Б.Түвшин: Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулснаар ажилгүйдэл 0.06 хувиар буурч, хамгийн багадаа 875 ажлын байр шинээр бий болно

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
2025-04-09 08:20:00
Унших
23 минут 54 секунд

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй ярилцлаа. Түүний хувьд энэ хаврын чуулганаар Нийгмийн даатгалын Ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төслөө бэлтгэж байгаа юм. Тэгвэл эл хуулийн төсөл болон төсөв, намын уур амьсгал тойрсон асуудлуудад хариулт авч, ярилцлаа

-Бизнес эрхлэгчид төдийгүй иргэдийн зүгээс энэ хаврын чуулганаар өндөр хүлээлт тавьж байгаа хуулийн төслүүдэд татвар болон нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтаж байна. Таны хувьд нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Үндсэндээ орлоготой холбоотой гурван агуулга хөндөгдөж буй юм билээ. Энэ талаар яриагаа эхэлье?

-10 гаруй гишүүнтэй хамтраад Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан, гурав орчим сарын хугацаанд ажиллаж байна. Сүүлийн хэдэн саруудад хуулийн судалгаа чиглэлд төвлөрч ажиллалаа. Хамгийн том суурь шинэтгэлийн асуудал буюу зардал чиглэлд нь ажиллаж байгаа бөгөөд хараахан цэгцрээгүй байгаа. Харин энэ хаврын чуулганы богино хугацаанд цэгцэлж амжихаар байгаа нь нийгмийн даатгалын орлого хэсгийн өөрчлөлт. Товчхондоо, нийгмийн даатгалын шимтгэлийг юунаас авах вэ гэдгээ эхлээд тодорхойлъё гэж байгаа юм.

2008 оноос өмнө Хөдөлмөрийн гэрээгээр зохицуулсан харилцаанаас нийгмийн даатгал авч ирсэн нь зүй зохистой байсан. 2008 онд энэхүү хуульд өөрчлөлт оруулахдаа тухайн үед гэрийн асрагч, үйлчлэгч, гэрээт малчинтай холбоотой харилцаа ихсэж буй учраас тэдгээрийг нийгмийн даатгалд хамруулдаг болъё гэх агуулгаар өөрчлөлт оруулсан. Тухайн үеэс Иргэний хуулиар зохицуулж буй харилцаанаас нийгмийн даатгал авдаг болохдоо зохицуулалтаа нарийн тусгаарлалгүйгээр орхичихсон. Улмаар 2023 онд хуулийн өөрчлөлтийг дахин хэлэлцэж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиар иргэний хөлсөөр гүйцэтгэх болон бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний гэрээ бүрээс нийгмийн даатгал тооцож авдаг болсон. Энэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээр иргэд, хувиараа бизнес эрхлэгчид татварын ачаалал дарамт ихэслээ хэмээн яриад байгаа юм.

Тэгэхээр иргэний хуулиар зохицуулж буй харилцаа бүр бизнес эрхлэгчдийн орлого байдаг. Орлогоос нь нийгмийн даатгал авч нөгөө талд түүнтэй гэрээ байгуулсан субъектээс дахин 10 гаруй хувиар тооцож авч, нэмээд хувь хүний орлогын албан татвар руу суутгаад НӨАТ авчихаар бизнес эрхлэгчдийн дарамт нь ихсэж буй юм. Тэгэхээр ерөнхий нэг л зарчим бий. Нийгмийн даатгалын орлогыг нэмэгдүүлэх бодлоготой байх нь зөв. Гэтэл түүнийг нь бий болгох ажил эрхлэгчдэдээ хэтэрхий ачаалал өгчихвөл хэцүүдээд алга болно. Ачаа таарна гэдэг үг бий шүү дээ. Тиймээс нэгдүгээрт, хөдөлмөрийн харилцаа буюу цалин хөлс, түүнтэй адилтгах харилцаанаас нийгмийн даатгалаа авдгаараа авъя. Харин иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах нэг удаагийн ажлын хөлс, гэрээнээс нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасахаар хуульд тусгасан.

Хоёрдугаарт, байгууллагаас ажилтандаа олгож байгаа унаа түлш, хоолны хөнгөлөлт, байрны ашиглалтын зардлын хөнгөлөлтүүдээс нийгмийн даатгал авахаа болих. Гуравдугаарт, байгууллагаас төлдөг нийгмийн даатгалын дээд хэмжээг тогтооё. Ингэхдээ нийгмийн даатгалын шимтгэл төлөх даатгуулагчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг даатгуулагчийн адил тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоох зэрэг өөрчлөлтүүд багтаж байгаа юм.

