Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уорриорс ирэх улиралд хэрхэх вэ?

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
7 минут 55 секунд

НБЭ-ийн сүүлийн зургаан жилийн тавд нь (2015-2019) аваргын төлөө шалгарч гурван удаад нь (2015, 2017, 2018) аварга авсан Голдэн Стэйт Уарриорс баг ирэх улирлыг "цоо шинэ" өнгө төрхтэйгээр эхлүүлэхээр болоод буй.
Өнөөдрийн байдлаар /2020.11.21/ тус багийн бүрэлдэхүүнд 17 тоглогч байгаа /Клэй Томпсоныг оролцуулан/ ба улирал эхлэхээс өмнө аль нэг байдлаар солилцоо наймаа хийхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ драфтын хоёроор Жэймс Уайсмэнийг сонгосноос гадна 2021 оны нэгдүгээр тойргийн драфтын эрхээр солилцоо хийн Кэлли Үбрэг авснаар гарааны тоглогчдоо бүрдүүлэх шилжилт хөдөлгөөнийг албан ёсоор хийлээ гэж үзэж байна. Урьдчилсан таамгаар Стефэн Көрри, Андрю Уиггинс, Кэлли Үбрэ, Дрэймонд Грийн, Жэймс Уайсмэн гэсэн гарааны тавт гарна хэмээн таамаглаж байна. Клэй Томпсон нэгэнт гэмтэж улирлыг дахин нэг удаа бүтэн өнжих харамсалтай мэдээ гарсан. Тиймээс Уиггинсыг байрлал бууруулан хамгаалагчийн байрлалд тоглуулах шийдвэрийг дасгалжуулагчдын багаас гаргана гэсэн таамаглал байна. 

Улирлын эхнээс Уайсмэн "цойлно"

"Цойлно" гэж буй нь энэ жилийн драфтын эхний 5 тоглогчдоос ирэх улиралд хамгийн хурдан олонд танигдаж од болох замнал нь эрт эхлэх магадлалтай байгаа залуу тоглогч бол Жэймс Уайсмэн юм. Учир юу вэ хэмээвээс "Дайчид"-ын улирал Тимбэрволвэс, Хорнэтс, Буллс, Кавалерс багуудаас харьцангуй өндөр түвшинд тоглох нь мэдээжийн асуудал. Төвийн байрлал дээр ч мөн түүнд хангалттай хугацаанд тоглох минут олдох ба түүнийгээ ашиглах нь түүний үүрэг. Өнгөрсөн жил коллежид 23 минутад 20 оноо, 10 самбар дунджилсан залууд НБЭ-ийн талбайд дор хаяж 15 оноо, 10 самбар дунджилах боломж дүүрэн бий хэмээн үзэж байна.

Нүдээ олсон солилцоо

2015 оны драфтын 15 дахь сонголт, жилээс жилд оноо авалт нь тасралтгүй өсөж буй Кэлли Үбрэ өнгөрсөн улиралд Финиксийн өмсгөлтэйгээр 18.7 оноо, 6.5 самбар дунджилжээ. Хэдийнээ олны хараанд өртөөд амжсан түүнд мөн л өөрийгөө харуулж багийн хамгаалалт довтолгооны хоёр болон гурав дахь сонголт болох боломж бий. Харин Уайсмэнээс ялгаатай нь тэр байрлал дээрээ ганцаараа биш. Rotation ямар байхаас үл шалтгаалан түүний байрлал дээр Уиггинс, Паскал, Лий зэрэг залуус шил даран зогсож буй. 

Үхрийн сүүлэн дээр хутга буюу "хайран кареер"

Клэйгийн хувьд улирал эхлэхээс ердөө сарын өмнө золгүй явдал тохиосон нь үхрийн сүүлэн дээр хутга гэгч боллоо. Клэй Томпсоны бэртэл зөвхөн "Дайчид"-ын дэмчигчдээс гадна НБЭ сонирхогч хүүхэд залуус бүрт харамсмаар мэдээ болсон. 2019 оны аваргын цуврал дээр өвдгөө барин сууж бүй дүр зураг одоо ч нүдэнд харагдана. Бүтэн улирал сэлгээний сандал дээрээс тоглолт үзэж суусан тэрээр дахиад нэг жилийг алдахаар боллоо. Тамирчин хүний замналын оргил үе дээрээ явж буй тэрээр хоёр улирал дараалан өнжихөөр боллоо. Клэй Томпсоны статистикийн талаар энд ярих нь илүүц байх. Нийтлэлчийн зүгээс түүний өнөөгийн болоод ирэх улирлын нөхцөл байдлыг хэнтэй харьцуулах вэ? гэвэл цаг хугацааны хувьд Жонн Уоллын бэртэлтэй харьцуулж байна. Жонн Уолл 2018 оны 12 сарын 26-нд бэртэл аван талбайг орхисон. Өөрөөр хэлбэл бараг хоёр жил талбай дээр гараагүй ч замналдаа 20 оноо дундажлагч, 30 настай од тоглогч. 2010 онд лигт элссэнээс хойш хурд, тэсрэлт, уран тансаг тоглолтоороо олны гайхшралыг төрүүлсээр ирсэн. Гэтэл Жонн Уоллыг НБЭ үзэж сонирхоод нэг, хоёр жил болж буй хүүхэд залуусын талаас илүү хувь нь танихгүй, мэдэхгүй. Бэртлээсээ эргэн ирж байгаа нь мэдээж сайн хэрэг ч гэлээ өмнөх түвшинд тоглож чадах эсэх нь эргэлзээтэй. 

