NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн энэ долоо хоногийн зочноор Засгийн газрын Бүрэн эрхэт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан оролцлоо. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сүүлийн үед таны ажил л хамгийн их байгаа юм шиг харагдаж байна. Ажил их байна уу?
-Байна аа, байна.
Манайд 1990-ээд онд БЭТ байсан юм билээ. Сүүлд нүүрстэй холбоотойгоор БЭТ томилсон. Тэгээд Засгийн газар таныг БЭТ-өөр томиллоо. Тэгэхээр ямар үндсэн зорилготойгоор, яг ямар ажил хийж хэрэгжүүлэх үүрэгтэйгээр энэ албан тушаалд томилогдсон талаар яриагаа эхэлье?
-Монгол Улс зах зээлийн эдийн засагт ороод 30 гаруй жил болж байна. Эрхзүйт ардчилсан тогтолцоог хөгжүүлэх 1992 оны зорилтоо хэрэгжүүлэхээр мөн л 30 гаруй жил зүтгэж байна. Ороо бусгаа 34 жилийн хугацаанд алдаа оноо цөөнгүй гаргасан. Хүний амьдрал баян учраас алдаагаа засаад урагшлах ёстой. Тиймээс ААН, хувь хүн, улс төр, нийгмийн амьдралд олон алдаа байдаг. Үүнийгээ засаж залруулж урагшлахаар, шинэ хууль эрхзүйн орчиндоо зохицуулахаар Засгийн газар тогтоол гаргаж, тодорхой төлөвлөгөө баталж, тодорхой хугацаанд ажиллах үүрэг чиглэл өгч БЭТ-өөр томилсон. Одоо бол хуулийн хүрээнд, Засгийн газраас өгсөн тогтоолын хүрээнд, Ерөнхий сайдаас өгсөн удирдамжийн хүрээнд БЭТ-ийн ажлын алба үйл ажиллагаагаа явуулж байна.
Стратегийн ордууд, баялгийн асуудал угаасаа манайд том сэдэв. Таныг энэ ажилд оролцоод төрийн хувь хэмжээн дээр анхаарал тавиад, бүрэн эрхэт төлөөлөгч болооч гэсэн саналыг хэн тавьсан юм бэ?
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Энэ оны нэгдүгээр сарын дундуур. Баялгийн сангийн хууль батлагдсантай холбогдуулж хийх ажил маш их байна. ХЭҮК-т мөн хийх ажил их байна. Та энэ хоёр салбарын алинд нь ажиллавал илүү үр дүн гаргаж чадах вэ гэж асуусан. Би тэгэхээр Засгийн газарт, Монгол Улсад аль нь илүү чухал байгаа юм бэ?, аль нь илүү хүндрэлтэй байгаа юм бэ? Тэр ажил дээрээ намайг тавьчих. Би өөрийгөө сорьё. Надад улс төр, нийгмийн амьдрал, хууль эрхзүйн туршлага байгаа гээд л томилогдсон доо.
Таныг томилогдож байх үед Шадар сайд Лу.Гантөмөр оруулж ирээд томилуулж байна гэсэн яриа гарч байсан. Гэтэл Ерөнхий сайд танд санал тавьсан юм байна гэж ойлголоо?
-Лу.Гантөмөр Ерөнхий сайд хоёр хамт сууж байсан. Тэгээд Ерөнхий сайд саналаа тавиад Л.Гантөмөр дарга юу бодож байна вэ гэж асуусан. Л.Гантөмөр дэмжиж байна гэсэн. Тэгэхээр АН-ын дарга Л.Гантөмөр Ерөнхий сайд хоёр ярьчихсан байсан шийдвэр байжээ би боддог.
Мэдээж маш их улс төр дагуулна, багагүй хүчин чармайлт шаардана. Тэгэхээр тийм хурдан энэ хэлцлүүд явчихгүй байх гэж би хувьдаа харж байна. Таныг БЭТ-өөр томилогдсоны дараагаар олон хүн, олон байр суурьтайгаар л харж байна билээ. Нэг хэсэг нь хэлцлийг энэ хүн хийгээд явах нь зөв, нөгөө хэсэг нь бидний арай гэж босгосон ААН-үүдийг татаад унагачих вий, нураагаад, булаагаад авчих вий. Нөгөө л хуучны Ж.Батзандан гараад ирэх вий гэдэг зүйлийг ярьж байгаа. Та ер нь ажил хүлээж авахдаа юу гэж бодож байв? Ямар төлөвлөгөөтэй байсан бэ?
-Нийгэм өөрөө нэгдмэл санаа оноотой байх ямар ч боломжгүй. 50 хувь нь ойлгож, 50 хувь нь эсэргүүцэж байвал нийгэм эрүүл байна гэсэн үг. Ж.Батзандан гэдэг хүнд амьдралын туршлага багагүй би. МУ-ын хамгийн том уул уурхайн компанийг байгуулахад 2010 онд ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж, Тавантолгой гэдэг компанийг байгуулахад биечлэн оролцож явлаа. Энэ компани өнөөдөр Монголын топ 5 ААН-ийн нэг болчихсон байгаа. Ямар зовлон туулдгийг би сайн мэднэ. 33-хан насандаа Унгар улсад захиргааны эрхзүйгээр докторын зэрэг хамгаалж явлаа. Магадгүй тухайн үед монголын хамгийн залуу хуульзүйн ухааны доктор болсон байх. 34 настайдаа 2004 онд авлигын эсрэг жагсаалыг 10 мянган хүнтэй Сүхбаатарын талбайд зохион байгуулж явлаа. 38 насандаа Оффшорын эсрэг хуулийг санаачилж, өргөн барьж УИХ-аар батлуулж явлаа. 40 гаран насандаа Эрдэнэтийн 49 хувь, Монголросцветмет, Асгатын мөнгөний орд хулгайд алдагдаж байхад АН-аас ажлын хэсэг байгуулж, үүнийг зогсоож алдагдсан баялгаа эргүүлэн авчирч байлаа. Ж.Батзандан гэдэг хүнд амьдралын унаж боссон олон туршлага бий. Хоригдож, шоронд хатаж явсан он жилүүд ч бий. Гэхдээ дандаа цагаатгагдаж, үнэн мөн нь тогтоогдож, хэрэгсэхгүй болж ялж явлаа. Б.Содномдаржаа, Т.Чимгээ гээд 2 залуу хэлмэгдээд шоронд 6 жил хэвтэж байсан. УИХ-ын гишүүн байхдаа түүний эсрэг тэмцэж, түрт хороо байгуулж, тэр хоёр хүнийг эрүүдэн шүүсэн гэдгийг тогтоож явлаа. Өөрөөр хэлбэл УИХ, Засгийн газар дээр түр хороог яаж удирдаж, үр дүнд хүргэж болдгийг би мэднэ.
Шударга учраас ажлаа хийчихнэ гэж байна уу?
-Амьдралын туршлага юм даа.
Олон нийт бол таныг их шударга хүн гэж харж байгаа байх. Та өөрийгөө хэр шударга хүн гэж боддог вэ?
-Шударга гэдэг өөрөө харьцангуй ойлголт. Аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх үү, хууль бусаар шийдэх үү гэх 2 л асуудал бий. Орчин үеийн нийгэм бол эрхзүйт нийгэм. Эрхзүйт төр. Тэгэхээр бид аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, нийгмийн бүх гишүүд хожиж урагшлах ёстой гэдэг зарчмыг барих ёстой. Үүнийг хууль дээдлэх ёсны зарчим гэж нэрлэдэг. Үндсэн хуулийн суурь зарчим бол хууль дээдлэх ёсны зарчим юм.
2019 онд шударга 5 гээд гарч ирж байсан даа. Та бол тэр шударга 5 гишүүний нэг нь. Тэр үед та бүхний хийж байсан тэмцэл гэх юм уу, үйл явц гэх үү тэр зүйлийг хийж байх үедээ хүсэж байсан зүйл чинь биелсэн үү? Шударгаар хариулч өгөөч?
-Миний улс төрийн амьдрал 3 үе шатад хуваагддаг юм. Одоогоос 21 жилийн өмнө 2004 онд 32 настай Ж.Батзандан авлигачдын эсрэг анхны жагсаалыг хийж байлаа. Тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Энхбаярыг АТГ-д шалгуулж бидний тэмцэл эхэлж байсан. АН-ын гишүүн болж байлаа, Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнийг байгуулж байлаа. Тэр үед ардчиллын лидерүүд АНУ руу зугтчихсан он жилүүд байсан юм. Тэр үеэс л би шар зангиа зүүж, нөхдийн хамт тэмцэж улс төрд орж ирсэн. Энэ бол миний улс төрийн амьдралын эхний үе байсан.
Би таныг шударга тавын нэг болж тэмцэж байхдаа хүсэж байсан зорилго чинь биелсэн эсэхийг яг шударгаар хэлээд өгөөч л гээд байгаа юм. Таны улс төрийн түүхийг бол бид бүгд мэднэ шүү дээ?
