Хоол гэдэг үгийг сонсхоор яагаад ч юм ээж гэдэг үг хамгийн эхэнд бодогддог билээ. Энэ удаагийн ярилцлагаараа бид багаасаа ээжийнхээ хоол хийхийг харж тусалсаар том болоод тогооч мэргэжлийг эзэмшин ажиллаж буй Б.Тэлмэнг онцоллоо. Тэрбээр энэ жил болж өнгөрсөн ур чадварын тэмцээнээс эхлүүлээд эрүүл зөв хооллолт болон ирээдүйд хоолны гудамж бүхий хороололтой болохыг хүсдэг тухайгаа бидэнтэй хуваалцсан юм.
-УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ НЭГДҮГЭЭР БАЙР ЭЗЭЛСЭН-
-Ярилцлагын эхэнд өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Б.Тэлмэн гэдэг. Техник технологийн политехник коллежийн техникчийн ангид суралцдаг. Өмнө нь тогоочийн мэргэжил боловсрол эзэмших ангид сурч төгссөн. Одоо мэргэжлээрээ ажиллангаа давхар суралцдаг.
-Ур чадварын тэмцээнд хэзээнээс орно гэж шийдээд бэлдэж эхэлсэн бэ?
2018 оны Монгол ур чадварын тэмцээнд оролцоод гуравдугаар байранд орж байсан. Харин энэ жил сургуулиас ахиад оролцох санал тавиад боломжуудаар хангасан. Иймд тэмцээндээ амжилттай оролцож нэгдүгээр байранд орсон.
-Тус тэмцээнийг олон төрлийн мэргэжлээр шүүдэг шүүдээ. Тогооч мэргэжлийн хувьд бусдаасаа ялгарах ямар зүйл ажиглагдаж байв?
Бусад мэргэжилд нэг модуль өгдөг бол тогоочийн мэргэжилд олон модуль өгдөг. Саяны тэмцээний хуьд дөрвөн модулиар оролцсон. Тус бүрт нь цаг өгсөн тул өгөгдсөн хугацаанд, өгөгдсөн тоног төхөөрөмж дээр ажилладаг тул цаг бага байдаг. Эхний модуль нь хэрчилт байсан бол хийж дуусгаад, хачир, зутан, үндсэн хоол гэсэн шат дараалсан ажлуудыг хийж оноогоо авна.
-2018 онд оролцож байсан гэлээ. Энэ жилийн тэмцээн өмнөхөөсөө юугаараа онцлог байсан бэ?
Энэ жилийн тэмцээний хувьд шүүлт нь илүү нарийвчлалтай “чанга” явагдсан. Харин өрсөлдөгчид өмнө жилийнхээс сул байгаа нь анзаарагдсан. 2018 онд оролцох үед үе тэнгийнхэн олон байсан тул арсалдаан ч ширүүн өнгөрсөн. Би төгсөөд “Root Of Coffea”-д гал тогоонд ажиллаж эхэлсэн маань надад туршлага өгч, энэ тэмцээнд давуу талтай болгосон байх.
-Хэр хүнд даалгавар өгөгдсөн бэ? Тэмцээний үеэр ямар нэг бэрхшээл тулгарсан уу?
Үндсэн хооны хувьд тахианы цээж мах болон гуяны хэсгийг ашиглан хоёр төрлийн дулааны боловсруулалт оруулж таваглах даалгавар өгсөн. Бүтэн тахиа цаанаас өгвөл өгсөн цаг минутанд тааруулан эвдээд, өөрөө хоол боловсруулан хийнэ гэсэн үг.
Шалгаруултанд оролцох явцад 10 минутанд өөрт хэрэгтэй ногоогоо цуглуулах шаардлага гардаг. Миний хуьд цуглуулсан ногоонууд маань хүмүүсийн цуглуулсантай холилдох бэрхшээл үүссэн. Түүнчлэн ажил дээрээ олон плитка зэрэг ажиллуулж сурсан хүнд ганцхан плитка дээр ажиллахад цаг төлөвлөхөөс эхлүүлээд өндөр ур чадвар шаардсан ажил байсан.