-Хуулийг олон нийтээр хэлэлцүүлэх үе шат үргэлжилж байгаа юм байна. Хэлэлцүүлгээр дахин судалж үзэх шаардлагатай, нэмж хөндөхөөр асуудал гарч ирж байна уу?

-Өчигдөр хуулийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээр нийгмийн даатгалтай холбоотой цогц асуудлыг иргэд, ААН-үүд дэвшүүлж байна. Энэ нь ч зөв байх. Нийгмийн даатгалыг хэнээс авах вэ, яаж зарцуулах вэ гэдэг л чухал харилцаа байгаа шүү дээ. Үүнд зарчимтай, шударга байх ёстой. Энэ чиглэлд суурь судалгаа хийж байгаа. Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын яам болон Нийгмийн даатгалын Ерөнхий газраас нийгмийн даатгалын цогц шинэчлэлийг агуулсан хуулийг өргөн барихаар ажиллаж байгаа. Харин бидний өргөн барьж буй нийгмийн даатгалын хуулийн төсөл нь орлого хэсгийг нь анхаарч, гурван заалтаар өөрчлөлт оруулж буй асуудал юм.

-Хэлэлцүүлгийн үеэр хууль хоорондын хийдэл, давхардлаа хэрхэх юм бэ гэдэг асуудлыг багагүй бизнес эрхлэгчид хөндөж харагдсан. Таны өөрчлөлт оруулахаар хөндөж буй гурван агуулга тал дээр хуулийн давхардал байна уу?

-Үүнд хууль хоорондын давхцал байхгүй. Нэг талдаа иргэд, ААН-үүдийн хооронд Хөдөлмөрийн хуулийн дагуу гэрээ байгуулах. Нөгөө талдаа иргэн, ААН хооронд Иргэний хуулийн зүйл заалтын дагуу хөлсөөр ажил гүйцэтгүүлэх гэсэн хоёрхон л харилцаа байгаа. Өөрөөр хэлбэл, иргэний хуулийн харилцаанаас нь нийгмийн даатгал авдгаа больё. Яагаад гэвэл иргэний хуулийн харилцаанууд нь орлого нь байдаг. Тухайлбал, тээврийн бизнес эрхэлдэг хүн байя гэж бодъё. Тухайн хүн нэг байгууллагатай гэрээ байгууллаа гэхэд тухайн байгууллага нийгмийн даатгалын арван хувийг суутгаж авна, нэмээд хувь хүний орлогын албан татварын 10 хувийг суутгана. НӨАТ-ын 10 хувийг суутгана. Мөн хувь хүнтэй гэрээ байгуулсныхаа төлөө 12.5 хувийг төлнө гэсэн заалттай. Нийтдээ 40 гаруй хувийн татварыг төлөх болчхоод байгаа юм. Ингээд 40 хувийн мөнгийг хасуулсны дараагаар бизнесийн орлого байхгүй, бензин шатахуунаа нөхөх, амьдрах, машиныхаа засвар үйлчилгээг хийх ямар ч боломжгүй болж байгаа хэрэг шүү дээ. Тиймээс орлоготой холбоотой энэ хэсгийг л цэгцлээд авъя гэж байгаа юм.

-Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар нийгэм, эдийн засгийн ямар үр өгөөж нь гарах вэ?

-Энэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэд, ААН-үүд хувиараа бизнес эрхлэх боломж нь илүү нээгдэж байгаа. Сүүлийн жилүүдэд энэ нийгмийн даатгалтай холбоотой асуудал бизнес эрхлэгчдэд нэлээн дарамт болсон. Улмаар далд эдийн засгийн хэлбэр рүү шилжиж, зарим байгууллагууд дампуурлаа ч зарлаж эхэлсэн. Орлогынхоо 40 хувийг татварт өгөөд байвал "амьд үлдэх" бизнес гэж байхгүй шүү дээ. Энэ утгаараа дотоод эдийн засгийн сэргэлт явагдана. Бидний тооцооллоор эл заалтууд батлагдсанаар ажилгүйдлийн түвшин 5.04 буюу 0.06 хувиар буурна. Үүнийг дагаад татварын орлого өснө гэсэн үг. Шинээр хамгийн багадаа 875 ажлын байр шинээр нэмэгдэнэ. Мөн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 0.16 хувиар нэмэгдэнэ. Хамгийн гол нь хувь хүмүүсийн бодит орлого нэмэгдэнэ. Тодруулбал, дундаж цалин 106 төгрөгөөр өснө. Энэ үр дагаврыг зохицуулалт тус бүрээр нь тооцож гаргасан байгаа.