-Миний улс төрийн амьдралын 3 дахь үе шатыг та асууж байна. УИХ-ын гишүүн болсныхоо дараа хийсэн 2 тэмцлийн сүүлийнхийг нь та асууж байна. 2019 онд Эрдэнэтийн 49 хувь, Монголросцветметийг дагасан 35 орд, Асгатын мөнгөний орд хулгайд алдагдчихсан байсан. Түүний өмнө Тавантолгойг хятадуудад өгөх хуйвалдаан зохион байгуулагдчихсан байсан. МАНАН бүлэглэл гэх бүлэглэл үүсчихсэн. Миеэгомбын Энхболдын бүлэглэл, манай намын Э-ээр эхэлсэн дарга нарын бүлэглэл. Манай намд Э-ээр эхэлсэн хэдэн дарга байсан даа. Одоо бүгд АНУ-руу явчихсан. Энэ дарга нарын шунал хэрээс хэтэрсэн он жилүүд байсан. энэ бүлэглэлээс баялгаа ард түмэндээ эргүүлэн авахын төлөөх тэмцлийг МАН-ын 3 гишүүнтэй, АН-ынхаа 2 гишүүнтэй хамтарч тэмцсэний үр дүнд 2019 онд 50 мянган иргэн гудамжинд гарч, тэр тэмцлийн үр дүнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Баялагтаа эзэн монгол, Баялгийн сан гэдэг бодлогыг хийж байсан юм. Тэмцлийн үндсэн зорилго нь хулгайлагдсан баялгаа бүлэглэлээс салгаж ард түмэндээ эргүүлэн авчрах байсан. Үр дүнд нь өнөөдөр баялгийн сан байгуулагдсан. Үр дүнд хүрээгүй байсан бол өнөөдөр Баялгийн сангийн тухай ойлголт байхгүй байх байлаа. Бүлэглэл Монголын бүх том ордуудыг гадныхантай нийлээд идэж, уугаад зувчуулаад дуусчихсан байх байлаа. Тэгэхээр тэр тэмцэл маш үр дүнтэй тэмцэл байсан гэж би боддог.
Шударга 5 одоо уулзаж байна уу. Та бүхний ярьж байсан асуудал бол тэр үедээ яриад дуусчих сэдэв биш. Одоо ч яригдана, цаашид ч яригдаад явах асуудал шүү дээ?
-6 жилийн өмнөх болсон тэмцэл шүү дээ. Тэрнээс хойш тэмцэл зохион байгуулсан гишүүд зарим нь дарга боллоо, зарим нь цэрэг боллоо. Хүний л амьдрал. Гэхдээ амьдрал үргэлжилж байгаа.
Та хэд ч бүгд л дарга болсон л доо?
- Т.Аюурсайхан маань хараахан дарга болоогүй байгаа.
Та бол бас л олон дарга боллоо шүү дээ. Сайд боллоо, томилолт аваад явж үзлээ. Лу.Болд гишүүн ч мөн томилолт аваад гадагшаа явсан. Ерөнхий сайд байна. Ер нь цэрэг болсон хүн ч байхгүй байх аа?
-Би шоронд сууж байгаад саяхан гарч ирсэн шүү дээ. Т.Аюурсайхан одоо хоригдоод тэнд байж байна. Лу.Болд Белгид байгаа. Тэгэхээр хүний амьдрал бол баян. Унаж босно. Гэхдээ л монгол аавын хүүхдүүд босоо байхын төлөө, эх орныхоо төлөө зүтгэх эр зоригтой байгаасай гэж би хүсдэг. Тэгэхээр тэр үед 40, 50 мянган хүний хамт тэмцэж байсан тэр 5 залуу, тэр тэмцлийн гал одоо ч унтраагүй байгаа. Унтрах ёсгүй гэж би боддог.
Тэгэхээр шударга ёс тогтчихоод байна уу эсвэл тогтох гээд л яваад байна уу?
-Би чамд нэг жишээ хэлье. 20 жилийн өмнө авлигын эсрэг ярихад хүн бүр ойлгодоггүй байсан. Авлигын эсрэг жагсаал хийхэд Хууль зүйн сайдаасаа эхлээд Ерөнхий сайд нь хүртэл Монголд авлига байхгүй байхад энэ Ж.Батзандан юу яриад байна аа гэдэг байсан. Оффшорын хуулийг өргөн барьж байхад Монголд оффшор байхгүй. Оффшорт мөнгөө хийдэг нэг ч хулгайч байхгүй гэж ярьдаг байсан. Шударга 5 гэх залуус тэмцэл хийж, баялагтаа эзэн болъё, алдагдсан ордуудаа эргүүлэн авчиръя гээд тэмцэл эхлүүлэхэд хүмүүс юу яриад байна аа ямар ордоо алдчихсан юм бэ гээд мэддэггүй байсан. Хэвлэл мэдээлэл, соошл медиа хөгжсөний үр дүнд иргэд мэдээлэлтэй болж байна. Хэн юу хийж байсныг, хэн тэмцэж, хэн ухарч няцаж байсныг хүмүүс бүгд хардаг болсон байна.
Би шударга тавыг ерөөсөө буруушаагаагүй шүү. Үүргээ гүйцэтгэсэн, өөрсдийнхөө нөлөөллийг улс төрд үзүүлсэн гэдэг утгаараа та бүхний тэмцлийн зорилго биеллээ олж байна уу, яаж байна. Олохгүй байгаа бол юу саад болж байна?
-Шударга 5-ын тэмцэл бол миний амьдралын өчүүхэн нэг хэсэг. Миний улстөрийн амьдрал иргэний хөдөлгөөнөөр, авлигын эсрэг тэмцлээр эхэлсэн. Миний улс төрийн амьдралын 2 дахь үе оффшорын эсрэг тэмцлээр үргэлжилж байлаа. 3 дахь үе нь 40 мянган иргэнээ дагуулаад, УИХ-ын 4 гишүүнтэйгээ баялагтаа эзэн болъё гээд үргэлжилж байсан. Одоо цаашаа ч үргэлжилнэ. Тэгэхээр бид нэг нэгнээ дүгнэе гэвэл амьдралын процессыг уртаар нь харж дүгнэвэл илүү зөв, шударга болно гэж ах нь боддог.
Шударга таваас хотын дарга, Ерөнхий сайд хийгээд явж л байна. Энд алдаа оноо байгаа л байх. Гэхдээ яг та бүхний тухайн үед хүсэж, зорьж байсантай агаар нэг, зорилго нэг зүйл одоо байна уу л гэж?
-Стратегийн ордууддаа монголчууд баялгийн сангаараа дамжуулж хувь хүртэх ёстой гэдэг бодлогыг тэр 5 гишүүн хийсэн шүү. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг тэр 50 мянган хүн хийсэн.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг бол 2019 онд их олон гишүүн санаачлаад УИХ хийсэн л дээ. Тэр дунд мэдээж та бүхний санал санаачилга байсан байх?
-Талбай дээр жагсаал болоогүй байсан бол 2019 онд Баялгийн сангийн суурь тавигдахгүй байсан. Харамсалтай нь 2019 оноос хойш 5, 6 жил Баялгийн сангийн хуулийг баталж, хэрэгжүүлэхгүй явсаар дөнгөж өнгөрсөн хавар баталлаа. Хэрэгжүүлэлт нь одоо л эхэлж байна.
МАНАН бүлэглэл гээд та ярилаа. 2018 оноос хойш 2 намын хоорондох зарим хүмүүсийн хамтарсан харилцаа холбоог МАНАН гэж хэлээд байгаа. Одоо бол хамтарсан Засгийн газар явж байна. Энэ хамтралыг та юу гэж харж байна. Энэ хамтрал ер нь зөв юм уу?
-Би одоо хийж байгаа ажилтайгаа холбоотойгоор МАНАН бүлэглэлийн тухай 3-хан жишээ хэлье. ЗГ-аас өгсөн удирдамжийн дагуу миний БЭТ-ийн ажил Эрдэнэтийн 3 үүсмэл ордоос эхэлж байгаа. “Ачит ихт” сүүлийн 10 жилийн дотор 1.7 их наяд төгрөг олсон байгаа. Туулын хурдны замыг барих хэмжээний мөнгө гэсэн үг. “Эрдмин” бол 27 жил ажиллаж байна. “Эрдмин”-ий 20 гаруй хувийг тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн захирлын гэр бүл, хамаатан садан, найз нөхөд нь эзэмшиж байгаа. “Зэс эрдэнэ” бас л улс төрийн нөлөөтэй, хамааралтай компани. Өөрөөр хэлбэл, ард түмний баялгийг МАНАН гэнэ үү НАРАН гэнэ үү хамаагүй. Тэр бүлэглэл 34 жилийн турш цусалж ирсэн юм. Энэ бүлэглэлд алдсан баялгийнхаа ядаж талыг, бүр ядахдаа 34 хувийг нь баялгийн сандаа оруулъя л гэдэг асуудал байна. Тэгэхээр таны асууж байгаа МАНАН бүлэглэлтэй тэмцсэн тэмцлийн үр дүн ямар байна вэ гэх 6 жилийн өмнөхийг биш ирээдүйн 30 жилийн тухай, ирээдүйн 10 жилийн тухай, үр хүүхэд ач, гучийнхаа тухай ярих ёстой болов уу гэж бодож байна.