Уиггинс хүлээлт үүсгэсээр 

2014 оны драфтын тэргүүн сонголт Андрю Уиггинс лигт элссэн цагаас хойш замналдаа 20 оноо, 4.5 самбар дунджилж буй. Чамлахааргүй үзүүлэлт ч гэлээ цаанаа л нэг "сулбагар" хэвээр. Энэ нь түүний холын зайн шидэлт болон чөлөөт шидэлт муу шиддэгтэй холбоотой. Тэрээр замналдаа 33 хувьтай гурваас шиддэг ба 73 хувьтай чөлөөт шидэлт гүйцэтгэдэг. Довтлогчийн байрлалд тоглодог тэрээр "Бүх одод" болохын тулд дор хаяж 35-аас дээш хувьтай холын шидэлт гүйцэтгэж 80-аас дээш хувиар чөлөөт шидэлтээ "унагах" хэрэгтэй. Мөн дээрээс нь хамгаалалтаа сайжруулах зайлшгүй шаардлага бий. Дээрх тоон үзүүлэлтийг бодит болгон багийн хамгаалалтад хувь нэмрээ оруулаад эхэлбэл Клэйг аль нэг байдлаар орлож болох юм. 

Хэзээний л "дайчид" 

Өнөөдрийн байдлаар "Дайчид"-ын бүрэлдэхүүн дэх хамгийн удаан тоглож буй тоглогчид бол мэдээж багийн ахлагч Стефэн Көрри, багийн мотор Дрэймонд Грийн нар юм. Хэзээний л дайчид хамтдаа ялж, ялагдаж үзсэн багийн цөм болсон гурван тоглогчийн хоёр нь ирэх улирлаа тэсэн ядан хүлээж буй нь ойлгомжтой. Стефийн хувьд мөн л замналынхаа оргил үеийг туулж яваа бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг шидэгч болох мөч ойртсоор. Албан бусаар хүмүүс түүнийг тийн нэрлэх болсон хэдий ч түүнийг нь батлах статистик, тоо баримт чухал. Гэвч түүнийг стат хөөдөггүй болохыг түүний дэмжигчид хэлэх нь олон. Өнгөрсөн улиралд Стефийг ч мөн гэмтэл бэртэл дайрч улирлын эхэн хэсэгт гараа хугласан. Тэрээр 2019-2020 оны улиралд ердөө таван тоглолтод оролцжээ. 
Харин Грийний хувьд өөрийн "үндсэн" үүргээ биелүүлэхийн сацуу рүүкий тоглогч Уайсмэний хамгийн ойрын багш байх ёстой. Давтан хэлэхэд Грийн бол Уарриорсын мотор буюу хөдөлгөх хүч хэмээн тус багийн фенүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг билээ. 

Аваргын түвшинд биш ч...

Шуудхан хэлэхэд тэд энэ жил аварга авахгүй. Лэйкэрс, Клиппэрс, Милуаки, Брүүклин зэрэг багуудын түвшинд хүрэхэд тэдэнд хүч дутна. Сэлгээний тоглогчид дутна. Анх удаа нэг баг болон тоглож буй олон залууст (Үбрэ, Уиггинс, Уайсмэн нар) туршлага дутна. Гэхдээ хар дарсан зүүд мэт өнгөрсөн улирлын амжилтыг хэд дахин давуулах бололцоо бодитоор бий. Бэртэл гэмтлээс хол байж чадвал плэйоффийн 3-аас 6-р байранд бичигдэх потенциалтай баг бол Голдэн Стэйт Уарриорс.

Бэлтгэсэн: Б. Амарбаясгалан

www.ubn.mn
 

ОХУ англи хэлний мэдлэгээр дэлхийд 41-д жагсжээ
ОХУ англи хэлний мэдлэгээр дэлхийд 41-д жагсжээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.