Уулын зам дагуу буюу Маршалын гүүрээс Туул гол явах зам дагуу шорлог, хуушуур зарж байгаа 10 машин байна. Тэд өнгөрсөн жил Хан-Уул дүүргээс зөвшөөрөл авчээ. Түүнчлэн зөвшөөрөлгүй "туулайчилж" байгаа хүмүүс ч энд бий. Тиймээс зөвшөөрөлгүй чиргүүлүүдийг явуулах зохицуулалтыг дүүргээс хийж байгаа аж. Нөгөөтэйгүүр уулын зам дагуу бие засах газар хомс учраас хуушуур, шорлогын газруудын ажилчид хаана бие засдаг, цаашлаад гарын ариун цэврийг сахидаг эсэх нь тодорхойгүй гэх зэрэг шүүмжлэл нийгэмд гараад буй.
Энд хоёр жил шорлог зарж буй худалдаа эрхлэгч хэлэхдээ "Бид хэд энд ажиллаад олон жил болж байна. Зарим нь 4-5 жил ч ажиллаж байгаа хүмүүс бий. Өмнө нь бол шорлогын 40-50 машин хэн хаана юу хийгээд байгаа нь мэдэгддэггүй байлаа. Өнгөрсөн наймдугаар сард бидэнд дүүргээс зөвшөөрөл олгосон. Зөвшөөрлийнхөө дагуу 10 машин хуушуур, шорлог хийж зардаг. Одоо ч гэсэн зөвшөөрөлгүй машинууд энд ажиллаж л байна. Ариун цэврийн байгууламж хүрэлцээтэй. Бид машиндаа жижиг угаалтууртай. Тэндээ гараа угаачихна. Ариун цэврийг дээд хэмжээнд сахина.
Шууд бие засаж ирчээд хуушуураа чимхээд, шорлого шарна гэж юу байх вэ дээ. Гараа угаадаг. Гэрээсээ 20 литрийн баллонтой ус авчраад тавьчихдаг. Энэ хавийнхаа шороо тоосыг байнгын л шүүрддэг. Хүн заваан орчинтой газар орж ирэхгүй шүү дээ.
Үхрийн махтай шорлог 25 мянган төгрөг, хуушуур 2500 төгрөгөөр зарагдаж байна. Шинэ үхрийн гуяаар шорлогоо хийдэг. Хүмүүс ам сайтай л байдаг. Өдөртөө дунджаар 40-50 шорлог зарчихна. Мөнгө төгрөг боломжийн байсан бол юу гэж гадаа ингээд гандаад суух вэ дээ. Уулын замын шорлого муухай байсан бол хэн ч ирж үйлчлүүлэхгүй биз дээ" гэв.
Өнөөдрийн байдлаар энэ хавьд хоёр ариун цэврийн байгууламж байгаа ч ажилладаггүй. Нүхэн жорлонгийн хаалгыг банзаар хадаж, гинжилсэн бол цэцэрлэгт хүрээлэнгийн ариун цэврийн байгууламж дандаа цоожтой байдаг. Нэг хэсэг 14:00 цагт онгойхдоо 1500 төгрөгийн үнэтэй байсан, үнэр танар нь орохын аргагүй байсан талаар хүүхдээ салхилуулж явсан эцэг, эхчүүд ярив.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын үед буюу 2021 онд уг цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсон ч өнөөдрийг хүртэл ашиглалт, хамгаалалт байхгүйн улмаас хогондоо дарагджээ. Хаврын хавсарга салхи дэгдэхтэй зэрэгцээд гялгар уут, элдэв хог энд тэндгүй хийснэ. Цэцэрлэгт хүрээлэнд салхилж байгаа хүмүүс шорлог, хуушуур авч иддэг учраас ихэвчлэн шорлогны саваар энэ хавь дүүрчээ.
Дүүргээс дахин тус цэцэрлэгт хүрээлэнгийн гүйцэтгэгчийг шалгаруулах худалдан авах ажиллагааны явц нь явж байгаа гэнэ. Тэгэхээр гүйцэтгэгч шалгарах хүртэл энэ хавь хогондоо дарагдаж, иргэд давсгаа суллах газаргүй хэвээр үлдэх нь.
Харин Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төвийн ажилчид жолоочдыг тамхины ишээ ихээр хаядаг гэсэн бол шорлогчдыг шорлогны үлдэгдлээ хог, үнсээ замын нөгөө талд гаргаж хаядаг гэдгийг шүүмжлэв.
Тус дүүргийн тохижилт үйлчилгээний төвийн ажилтан "Бид өдөр бүр замын хоёр талаарх хогийг цэвэрлэдэг ч тамхины ишийг дийлдэггүй. Түгжрэх зуур л ихээр тамхи татдаг юм шиг байна лээ. Муухай соёлгүй. Энэ хавьд онгорхой ариун цэврийн байгууламж байхгүй учраас бургас руу ороод бие засчихдаг. ААН-үүд нь өөрсдөө хогоо цэвэрлэдэггүй. Бид ААН-ийн хогийг цэвэрлэх ёсгүй. 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсийг тухайн ААН цэвэрлэх үүрэгтэй байдаг" гэлээ.
Э.БУРАМ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!