Хоёулаа тэгвэл таны БЭТ-ийн ажлыг ярья. Өчигдрийн /2025.04.13/ таны танилцуулгаас харахад Эрдэнэт дээр нэлээд хэлэлцээрүүд тулгуу явж байгаа юм байна, нэгд. Хоёрдугаарт, тэнд асуудлууд их байна уу гэж харсан. Эрдэнэт дээр чухам ямар асуудлууд байна вэ. Ачит ихт, Эрдмин дээр та их сонирхолтой байр суурийг илэрхийлж байсан?
-Эрдэнэт үйлдвэр бол 2019 онд Худалдаа хөгжлийн банкны эзэн Ц.Пүрэвтүвшиний мэдэл рүү шилжиж байсныг монголчууд бүгд мэднэ. Өөрөөр хэлбэл, улсаас авсан мөнгөөрөө хойноос манай хэдэн дарга нар авчраад хувийн компани руу шилжүүлж байсан. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр 4 их наядыг жил бүр улсын төсөвт төвлөрүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийг тэр үед бараг сэхээний тасагт орсон, удахгүй хаагдах гэж байгаа гэдэг суртал ухуулгыг явуулж байсан. Өнөөдөр энэ үйлдвэр 65 жилийн нөөцөө нэмснээ албан ёсоор зарласан. Бүлэглэл улс орныг ингэж л идэж, уудаг байсныг бид мартаагүй байгаа. ЗГ-ын удирдамжаар миний бие Эрдэнэтийн 3 үүсмэл ордын асуудал руу орж байгаа. АНУ-д нуугдаж байгаа Э даргын маань оролцоотой нэг компани бий.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг хэлж байна уу?
-За би Э дарга гээд хэлчихье. Цаглабар гэж компани бий. Сингапурт хэвтэж байгаа Ц даргын маань нэг компани байгаа.
Ц гэж хэн бэ?
-Монголчууд мэдэж байгаа. Би бол Ц дарга гэе. Нөгөө талд захирлаар нь ажиллаж байсан О даргын маань эхнэр, хүүхдүүд. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шийд гэдэг удирдамж БЭТ-ийн ажлын албанд ирсэн. 34 жилийнхээ дүгнэлтийг өгье гэж та ярьж байна. Дүгнэлтээ өгөхийн тулд нээлттэй ярих ёстой. Хэн нэгний мууг үзэж, өмнөх дарга нарыг шоронд хийхийн тулд би үүнийг яриагүй. 34 жилийн турш улс орноороо юу руу явсан юм бэ, ямар эдийн засаг руу явсан юм бэ. Олигархийн эдийн засаг гэдэг, бүлэглэлийн эдийн засаг гэдэг ямар юм байдаг вэ гэдгийг одоо бүгдээрээ ойлгож байгаа. Дараа нь энэ эдийн засгийг яаж засаж, яаж үндэсний эдийн засаг болгох юм бэ, яаж олон нийтийн оролцоотой эдийн засгийн бүтцийн загварыг бий болгох юм бэ гэдгийг одоо шийдвэрээ гаргаад урагш явах ёстой. Засгийн газраас надад ийм л удирдамж өгсөн. Хувийн ААН-үүдээ бас хүндэтгээрэй. Өнгөрсөн 34 жилийн алдааг, хууль хяналтын байгууллагын асуудлыг хуулийн байгууллагад нь орхиод урагшилкя гэдэг чиглэлийг өгсөн. БЭТ-ийн ажлын алба дэд ажлын хэсгийнхээ хүрээнд ажлаа хийгээд урагшилж байна.
“Ачит ихт”, “Эрдмин” гээд 2 улс төрчтэй холбоотой гээд байгаа компани байна. Нэг нь МАН-ын томоохон улс төрч байсан нөгөө нь танай намын бас л нөлөөтэй улс төрч байсан. Энэ хоёр хүн тухайн үед өөрсдийн цаг хугацаандаа бидний ярьдаг Эрдэнэтийн овоолго гэдэг зүйл дээр өөрсдийн компаниа оруулчихлаа гэж байна. Одоо энэ асуудал дээр яг ямар шийдэл байна вэ. Хуулийн байгууллагад яг юу юуг нь өгөх юм бэ. Хэлэлцээрийн түвшинд тэдэнтэй ямархуу байдлаар ярих вэ. Өнгөрсөн хугацаан дахь ашиг орлогоос 34 хувиа тооцох уу гээд тодорхой мэдээлэл өгөөч?
- "Ачит ихт" дээр гурван асуудал байна. Нэрдүгээрт, 34 хувьтай холбоотой алдагдсан ноогдол ашгийн нөхөн төлбөрийг яаралтай шийдвэрлэ гэсэн чиглэлийг ЗГ тогтоолоор өгсөн байгаа. Үүнийг шийдэхийн төлөө хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа. Хоёрдугаарт, 34 хувийг зувчуулах гэж оролдсон. Өөрөөр хэлбэл, 34 хувийг авахгүй гэдэг бичиг явуулсан Эрдэнэт үйлдвэрийн захирал байсан Ц.Даваасүрэн даргын асуудал байгаа. Эрдэнэт үйлдвэр 34 хувиасаа татгалзъя гэдэг бичиг явуулсан. Гэрээний үндсэн нөхцөл болох 34 хувийг дараагийн гэрээгээрээ алга болгох оролдлого хийсэн асуудлыг АТГ шалгаж байгаа. Гуравдугаарт: Цаглавар гэдэг компанийн асуудал, байгаль орчны асуудлууд хууль хяналтын байгууллага дээр явж байгаа. Гэхдээ БЭТ-ын ажлын алба нэг л зарчим баримталж байгаа. Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа, шалгагдах, шалгагдсан асуудалд бид орохгүй. Бид ЗГ-ын удирдамж, Үндсэн хуулийн 6. 2, Ашигт малтмалын тухай хуулийг 5.4, 5.5-ыг хэрэгжүүлээд урагшаа явъя гэдэг чиглэл баримталж байгаа.
Өнгөрсөн хугацаанд маш олон улс төрч, улс төрчдийн хамаарал бүхий компаниуд хуулийн байгууллагад шалгагддаг. Зарим нь шалгаж явсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихдаг. Зарим нь хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихдог. Тэгэхээр одоо хуулийн байгууллагад өгч байгаа мэдээллээ ил тод нээлттэй өгөөд явна биз дээ та?
-Хуулийн байгууллага олон жил шалгаж байгаа асуудлууд юм. "Ачит ихт" дээр байгаа миний ярьсан 3 асуудлыг хуулийн байгууллага одоо ч шалгаж байгаа. Шалгуулж байгаа гол субъектууд нь гадагшаа гараад алга болчихсон. Хэрэг шалгах ажиллагаа зогсонги байдалд ороод царцчихсан. Энэ болгонтой бид зууралдаад, эсвэл том ахыг АНУ-аас ирэхийг, нөгөө том ахыг Сингапураас иэхийг хүлээгээд байвал “Ачит ихт”-ийн асуудал хойшлогдсоор л байх болно. “Ачит ихт” гэдэг компани өөрөө Үндсэн хууль болон, Ашигт малтмалынхаа хуулийн хүрээнд Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг хангахын төлөө хамтарч ажиллая гэдэг бичгээ удаа дараа өгсөн. Тиймээс бид энэ компанийн удирдлагуудад хүндэтгэлтэй хандаж байгаа. Хуулийн асуудал байна. Гэхдээ урагшилъя гэдэг саналаа гаргаж байгаа. Тэгэхээр бид хуулийн асуудал нь хуулиараа, бизнесийн асуудал бизнесийн зарчмаараа яваг гэдэг байр суурийг баримталж байгаа гэдгээ хэлье.
Тэр Э дарга гэж таны яриад байгаа хүн танай намын дарга, улсын Ерөнхийлөгч байсан хүн гээд та хэллээ. Тэгэхээр энэ Ц.Элбэгдорж гэдэг хүнийг авчраад шалгуулах талаар танай нам ч юм уу өөрсдөө холбоо бариад эсвэл та ч байж болно шүү дээ. Энэ асуудалд та ямар бодолтой байдаг вэ. Миний л мэдэхээр дараалаад 2 удаа Ерөнхийлөгч болсон, танай намынхан өөрсдөө дэмжээд гаргасан, 2 ч удаа Ерөнхий сайд болж байсан хүн шүү дээ?