-Нийгмийн даатгал өөрөө маш эмзэг харилцаа. Тиймээс төр, иргэн, ААН-ийн итгэлцлийг бий болгохын тулд бид зохистой хэм хэмжээг ярих ёстой-

-Нийгмийн даатгалын ерөнхий газрын өгсөн мэдээллээр энэ гурван заалтын хүрээнд чөлөөлөгдөх мөнгөн дүн нь 200 орчим тэрбум төгрөг дотор л эргэлдэнэ гэх юм. Энэ чиглэлд хийсэн судалгаа байна уу?

-Нэгдүгээр өөрчлөлт буюу нийгмийн даатгалыг иргэний хуулиар зохицуулсан харилцаанаас авдаггүй болъё гэх өөрчлөлтөөр НДС 48 тэрбум төгрөгөөр л буурч байгаа. Нөгөө талдаа ажлын байр нэмэгдэх, хувь хүний орлогын албан татвар өсөх, бизнес эрхлэлт нэмэгдэх, ажилгүйдэл буурах эерэг үр дагаврууд гарах юм. Хоёрдох заалт буюу тодорхой хөнгөлөлтүүдээс нийгмийн даатгал авдаг байдлыг халснаар ердөө 30-40 тэрбум төгрөгийн л бууралт гарч байгаа. Хамгийн чухал заалт буюу ААН-ийн нийгмийн даатгалын дээд хэмжээг тогтоохтой холбоотой 200 орчим тэрбум төгрөгийн бууралт гарч байгаа. Гэхдээ ААН-үүд орлого нэмэгдэхэд татвар өснө. ААН-үүдийн ажиллах хүчээ нэмэх сонирхол нь нэмэгдэнэ. Нөгөөтээгүүр эдийн засгийг идэвхжүүлэх, бусад орлогуудаа нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх үе дагаврыг дагуулах учраас том өөрчлөлт гэж үзнэ. Ер нь эдийн засагт гарч байгаа том өөрчлөлтүүдийг судалдаг марима гээд загвар байдаг. Энэ загварт оруулж үзвэл энэ тоонууд дэндүү жижигхэн. Нийгмийн даатгалдаа эзлэх хувь нь ч бага, төсөвт эзлэх хувь нь ч бага. Харин энэ нь эсрэгээрээ ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийг чөлөөтэй хөдөлмөрлөх боломжоор хангах, хүн амын орлогын албан татварыг нэмэгдүүлэх, татварын бааз суурийг нэмэхэд маш эерэг үр нөлөөтэй.

-Мэргэжилтнүүдийн зүгээс нийгмийн даатгал чиглэлд ийм сугалж авсан өөрчлөлт гэхээсээ илүүтэйгээр урт хугацаандаа үр дүн өгөх томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгийг хэлж байна лээ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ. Цаашид бид ямар шинэчлэлийг хийх ёстой вэ?

-Энэ чигээрээ явсаар байвал хувиараа бизнес эрхлэгчид дуусаж, монголд хөдөлмөр эрхлэлт багасна. Ажилгүйдэл ч ихэснэ. Эргээд энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлт буурч, хүмүүсийн бодит орлого буурна. Эдийн засаг агшиж буй хэлбэр шүү дээ. Тэгэхээр энэ харилцааг маш хурдтай засаж авснаар бизнес эрхлэлтийг дэмжиж буй хэрэг болно. Нийгмийн даатгалын санд том зургаараа нөлөө, хүндрэл үзүүлэхгүй. Тиймээс үүнийг сугалж аваад цэгцэлж байгаа гэхээсээ илүү орлого талыг нь цэгцэлж буй хэрэг гэж харах хэрэгтэй. Орлого дээр ч ер нь маш их маргаан гардаг л даа. Орлогуудыг өөр өөрөөр тайлбарладаг. Энэ зохицуулалт батлагдсанаар маргаангүй болно. Хөдөлмөрийн хуулийн харилцаа юу аль эсвэл иргэний хуулийн харилцаа юу гэдэг нь цэгцэрнэ гэсэн үг. Тэгэхээр Хөдөлмөрийн харилцаанаасаа буюу зөв юмнаасаа зөв хэмжээгээр нь аваад эхлэхээр өсөх хандлагатай байдаг.

