Эрүүл мэндийн яам өнөөдөр 17:00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа
“Өнөөдөр 11:00 цагаас хойш коронавируст халдварын батлагдсан тохиолдол дөрвөөр нэмэгдлээ. Шинэ тохиолдлууд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас илэрсэн байна. Ингээд Дорноговь аймгийн хувьд 16 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 13 нь Замын-Үүд суманд бүртгэгдээд байна" гэлээ.
Ийнхүү улсын хэмжээнд кластер маягаар бүртгэгдэж байгаа халдварын тохиолдол 146 боллоо. Дотоодын халдварын тоо:
- Улаанбаатар хотод-38
- Сэлэнгэ аймагт-58
- Орхон аймагт-17
- Говьсүмбэр аймагт-1
- Дархан-Уул аймагт-16
- Дорноговь аймагт- 16 тохиолдол бүртгэгдээд байна.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол нийт 582 болсон бөгөөд одоогоор 337 хүн эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад 2 хүн байгаа бол 310 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. Түүнчлэн нутаг буцаасан нийт 7 хүн байгаа юм.
Энэ үеэр Монгол улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээгүй бол дотоодод тархсан коронавирусний халдвар өнөөгийнхөөс 4-5 дахин их байх магадлалтай байсныг ЭМЯ-ны Олон нийттэй харицах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцлов.
Тэрбээр “Монгол Улс бүх нийтийн бэлэн байдлыг дэглэмийг 14 хоног тогтоосон бөгөөд иргэд УОК, ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийг дагаж байгаа. Цаашид УОК, ЭМЯ-ны зөвлөмжийг дагаж мөрдсөнөөр Монгол Улс коронавирусний халдварыг хохирол багатай даван туулах боломжтой.Дэлхий нийтэд коронавирус тархаж эхэлж байхад БНХАУ, Австрали, Герман, Шинэ Зиланд зэрэг улс хатуу хөл хорионы дэглэм сахиснаар халдварыг таслан зогсоож чадсан. Ингэхдээ 2-3 сар уг дэглэмийг сахисан бөгөөд амны хаалт зүүж, гарын ариун цэврийг сахиснаар амжилтад хүрсэн” хэмээв.