-Ц.Элбэгдорж нь байна уу, Н.Багабанди нь байна уу. АН, МАН байна уу нам улсаараа талцахгүйгээр улс орныхоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэж эвслийн Засгийн газар байгуулагдсан гэж би харж байгаа. Эвсэл гэдэг бол нийлээд хулгайгаа нууна гэсэн үг биш. Нийлээд хулгайгаа гадагш гаргана гэсэн үг биш. Эвслийн Засгийн газрын утга учир ажил хийх болов уу гэж итгэж төрийн ажлыг би хүлээж авсан. Гэхдээ БЭТ бүх ажлыг хийх эрх мэдэл байхгүй. Хуулийн байгууллага өөрийнхөө ажлыг хийж, ЗГ, УИХ өөрийнхөө эрх мэдэл, бүрэн эрхийнхээ хүрээнд хийх ёстой ажлуудаа хийгээд явах ёстой. БЭТ-ийн ажлын чиг үүргийг, ажлын төлөвлөгөөг Засгийн газар баталж өгдөг учраас миний бие энэ хүрээнд л ажиллана. Баялгийн сангаа баян болгохын төлөө, иргэдийн хуримтлалын санд 2025 онд 1 их наядыг төвлөрүүлэхийн төлөө ажиллаж байна.
Иргэд мэдэх эрхтэй. Мэдэх эрх нь хангагдаад ирэхээр сонголтоо хийхдээ мэргэн байдаг. Ухаантай ард түмэн шүү дээ. Тэгэхээр таниас би асуумаар байна. Энэ орд газруудад хэн хэн ямар давуу байдалтайгаар орсон тухай материалтай та танилцаж байгаа. Өнгөрсөн хугацаанд АН, МАН ээлжил засаг барьж ирсэн. Ер нь яг ямар ямар хүмүүс ард түмний өмч рүү хамгийн их гар, хөлөө дүрсэн байна вэ. 2 намаас 1, 1 хүн нэрлээч гэвэл?
-Стратегийн ордуудын эзэмшил, тэдгээрийн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа ААН-үүдийн асуудал 1990 оноос эхлэлтэй байна. Тухайн үед мэдээлэлтэй байсан, тусгай алба тагнуулын байгууллагад ажиллаж байсан 3 бүлэглэл 3 том дарга эхэлсэн байгаа. 1-рт Пэлжээгийн бүлэглэл гэж ярьдаг байсан. Талийгаачийн нэрийг дурдаж байгаад уучлал хүсье. 2-рт Содномын бүлэглэл гэж ярьж байгаа. 3-рт Сүрэнгийн бүлэглэл гэж байгаа. Энэ 3 хүний бүлэглэл эхлүүлсэн. Стратегийн ордуудыг өөрийн хамаарал бүхий ААН-үүд рүү шилжүүлэх асуудлыг эхлүүлсэн. Үүнийг манай эрдэмтэн судлаачид, геологичид ярьдаг бас бичдэг. Дараа нь П.Очирбатын бүлэглэл, Н.Багабандийн бүлэглэл. Тэгээд манай Э даргын бүлэглэл. Ингээд үргэлжлүүлж стратегийн ордуудын өөрийн хамаарал бүхий ААН-үүд рүү шилжүүлж, тэр ААН-үүдийнхээ зөвлөхөөр ажиллаж байсан байдаг. 34 жилийн улсын төсвөөр хайгуул хийгдсэн ордуудыг бараг үнэ төлбөргүйгээр авчихсан байдаг. Хоолны мөнгөөр л авчихсан байдаг. 34 жил манай үе үеийн дарга нар монголын ард түмний баялгийг цусалсан байна. Монголчууд үргэлж алдаагаа засаж, үргэлж ойлголцож урагшилдаг түүхтэй. Засгийн газрын БЭТ-ийн хувьд энэ ААН-үүдийн өмнөх түүхийг аль болох бага сөхөхийг хүсэж байгаа. Аль болох хамтдаа урагшлах хууль эрхзүйн гарц гаргалгааг олохын төлөө тал талаасаа мэрийж ажиллаж байна. Өнөөдөр нөгөө муу муухайгаараа хэлэгдээд байгаа ААН-үүд бүгд Засгийн газартайгаа хэлэлцээрт орох бичгээ явуулчихсан байгаа.
39 орд гэж яригдаад байгаа бүгд явуулчихсан уу?
-Эхний 10 нь явуулсан байна. Үе шаттай явна. “Саус гоби сэндс” гээд гадны хөрөнгө оруулалттай компани хүсэлтээ ирүүлчихсэн. Хүрэн толгой майнинг нарийнсухайт дээр бас л томдоо орох уурхай байгаа. МАК байна. Манай том бүтээн байгуулагчийн нэг Б.Нямтайшир гуай. Бид янз бүрээр л хэлдэг. Би ч хатуу үг хэлдэг. Гэхдээ 34 жилийн турш бүтээн байгуулалт хийсэн, сайн муугаараа хэлүүлсэн, алдаж оносон ААН-үүдийг ойлгож, хэлцлийг вин вин зарчим руу оруулахын төлөө Засгийн газар, Засгийн газрын БЭТ хичээж байгаа гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Таныг Э дарга гээд нэлээд ярилаа. Өмнө нь Эрдэнэтийн асуудал дээр ч, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын асуудал дээр ч та нэлээд энэ нэрийг ярьсан. Тэгсэн таны нэг ийм бичлэг байна. Эндээс харахад та л энэ хүнийгээ дэмжээд ийм хэмжээнд хүргэчихсэн юм биш үү?
-2008 онд сонгуулийн луйврыг эсэргүүцэж ард түмэн бослого хийж МАН-ын байр шатаж, 10 мянган залуу баригдаж ганц худагт хоригдож байлаа. Тэгэхэд би 30 хэдтэй байсан. тэр үед Ц.Элбэгдорж гэдэг хүн гарч ирж залуусыг өмөөрч, үгээ хэлдэг байсан. тэгэхээр хүнийг сайн үед нь зөв үед нь дэмжиж явах ёстой. Алдаа оноо гаргасан бол хэлж, засаж залруулж явах ёстой. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд монголын иргэний хөдөлгөөнүүд, ард түмэн маш хүчтэй дэмжиж Ерөнхийлөгч болгож байсан. 8 жил Ерөнхийлөгч байхдаа эхний 4 жил нь үнэхээр сайн Ерөнхийлөгч байсан гэж би боддог. 2009-2013 оны хооронд бол тэр үнэхээр топ Ерөнхийлөгч байсан. Олон сайн хуулиудыг гаргаж ирсэн. Шилэн дансны хуулиас эхлээд. Хоёр дахь удаагаа сонгогдохдоо олон баялаг ордууд руу хуруугаа дүрж, Эрдэнэтийн үйлдвэрийг хүртэл эмчилгээний цэгт очсон туранхай хөгшин үнээ боллоо. Д.Эрдэнэбилэгт өгчихье гээд бахирч эхэлсэн. Ачит ихт рүү хуруугаа дүрсэн. Бүр Нарийн сухайт дээр орд хүртэл авах гэж үзсэн. Ингээд бид 2ын зам салсан. Гэхдээ тэр хүн алдаагаа засаад ард түмний төлөө зөв бодлого дээр гарч ирвэл би дэмжээд л явна. Би ч гэсэн төгс хүн биш. Алдаа бий оноо бий. Ард түмэн зөв байвал дэмждэг, буруу байвал өшиглөөд хөөчихдөг. Амьдрал ийм.
Эрх мэдлээ алдчихаар нь та түүнийг өшиглөөд хөөчихөөгүй биз дээ?
-Ц.Элбэгдоржтой би 2015 оноос муудалцаж эхэлсэн. 1-рт, Оффшорын хуулиас болж бид 2 муудалцаж эхэлсэн. Энэ хуулийг тэр эсэргүүцэж, 2 ч удаа УИХ дээ унагаж байсан. Би тэр хүнийг уучилсан. Хууль батлагдсан. 2 дахь муудалцсан шалтгаан нь Эрдэнэтийн 49 хувь, Асгатын мөнгөний орд, Монголросцветметийг дагасан 35 ордыг, Хөтөл, Дарханыг сахал Д.Эрдэнэбилэгт өг гэдэг шийдвэрийг Ерөнхийлөгч байхдаа шахдаг байсан. үүнээс болж муудалцсан. Гишүүд тэмцэж байгаад энэ ордуудыг буцааж авсан. Гурав дахь муудалцсан шалтгаан Тавантолгой. Тавантолгойг хятадуудад өг гэдэг шахалтыг Ц.Элбэгдорж дарга УИХ дээр ил тод хийдэг байсан. З.Энхболд тэргүүтэй 39 гишүүд бид гарын үсэг цуглуулаад нөгөө талд нь гарч муудалцаж байлаа. Үүнээс болж Э дарга намайг муу залуу гэж боддог болсон байх. Гэхдээ одоо Э дарга маань алдаагаа ойлгож, эрүүл саруулаар бодож, зөв бодлого дээрээ ирсэн болов уу гэж итгэж байгаа.