Төрийн бодлого, иргэний хандлага, ААН-ийн байр суурийн тэнцвэрийг хадгалах үүрэгтэй. Энэ гурав бие биедээ итгэлцэж байж, тэнцэж байж бодлого нь зөв явна. Тиймээс төр бодлогоо явуулах, зохистой харьцааг бий болгож зөв шийдвэрийг иргэд, ААН-д сонсож зөв бодлого гаргаж чаддаг гэдгийг харуулах хэрэгтэй. Иргэд татвар, нийгмийн даатгалын дарамтыг бууруулж болдог юм байна, чөлөөтэй хөдөлмөр эрхлэх боломжийг олгодог юм байна гэдгийг итгэлцэл төрөх ёстой. Ер нь төр, иргэн, ААН-ийн итгэлцлийг бий болгохын тулд зөв зохистой хэм хэмжээг ярих ёстой. Нэг тал руу туйлшраад бас байж болохгүй. Нийгмийн даатгал өөрөө маш эмзэг харилцаа. Цаана чинь хэдэн мянган ахмадууд тэтгэврээ авч байгаа. Хэрэв энэ байдлаараа явбал бизнесийн байгууллагуудын ажил орлого буурах эрсдэл ирээдүйд нь бий. Харин зохистой хэмжээндээ байвал нийгмийн даатгалын сангийн хөрөнгө өснө.

Хувь хэмжээг бууруулах шаардлагагүй гэж үзэж байгаа. Олон улсад байдаг жишгээрээ явж байгаа. Нөгөө талд нийгэмд нийгмийн даатгалын талаарх ойлголтыг хүртээмжтэй өгч, иргэдээ соён гэгээрүүлэх хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа.

-Хуулийн төслөө хэзээ өргөн барихаар төлөвлөж байна?

-Судалгааны ажлууд дууссан. Хэлэлцүүлгүүд энэ долоо хоногт үргэлжилнэ. Хэрэв энэ долоо хоногт хэлэлцүүлгүүд дуусвал ирэх долоо хоногоос хуулийн төслөө өргөн барихаар төлөвлөж байна.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас авч хаясан "Төсвийн зардлыг тодорхой хувиас өсгөхгүй байх" заалтыг сэргээх шаардлагатай-

-Хаврын чуулган нээхтэй зэрэгцээд төсвийн тодотголтой холбоотой асуудлууд хөвөрч эхэлсэн. Нүүрсний үнэ унаж, өнгөрөгч нэгдүгээр сарын байдлаар л гэхэд төсвийн орлого 493 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байсан. Та төсвийн тодотгол хийх эсэх асуудалд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

-Төсөв алдагдалтай баталсан байсан бол яаралтай тодотгол хийх шаардлагатай байсан. Нүүрсний унаж байна. Гаргаж буй прогнозоороо нүүрсний уна хэдий хүртэл унах вэ гэдгийг л таамаглах зайлшгүй шаардлага байна. Нөгөө талдаа Засгийн газар энэ чиглэлд идэвхтэй ажиллах шаардлагатай байгаа. Ямар зардлыг хянаж, хэмнэж болох вэ гэдгийг бодох ёстой.

Миний хувьд тодотгол хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Гэхдээ хамгийн чухал нь дотоод зохицуулалт тун чухал. Засгийн газар өөрөө тодорхой хэмжээний зардлаа хянаад, тодорхой хугацаад тэсэж чадна гэвэл тэр л хамгийн зөв шийдэл болно.

Энэ дотоод зардлыг голдуу урсгал зардлаасаа хийдэг. Ер нь Засгийн газар ч урсгал зардлаа багасгана гэж байгаа. Эдийн засагч гишүүд ч энэ зардлаа багасга гэж байгаа. Тэгэхээр эл нөхцөл байдал бол цаашид урсгал зардлыг бууруул гэсэн дохио юм.

10-аад жилийн өмнө нүүрс энэ хэмжээний л үнэтэй байсан шүү дээ. Тэгэхэд бид эдийн засаг хөгжинө л гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр бид адил нөхцөлд дампуурлаа л гэж ярих гээд байна шүү дээ. Гэхдээ би дампуурах хэмжээнд хүрсэн гэж бодохгүй байна. Бид урсгал зардлаа хараад, төсвийнхөө зардлын үр ашгийг цэгцлээд явах боломжтой гэж харж байгаа.

