Метроны нэгдүгээр шугамын төсөвт өртөг 2.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 3 секунд

НИТХ-ын ээлжит бус V хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлгийн эхэнд Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро байгуулах төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжих тухай асуудлыг хэлэлцлээ. НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар Улаанбаатарт метро барих төслийн ТЭЗҮ-г дэмжиж, тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Монгол Улсын хувьд ач холбогдол бүхий Улаанбаатар хотод метро барих төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчид дэмжиж саналаа өгсөн нь түүхэн шийдвэр гэдгийг НИТХ-ын дарга А.Баяр онцолж хэллээ.

Тус асуудлыг НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр танилцууллаа. Улаанбаатар хотод метро байгуулах асуудлыг 2011 оноос эхлүүлсэн бөгөөд Метро байгуулах тухай Засгийн газрын 411 дүгээр тогтоол гарсан байдаг. Улмаар олон улсын туршлагатай төслийн менежментийн зөвлөх үйлчилгээг авах ажлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж БНСУ-ын тэргүүлэгч “Духа Инженеринг” ХК болон “Корэйл”, “Сусонг инженеринг”, “Корэй нэшенэл рэйлвей” байгууллагуудын консорциум шалгарч 2024 оны 7 сарын 5-ны өдөр гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн байна. Метроны нэгдүгээр шугамыг Энхтайваны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалан чиглэлд 15 өртөө, нэг депо бүхий 19.4 км урт байхаар төлөвлөсөн. Үүнээс 19.1 км 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө нь газрын түвшинд байрлана. Метроны нэгдүгээр шугамын голчлон газар доогуур хийхтэй холбоотойгоор туннель болон өртөөний барилга угсралтын доороос дээш ухах, хучих аргачлалаар хийнэ. Туннел өрөмдлөгийн машины газрын гүнд суух түвшин 10-25 метр байхаар тооцсон байна.

Метроны төслийн төсөвт өртгийг мэргэжлийн байгууллагууд баталсан бөгөөд метроны нэгдүгээр шугамын төсөвт өртөг 2.4 тэрбум ам.доллар. Үүний 97.7 хувь нь бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдах бол үлдсэн хувь нь захиалагчийн хяналт, газар чөлөөлөлт зэрэг бусад ажилд зарцуулагдах байна. Санхүүжилтийг 15 хувийг Нийслэлийн төсвөөс, үлдсэн 85 хувийг гадаад эх үүсвэрээс татахаар олон яриа хэлэлцэл, уулзалт хийгдэж байгаа талаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр онцоллоо. Түүнчлэн метроны төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын 28, Олон улсын 56 стандартыг мөрдөж ажиллахаас гадна олон талын хууль, эрх зүйн уялдаа холбоог хангаж ажиллахаар төлөвлөж байгааг дурдлаа.

Ө.Шижир: “Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах тэргүүлэх чиглэл үр дүнд хүрээгүй буюу хэрэгжилт 0 ХУВЬ” гэх дүгнэлт л ЗӨВ
Ө.Шижир: “Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах тэргүүлэх чиглэл үр дүнд хүрээгүй буюу хэрэгжилт 0 ХУВЬ” гэх дүгнэлт л ЗӨВ
 
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!