Та өмнө нь МАН 33, 32 болчихсон байхад одоогийн Ерөнхийлөгчийг хамгаалаад авч үлдье гэдэг дээр санал өгөөд явж байсан. Тэгснээ дараа нь та хоёр бас муудалцаад унасан болохоор би таныг эхлээд дэмжээд явж байснаа дараа нь ингээд асуудал болоод муудалцаад байдаг юм биш биз гэсэн логик байна уу гэж бодлоо л доо?
-Улс төрд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж байхгүй. Тодорхой асуудлуудад байр суурь нэгдэж байвал бид найз байна. Улс орны эсрэг буруу бодлого гаргаж байгаа бол байр сууриа илэрхийлж хамгаалахаас өөр аргагүй. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч тухайн үед Баялгийн сангийн хуулийг дэмжиж байсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байсан. Зөв байр суурьтай байсан учраас би дэмжиж байсан. Сүүлд бид хоёр муудалцсан шалтгаан бол жижигхэн асуудал байсан.
Таны ярьж байсан тайлбараар бол нэгнийгээ барьж хорих хүртлээ муудалцчихсан гэж байсан даа?
-Тэр бол яах вэ. Ер нь цэргийн хүн бол жаахан огцом зантай байдаг. Миний хувьд хатуу ганц, нэг шүүмжлэл хэлсэн тал бий. Гол нь АН-ын дарга хэн байх вэ гэдэг асуудал байсан. С.Баярцогтыг АН-ын даргаар тавих асуудлыг ордноос өгч байсан.
Хэн?
-Таны одоо ярьж байгаа хүн.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үү?
-Тийм. Тухайн үед АН-ын дарга С.Баярцогт байх уу, Л.Гантөмөр байх уу гэдэг зөрчил АН-д ч, МАН-д ч байсан. Хэрвээ С.Баярцогттой АН байсан бол шинэ 30 жилийг эхлүүлж чадах байсан уу гэж би Л.Оюун-Эрдэнээс асуусан. Чадахгүй гэж тэр хэлж байсан. Миний хувьд Л.Гантөмөрийн АН-тай ШИНЭ нам нэгдэж, цаашдаа АН улам хүчтэй болж, урагшлах ёстой гэдэг байр суурьтай байсан. Энэ хоёр нам бие биенийхээ дотоод асуудалд дэндүү их ордог. Ордонд нөгөө намынхан сууж байгаад АН-ын хувь заяаг шийддэг болчихсон цаг үе байсан. Одоо ч тийм. Үүнийг эсэргүүцэж би үгээ хэлээд адлуулах, зодуулах, яллуулах, хөөгдөх асуудал цөөнгүй байсан. Энэ бол улс төрд хөшигний ард байдаг л зүйл. Би хэнд ч гомдохгүй байгаа.
Нөгөө нам нь АН-ын хувь заяаг шийддэг асуудал одоо ч байна гэдгийг улс төрийн хүрээнд ярьж байна. Та ч бас хэлж байна. Та одоо АН-ын гишүүн биз дээ. Бүхэл бүтэн 2 том нам институци болоод, ардчилал гэдэг том зүйлийг ярьдаг, хамгаалдаг, ардчиллыг авчирсан намыг МАН цаанаас нь удирдаад даргыг нь хэнээр тавих вэ гээд л. Ерөнхийлөгч нь энэ хүнийг тавья гэхээр Ерөнхий сайд би тэр хүнтэй чинь ажиллахгүй гээд. Ингээд яваад байх нь зөв юм уу. Эсрэг намаараа удирдуулж байх нь та бүхэнд гутамшигтай биш үү?
-Тухайн цаг үед АН-ын тамгыг хэн авч чадах вэ гэдэг л уралдаан байсан. Авч чадах хүн нь магадгүй олон хүний нүдэнд С.Баярцогт юм шиг харагдаж байсан байх. С.Баярцогттой АН урагшилна гэдэгт би итгээгүй.
Яах вэ тухайн үед тийм байж. Одоо ингээд удирдуулаад байх нь гутамшигтай санагдахгүй байна уу л гэж?
-Сүүлийн үед би ордон руу цөөхөн орж байгаа. АН, ШИНЭ намын нэгдэх үйл явцыг манай дарга нар зохион байгуулсан. Үүнийг сайшааж хүлээж авч байгаа. Ж.Батзандан 2019 онд Эрдэнэтийн 49 хувь, эрүү шүүлтийн хэрэг, Асгатын мөнгөний орд, баялгийн сангийн өөрчлөлтийг хийснийхээ төлөө АН-аасаа хөөгдөөд, явсаар байгаад сая буцаж ирлээ.
Таныг хөөсөн юм уу. Та өөрөө ШИНЭ нам байгуулаад гараад явчихсан юм биш үү?
-Л.Болд бид хоёр түрүүлж хөөгдөөд, араас нь Н.Алтанхуяг, одоогийн АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ц.Туваан гээд их хөөлтийн үе байж. Тэр хөөлтөд өртөөгүй Ан-ын гишүүн гэж цөөхөн. Дунд шатанд ч ялгаагүй. Бүгд хөөгдөж байлаа. Гэхдээ ардчиллынхан буцаж нэгдэж чаддаг. Бие биенээ уучилж, урагшилж чаддаг нээлттэй нам. Тиймээс ардчиллын туг бөхийхгүй, буцаж босно гэдэгт бүрэн итгэдэг.
Улс төр сонирхдог хүний хувьд би ингэж хараад байгаа юм. М.Энхсайхан, Ж.Батзандан зэрэг хүмүүс яг чухал сонгуулийн өмнө АН-ыг хуваагаад аваад гараад явчихдаг. Өөрсдийн гэсэн дэмжигчидтэй, нөлөө бүхий улс төрчид мөн үү гэвэл мөн. Хөөгдлөө гэдэг нэрээр нам салгаад гараад явчихдаг. Түүнд МАН туслаад явчихдаг. 2020 оны сонгуулиар бол ийм зүйл болчихов уу л гэж харсан?
-Улс төрийн намын хөгжлийн түүхийг харах юм бол их олон зүйл болно. МАН-аас салж байсан намууд гэхэд олон. Д.Бямбасүрэн гуай салж байсан, Н.Энхбаяр гуай салж байсан. МАН-ын 100 жилийн түүхийг хар. Олон мянган гишүүдээ буудаж, цөлж алж байсан. АН-ын 34 жилийн түүхийг хар. Салж байсан, бутарч байсан. Хөөж байсан. Гэхдээ бие биенээ алж байсан түүх бол байхгүй. Энэ хагаралдаан, бутралдаан дандаа ялагдал руу хөтөлж байсан. Нийлж, нэгдсэн үедээ АН дандаа ялж байсан. АН-ын дарга нарын түүхийг хар. Хөөлөг дарга нарын үе гэж байна. Нэгтгэдэг дарга нарын үе гэж байна. Одоогийн дарга бол нэгтгэж байна гэж би харж байгаа.
Миний асуулт бол сонгууль өгч байгаа иргэдийг харахад МАН ба бусад ардчилсан үзэлтэй нам гэсэн байдлаар л өгдөг. АН-аас салаад гарах тусам МАН-д ашиг тусаа үзүүлдэг. Тийм учраас яагаад ийм чухал сонгуулийн өмнө салаад гараад явчихдаг юм бэ л гэж байгаа юм?
-Үнэн үнэн. Би өөртэй чинь санал нэг байна. М.Энхсайхан, Наранцацралт, Цогтгэрэл гээд олон лидерүүдээ АН хөөж байсан. Тэд нам байгуулаад явж байсан. Р.Амаржаргал гуай, Н.Алтанхуяг гуай гээд өчнөөн лидерээ хөөж байсан. Хөөж байна гэхээс илүү энэ бол тухайн үеийн удирдлагуудын шийдвэр. Энэ нь АН-ын олон удаа ялагдал руу хөтөлж байсан. Буцаад нэгдэх нам, фракц, улс төрчид ч гэсэн төгс төгөлдөр бодгалиуд биш байхгүй юу. Алдаа оноотой. Буцаад алдаагаа засаж чадсан үедээ нийлдэг. Ардчилсан нийгэм угаасаа ийм. Энэ ганцхан Монголд болоод байгаа юм биш. Дэлхийн олон оронд ийм процесс болж байгаа. Тэгэхээр бид алдаагаа засаад АН урагшлах ёстой. өнгөрсөн сонгуулиар бол ардчиллын санал 10 хуваагдсан сонгууль болсон.
Та яагаад сонгуулиар гарсангүй вэ?
