"No shave November" буюу арваннэгдүгээр сард сахлаа хусахгүй байх уриан дор Монголын залуус олноор нэгдэх болсон. Энэхүү хөдөлгөөн нь товчхондоо хорт хавдрын эсрэг сайн үйлсийн аян юм.
Мовембер сангийн буяны байгууллага 2004 оноос хойш Австрали, Шинэ Зеландад түрүү булчирхайн хорт хавдар, сэтгэл гутрал зэрэг эрчүүдийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах, хандив цуглуулах зорилгоор "Movember" арга хэмжээг зохион байгуулж ирсэн. 2007 оноос эхлэн Ирланд, Канад, Чех, Дани, Сальвадор, Испани, Их Британи, Израиль, Өмнөд Африк, Тайвань, АНУ-д нэвтэрсэн. 2010 онд Мовембер төмсөгний хорт хавдрын арга хэмжээ болох Tacheback-тэй нэгджээ.
2012 онд Global Journal сэтгүүл Мовемберийг дэлхийн шилдэг 100 ТББ-ын (төрийн бус байгууллага) нэгээр тодруулжээ.
Энэхүү хөдөлгөөнд аль ч улс үндэстний эрчүүд хамрагдах боломжтой бөгөөд нэг сарын турш сахал, үсээ хусалгүй түүнд зарцуулах мөнгөө хорт хавдартай тэмцэх болон бусад сайн үйлсийн хандивт нэмэрлэх боломжтой юм.