-ЭЭЖ ӨДӨР ШӨНӨГҮЙ ХООЛ ХИЙНЭ. БИ ХАЖУУД НЬ ТУСАЛСААР ТОМ БОЛСОН ХОЙНОО ӨӨРӨӨ ХООЛ ХИЙГЭЭД СУРЧИХСАН-
-Юу таныг тогооч болоход нөлөөлсөн бэ? Багаасаа хоол хийх сонирхолтой хүүхэд байсан уу?
Ээж маань энд тэндээс ном сонин, заавар зөвөлгөө дууриаж хоол хийж, турших дуртай хүн. Ер нь миний тогооч болох мөрөөдөл ээжээс маань эхлэлтэй байх. Ээж өдөр шөнөгүй хоол хийнэ. Би хажууд нь тусалсаар том болсон хойноо өөрөө хоол хийгээд сурчихсан. Бас л янз бүрийн зүйлс туршиж хоолоо амталсаар тогооч болох хүсэлтэй болсон.
Одоо бол мэргэжлээ эзэмшсэн тул өөрөө хоолоо идээд кайф авах биш хүн миний хоолыг идээд ямар царай гаргах бол гэж боддог болчихсон.Үнэхээр гоё мэргэжил /инээв/.
-Төгсөөд юу хийх төлөвгөөтэй байна вэ? Ихэнх залуус гадаадад мэргэжлээ дээшлүүлэх сонирхолтой болсон шүүдээ?
Төгсөөд хил нээхээр Ази тивээр аялан хооны соёлыг судалж түгээхийг хүсдэг. Миний анзаарч харсанаар том ресторануудад хоолны өвөрмөц амт хэв маяг байдаг. Тэр бүгдийг судална гэж боддог. Ирээдүйд монгол хэв шинжийг агуулсан дээд зэрэглэлийн ресторан нээхийг мөрөөддөг.
-Тогооч бүрт өөрсдийн сонирхон судалдаг хоолны хэв маяг байдаг. Таны хувьд ямар төрлийн хоолны хэв маягийг судлах сонирхолтой вэ?
Би Герман, Америкийн гудамжны хоолыг их сонирхдог. Яагаад гэвэл монголд гудамжны хоол хөгжөөгүй. Одоо л залуучууд зах зухаас нь ойлгож эхэлж байгаа. Жишээлбэл пицца, тахианы махыг бид бага байхдаа баяраар л иддэг гэж ойлгодог байсан. Монголд хоолны соёл нэлээд хоцрогдолтой. Бусад орны хувьд бол гудамжны хоол соёл болтлоо хөгжсөн. Зарим хүмүүс бүр түүгээрээ хэдийн олны танил болчихсон. Би монголд хоол хийх сонирхолтой тогооч нартай нийлж хоолны гудамж бүхий хороололтой болохыг хүсдэг.
-Ажил дээр гараад амьд харилцаанд орохоор дан ганц онолын мэдлэгээр ажиллах нь хангалтгүй байх тохиолдог гардаг. Таны хувьд хэр бэрхшээлтэй байсан бэ?
Миний хувьд ажил дээр гараад хамгийн эхэнд бие дааж сурсан. Ажил дээр анх гарахад мэдээж онолын үүднээс бүх юмаа хийх гээд зүтгэчихдэг. Гэтэл яг ажил дээр онол практик хоёр сурдаг. Манай сургуулийн хувьд жилдээ нэг удаа дадлага хийлгэдэг учир тодорхой мэдлэг, чиг баримжаа өгч чаддаг. Өөрөө ажлын байран дээр гараад бие даах үед их ачаалал ирдэг. Энэхүү газар надад гал тогооны бүх зүйлийг итгэж даатгасан учир их боломж гаргаж өгсөн гэж боддог. Өөрөө ногоо захиж, менюгээ боловсруулдаг. Маш их зүйл сурсан. Ачаалалтай үед заримдаа гомдол гардаг. Миний бодлоор хүн алдаж байж илүү сайн сурдаг байх.