-ХҮН нам. Миний бие АН-даа сонгуулиас 1 сарын өмнө орж ирсэн. Тойрог байхгүй. Миний үндсэн тойрог бол зүүн аймаг. Нэг бол Баянзүрх дүүрэг. Гэтэл АН-ын дарга маань тойрог үндсэндээ дууссан байна. Та Эрдэнэт, Хөвсгөл, Булган гэдэг тойрогт нэр дэвших үү гэсэн санал тавьсан. Олдож байгаа нь тэр. 18 хоног ажилласан 43 мянган санал авсан. 3хан мянган санал дутсан. Би Хөвсгөл, Булган, Эрдэнэтийн ард түмэндээ баярлаж байгаа. Намайг маш сайн дэмжсэн. Одоо Эрдэнэтийн 3 үүсмэл ордын асуудлыг нь хуулийн хүрээнд зөв шийдвэрлэж, тэр ард түмний ачийг хариулна гэж бодож байна.
-Энэ орд болгоны ард 1 сайд, 2,3 гишүүн байна гээд та нар зөндөө ярьсан. Гэтэл одоо хэлцэл хийхээр нөгөө хүмүүстэйгээ хэлцэл хийх гээд байна шүү дээ. энэ тэгэхээр логикийн хувьд зөрчилтэй зүйл явах гээд байх шиг байна. Та үүнийг яаж давж гарна гэж бодож байна вэ. таны хэлдгээр баялаг хулгайлсан хулгайчидтайгаа л очиж хэлцэл хийх гээд байна шүү дээ?
-34 жилийн нийгмийн түүх ийм л байсан. Би бас цөөнгүй ном уншсан хүн. Америкийн капитализм ийм л байсан. Английнх ч бас ийм л байсан. Англичууд “капитализмд орсон жилүүд бол хулгай нүүрлэсэн жилүүд байдаг” гэж хэлдэг. Үүнийгээ засаж залруулаад урагшилж чадсан улс орон зөв хөгждөг. Засаж чадахгүй баян, хоосны ялгаа туйлдаа хүрээд иргэний дайн руу ороод сүйрсэн улс орон ч цөөнгүй байдаг. Өнөөдөр Монголын нийгэмд баялгийн шударга бус хуваарилалтаас болоод баян хоосны ялгаа туйлдаа хүрчихлээ. Үүнийгээ Баялгийн сангаараа дамжуулаад, Ирээдүйн өв сангаараа дамжуулаад, Үндсэн хуулийнхаа 6.2-ыг хэрэгжүүлээд засах уу эсвэл баян, хоосон ангиуд хоорондоо тулалдах уу. Мөнхийн хэрүүлээ хийгээд байлдах юм уу. Монголын ард түмэн бол эвийг эрхэмлэж, ухаалаг аргаар асуудлаа шийдэж чаддаг мянга мянган жилийн түүхтэй ард түмэн. Тэгэхээр энэ асуудлуудыг шийдэж чадна. Бурхны оронд явсан Пэлжээ гуайг, Сүрэн гуайг дуудах биш одоо байгаа үр хүүхдүүд, тэр хүмүүсийн үүсгэсэн компаниуд, бурхны оронд явсан Отгонбилэг гуайг дуудах биш одоо байгаа ААН-ийг нь хуулийн хүрээнд яаж зохицуулж урагшлах вэ..
Харин яг үүн дээр л Ж.Батзандан БЭТ-ийн зөрүү гараад байна шүү дээ. Хууль зөрчсөн гээд байдаг. Хууль зөрчсөнийг нь та хуулийн байгуллагад өгнө гээд байдаг. Гэтэл тэр хүмүүстэйгээ та яаж хуулийн хүрээнд зохицож ажиллах гээд байгааг би асуугаад байгаа юм?
-Ганцхан жишээ хэлье. "Эрдмин" гэж компанийг анх байгуулахдаа Эрдэнэт концерн 51 хувьтай байсан. Улс 49 хувийн салбарт байсан. Эрдэнэт үйлдвэрээс 2.3 сая ам.доллар авч “Эрдмин”-ийг байгуулсан. Явцын дунд Эрдэнэтийн 51 хувийн 26 нь Эрдэнэт үйлдвэрийн захирал байсан Ш.Отгонбилэг гуайн эхнэр, хүүхдүүд дээр оччихсон байгаа. Үүнийг хууль бус байна гээд тухайн үеийн Төрийн өмчийн хороо олон удаа шүүх, цагдаад өгч байсан. Үүнийг нь тухайн үеийн Ерөнхийлөгч байсан Н.Багабанди хамгаалаад бүгдийг нь хэрэгсэхгүй болгоод дуусгачихсан байгаа юм.
Одоо яаж та “Эрдмин”-тэй хэлцэл хийх гэж байгаа юм бэ. Би үүнийг л танаас асуугаад байгаа юм. Дээрэмдээд авах юм уу, яаж буцааж авах юм бэ?
-Стратегийн бараг бүх ордуудад хууль эрхзүйн маргаантай асуудлууд байгаа. Энэ хуулийн маргаан руу бүгд орох юм бол стратегийн хэлцэл амжилтад хүрэхгүй. Бүгд гацна.
Тэгэхээр нүдээ аниад л явах юм байна тийм үү?
-Хууль, хяналтын байгууллагын хийх ажил руу Лхагваа, Батзандан хоёр орох юм бол энэ ажил урагшлахгүй. Стратегийн ордуудын хувь эзэмшлийг, баялгийн сангаа баян болгох ажил хэдэн жилээр ч гацаж магадгүй. Тэгэхээр бидэнд сонголт бий. Хууль хяналтын маргааныг шийдэхийг хүлээгээд байх юм уу эсвэл эдийн засаг, бизнесийн агуулгаар нь Засгийн газар, УИХ-руу оруулаад одоо байгаа хууль эрхзүйн орчиндоо нийцүүлээд урагшлах юм уу гэдэг сонголт бий. Шийдвэрийг УИХ гаргана. Засгийн газар гаргана.
Шийдвэрийг УИХ, Засгийн газрын аль нь ч гаргасан байлаа гэсэн “Эрдмин”-ийг ийм асуудалтай байна гэдгийг хуулийн байгууллагад өгөөд шийдэгдэхгүй байхад энэ асуудлаа АМНАТ-аар өгье гэдэг ч юм уу, эсвэл төрд 34 хувиа өг гэдэг ч юм уу, үүнд таарсан татвар өг гэх юм уу? Ийм байдлаар шийдээд өмнөхийг нь орхино гэсэн үг үү. Би үүнийг л ойлгохгүй байна?
-Өмнөхийг орхих тухай асуудал биш. Жишээ нь “Ачит ихт”-ийн 144 тэрбум төгрөгийн алдагдсан ноогдол ашгийн асуудал хууль, хяналтын байгууллагаар яваад шийдэгдэх болохоос биш түүнийг Ж.Батзандан эсвэл Г.Лхагваа эсвэл Л.Оюун-Эрдэнэ очоод шийдэж чадахгүй.
Шийдэгдээгүй байхад яаж 34 хувиа авах юм бэ?
-34 хувийг бид шалгаад, 34 анхны гэрээн дээрээ байна. Гэтэл манай Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ц.Даваасүрэн 34 хувиасаа бид татгалзаж байна гээд хууль бус бичиг явуулчихсан.
Харин тийм. Тэгэхээр уг нь Ачит ихт 34 биш бүр 100 хувь төрд ирэх ёстой юм биш үү. 34 хувиасаа татгалзах ёсгүй байсан учраас. Тэр нь шийдэгдээгүй байхад та хэд шийдэлд хүрнэ гэхээр би ерөөсөө ойлгохгүй л байна л даа. Энэ ер нь нэлээн удаан хэлцэл явах байх. Та нэлээд удаан БЭТ-ээр явах юм биш үү?
-Цаг хугацааг Засгийн газар тогтоох байх. УИХ тогтоох байх. Бид ямар нэг ажил авсан бол өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд хийж чадах юмаа л хийнэ. Чадахгүй юм руугаа орно гэдэг бол тэр ажлыг гацаана л гэсэн үг.
Тэгэхээр л харин бүхэлдээ асуудалтай юм биш үү гээд байгаа юм. Олон нийтэд болохоор 34 хувийг авчраад Баялгийн санд төвлөрүүлээд, байр сав болгоод хэдэн арван их наядыг төвлөрүүлнэ гээд та бүхэн яриад байдаг. Гэтэл яг бодит байдал дээр хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй. Жишээ нь Ц.Элбэгдорж нь ирж байж асуудал нь нэг талдаа гарах юм биш үү?
Энэ олон ордууд дээр хамгийн их хүндрэл учруулж байгаа, хамгийн их улс төрийн нөлөөлөл оруулж ирж байгаа ямар газар байна вэ?
