хоолны махаа 25 мянган төгрөгөөр авах уу эсвэл хоёр килограмм тахианы мах авах уу гэдэг нь Харин үхэр, хонины махыг хааяа авдаг "тансаг" хэрэглээ болж хувирчээ.