-Өнгөрөгч намрын чуулганаар таныг Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн нарын гишүүдтэй цуг гарч ирж, акц өрнүүлснийг улстөржүүлж харах хүмүүс байсан. Гэтэл тухайн үед та бүхний хэлж анхааруулж байсан зүйлс өнөөдөр төсвийн тодотгол хийх нөхцөл байдлаар илэрч гарч ирж байна гэж харж болох уу?

-Бид тухайн үед бодитойгоор эдийн засгийн тооцоо хийгээд төсвийг алдагдалгүй батлах нь манай улсын эдийн засгийн өсөлт, аюулгүй тогтвортой байдалд хэрэгтэйг хэлж байсан. Хоёрдугаарт, төсвийн урсгал зардал хэтэрхий ихдээд байгаа. Тиймээс урсгал зардлаа багасгая гэдэг санааг дэвшүүлсэн. Гэхдээ ор хоосон байгаагүй. Ямартай ч Ерөнхийлөгч хориг тавьснаар төсвийг алдагдалгүй баталсан. Энэ нь магадгүй одоогийн гарч буй үр дагаварт эергээр нөлөөлж байна шүү дээ.

Хэрэв бид тухайн үед анх орж ирснээр нь батлаад гаргасан бол төсвийн алдагдал руу орж, маш хүнд нөхцөл байдалд олон төсөл хөтөлбөрүүд гацахаар байв.

Тэгэхээр энэ нүүрсний уналтыг цаг хугацааг нь баримжаалбал өнгөрөгч намар хэлж байсан урсгал зардлыг танах асуудал дахин хөндөгдөнө. Сайн тал нь Засгийн газар өөрөө үүнийг хөндөөд эхэлж байгаа учраас түүнийг нь бид дэмжиж хамтарч ажиллахад бэлэн байгаа.

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2028 он хүртэл төсвөө алдагдалгүй хэвээр батлах хэрэгтэйг анхааруулсан байсан. Ер нь хэр боломжтой гэж харж байна вэ?

-Боломжтой. Засгийн газраас урсгал зардлуудаа хасах, зардлын үр ашгаа тооцох зэргээр ажиллаж чадвал боломжтой. Өнгөрсөн жил бид төсвөө алдагдалгүй баталж үзлээ. Төсвөө алдагдалгүйгээр хэдэн жил дараалаад баталчихвал төсвийн үр ашиг ч цаашид нэмэгддэг. Яагаад 2028 он гэж байна вэ гэхээр, эхлээд үүнийгээ тогтоож суръя гэж байгаа хэрэг. Дараа нь бид зээл авсан ч түүнийгээ өргөжиж, хөгжих томоохон хөтөлбөрүүд рүүгээ хийж төсвийн алдагдлыг санхүүжүүлэх байдлаар хийх боломжтой. Одоогийн бидний төсөл хөтөлбөрүүд чинь богино хугацаандаа хөрөнгө оруулалтаа нөхөхгүй, үр ашиг нь тодорхойгүй учраас зээл авч болохооргүй харагдаад байгаа. Тэгэхээр 3,4 жилийн дотор бид суурь зардлаа цэгцлээд, урсгал зардлаа багасгачихвал зөв төсөл хөтөлбөрүүд рүү зээлээр авсан санхүүжилтээ хийж эдийн засгаа тэлэх нь зөв үйлдэл.

-Төсвийн асуудал яригдах бүрт Төсвийн тогтвортой байдлын хуульд гар дүрж, өөрчлөх асуудал яригддаг. Гэтэл төсвийн "Үндсэн хууль" болсон хуулиа байнга ингэж өөрчлөөд байх нь буруу байлтай?

-Би энэ асуудалд анхнаасаа шүүмжлэлтэй ханддаг байсан. Төсвийн тогтвортой байдлын хуулиа өөрчлөөд л эдийн засгийн хүнд нөхцөл байдлууд руу ороод байгаа юм шүү дээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчлөх ёсгүй байтал 10 жилийн хугацаанд 14,15 удаа өөрчилчихсөн байна. Өнгөрсөн хаврын чуулганаар шууд л өөрчлөөд эхэлсэн. Тухайн үед шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн.