-Хамгийн хүнд ажил Оюутолгой болох болов уу гэж би хараад байгаа юм. Өнөөдөр Оюутолгой ТЭЗҮ-гүй үйл ажиллагаа явуулж байгаа. Сүүлийн 10 жил. 2010 оны ТЭЗҮ-ээр Оюутолгой ил уурхайдаа 100 сая ам.долларын төсөвт өртөгтэй. Далд уурхайдаа 4 тэрбум ам.долларын төсөвт өртөгтэй эхэлж байсан. Гэтэл Дубайн гэрээгээр төсөвт өртөг нь бараг 4 дахин нэмэгдчихсэн. 2015 оны ТЭЗҮ хийгээд Засгийн газар луу хүргүүлсэн байдаг. Тэр ТЭЗҮ-ийг нь одоо болтол манай Засгийн газар, Уул уурхайн яам хүлээн зөвшөөрөөгүй байгаа. ТЭЗҮ-гүйгээр зөвхөн уулын ажлын төлөвлөгөө батлуулж, үйл ажиллагаа явуулж байгаа дэлхийн анхны компани Оюутолгой байх. Дээрээс нь МУ-ын 34 хувьд ногдох авсан зээл 18 тэрбум ам.долларт хүрч байгаа. 34 хувьдаа ногдох 6 тэрбум ам.долларын зээл авсан. Лайбер +6 хүүгийн хүү гэсэн нөхцөлтэй авсан зээл. Зээлийн хүүгээ төлж дуусахад 2040 он хүрч байгаа. Монгол Улс ямар ч ноогдол ашиг авахгүй. 2045 он гээд Оюутолгойн нөөц дуусах прогноз байгаа. Тэгэхээр өмнөх Засгийн газруудын алдаа завхралыг засахын тулд одоогийн Засгийн газар тодорхой чиглэлүүдийг өгч байгаа. Рио Тинто, Оюутолгойн удирдлагуудтай Засгийн газар гэрээ хэлцэл хийж байгаа.
Хэлцэлийн Засгийн газар талын санал юу вэ. Нууц биш биз дээ?
-Надад өгсөн удирдамж маш тодорхой. Оюутолгойн 34 хувийг Монгол Улс эзэмшиж байгаа боловч ноогдол ашиг авах нь бүү хэл өнөөдөр 18 тэрбумын зээлийн өр ширэнд орчихсон байгаа. Дубайн гэрээтэй холбоотой үүссэн 2 тэр бум бол цуцлагдсан. Цаана нь Монгол Улсын 34 хувьд 15 банзнаас авсан 6 тэрбум явж байгаа. Тэгэхээр энэ болгонд бид маш их судалгаатай, Засгийн газар маш нарийн бодлоготой орохгүй бол Оюутолгой маш хүндрэлтэй асуудлуудыг Монгол Улсад үүсгэж байгааг энэ дашрамд хэлье.
2019 онд байх аа та “Рио Тинто-той хийсэн гэрээг цуцла. Нийгмийн хувьд ч олон нийтийн хувьд ч эрх ашгаас давсан гэрээ байна гээд ярьж байсан. Одоо очоод хэлцэл хийх гэж байна. Та анхнаасаа үүнийг буруу, цуцла гэдэг байр суурь дээр байдаг хүн. Тэгээд очоод хэлцэл хийхээр цуцла гэдэг дээр ярьсаар байгаад хөөгдөөд гарчихгүй байгаа?
-Оюутолгойн удирдлагуудтай, Ганхүү захиралтай би сая уулзлаа. Яг надтай адилхан байр суурьтай байгаа. Оюутолгой Монгол Улсад үнэндээ ямар ч ашиггүй төсөл болж байна. Монгол Улсыг өрийн хавханд оруулж байгаа төсөл. Мега төслийн төсөвт өртөг өөрчлөгдөж болно. Анх эхлэхдээ 4 тэрбум ам.доллар байсан. Одоо 16, 17 тэрбум ам.доллар болсон. Мега төслийн төсөвт өртгийг бид 30 хувь, 50 хувь нэмэгдэхийг зөвшөөрч болох байх. Гэтэл 4 дахин нэмэгдэхийг зөвшөөрч болох уу? Хоёрдугаарт, валютын урсгал мөнгөн гүйлгээ бүгд гадаадын банкаар явж байгаа. Тайлан балансаа Монголын талд үзүүлэхгүй олон жил болж байгаа. Лабораторийн инжилгээний бичиг Монголын талын лабораторийн хариу, хятадын талын хариу хоёр үргэлж зөрүүтэй явж байгаа. Бид хяналтаа тавьж чадахгүй байгаа. Монголын хууль үйлчлэхгүй олон арван жил явж байгаа газар бол Оюутолгой. Үүнийг засахын тулд бид хичээнэ. Бид чадахгүй бол дараагийн үеийн залуус чадах байх гэж итгэж байгаа.
Манайх хуультай улс. Тэр татвартай холбоотой асуудал дээр нь нэхэмжлэл гаргаад түүн дээрээ манайх ялж байх шиг байна гэж ойлгосон. Нөгөө тал ч гэсэн түүнийгээ төлье гэдэг хэлцлийг зөвшөөрчихсөн. Ийм олон асуудал байгаа юм бол та БЭТ-ийнхөө хувиар холбогдох газруудад нь өгөөд шалгуулж яагаад болдоггүй юм бэ. Хоёрдугаарт, Оюутолгой манайд орж ирээд 2010 хойш гэхээр 15 жил болчихсон. Маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн, хүн хүч ажиллуулсан дэлхийн маш том ордуудын нэг гэж яваа. Одоо зэсийн баяжмалаа гаргаад, далд уурхай нь ажиллаад эхэлж байна. Энэ орд дээр байгаа Засгийн газрын төлөөлөл нь ч, БЭТ нь ч ийм байр суурьтай байхаар энэ Баялгийн сан гэдэг зүйл эргээд хөрөнгө оруулчихсан хүмүүстээ ингэж хандаж байгаа юм хөрөнгө оруулахаар харж байгаа хүмүүст ямар мессеж өгөх бол гэж та бодож байна вэ?
-Оюутолгойн асуудлыг хуулийн хүрээнд цааш нь явуулах юм уу, хуульгүйгээр явуулах юм уу. ТЭЗҮ-гүйгээр уул уурхай ухдаг компани дэлхий дээр байдаг юм уу. Валютын урсгалаа, мөнгөн урсгалаа гадны банкаар дамжуулдаг хөрөнгө оруулагч дэлхий дээр байдаг юм уу. Лабораторийн шинжилгээгээ байнга зөрүүлдэг хөрөнгө оруулагч байж болох юм уу.
Та энэ асуудлаа Засгийн газар руу оруулсан уу?
-Би энэ асуудал руу удахгүй орно. Засгийн газрын баталж өгсөн удирдамж, төлөвлөгөөний дагуу БЭТ-ийн ажлын алба урагшилж байгаа. Өнөөдөр Эрдэнэтийн 3 үүсмэл ордын асуудал байна. Оюутолгой 8 дахь асуудал байгаа. Бид бага багаар урагшлах ёстой. Та хамгийн хүнд асуудал нь аль орд вэ гэж та асуусан. Оюутолгой гэж би хэлсэн. Гэхдээ тэнд бас гадаадын хөрөнгө оруулагчид бий. Оюутолгойн асуудлыг Үндсэн хуулийг 6.2-т нийцүүлж шийдэх гарц гаргалгаа олдоно гэж бид найдаж байгаа. Мухар нүх рүү арай орчихгүй байх гэж итгэж байгаа. Тэгэхээр мэдээж төрийн ажил хийж байгаа бол талуудын эрх ашгийг бодолцож, хууль, журмаа харж, олон улсын зөвлөх үйлчилгээний багуудыг авч урагшилна даа.
Оюутолгой дээр орж ирээд л хөрөнгө оруулаад арван хэдэн жил болчихсон нэг газар байна. 8 ордыг нэмж стратегийн ордын бүртгэлд авчихаар ажил хийх гээд жижиг ч юм уу орд дээр лицензээ аваад, төлбөр төлөөд, хөрөнгө оруулалтаа татаад явж байсан газруудад таны наад байрь суурь чинь яаж нөлөөлөх бол. Бидэнд хөрөнгө оруулалт л байхгүй бол зээлээр л эдийн засгаа тэлэх үү?
