Энэ сараас иргэдийг коронавирусний вакцинд үнэгүй хамруулж эхлэх тухайгаа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.
“Бид коронавирусний вакцинжуулалтыг арванхоёрдугаар сард эхлүүлэх бөгөөд эхний ээлжинд 50 сая тун вакцин авах хэлэлцээр байгуулсан. Коронавирусний вакцинжуулалтад иргэдийг үнэгүй хамруулна” хэмээн Э.Эрдоган Анкарад болсон сайд нарын танхимын хуралдааны үеэр онцлов.
Вакцинжуулалтыг эмнэлгийн ажилтнуудаас эхлүүлэх аж. Оросын вакцины хоруу чанарын шинжилгээг ойрын хугацаанд эхлүүлнэ гэж Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа арваннэгдүгээр сарын 25-нд мэдэгдсэн байна.
Коронавирусний анхны вакциныг ОХУ наймдугаар сарын 11-нд бүртгэж, "Спутник V" гэж нэрлэсэн юм. Вакцины эмнэлзүйн туршилтыг Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн мэргэжилтнүүд 6-7 дугаар сард хийсэн аж.