Тэгэхээр одоо Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.3.3-т заасан төсвийн зардлыг тодорхой хувиас өсгөхгүй байх заалтыг сэргээх шаардлагатай.

-Засагт хамтрахад нь анхнаасаа л дургүй байсан. Гэхдээ нэгэнт хамтарсан учраас одоо ажлыг нь хийлгээд үр дүн гарахгүй цагт хариуцлага ярих хэрэгтэй. Бид чинь төр байгуулж тоглож байгаа биш шүү дээ-

-Өнгөрөгч Даваа гарагт танай намын их хурал болж, ҮБХ хуралдсан. Хэр уур амьсгалтай болов?

-Өчигдөр миний бие ажил явдалтай байсан тул хурал дээр очиж оролцож амжаагүй.

-Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намыг засагт хамтрахад нь дургүйцэх хүмүүс олон байлаа шүү дээ. Үйл ажиллагаа талаас нь энэ Засгийн газарт та ямар дүгнэлт өгч байгаа вэ?

-Засагт хамтрахад нь анхнаасаа эсрэг байр суурьтай байсан. Гэхдээ ардчилал гэдэг олонхоороо шийддэг учраас шийдвэр нь гарсан. Одоогийн нөхцөлд Засгийн газрын үйл ажиллагааг зөв, үнэн бодитоор нь харах хэрэгтэй. Ингэж дүгнэхэд тодорхой хугацаа өгөх хэрэгтэй ч гэж харж байгаа. Саяхан хагас жилийн тайланг харахад, томилогдоод богино хугацаа өнгөрсөн, томилгоонууд нь ч бүрэн хийгдээгүй байлаа. Сэтгэл дундуур байгаа. Гэхдээ дараа дараагийн ажлууд дээрээ сайжраад явна байх гэж найдаж байна.

Ер нь шулуухан хэлэхэд, одоогийн Засгийн газар татвар, нийгмийн даатгалын цогц реформыг хийж, урсгал зардлыг хянаж, төрийн өмчит компаниудыг цэгцэлж, баялгийн санг амилуулах гээд олон асуудлыг ярьж байгаа. Эдгээр ажлуудаа зүй зохистойгоор хийгээд явбал хамтарсны үр дүн гарах байх гэж харж байна. Саяхан хэлэлцсэн гүйцэтгэлийн тайлан шиг байдлаар дахин орж ирвэл ямар ч хэрэггүй. Бараг сөрөг ч хүчингүй дэмий л зүйл болох гээд байна шүү дээ.

-Ч.Лодойсамбуу гишүүний санаачлаад буй Ерөнхий сайдыг огцруулах албан бичгийг та харсан уу. Ер нь эл асуудалд нам болон таны зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Нам дээр олон талын л байр сууриуд хөвөрч байгаа. Анхнаасаа нэгдэх ёсгүй байсан юм эсхүл нэгдсэн нь зөв гэх ч хүмүүс байна. Олон л үзэл баримтлал бий. Миний хувьд анхнаасаа л нэгдэхгүй байх ёстой байсан гэж бодож байгаа. Харин одоо нэгэнт нэгдсэн бол тодорхой үр дүн гартал тэсэх л ёстой гэж харж байгаа.

Бид чинь төр байгуулж тоглож байгаа биш шүү дээ. Тиймээс энэ Засгийн газрыг зорьсон зорилгодоо хүртэл нь шахаж үзэх хэрэгтэй. Тэгээд үр дүн гарахуйц хугацааны дараа хариуцлага тооцох ёстой байх гэж бодож байна. Түүнээс биш анхнаасаа л энэ алхамд нь дургүй байсан.

-Танай намын зарим гишүүд намын дарга, лидерүүдээ сайн ажиллаж чадахгүй байна гэх шүүмжлэлийг тавьж байсан. Таны хувьд удирдлагуудаа хэр ажиллаж байгаа гэж харж байна?

-Шийдэмгий, сайн ажиллаж байна гэж үзэхгүй байгаа.

Ярилцсанд баярлалаа

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 32 мянган тонн коксжих нүүрсийг Ганцмод боомт руу хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 32 мянган тонн коксжих нүүрсийг Ганцмод боомт руу хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа
 
Булган аймгийн ИТХ-ын даргаар АН-аас сонгогдсон Ж.Ганболдыг томилогджээ
Булган аймгийн ИТХ-ын даргаар АН-аас сонгогдсон Ж.Ганболдыг томилогджээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!