-2007 оны УИХ-ын тогтоол стратегийн 39 ордын жагсаалтыг тодорхойлсон. Стратегийн 16 ордын жагсааалтыг тодорхойлсон 1 тогтоол бидэнд бий. 2009, 2015 оны хууль байгаа. Улсын төсвөөр хайгуул хийсэн бол 50 хүртэлх хувь. Хувийн төсвөөр хайгуул хийсэн бол стратегийн ордын 34 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмшиж болно гэсэн хуультай. Сүүлд АМНАТ-аар орлуулж болно гэдэг хууль байгаа. Бизнес эрхлэгчид бол тэнэг хүмүүс биш. Ялангуяа стратегийн ордын хөрөнгө оруулагчид бол 10-20 жилээ төлөвлөж орж ирж байгаа. Монгол Улсын хуулийг биднээс илүү судалчихаад ирж байгаа. Маш нарийн мэдээлэлтэй, судалгаатай, төлөлөгөөтэй ажлаа явуулж байгаа стратегийн хөрөнгө оруулагчдын өмнөөс бид санаа зовж, бөхөлзөх шаардлагагүй болов уу. БЭТ-ийн ажлын албаны шинжээчид судалж байгаад өчигдөр 8 ордыг стратегийн ордод нэмж авах ёстой гэсэн саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Хармагтай. Оюутолгойгоос том орд. Хөшөөт бол 4.5 тэрбум тоннын нөөцтэй Тавантолгойгоос дутахгүй орд байгаа. Энэ мэт 8 том ордыг сүүлийн 20 гаруй жил манай сайд, дарга нар нууж хааж стратегийн ордод хамруулахгүй байсныг оруулъягэдэг саналыг БЭТ явуулсан. Оруулах үгүйг Засгийн газар, УИХ шийднэ. Бид санал гаргах эрхтэй. Саналыг шийдвэр болгох эсэх нь Засгийн газар , УИХ-ын асуудал.
Энэ танайд ирсэн удирдамжийн зүйл үү эсвэл БЭТ-ийн ажлын албанаас гаргасан санал, санаачилга уу?
-БЭТ-д ирсэн удирдамж бол Баялгийн санг баян болгохын тулд хууль, эрхзүйн хүрээнд үйл ажиллагаа явуул гэдэг удирдамж байгаа. Энэ ордууд стратегийн ордод орж байж, энэ ордуудын тодорхой хувь Баялгийн сан руу орж ирж байж сан баян болно гэж бид үзэж байгаа. Тийм учраас саналаа явуулж байгаа.
Таны хэлж байгаа 8 ордыг би харлаа. Айл баян, Халзан бүргэдэй, нөгөө төмөртэй орд гээд. Энэ бүхний ард нэг нэг сайд л байгаа шүү дээ. МАН, АН-ын. Тийм үү?
-Тэрийг та ч мэдэж байгаа , би ч мэдэж байгаа.
Үүнийг давж гарах юм уу. Дэмжих юм уу. Дэмжихгүй бол яах вэ?
-Бид саналаа оруулах эрхтэй. Шийдэх эрх нь УИХ, Засгийн газарт байгаа. Манай дарга нар дэмжихгүй дээ гэж бодоод саналаа оруулахгүй нуугаад авч үлдэх нь хууль зөрчсөн хэрэг болно. Дарга нарт таалагдах эсэхээс үл хамаарч монголын ард түмэнд хэрэгтэй саналуудыг БЭТ үргэлж УИХ, Засгийн газар луу хүргүүлсээр байх болно гэдгийг хэлье.
Төгрөг нуурын ордыг судалж үзэв үү. Стратегийн ордын нэлээн дээгүүрт бичигдэж байгаа орд шүү дээ?
-Төгрөг нуурын орд бол хүлээгдэж байгаа 39 ордын нэг. Миний ойлгосноор хүрэн нүүрсний орд. Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал олон асуудлыг гаргаж тавьж байх шиг байна. Үнэхээр хууль эрхзүйн хувьд асуудалтай байгаа бол хууль хяналтын байгууллага руу шилжүүлэх хэрэгтэй. Түүнээс биш 50 гаруй орд байхад ордон дотор нэг ордыг нь татаж гаргаад хэрүүл хийгээд байвал бидний ажил урагшлахгүй. Чи холыг зорьж байгаа бол хуцсан нохой болгон руу битгий чулуу шид гэж үг бий. Том ажил хийх гэж байгаа бол хэрүүл өдсөн бүхэнтэй битгий хэрэлд гэж үг бий. Бид том зорилтоо хараад урагшлах ёстой гэдэг байрь суурьтай байгаа.
Хэлцлээ эхлүүлээгүй байгаа юу. Энэ орд хэд дэх дараалал дээр байгаа вэ?
-39 орд байгаа. Тэр 39 орд УИХ-аар батлагдаж, Засгийн газар уул уурхайн яам цэгүүдийг нь тогтоосны дараа хэлцэл эхэлнэ. Миний хувьд Н.Учрал даргатай том ажлын хэсгийн хувьд УИХ-аар батлагдсан 16 орд, тэр дотроо стратегийн ордын цэг тогтоогдсон тэр хүрээнд бидний ажил явж байгаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сайдыг улс төр хийгээд байна гэж та хэлэх гээд байна уу?
-Би тэрийг мэдэхгүй. Н.Учрал дарга ч ажлаа хийх ёстой. БЭТ ч ажлаа хийх ёстой.
Сая та тэр олон ордоос нэгийг нь л сонгож яриад байхын оронд ажлаа хий л гэдэг байр суурийг илэрхийлээд байна л даа?
-Энэ бол таны байр суурь гэж би харж байгаа. Ер нь зарчим бол тэр. Жишээ нь би зөвхөн Цагаан суваргыг барьж аваад нүдээд байвал муухай харагдана. Эсвэл зөвхөн Ачит ихтийг барьж аваад нүдээд байж болохгүй. Эсвэл аль нэг намынх нь ордыг барьж аваад нүдээд байвал муухай харагдана. Ярих гэж байгаа бол тэнцвэртэй ярих ёстой. МАН, ХҮН”ын нөлөөлөлд байгаа ордуудтай зэрэг ярья. Түүнээс биш нэг ордыг нь татаж гаргаад нүдээд байх нь соёл биш. Би ийм л байр суурьтай байгаа.
Сүүлийн үед яригдаж байгаа 2 том асуудал байна. Нэг нь Төгрөг нуурын орд, нөгөө нь уран. Уул уурхайн талаар нэлээд судалж, ярьж хэлж ирсэн эрхзүйч хүнийхээ хувьд та энэ ураныг юу гэж харж байна вэ?
-Миний хувьд ураны төслүүд рүү амьдралдаа нэг ч удаа орж үзээгүй. Уранаас, ураны төслүүдээс үргэлж зайтай хол байсан.
Яагаад?
-Нэг л зарчим надад бий. Мэдэхгүй юмнаасаа хол байх. Мэдэхгүй зүйлээ мэдэмхийрэх тусам алдаа гардаг. Ураны асуудалд мэргэжлийн, нарийн судлаачид үгээ хэлж явах ёстой болов уу гэж би хардаг. Тиймээс энэ асуудлаас би хол байсан. Гэхдээ урантай холбоотой хэд хэдэн орд БЭТ-ийн ажлын төлөвлөгөөнд байгаа. Тэгэхээр энэ асуудлыг судлахаас өөр арга байхгүй. Мэддэг болохоос өөр аргагүй. Мэддэг эрдэмтдийг, судлаачдыг хажуудаа авчирч үгийг нь сонсохоор өөр аргагүй. Магадгүй 3 сарын дараа урантай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж болох байх.
Би таниас дахиад асууна аа. Үндсэн зорилго бол Баялгийн санг арвижуулах. Бүр том зорилго нь бол байгалийн баялгийг өнөөдрийн иргэддээ, ирээдүйн үр хойчдоо тэгш хүртээмжтэй хуваарилах л гэдэг асуудал шүү дээ. Тэгэхээр энэ баялгийн сангийн зарцуулалтыг яаж хийх юм бэ?
-Баялгийн сангийн хууль бол маш тодорхой гарсан хууль байгаа. Ирээдүйн өв сан. Энэ бол бидний ирээдүй рүү чиглэсэн, бидний үр ачийн хуримтлалын сан. Өнөөдрийн байдлаар Ирээдүйн өв санд 3 их наяд гаруй төгрөг байгаа. Үүний хөрөнгийн менежментийг мэргэжлийн хүмүүс хийгээд цаашаа явах байх. Норвегийн тэтгэврийн санг, Австралийн баялгийн сангийн хөрөнгийн менежментийг ямар хүмүүс хийдэг вэ. Тийм мэргэжлийн өндөр түвшний хүмүүс хийгээд, энэ мөнгө өсөөд явна гэж харж байна. Хуримтлалын сан бол иргэд өөрсдөө мэдэж зарцуулах сан. Гэхдээ 3хан зүйлд. Боловсрол, эрүүл мэнд, орон сууц. Залцуулахгүйгээр үр хүүхэддээ өвлүүлж ч бас болно. Хөгжлийн сан бол хөрөнгө оруулалтын сан. Томоохон бүтээн байгуулалт руу чиглэсэн. Баялгийн санг байгуулах гэж Монгол Улс сүүлийн 15 жилд 3 удаа бүтэлгүйтэснийг бид бүгд мэднэ. Харин энэ удаа бол боломжийн сайн хууль гаргаж, улс төрийн намууд Баялгийн сангаараа дамжуулж баялгийн тэгш хуваарилалт хийх бодлого дээрээ нэгдмэл байна уу гэж би харж байгаа.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!