-ТОГООЧООР АЖИЛЛАХААР ГАРЫН ХӨДӨЛГӨӨН ШАЛАМГАЙ БОЛЖ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧАДВАР САЙЖИРДАГ-
-Та ямар хоолыг “бардам” хийдэг вэ? Өөрөөр хэлбэл хамгийн сайн хийж чаддаг хоол тань юу вэ?
Би махан төрлийн хоол сайн хийдэг. Үхрийн мах, тахианы махан хоолнууд дээр сайн ажилладаг. Ер нь Европ төрлийн хоолнууд гэсэн үг. Мах судлаад үзэхээр их сонирхолтой зүйл олонтой /инээв/.
-Тогооч хүний хувьд олон хүнтэй ажиллаж судалгаа сайн хийх шаардлага гардаг байх. Таны бодлоор монголчууд хэр зөв хооллодог вэ?
Хүмүүсийг ажилдаад байхад монголчууд нарийн ногоо бага иддэг. Би хоол хийхийн хажуугаад фитнессээр хичээллэдэг тул эрүүл хооллолтыг түлхүү судлах болсон. Хүн өдөрт хэдэн удаа хоол идэх ёстой, түүнийгээ хэрхэн шингээх, хэдэн цаг амрах гээд судлаад эхлэхээр бараг эмч шиг санагддаг /инээв/. Монголчууд сонгино, төмс, манжин, лууванг хоолондоо их ашигладаг. Гэтэл цардуул ихтэй хүнс махтай холилдох юм бол цаанаасаа хоол шингээлт удааширна. Иймд нарийн ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэвэл асар их ашиг тустай. Будаа агшааж хэрэглэхдээ ч дан цагаан будаа гэлтгүй гурвалжин будаа, шар будаа зэргийг холиод хэрэглэчихвэл хамаагүй эрүүл хоол болно.
-Хүмүүст зөв хооллолтын талаар бяцхан зөвлөгөө өгвөл?
Өдөрт таван удаа хоолож байх хэрэгтэй. Хооллоно гэдэг нь заавал хүнд хоол ид гэсэн үг биш. Самар, үзэм, салат, жимс зэргийн хөнгөн зууш хэрэглэвэл сайн. Түүнчлэн хоол хийхдээ наран цэцгийн тосноос татгалзаж коконатын юмуу масло хэрэглэж хэвшээрэй. Хүмүүс шөнө өлсвөл жимс идэхээс татгалзаарай. Учир нь сахрын агууламж өндөртэй. Түүнчлэн хооны дараа биш өмнө нь жимс идвэл хоолны шингэц сайжирдаг.
-Таны бодлоор тогооч хүмүүст нийтлэг ямар араншин байдаг вэ?
Нийтэч болчихдог. Гал тогоонд байгаа хүмүүс, зааланд байгаа хүмүүс, түгээлтийн хүмүүс гээд олон хүнтэй харьцаж байгаа тул цаанаасаа нийтэч болдог. Гарын хөдөлгөөн шаламгай болж зохион байгуулах чадвар сайжирдаг.
-Ярилцлагын төгсгөлд хэлэх үг бий юу?
-Хүн бүр алдаа гаргадаг. Тэр тусмаа үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлж буй хүмүүс жижигхэн асуудлыг зүгээр сануулаад өнгөрдөг байгаарай. Маш жижигхэн алдаан дээр том асуудал үүсгэж цахим сүлжээнд их муулж бичих тохиолдол байдаг. Тиймээс эхлээд тогоочийнхоо үгийг сонсож сураасай гэж хүсэж байна. Баярлалаа.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч: С.Хонгорзул
Гэрэл зургийг: Б.Амарбаясгалан