Япон улс сүүлийн жилүүдэд анимэ, манга, бүрэн хэмжээний киногоороо хурдацтай дэлхийд танигдаж байна. Тодруулбал, “Demon Slayer” хэмээх цуврал манганаас /зурагт ном/ сэдэвлэн бүтээсэн бүрэн хэмжээний анимэ болох “Kimetsu no Yaiba the Movie: Mugen Train” нь дэлгэцнээ гараад хэдхэн хоногийн дотор Box Office-ийн дээд амжилтуудыг эвдэж, коронавирусний цар тахлын нөлөөнөөс гарахаар хичээж байсан японы кино урлагийн салбарт томоохон түлхэц үзүүллээ. Нээлтээ хийгээд удаагүй ч дэлхийн кино урлагийн салбарт шинэ амжилтууд тогтоосоор байгаа “Kimetsu no Yaiba the Movie: Mugen Train” бүрэн хэмжээний киноны тухай сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.
НЭЭЛТЭЭ ХИЙСНЭЭС ХОЙШ ХЭР АШИГТАЙ АЖИЛЛАСАН БЭ?
100 орчим жилийн тэртээ японд хүн иддэг чөтгөрүүдтэй тулалдаж буй өсвөр насны хүүгийн тухай өгүүлэх Койохару Готогегийн манга цувралаас сэдэвлэн бүтээж, Харуо Сотозаки найруулсан тус бүтээл аравдугаар сарын 16-нд Японд нээлтээ хийснээс хойш эхний гурван өдөрт 3,6 сая үзэгчтэй болжээ. Ийнхүү 2020 оны дэлхийн зургаа дахь хамгийн их орлого олсон киногоор тодорсон байна. Япон улсад нээлтээ хийснээс хойш 10 хоногийн дотор 10 тэрбум иений ашигтай ажилласан нь хамгийн богино хугацаанд амжилтанд хүрсэн гэх рекордыг эзэмшихэд нөлөөлөв.
ЗОХИОЛЫН ГОЛ ҮЙЛ ЯВДАЛ
“Kimetsu no Yaiba the Movie: Mugen Train” гэх энэхүү анимэ кино нь өнгөрсөн жил цацагдаж гарсан олон ангит цувралынхаа үргэлжлэл юм.
Цувралд:
Ээж болон олон дүүтэйгээ ууланд амьдардаг Камадо Танжиро нэг өдөр хотоос харих замдаа цасан шуурганд өртсөн тул аргагүйн эрхэнд бэлд нь хоноглодог. Маргааш нь гэртээ иртэл домогт яригддаг чөтгөрүүд тэр шөнө гэр бүлийнхнийг нь хүйс тэмтэрсэн байхыг харна. Тэр дундаас охин дүү Нэзүко нь ганцаар чөтгөр болон хувирч үлдсэнийг олж мэдээд буцааж хүн болгох эрэлд гарснаар үйл явдал эхэлдэг.
Бүрэн хэмжээний кинонд:
Камадо Танжиро чөтгөр агнагч найзуудтайгаа хязгааргүй урт галт тэрэгний дотор болсон нууцлаг хэргийг мөрдөх болно. Харин дайсны хүчирхэг бүлэг болох арван хоёр кизукигийн доод гишүүн Энмү тэдэнд зориулж занга бэлтгэсэн байлаа.
КИНОНЫ НЭЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
- Токио хотын Шинжүкү дүүрэгт байрлах Тохо кино театр кино нээлтээ хийсэн эхний өдөр 12 танхимаа бүгдийг нь ашиглан өглөөний 06:00 цагаас шөнийн 24:00 цаг хүртэл ажиллажээ.
- "Би түүний төгсгөлийг нь таамаглаж байсан ч нулимсаа барьж дийлээгүй" хэмээн тус киног найзтайгаа үзсэн 27 настай залуу сэтгэгдлээ илэрхийлжээ.
- “Kimetsu no Yaiba the Movie: Mugen Train” нээлтээ хийснээс хойш японы гурав дах хамгийн их үзэлттэй киногоор тодорсон тул 19 жилийн турш энэхүү амжилтыг эзэмшиж байсан Spirited Away (2001) -ийн амжилтыг эвджээ.
- Түүнчлэн Тайванийн жилийн хамгийн их орлого олсон киногоор тодорч, тус улсын бүх цаг үеийн хамгийн их орлоготой хүүхэлдэйн киноны шинэ дээд амжилтыг тогтоов.
- Японы хамгийн андарт тооцогдох Күмотори уул нь "Demon slayer" цувралын гол дүр Танжирогийн төрсөн газар хэмээн гардаг. Тус анимэ нээлтээ хийснээс хойш энэхүү уулыг зорих иргэдийн тоо эрс нэмэгджээ. Туршлагатай уулчид 6-7 цаг зарцуулж авирдаг тул шүтэн бишрэгчдийг гэмтэх аюулаас сэрэмжлэн нутгийн захиргаанаас журам хүртэл гаргасан байна.
МОНГОЛ ДАХЬ НЭЭЛТ ХОЙШЛОГДОХОД ХҮРСЭН НЬ
Монголд “Kimetsu no Yaiba the Movie: Mugen Train” энэ оны арванэгдүгээр сарын 21-нд нээлтээ хийхээр төлөвлөсөн байсан ч "COVID 19" цар тахлыг дотооддоо алдаж, хөл хорио тогтоосон тул тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон билээ. Тус кино албан ёсоор нээлтээ хийснээс хойш хэдхэн хоногийн дараа манай улсын кино театруудаар гарах болсон тул анимэ сонирхдог зуу зуун залуус урьдчилсан тасалбар захиалжээ. Анх удаа театрын дэлгэцнээс анимэ кино үзэх хүлээлттэй байсан өсвөр насныхан одоог хүртэл тасалбарын мөнгөө буцааж авч чадаагүй байна. Гэнэтийн явдлаас үүдэн кино театруудын зүгээс хөл хорио тавигдахад үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, тасалбар авсан иргэдийг асуудалгүй киногоо үзэх боломжоор хангана хэмээх тайлбарыг хийжээ.
АНИМЭ КИНОНД ДҮРСЭЛДЭГ ГАЛТ ТЭРГИЙГ БОДИТ АМЬДРАЛ ДЭЭР АЖИЛЛУУЛАВ
“Kimetsu no Yaiba the Movie: Mugen Train” кинонд гардаг галт тэрэгнээс санаа авч бүтээсэн уурын галт тэрэг японы баруун өмнөд арлын Кюсю арал дээр анхны аяллаа эхлүүлжээ. Зөвхөн Кумамото мужийн Кумамото өртөөнөөс Фүкүока мужийн Хаката өртөө хүртэл хязгаарлагдмал хугацаанд явах Кюүшюү Рэйлвэй ХХК-ийн ажиллуулж буй галт тэрэг нь 100 орчим жилийн өмнөх загвараар бүтээгдсэн байна.
Тус галт тэрэг нь кинонд гардаг Тайшо эриний (1912-1926) загвартай уламжлалт хувцас өмсөж үйлчлүүлсэн зорчигчдод дурсгалын зүйл гардуулжээ. Энэхүү үйл ажиллагаанд нийт 700 гаруй хүн оролцжээ.